XIX зууны дарангуйлагч дэглэмийн үеийн бүсгүйчүүдээс хамгийн алдартай нь фюрерын нууц амраг байгаад эхнэр нь болсон Ева Браун, Муссолинигийн нууц амраг байсан Кларетта Петаччи нар билээ. Энэ хоёр бүсгүй хоёул сонгосон хүмүүсийнхээ хувь тавиланг хуваалцсан юм.
Муссолини Клареттатай 1932 онд Остия хот руу явж байхдаа танилцсан байна. Тэрбээр “альфа-ромео” машиныхаа арын суудалд суун явж байхдаа замын хажууд гараа даллан “Дуче!” /италичууд Муссолиниг- ингэж нэрлэдэг байжээ/ хэмээн хашгиран зогсч байсан нэгэн бүсгүйг олж харжээ. Муссолини жолоочдоо машинаа зогсоохыг тушааж, өөрт нь маш их таалагдсан ногоон нүдтэй хөөрхөн бүсгүйтэй танилцахаар буужээ.
Тэрбээр засаршгүй хүүхэмсэг байсан ч маш ганцаардмал нэгэн байв. “Хэдийгээр олон бүсгүйд дурлаж байсан боловч жинхэнэ нөхөрлөлийн халуун дулааныг би хэзээ ч мэдэрч байгаагүй” гэж Муссолини амьдралынхаа сүүлийн мөчид гунигтайхан хэлж байжээ. Түүний хэлснээр цорын ганц найз нь 1931 оны арванхоёрдугаар сард нас барсан түүний ах Арнольдо байсан гэдэг. Тухайн үед Муссолинигийн нөхөрлөж байсан бүсгүйчүүдийн талаар тэр бүр мэддэггүй байв. Гэсэн хэдий ч хэвлэлүүдэд мэр сэр бичдэг байжээ.
Түүний өмнө нь дурлаж байсан бүсгүйчүүдийн нэг бол маш тогтворгүй ааштай Ида Далсер гэдэг бүсгүй юм. Тэрбээр Дучед оюун ухааны хомсдолтой хүүхэд төрүүлж өгсөн нь Муссолиниг насан туршид нь зовоож байжээ. Ида өөрийг нь Муссолини хаяж явсанд ихэд хилэгнэж, түрэмгий авир гаргасан учраас сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Нэгэн удаа Далсерыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр Тренто хотод баривчилж байжээ. Ида “Бристоль” зочид буудлын өрөөний тавилгыг шатаан, "би Дучегийн эхнэр" хэмээн орилж хашгирч байсан гэнэ. 1913 оноос эхлэн Ида “Дуче надтай гэрлэнэ, эсвэл бүр гэрлэчихсэн” гэж ярьдаг байжээ. Харин түүнийг 1935 онд Венец хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нас барсан гэдгийг мэдэх хүн цөөн. Харин тэдний хүү нь 1942 онд Милан хотоос холгүй оршдог эмнэлэгт нас нөгчжээ.
Муссолинигийн бас нэгэн дурлал бол тайзан дээр Фонтанж нэрээр гардаг Францын жүжигчин Магдой Корабеф гэдэг бүсгүй юм. Франц бүсгүй Дучегээс ярилцлага авахаар 1937 онд Ромд очжээ. Магда Ром руу мордохоосоо өмнө Дучегийн нууц амраг болохоос нааш эх орондоо эргэн ирэхгүй гэж тангарагласан байна. Бүсгүй ч амласандаа хүрчээ. Магда Францын Элчин сайд гүн де Шамбруныг “дэлхийн хамгийн гайхамшигтай хүнээс харилцаагаа тасал” гэж хэлэхэд нь эхлээд амиа хорлохыг оролдож, дараа нь түүнийг буудан шархдуулсан байна. Цагдаа нар Корабефыг баривчлах үед түүний өрөөнөөс Муссолинигийн 300 гаруй зураг олджээ. Магда бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хэргээр нэг жил шоронд хоригдсон бол дайны дараа фашистуудын талд тагнуул хийсэн хэргээр дахин нэг жил хоригдсон байна. Тэрбээр 1960 онд Женевт амиа хорложээ.
