П.Билэгсайхан: “Мөнгөн гүүр” эмнэлэг алсын зайны зөвлөгөө өгөх үйлчилгээ нэвтрүүллээ

2021 оны 02 сарын 02

“Мөнгөн гүүр” эмнэлэг хүссэн үедээ гэрээс гарахад хязгаарлагдмал цар тахлын энэ үед иргэддээ зориулж алсын зайнаас буюу онлайнаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэн, онлайнаар зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ таллаар тус эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэрэгтэй П.Билэгсайхан эмчтэй ярилцлаа.


-“Мөнгөн гүүр” эмнэлэг цар тахлын үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ? Хэвтэн эмчлүүлэх болон амбулторийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа юу?

-Одоо бол манай эмнэлгийн бүх үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Манайх бусад эмнэлгүүдийн адил Улсын Онцгой комиссын чиг зааврыг мөрдөн ажиллаж байгаа. Үйлчлүүлэгчдээс PCR шинжилгээ авах, яаралтай хагалгаанд Covid-19 Ag буюу ковидын түргэвчилсэн тестээр  шинжилгээ авч, үйлчлүүлэгчийн орох, гарах урсгал гээд бүгдийг нь журмын дагуу мөрдөөд явж байна.

Дээр нь цар тахалтай холбоотойгоор эмнэлэг болон ард иргэдэд нэг хүндрэлтэй зүйл үүсчихсэн. Жишээ нь иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй амь эрсдэх, хөл хорио тогтоосон байранд амьдардаг иргэн эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй байх тохиолдол гарч байна.

Нэгэн эмэгтэй хөхний идээт үрэвсэлээр өвчилсөн байсан. Эмэгтэйг эмнэлэг явах гэхэд тухайн үед цагдаа байрыг нь хамгаалалтад авчихсан учраас явуулахгүй байж. Тэр үед эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадахгүй учраас хүмүүсээс зөвлөгөө авах байдлаар зургаа цахимд тавьсан байсан. Эмнэлгийн биш хүмүүс үүнийг ямар аюултай гэдгийг мэдэхгүй учраас өөр өөсдийнхөөр зөвлөнө. Гэтэл идээт үрэвсэл нь ямар аюултай вэ гэхээр идээ нь цусандаа ороод сепсис гэдэг зүйл болдог. Амь насаа алдах ч эрсдэлтэй. Энэ мэт цар тахлын үед гэрээс гарч чадахгүй, эмнэлгийн үйлчилгээ авахад төвөгтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор манай эмнэлэг онлайн үзлэг, зөвлөгөөг өгөх үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Ер нь бол телемедицин гэж ярьдаг. Түүний нэг хэлбэр л дээ. Алсын зайнаас хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэсэн үг.

-Тэгэхээр “Мөнгөн гүүр” эмнэлгийн онлайн үзлэгийн үйлчилгээгээр иргэн яаран эмнэлэг явахгүйгээр гэрээсээ мэргэжлийн эмчээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч боллоо гэсэн үг үү?

-Онлайн буюу алсын зайны үзлэг оношилгоо, зөвлөгөө хийхэд олон давуу талтай. Жишээлбэл ковидтой энэ үед иргэд гадагш гарах шаардлагагүй болж, аюул эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж байна. Олон дахин нааш цааш явж чирэгдэл гарахгүй. Ялангуяа манай эмнэлгийн үйлчлүүлэгчдийн нэлээд хувь нь хөдөө орон нутгийн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс хот руу ирэхгүйгээр наашаа шууд холбогдоод шаардлагатай зөвлөгөө, мэдээллээ авах боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ үйлчилгээ нь замын зардал, цаг зав, халдварын эрсдэлээс сэргийлэх зэрэг олон талын давуу талыг бий болгож байгаа юм. Манайх онлайн үйлчилгээгээр хөдөө орон нутаг, тэр байтугай гадаадад байгаа хүн ч бидэнд хандаад хэрэгтэй зөвлөгөө мэдээллээ авах бололцоог нь олгож байгаа юм.

