Х.Баттулга: УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

-УИХ Ерөнхийлөгчийн хоригуудыг хүлээж авсангүй-

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтүүдэд тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэв. Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дээрх хуулиуд шинэчлэгдээд байгаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хуульд тавьсан хоригийг дэмжсэнгүй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйл заалтад хэсэгчлэн хориг тавьсан боловч УИХ ердөө хоёрыг нь л хүлээж авлаа. Эрх баригч МАН-ын хувьд УИХ дахь бүлгийн хуралдаанаараа шийдвэрээ гаргасан гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Түүнийгээ л дагалаа. АН ч ялгаагүй Ерөнхийлөгчийг дэмжих байр сууриа л баримталлаа. Гэхдээ тэд ердөө 11-үүлээ юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог УИХ-аас, АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болж байгаад хориг тавьсан. Энэ эрх мэдлүүд хуулийн өөрчлөлтөөс өмнө бол Ерөнхийлөгчийнх байлаа. Түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх мэдэлтэй болсон. Ерөнхийлөгчийн хувьд эдгээр хуулийн өөрчлөлтүүд нь эрх баригч намд хэтэрхий их эрх мэдэл олгох, хуучин нийгмийн тогтолцооны шинж чанар руу хэлбийж, ардчилсан үзэл баримтлалыг сулруулж байна гэж үзээд байгаа. Гэвч олонх шийдвэрээ гаргалаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг хэлэлцэхийн өмнө чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна. Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ. Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна. Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу. Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед УИХ-д өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно. Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг УИХ-ын гишүүд та бүхэнд уриалж, бас хүсэж байна” гэсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хуралдааны үеэр гишүүд хэрхэн үг хэлж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

Ч.Хүрэлбаатар:

-Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас Төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй.  

Д.Ганбат:

-Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсны дараа АТГ-аас над руу залгасан. УИХ дээр АТГ-аас хэн ч авлигаа шалгуулахгүй байна гэж ярьсан талаар минь надаас асуусан. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд томилогдлоо. 2018 оны ХОМ-ыг нь харсан. 112 сая төгрөг дансанд нь бэлнээр  байна.  232 сая төгрөгийн орлого жилд олдог. 80 сая төгрөгийн малтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хүн АТГ-ын даргыг томилох нь ээ. Гэтэл АТГ Ерөнхий сайдаа шалгаж чадах уу. Ийм зүйл дээр анхаарахгүй бол болохгүй.

С.Бямбацогт:

-Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан  нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд, гэмт хэрэгтэй  тэмцэх чиг үүрэг нь Засгийн газрын чиг үүрэг байдаг.  Авлига бол гэмт хэрэг мөн. Тиймээс Ерөнхий сайд АТГ-ын даргыг УИХ-д санал болгоно. УИХ томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно гэж оруулсан. Ерөнхийлөгч өмнө нь санал болгоод УИХ томилдог байсан бол одоо УИХ дээр томилгооны сонсгол хийнэ. УИХ томилохгүй ч байж болно.

Ж.Сүхбаатар:

-АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгоод УИХ батлах нь нэг талаасаа зөв. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Улсынхаа тогтвортой байдлыг хангах, эвлэрүүлэн зуучлах үүрэг­тэй төрийн зохистой харилцааг хангадаг хүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэвэл юу болох вэ. Төр улс тогтворгүй болно. АТГ-тай тэмцэх ажлыг Засгийн газар үүрэх ёстой.

Б.Пүрэвдорж:

-Х.Нямбаатарын балгаар  АТГ-т шалгаж байгаа нийт хэргийн 90 хувь нь хөөн хэлэлцэх хугацаагаар алга болно. Шинээр гарсан хэрэг нь Ерөнхий сайдын нөлөөллөөр гэмт хэргээс мултрах байх. Х.Нямбаатарыг хуулийн салбараас зайлуулж байж  шударга  ёсны тэмцэл, авлигатай тэмцэх ажилд ахиц гарна.

Н.Алтанхуяг:

-Анх АТГ-ын дэд дарга нас барсан учраас оронд нь хүн томилно гэж л энэ хуулийн өөрч­лөл­тийг оруулж ирсэн. Түүнээс хэнийг томилох эсэх нь Ерөнхийлөгчийн мэдлийнх байсан. Орлогчийнх нь тухай ярьж явснаа томилгоог Ерөнхий сайд шийдье гэж ярьсан. Тухайн үед би дэмжиж байсан. Гэхдээ би одоо эргэлзэж байна. Яагаад гэвэл энэ сарын 19-нд юу болов. Оффшорт байгаа мөнгийг саатуулах ажил болоод хувирчихлаа даа гэж харж байна. АТГ-ын даргын томилох эрхийг Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад өгч байгаа нь нэг намын даргад өгч байгаа хэрэг. Энэ дээр өөр гарц хайя гэж Байнгын хороон дээр ярьсан. Бид буруу л юм хийж байна даа.

Л.Мөнхбаатар:

-Бид аливаа асуудал, тодорхой хууль хэлэлцэхдээ төрийн эрх мэдэл хуваарилах зарчмаа хангаж, асуудалд хандаж байх ёстой. Одоогийн тогтолцоо бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдэлд сөргөөр нөлөөлсөн тогтолцоо. Тухайлбал, АТГ авлигын хэрэг үүсгэж шалгаж, прокурорт шилжүүлж, прокурор түүнд хяналт тавьж шүүхэд шилжүүлж, эцэслэн шийддэг. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилдог, Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилдог. АТГ-ын даргыг санал болгодог. Ийм тогтолцоотой байхаар харил­цан тэнцэл алдагдаж байгаа учраас гүйцэтгэх засаглалын тэргүүн нь АТГ-ын удирдлагыг санал болгож, Ерөнхийлөгчийн нөлөөллийг багасгах үүднээс энэ эрхийг өгөх нь зөв.

Т.Доржханд:

-Монгол Улс авлигадаа ялагдсан. АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажиллаж болохоор болсон шүү дээ.

Х.Нямбаатар:

-Нэг хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилдог тогтолцооноос ангижирч байгаа гэдгийг хэлмээр байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж маш олон жил намайг гүтгэж байна. Миний бие хувь гишүүний хувиар хөөн хэлэлцэх хугацаатай зохицуулалттай холбоотой ямар нэг санаачилга гаргаагүй болох баримтыг УИХ-ын Тамгын газраас авсан. Үүнийгээ олон нийтэд хүргэх болно. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид хандаж хэлэхэд улс төрийн оноо авч болно, гэхдээ хүнийг үндэслэлгүй гүтгэж болохгүй. Би чамайг УИХ-ын чуулганы танхимд визний наймаачин гэж хэлж байгаагүй шүү дээ.

Б.Энхбаяр:

-Шүүхийн хуулийн 44.2-т Ерөнхийлөгч хориг тавьсан. Тус заалтад “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,УИХ, Засгийн газрын гишүүд прокурор, шүүгч­тэй  албан ажлаар уулзах тохиолдолд заавал тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ заалтыг миний бие санаачлан оруулсан. Учир нь шүүхэд хамгийн их нөлөөлдөг хүмүүс улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг. Тэр дундаа Засгийн газар, УИХ-ын гишүүд шүүгчтэй уулзахдаа тодорхой хязгаарлалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, уулзахдаа гэрчтэй уулзах ёстой. Гэрчгүй уулзвал өөрсдөө Цэцэд очих заалт оруулж өгсөн. Үүнд яагаад хориг тавьсан юм. Хэн шүүгчтэй   гэрчгүй, тэмдэглэлгүй уулзах гээд байгаа юм.

Н.Ганибал:

-Жил болгон Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг өгдөг. Үүнийг бүрдүүлдэг Засаг дарга гэж байхгүй. Засгийн газрын үүргийг биелүүлээгүй хэмээн Засаг даргыг огцруулах боломж үүсч байна.

Ж.Сүхбаатар:

-Манай улсын нутгийн удирд­лагын онцлог нь Засаг дарга нь Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлдэг. Бусад улсын хувьд салангид байдаг.

Д.Тогтохсүрэн:

-Ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа, Засгийн газрын шийдвэрүүдийг гүйцэтгэхгүй бай­гаа Засаг дарга нарыг огцруулдаг хуулийн зохицуулалт хийсэн. Дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа хуралдаагүй Иргэдийн хурал байна. Ийм учраас иргэдийн хурлыг бас хариуцлагажуулах зохицуулалт хийсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М-1(139.5.219.22) 2021 оны 01 сарын 29

Женко чинь ЗГ-ын ажлыг булааж шантаажилж авна одоо ээлжит бус чуулган зарлах нь уу. З-р цахилгаан станцыг буцааж өгөөрэй

0  |  0
Top