Ц.Туваан нарын тэргүүлж буй Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо нэгдүгээр сарын 08-ны өдөр хуралдаад ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хассан. Дээрх шийдвэртэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнийн байр суурийг хүргэж байна.
-Таныг АН-аас найман жилийн хугацаатай түдгэлзүүлсэн байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Үүнд би тайлбар хийгээд, цаг үрээд байх шаардлагагүй. Үндсэн дүрмийн хороонд огт байхгүй гишүүд нэр барьж хуралдаад, түүнээсээ дүрмийн бус шийдвэр гаргаж байна. Уг нь манай үндсэн дүрмийн хороо бол Үндсэн хуулийн цэцийн дайтай ажиллах ёстой хороо юм. Өөрөөр хэлбэл Үндсэн дүрмийн хорооны хуралд нэхэмжлэгч, хариуцагч хоёрыг байлцуулж, мэтгэлцэх зарчмаар асуудлыг авч үздэг. Ардчилсан зарчмаар асуудлаа шийдэх ёстой байтал Ц.Тувааны туслах гомдол гаргаад, Үндсэн дүрмийн хороо гэдэг хуурамч байгууллага нь тогтоол, дүгнэлт гаргасан байна. Ийм увайгүй үйлдэл нь АН-ын Үндсэн дүрмийг доромжилж байгаа юм. Дүрмийн бус, хүчин чадалгүй хэдэн хүн хуралдаад, гаргасан шийдвэрийг нь эрх зүйн чадамжгүй хүн аваад, АН-ын албан баланк дээр хүчин төгөлдөр бус тамга дарсан. Энэ бол ёс зүйгүй асуудал.
-Таныг АН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэхдээ УБЕГ-аас хүчингүйд тооцсон тамга тэмдэг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх нөхцөл бүрдсэн гэх юм. Та бүхэн хуулийн байгууллагад хандсан уу?
-Эрүүгийн хуулийн 23.3, 23.4-т тамга тэмдгийг хуурамчаар ашиглах, нуун дарагдуулахтай холбоотой заалт бий. Яг энэ заалтад үндэслээд Ц.Туваан болон Үндсэн дүрмийн хорооны дарга гэж өөрийгөө зарлаад хүчингүй болсон тамга ашигласан Б.Мягмардаш, П.Нүрзэд гэдэг нөхрийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн зорилгыг хангах гэж намыг самардаг байдлаа болих хэрэгтэй. Энэ нам чинь хууль дүрмийнхээ хүрээнд ажилламаар байна. Ц.Тувааныг би муулаад, үгүйсгээд байх шаардлага алга. Хуулиараа шалгаад, шийдэх байх. Илт хуурамч дүрмийн бус үйлдэл битгий гараасай гэж хүсч байна.
-Өмнөх парламентад АН бүлэггүй болж байсан. Танай намын хоёр гишүүн намын бүлгээсээ гарч, ШИНЭН байгуулж байсан. Энэ гашуун туршлага дахин давтагдах вий гэх болгоомжлол байна?
-Гишүүдээс гомдол гарвал холбогдох арга хэмжээг авч таарах байх. Миний хувьд Ц.Туваанд хариуцлага тооцно гэж бодоод, янз бүрийн байдлаар үгүйсгээд байгаа юм алга. Гишүүд гомдол гаргавал Үндсэн дүрмийн хороогоор авч хэлэлцэх байх. Илт хууль зөрчиж, хууль бус тамга тэмдэг ашигласан тэр хүн УИХ-ын гишүүн байна уу, хэн байх нь хамаагүй. Хуулийн байгууллага шалгаад явах байх. Өмнө нь АН-ын улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг сөрж, манай намын гурван гишүүн эсрэг санал өгсөн. Үүнээс болж нэг нь намын гишүүнчлэлээс хасагдаж, нөгөө хоёр нь АН-ын сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхээ тодорхой хугацаагаар хасуулж байсан. Өнөөдөр намын чухал албан тушаал хашиж байсан хүн нь өөрөө УИХ-ын гишүүн болчихоод хариуцлагагүй үйлдэл хийгээд байгаа нь сонирхолтой юм. Би хэн нэгний тушаал заавраар, хэн нэгний өгсөн чиглэлийн дагуу яваад байгаа юм болов уу гэж бодож байна. Хувь хүн нь ийм үйлдэл хийгээд байх хүн биш гэж би хардаг. Өнөөдөр ийм үйлдэл хийгээд байгаа нь хэн нэгний үүрэг даалгавар юм уу өгсөн чиглэлээр яваад байна гэж харж байгаа.