Бенито Амилькаре Андреа Муссолини эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг биширдэг байв. Тэрбээр эмэгтэй хүний хөлсний үнэрт дуртай байсан бөгөөд үнэртэй ус түрхсэн бүсгүйчүүдийг тэвчдэггүй байжээ. Муссолини Ракель Гвиди гэдэг бүсгүйтэй гэрлэсэн хэдий ч фашист дарангуйлагчийн жинхэнэ хайр нь Клара Петаччи байсан юм. Тэр хоёр учрах үедээ хоёул гэр бүлтэй байв. Клара нисэх хүчний дэслэгч Риккардо Федеричегийн эхнэр байсан бөгөөд тэд 1936 онд Унгарт гэр бүлээ цуцлуулжээ. Клараг хувцсаа тохируулж өмсдөггүй байсан, харин хар үс нь яг л хүүхэлдэй шиг харагдуулдаг байсан гэж ярилцдаг байв. Дээд уруул нь богино учраас инээх үед нь жижигхэн шүд, буйл нь ил гардаг байжээ. Түүний ууртай догшин, ихэрхүү, сэтгэлийн хөдөлгөөнтэй зан авир нь Муссолинид яг тохирч байв. Оюун ухааны хувьд ч тийм сайнгүй ч гагцхүү түүний нохой мэт үнэнч зан чанар нь бүх дутагдлыг нь далдалж байв. Клара үргэлж өвддөг байсан бөгөөд нэгэн удаа дутуу төрснийхөө дараа цус алдаж золтой л амиа алдаагүй байна. Бас сэтгэл санааны хямралын улмаас үе үе унадаг байжээ. Муссолини хайртай бүсгүйгээ байнга эргэн очдог байсан учраас Кларагийн эцэг, эх түүнд элэгсэг ханддаг байв.
Клара Муссолинигийн Венец дэх өргөөнд нь очихдоо ихэвчлэн арын хаалгаар орж, цахилгаан шатаар өгсөн дээд давхарт гардаг байжээ. “Эд хөрөнгө, эрх мэдэлд нь болоод намайг түүнтэй уулздаг байсан гэж та нар бодож байна уу. Тийм биш ээ. Би түүнд аз жаргал өгөхийг оролдсон, түүнийхээ төлөө өөрийгөө золиосолсон” гэж хэлснээсээ болоод Клара амиа аврах боломжоо алдаж байжээ.
Цаазлуулахынх нь өмнө Клареттаг харсан нэгэн тариачин эмэгтэй залбирал үйлдэж байсан бөгөөд учир нь тэрбээр Клареттагийн эр зоригийг ихэд үнэлдэг байжээ. “Тэр хоёр толгойгоо нийлүүлэн бие биеэ налан сууж байсан. Муссолинигийн царай цонхийсон байсан бол, харин Клара тун тайван байсан. Клара огтхон ч айхгүй байгаа юм шиг надад санагдсан” гэж тэднийг цаазлан хороох газарт аваачсан жолооч хожим дурсан ярьжээ.
Автомат буугаар шүршихэд эхлээд Клара, дараа нь Муссолини унасан байна. Удалгүй цахилгаан цахиж, ширүүн бороо оржээ. Муссолини, Петаччи хоёрын цогцсыг бусад фашистуудын цогцоснуудын хамт ачааны бүхээгтэй тэргэнд ачиж, Милан хотод аваачсан байна.
1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд тэдний цогцсыг Лорето хотын төв гудамжинд хаяжээ. Хүмүүс тэдний цогцсон дээр дэвсэлж, бас буудаж байв.
Хэн нэгэн “Тэднийг дүүжил!” гэж хашгирахад хамгийн түрүүнд Муссолиниг, дараа нь Клараг дүүжилсэн байна. Кларагийн банзал нүүр рүү нь унаж, зовхи нь аажмаар аньжээ. Тэрбээр сэтгэл нь амарсан мэт, тэр ч бүү хэл яг л инээмсэглэж байгаа мэт харагдаж байсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )