Хуучин сайдын алдааг шинэ сайд ДАВТАЖ БОЛОХГҮЙ

2021 оны 02 сарын 01

Цар тахлаас хамаарсан олон асуудал нийгэм, эдийн засагт лугшиж буй онцгой цаг үед буюу өнгөрсөн өдрүүдэд улс төрийн тогоо халж,  засаг солигдож, эрх мэдлийн шилжилт, солилцоо хийгдэн үйл явдлууд өрнөлөө.

Гол нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулсан сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд төр засгаас бодлогын маневртаа сайтар анхаарах ёстойг нөхцөл байдал харуулсан хэвээрээ.

Саарал ордонд  эрх мэдлийн хуваарилалт хийгдэж байх зуурт өнөөх вирус нь иргэдийн дунд зоргоороо зорчиж,  хэнээс л бол хэнээс илрэхэд гайхаад байхааргүй болсныг  Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээ харуулж байгаа. Нэг талаас энэ нь бид асуудлыг хүндээ байна гэж халж, солих зуур урхаг нь институциуддээ байгааг л харуулж буй хэрэг болов уу.

Цар тахлын тархалтын хүрээ хязгаар энэ янзаараа нэмэгдсэн хэвээрээ байвал төр засгаас иргэдийнхээ ухамсарт найдах  бус тодорхой хэмжээний хязгаарлалтын арга хэмжээгээр л шийдвэрлэх арга замыг сонгох биз ээ. Өнөөдөр нэг зүйл маш тодорхой байгаа нь эдийн засгийн нөхцлийг нэмж хүндрүүлэх эрсдэл “тогтмол” хадгалагдаж байна. Шинэ Ерөнхий сайдын хэлсэнчлэн коронавирусний эсрэг вакцин 100 хоногийн дотор орж ирлээ гэхэд эхний ээлжинд зорилтот бүлгээ хамруулна гэсэн тооцоолол хийгдсэн.

Нийгэм,  эдийн засгийн нөхцөл байдал  вакцин орж ирэнгүүт өөрчлөгдөнө гэсэн хүлээлт бодит хөрсөн дээр буутал цаг хугацаа орохоор байгаа. Тиймээс эдийн засагт, иргэд, хувийн хэвшлийнхний нуруун дээр  ирж болох дараа дараагийн цохилтуудыг зөөллөх, харьцангуй бэлэн байдалд байх чиглэлд төсөв, мөнгөний бодлого чиглэх ёстой.

Тэрдундаа энэ оны улсын төсвийн зардлын эрэмбийг эргэн харж, тодотгол хийх нь зөв гэсэн байр суурийг олон эдийн засагчид илэрхийлж буй.

Өнгөрсөн баасан гарагт  Сангийн сайдын үүрэгт ажлыг Б.Жавхланд хүлээлгэн өгсөн Ч.Хүрэлбаатарын тухайд болж өгвөл төсөвт тодотгол хийхгүй гэж зүтгэдэг нэгэн.

Нэг талаас засаг 2017-2019 оны хооронд хэрэгжүүлсэн бодлогын үр дүн болох тодорхой хэмжээний нөөц орон зайдаа тулгуурлаад, 2020 онд төсөвт тодотгол хийхээ азнасан байж болох. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард дотоодод коронавирусний халдвар алдсанаас хойших хугацаанд Монголын Засгийн газар мөнгөгүй, боломжгүй гэсэн байр суурийг түүхэндээ хамгийн олон удаа илэрхийлсэн билээ. Энэ нь зардлаа эрэмбэлэхгүйгээр, нөөцөө шавхах бодлого дээр хатуу зогссон Сангийн яам, Засгийн газартай л холбогдож таарна л даа.

Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаас буусан ч ТӨСВӨӨС яваагүй

Тэгвэл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн хоёр Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатар 2017 оноос хойш хийж бүтээсэн зарим ажлуудаа  танилцуулсан байна лээ.

 

  • Төсвийн мөнгийг бага хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулаад буцааж өндөр хүүтэйгээр зээлж авдаг луйврын тогтолцоог бүрэн халсан.

 

  • Төсвөө жил бүр, зарим жилд 2-3 удаа тодотгож, зардлаа нэмдэг, хэтрүүлсэн зардлаа тодотголоор хуульд нийцүүлдэг байдлыг халж төсвийн хатуу сахилга батыг тогтоосон.

 

  • Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2 түвшин ахиулж, коронагийн цар тахлын амаргүй үед улсын зээлжих зэрэглэлийг буулгалгүйгээр хэвээр хадгалж чадсан

 

  • Коронавирусний  цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулсан.

 

  • Коронавирусний  эсрэг вакциныг оруулж ирэх зорилготой ажлын хэсгийг ахлан вакцин үйлдвэрлэгч, улс орнууд, олон улсын байгууллагуудтай яриа хэлцлээрүүдийг хийлээ.

 

  • 9.9 их наяд төгрөгийн өр төлж, өндөр хүүтэй, хугацаа богинотой үнэт цаасыг буцаан худалдаж авах, бага хүүтэй бондоор солих зэрэг арга хэмжээ авсан.

 

  •  “Саарал”, “Хар” жагсаалтуудаас гарах ажлыг удирдан зохион байгуулсан.