-Хэн нэгний үүрэг даалгавраар намаа хагалах нь сонгууль дөхсөн үед тохиромжгүй үйлдэл гэдгийг АН-ын гишүүд дэмжигчид хэлээд байгаа шүү дээ?
-Илд тод хэлэхэд Ц.Тувааныг тойроод дүрмийн бус үйл ажиллагаа явуулаад байгаа хүмүүс үүрэг даалгавраар яваад байгаа. Би мэдэж байна. Хоёрдугаарт, намын Х Их хурал гээд хууль бус хурал зохион байгуулаад, тэр хурлаараа намын Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд явуулахдаа 5.12.4.1 гэдэг заалт оруулсныг нь тэр хуралд оролцсон гишүүд мэдэхгүй байгаа. Тэгэхээр замдаа хулгайгаар орсон заалт гэдэг нь Улсын дээд шүүхээр хэлэлцэх явцад ил болсон. АН-аас Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших хүсэлтээ илэрхийлэх юм бол тухайн хүнийг ҮБХ болон намын Их хурлаар өрсөлдөгчгүй шууд шийдвэрлэнэ гэж хулгайгаар заалт оруулахыг завдсан. Энэ нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа. Нэгдүгээрт, АН-ын 200 мянган гишүүнээс хэн ч нэр дэвшиж, сонгох сонгогдох эрхтэй. Албан тушаалтан эрх мэдэл давуу байдлаа ашиглаж бусдын сонгох, сонгогдох эрхэнд халдаж болохгүй. Хоёрдугаарт, Шинэ Үндсэн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн нэг удаа зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчөөр сонгогдоно гээд заасан байгаа. Гэтэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвшинэ гэдэг нь Үндсэн хуулийн зөрчил болно. Энэ мэт яриад байвал хэд хэдэн Үндсэн хуулийн зөрчил харагдаж байхад хулгайн заалтаа дахин шахах гэж байгаа нь маш том алдаа. Одоо намайг намын гишүүнчлэлээс чөлөөлөөд, дараа нь Үндсэн дүрмийн 5.12.4.1 гэдэг заалтаа оруулах гээд зүтгэж байна гэдэг сураг сонссон. Хэрэв ийм зүйл болвол жинхэнэ улстөрийн захиалгат үйл явдал болно. Ц.Туваан тэргүүтэй хүмүүс Үндсэн дүрмийн заалтаа дахин янзлаад Улсын дээд шүүхэд бүртгүүлж болно гэж яриад байгаа. Гэтэл дахиад Их хурал хуралдахаас нааш өөрчилж болохгүй олон зүйл бий. Жишээ нь намын их хурлын төлөөлөгчийн үүрийн бүх гишүүдийн хурлаас сонгох ёстой. Гэтэл сая дунд шатны намын даргаас 50 хүний нэр ирүүл гээд шууд Их хурлын төлөөлөгчдийг бүрдүүлсэн. Энэ нь Үндсэн дүрэм зөрчиж байна, их хуралд оролцох гишүүдийн эрхийг зөрчиж байна. Төлөөллийн зарчим алдагдаж байна. Хоёрдугаарт, цахимаар хуралдах дүрэм журам батлагдаагүй. 1:10 хуралдсан хурлаар цахимаар хуралдах дүрмээ баталсан. Хурлын дэг гэж бий. Цахимаар хуралдах зохицуулалт байгаагүй нь Х их хурал хүчингүй болох үндэс юм. Тэгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэх дүрмийн өөрчлөлтөө одоо засах гэж байгаа бол шинээр Их хурлаа хуралдуулж, гишүүдээр хэлэлцүүлж байж Дээд шүүхэд өргөн барих боломж бүрдэнэ. Түүнээс дөрөв таван хүн тойрч суугаад дүрмээ засна гэж байхгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Муу үхээр мэлхий минь далд орно үгүй ву чи