-Хүмүүс эмнэлэгт очоод бодитоор үзүүлж харуулан, шинжилгээ өгдөг шүү дээ. Онлайнаар үзлэг хийнэ гэхээр яана гэсэн үг вэ?

-Нэршлийн хувьд онлайнаар үзлэг хийнэ гэж хэлэх үү, онлайнаар зөвлөгөө өгөх гэж нэрших үү гээд жаахан маргаантай. Гэхдээ ерөнхийдөө телемедициний нэг хэлбэр нь оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх боломжтой. Гэхдээ хүнийг чагнаж, хэвлийг нь тэмтэрч, судсыг нь барьж үзэж боломжгүй, хязгаарлагдмал. Зайлшгүй эмнэлэгт ирж үзүүлэх шаардлагатай байвал эмнэлэгт хандахыг зөвлөнө гэсэн үг.

Эрүүл мэндийн асуудлал тулгарч, эхний ээлжинд яахаа мэдэхгүй байгаа хүмүүс онлайнаар холбогдоод мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, ямар арга хэмжээ авах талаар чигээ олох юм.

Ер нь алсын зайнаас тодорхой хэмжээгээр үзлэг хийж болдог. Жишээлбэл камерийн тусламжтайгаар янз бүрийн үйлдэл, хөдөлгөөн хийлгэж болно. Өөрөөр нь биеийн хэсэгт даруулж үзэж болно. Эсвэл арьс, бие дээр гарсан өөрчлөлтүүдийг харж болно. Энэ мэт эмч тодорхой хэмжээнд цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжтой.

Дээр хэлсэнчлэн иргэд маань бие биеээсээ буюу мэргэжлийн бус хүмүүсээс зөвлөгөө авах нь их байдаг. Мэргэжлийн бус хувь хүний буруу, зөрүү зөвлөгөө нь онохоосоо илүүтэй алдаа болж, таны эрүүл мэндийг аюултай байдалд хүргэх эрсдэлтэй.

Мэргэжлийн эмчээс онлайнаар зөвлөгөө авснаар нааш, цааш явж цаг хугацаа алдахгүй, хүмүүст таатай үйлчилгээ болно гэж бодож байна.

-Онлайнаар эмчийн үзлэг, зөвлөгөө авах иргэн танай эмнэлэгтэй хэрхэн холбогдож үйлчилгээ авах вэ. Урьдчилж цаг авах шаардлагатай юу?

-Эхлээд манай эмнэлгийн үйлчилгээний албаны утас руу холбогдох хэрэгтэй. Боломжтой бол өмнөх өдөр нь урьдчилаад цаг ав гэж байгаа. Энэ нь эмчийн цаг зав, ачаалалтай хамааралтай. Үүнтэй уялдуулж үйлчилгээний ажилтан эмч, үйлчлүүлэгч хоёрыг холбож өгнө гэсэн үг. Энэ талаарх мэдээллийг эмнэлгийн пэйж хуудсаас авах боломжтой.

-“Мөнгөн гүүр” эмнэлэг эрүүл мэндийн ямар үйлчилгээнүүдийг үзүүлдэг вэ. Онцлог нь юу байна вэ?

-Манай эмнэлэг гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээний нэлээд олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулторийн үзлэгүүд байгаа. Амбулторийн үзлэг нь гэмтэл, дотор, мэс засал, эмэгтэйчүүд, хөдөлгөөн засал физик эмчилгээний чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг.

Онцлог гэвэл ихэнх хүн мэдэж байгаачлан гэмтлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг. Монгол Улсад гэмтлийн нэг л улсын эмнэлэг байдаг. Гэмтлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн хувийн эмнэлэг байдгийн хамгийн анхных нь “Мөнгөн гүүр” эмнэлэг.

Мөн мэс заслын тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг. Яаралтай болон төлөвлөгөөт хагалгаанууд манай эмнэлэг дээр хийгддэг гэсэн үг.

Мөн эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Хавдрын зөвлөх эмч ажилладаг. Хавдрын хагалгаа, эмэгтэйчүүдийн мэс заслыг манай эмнэлэгт хийж байна.

Улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын нэг л том эмнэлэг байдаг. Хувийн эмнэлгүүдэд захын судасны жижиг тусламжуудыг үзүүлдэг. Тэгвэл манай эмнэлгийн бас нэгэн том давуу тал гэвэл Гуравдугаар эмнэлгийн дараа орох том төв ажиллаж байгаа. ОХУ-д суралцаж, нарийн мэргэжил эзэмшсэн эмч захын судасны хагалгааг хийдэг. Энэ талаар орчин үеийн нарийн оношилгоо, эмчилгээ хийгддэг. Үүгээрээ бусад ижил төрлийн хувийн эмнэлгүүдээс давуу талтай.

Оношилгоон дээр гэхэд CT буюу комьпютер томографи, MRI гэх мэтээр олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг манай эмнэлэг үйлчлүүлэгчдэдээ олгодог. Эмнэлэг бүрт ийм боломж байдаггүй.

Бас нэгэн онцлог үйлчилгээ гэвэл манай эмнэлэг дээр хулмас арилгах мэс заслын үйлчилгээ үзүүлдэг.

-“Мөнгөн гүүр” эмнэлэгт хорт хавдрын хагалгаа хийдэг үү?

-Монгол улсын хууль журмаар эмнэлгүүд төрөлжсөн тусгай үүрэгтэй байдаг. Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээний яаралтай тусламжийг үзүүлдэг. Сонгинохайрхан дүүргийн тодорхой хэдэн хорооны иргэдэд Эрүүл мэндийн даатгалаар мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн байдлаар Монгол Улсад хавдрын хагалгааг Хавдар судлалын үндэсний төвд төвлөрч хийдэг. Манай эмнэлэгт хавдрын хагалгааг цөөн тоогоор хийдэг. Гэхдээ шинээр батлагдах Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар ард иргэдэд нэлээд хэрэгтэй өөрчлөлтүүд гарч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа. Хууль батлагдвал улсын болон хувийн эмнэлгүүдийн үйлчилгээ ойрхон болно. Иргэнээс гарах санхүү арай багасах болов уу гэж харж байгаа.

Манай улсад ямар проблем байдаг вэ гэхээр улсын хэмжээнд ганц байдаг ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ гэх мэт эмнэлгүүдэд ачаалал ихтэй байдаг. Хэтэрхий их ачаалал үүсэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар алдагдах, үйлчилгээ нь төвөгтэй болж байгаа асуудал сүүлийн үед ажиглагдаж байгаа.

Одоо Засгийн газраас энэ байдлыг нь задлах бодлого барьж байна. Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар бол энэ тусламж үйлчилгээг эмнэлгүүдэд хувааж, ачааллыг нь бууруулах боломж гарч магадгүй байгаа. Манай эмнэлэг ч тэр үйлчилгээг үзүүлэхэд бэлэн. Бид үйлчилгээгээ улам чанартай, хүртээмжтэй болгох талаас нь анхаарч ажилласаар байгаа. Ер нь хувийн эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай явагддаг гэж би хувьдаа боддог. Улсын эмнэлэгт хэдий сайн эмч нартай боловч ачаалал ихтэй, төсөв санхүүдээ баригддаг тал байдаг.

-Та Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалд том өөрчлөлт орохоор байгаа. Монгол Улсад улсын болон хувийн гэсэн хоёр хэвшил байдаг. Улсын эмнэлэгт даатгалаараа төлбөргүйгээр үйлчилгээ авдаг. Хувийн эмнэлэгт төлбөр төлдөг. Үйлчилгээний чанар ч төлбөрөө дагаад өндөр байдаг.

Би Монгол оронд хүн улсын, хувийн ямар ч эмнэлэгт хэвтээд, хүссэн үйлчилгээгээ авдаг цаг үе ирээсэй гэж хүсдэг. Одоогийн байдлаар иргэд ингэж чадахгүй байгаа. Хувийн эмнэлэг өндөр төлбөртэй болохоор тэр бүр хэвтэж чадахгүй байна. Үүн дээр хувийн эмнэлгүүдийг буруутгах зүйл байхгүй. Чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд төлбөр авахаас өөр аргагүй.

Гэхдээ энэ байдлыг бусад өндөр хөгжилтэй орнууд шийдлийг нь олчихсон байдаг. Чанартай үйлчилгээ үзүүлдэг, ард иргэд нь хэт өндөр төлбөр төлдөггүй. Хувийн даатгалууд маш сайн хөгжчихсөн байдаг учраас даатгалынхаа тусламжтайгаар эрүүл мэндийн чанартай үйлчилгээг авчихдаг. Зарим тохиолдолд төлбөрийнхөө 10-25 хувийг төлөөд үйлчилгээ авч байна.

Манай улсад хувийн даатгал хөгжиж эхэлж байна. Гэхдээ өргөн хүрээтэй нэвтэрч амжаагүй байгаа. Энэ нь манай иргэд даатгалд хамрагдахдаа сулхан байдагтай холбоотой. Улсын эмнэлэгт ажиллаж байхад ч ингэж ажиглагдаж байсан. Даатгалаа төлчихсөн хүн улсын эмнэлэгтээ үнэгүй чөлөөтэй үйлчлүүлэх эрх нь байж байдаг. Гэтэл даатгал төлдөггүй олон хүн байдаг.

Даатгалыг бид амьдралдаа хэвшүүлээд өөрсдийнхөө эрсдэлийг хамгаалчихвал бидний янз бүрийн эрсдэлээс хамгаалж чаддаг.

Хувийн том эмнэлгүүдэд зарим иргэн хувийн даатгалд хамрагдчихсан, үнэтэй үйлчилгээг ямар ч асуудалгүй авах боломж гарч ирчихээд байгаа юм. Тэгэхээр би ард иргэдийг эрүүл мэнддээ анхаарч байгаа бол өвдсөн үедээ шууд давхиж очих биш, эсвэл өөрсдийнхөө хамаг мөнгөө үрж үйлчлүүлэх биш, тэр эрсдэлээс эртнээс хамгаалж, хувийн даатгалд хамрагдаад хүссэн үедээ хүссэн газрынхаа үйлчилгээг авч чаддаг болвол хэн хэнд нь хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Монгол Улсын иргэн, гуравхан сая хүн чанарай сайн үйлчилгээ үзүүлдэг, эрүүл мэндээ баталгаатай хангадаг ийм нийгэмд амьдарвал хэчнээн сайхан. Иймээс даатгал гэдэг зүйлийг хэрэглэж суръя, үүнийг ард иргэд маань сайн ойлгоосой.

Эмнэлгийн үйлчилгээ угаасаа өндөр зарлагатай салбар учраас төлбөр авахаас өөр арга байхгүй. Тэр өндөр төлбөрийг хөнгөвчилдөг зүйл чинь даатгал юм. Иргэд маань хувийн даатгалд хамрагдаад, хүссэн эмнэлгээсээ эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжууд бий болж байгааг мэдэж аваасай гэж хүсэж байна.

-“Мөнгөн гүүр” эмнэлгийн тухайд Эрүүл мэндийн даатгалаар хэчнээн төрлийн үйлчилгээг үзүүлдэг вэ?

-Манай эмнэлгээс үзүүлдэг дээр дурдсан эрүүл мэндийн бүх л чиглэлээр даатгалаараа үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ иргэдийн нэг ойлгох ёстой зүйл нь хэдий даатгалтай ч төлбөр заавал авдаг. Эрүүл мэндийн даатгалаас орж ирдэг санхүүжилтийг нь хасаад, хөнгөлөлт үзүүлдэг. Одоо яригдаж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдвал ард иргэдэд нэлээд нааштай өөрчлөлтүүд гарах болов уу гэж бодож байгаа. Иргэдээс гарах мөнгө багасах болов уу гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top