 

  • Сүүлийн 10 жилд анх удаагаа буюу 2018 онд төсөв ашигтай гарсан

 

  • Татварын хуулиудын цогц шинэчлэл хийгдэж, татварын суурь нэмэгдлээ.

 

  • Хилийн боомтын шинэчлэлийг эхлүүлсэн.

 

  • Төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр 2020 онд Open Budget Partnership олон улсын байгууллагын судалгаагаар 15 улс орноор урагшилж 41-р байранд орлоо.

 

  • Хөгжлийн банк Сангийн яамны мэдэлд шилжиж ирсэн энэ  дөрөвдүгээр  сараас  эхлэн чанаргүй зээлүүдийг төлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтцийг оновчтой болгох зэрэг арга хэмжээг авлаа.

 

  • Төрийн банк чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, хямд эх үүсвэр гадаад зах зээлээс татах замаар 35.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа гэх мэтээр хийж гүйцэтгэсэн ажил үнэхээр их хэмээн өөрийн сошиал хуудаснаа бичсэн байсан.

 

Түүний хувьд хийсэн ажлууд мэдээж бий. Гэхдээ тэр Төсвийн бодлогыг  эдийн засгаа эрүүлжүүлэх, хөгжүүлэх чиглэлд ашигладаггүй өмнөх Сангийн сайд нарын алдааг давтсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Уул уурхай, иргэдийн татварын мөнгөнөөс голчлон бүрддэг төсвийн орлогын зарцуулалтын бодлого нь эргээд орлогын төрөлжилт, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой байтал Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын хувиар үүн дээр реформын шинжтэй хандлага гаргаж чадаагүй билээ. Ч.Хүрэлбаатараас Сангийн сайдын ажлыг хүлээн авсан Б.Жавхлан энэ чиглэлд хэрхэн ажиллах нь хүлээлт үүсгэж буйг хэлэх нь зөв байх. Өмнөх сайдын үед хийж хэрэгжүүлсэн, цаашид илүү өргөжүүлэх, хөгжүүлэх ёстой ажлуудыг үргэлжлүүлж, алдсан зүйлсийг нь засаж, залруулах ёстой. 

Гэхдээ Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаас буусан ч Монгол Улсын төсөвтэй холбоотой ажил хийсэн хэвээрээ үлдсэн. Тэрбээр Төсвийн байнгын хороог удирдаж эхэлсэн. 

Нэг зүйлийг тодотгоход төсвийн сахилга батыг хангах чиглэлд ажиллах ёстой Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж хоёрхон хүнтэй байгууллага Төсвийн байнгын хорооны дор ажилладаг. Уг нь энэ байгууллага бие даасан байдлаар ажиллаж, Засгийн газарт төсвийн тал дээр бодитой, мэргэжлийн зөвлөгөө өгөх ёстой ч тэгж ажиллаж төдийлөн чадахгүй байгааг эдийн засагч Б.Даваадалай хэлж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ төсвийн зардлыг өсгөх эрхгүй ч батлах эрх УИХ-ынх гэдгийг тодотгоход илүүдэхгүй биз ээ. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хо(202.9.46.94) 2021 оны 02 сарын 05

МАН-ын шамбий авлигачид ..Үхэж далд орцгоовол таарна.

0  |  0
санхүүч(150.129.142.243) 2021 оны 02 сарын 02

Хүрэлбаатар хотгор шанага харамч зөрүүд гэж муулна.Удахгүй энэ хүний энэ зан төрийн хөрөнгийг ийм хэцүү үед уутний ёроолыг гүвчихгүй авч үлдэж дээ Олноороо шуугина магтах болно.

0  |  0
зочин(66.181.161.72) 2021 оны 02 сарын 02

хүрэлбаатарын хувьд сангийн яаманд насаараа ажилласан асуудлыг шуурхай зөв гаргалгаатай чирэгдэлгүй шийддэг байсан энэ чанар нь хэвээрээ байна билээ сайн ажилласан зарим тэнэгүүд төсөв тодотгоод л болох юм шиг ойлгох юм үгүй шүү урдах олон засгийн газрын алдаа үүн дээр байсан шүү энэ алдааг давтаагүй жавхлан сайн залуу муугүй ажиллах байх харин ардчилсан намын засаглалын үед хэцүү сайд нар их ч завааруулсан даа ардын нам ч энэ яамны хувьд зөв шийдлээ боловсон хүчинтэй ч юм жавхлангийн ард булгантуяа байж л б

0  |  0
Орк(192.82.78.99) 2021 оны 02 сарын 01

Наранцогт хамтрагч. Солигдох т.н.б-ын дарга нар дотор Н.Анхбаяр Наранцогт нар зүй ёсоор орох хэрэгтэй

0  |  0
иргэн(139.5.218.108) 2021 оны 02 сарын 01

Хүрэлбаатар сайд сайн ажилласан шүү.

0  |  3
Бат(202.9.46.142) 2021 оны 02 сарын 01

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

0  |  0
зочин (103.212.116.117) 2021 оны 02 сарын 01

хүрэлбаатар барьсан тулдаа л өдий хүрэтл явж ирсэн гавьяаг мартаж болохгүй ийм цаг үд ингэж ажиллахгүй бол бүгд элгээрээ мөлхөнө шүү

4  |  2
Top