Ц.Оюунсүрэн: Бид вирусний цөмийн ген дээр тулгуурлан оношлуураа хийсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Сарс-2 вирусний оношлуур гарган авсан академич, биологийн шинжлэх ухааны доктор Ц.Оюунсүрэнтэй уулзахаар ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн дээр очлоо. “Өглөөний зочин” маань хүрээлэнгийнхээ Молекул генетикийн салбартаа ажиллаж,  залуу эрдэмтдэдээ зөвлөж яваа юм байна


 

-Ковид-19 гарснаас хойш дэлхийн олон оронд энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хийгдлээ. Манай эрдэмтдийн бүтээсэн Ковидын оношлуур юугаараа онцлог вэ?

-Бид коронавирусээс нэг Сарс-2 вирусний  генийг нь ялгаж аваад, түүнийг вектор молекулд шилжүүлэн суулгаад, генийн экспресс явуулж уураг ялгаад оношлуур хийсэн.  Манай гарган авсан  оношлуур бол өвдсөн юм уу вакцин хийлгэсний дараа энэ хүнд уг вирусний эсрэг дархлаа тогтож уу, вирусний эсэргүүцэх чадвартай байна уу үгүй юу гэдгийг тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл өвдсөн хүн эдгэсэн байна уу,  эсвэл энэ хүн өөрөө мэдэхгүй өвдөөд дархлаа тогтсон байна уу гэдгийг тодорхойлдог.

-Генийг нь ялгаад хийж байгаа гэхээр маш нарийн технологи байна шүү...

-Тийм ээ. Ковидын оношлуур их олон янз байгаа. Яг ямар ген  дээр, гадаргуугийн арзгар ген дээр тулгуурласан уу, дотор байгаа цөмийн ген дээр тулгуурлаад хийж байна уу гэдгээсээ шалтгаалаад ялгаатай байгаа. Бид гадаргуугийнхийг ашиглаагүй. Яагаад гэвэл Ковидын вирусний гадаргуу нь хувирамтгай, амархан өөрчлөгддөг.  Олон улсын эрдэмтэд “хувирч байна, мутацид орж байна” гээд байгаа шүү дээ. Тийм учраас бид цөмийн ген дээр нь үндэслэсэн оношлуур хийсэн. Цөм нь гадаргуугаа бодвол харьцангуй тогтвортой. Түүгээрээ манай оношлуур онцлог. ХӨСҮТ-д эдгэрээд гарсан  200 гаруй хүний дээжинд шинжилгээ хийсэн, үр дүн сайн байв,  цаашид ХӨСҮТ-ийнхэн эмчилсэн хүнээ гаргахын өмнө манай оношлуураар оношилж, эдгэсэн эсэхийг нь тодорхойлж, батлах юм . 

-Нууц биш бол, ийм нарийн оношлуурыг хэдий хугацаанд, ямар өртөг зардлаар хийснээ хэлэхгүй юу?

-Өнгөрсөн жилийн өдийд Сарс-2 вирусний халдвар дэгдэхэд манай улс хилээ хаасан. Тэгээд би бодсон л доо. “Ийм хүнд цаг үед эрдэмтэд бид зүгээр сууж болохгүй. Оношлуур хийх боломж, чадамж нь бидэнд байна. Та нар юу гэж бодож байна” гээд хоёр шавиа дуудаад саналаа хэлсэн. Гантулга, Лхагвасүрэн хоёр маань хоёулаа  доктор  хамгаалсан, чадалтай залуус. Тэд дэмжээд, төлөвлөгөөгөө гаргаад, 2020 оны тавдугаар сард оношлуур хийх ажилдаа  орсон. Бидний ажлыг Шинжлэх ухаан, технологийн сан дэмжээд 9,5 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Мөн ШУА дэмжиж 6,5 сая төгрөг өгсөн. Дараа нь бид төслөө бичээд БШУЯ-нд хандахад 180 сая төгрөг баталж өгсөн. Ерөнхийдөө 196 сая төгрөгөөр Сарс-2 вирусний оношлуурыг хийлээ. Түүнээс 110 сая төгрөгөөр нь зайлшгүй хэрэгцээтэй багаж авсан.

Хэдийгээр бид вирустай ажиллах боломжтой ч халдвар, хамгааллын эрсдэлээ тооцоод ХӨСҮТ-ийн Дармаа эрхлэгчтэй Вирус судлалын лабораторитой хамтарсан. Анхны генийг ялгаж авахад бидэнтэй МУИС-ийн эрдэмтэд хамтарсан. Үндсэндээ гол ажлыг манай Молекул биологийн лаборатори хийж  байгаа юм. 

-Одоо энэ ажил ямар шатандаа явна?

-Оношлуураа гаргаад авчихсан. Түүнийгээ өвдөөд эдгэсэн, хяналтад байгаад эмнэлгээс гарсан, өөрөө мэдэхгүй өвдсөн байж болзошгүй гэсэн 400 гаруй хүний цусны дээжин дээр судалгаа хийгээд оношлуурынхаа өвөрмөц ба мэдрэг чанарыг  тогтоосон. Мөн ёс зүйн зөвшөөрөл, патентаа авсан. Одоо ЭМЯ-ны Шинжлэх ухааны зөвлөлөөр оруулж баталгаажуулаад “энэ оношлуурыг Монгол Улсын хэрэглээнд оруулж болно оо” гэсэн зөвшөөрлөө авах л хүлээгдэж байна. Бид баримт бичгээ бэлдчихсэн байгаа.  Оюуны өмчийн экспертүүд бидний ажлыг олон улсын патент болгох боломжтой юм байна гэсэн. Бидний хувьд юу ч гэсэн эхлээд хэрэглээнд нэвтрүүлээдэхье, тэгсний дараа л болъё гэсэн бодолтой байна. Ер нь манай оношлуур бол дэлхийн түвшний ажил л даа. Манай лабораторид бид ч бас дэлхийн түвшний ажил хийхийг зорьдог. Сонирхуулж хэлэхэд, PCR-г одоо манайхан сайн мэдэх боллоо. Монголд 1998 онд гепатитийн В, С вирусний PCR-аар буюу полимеразийн гинжин урвалаар оношлох патент авч байсан.

-Монгол генетикчид одоо юун дээр ажиллаж байна?

-Хавдрын генетикийн судалгаа хийж, яагаад бүх төрлийн хавдар монгол хүн амын дунд их байна гэдгийг судалж байна. Бид элэгний В, С вирусаа судалж байгаад явсаар явсаар элэгний хавдар руу орчихсон. Сүүлд нь Монголын хүн амын дунд тохиолдож  байгаа хавдрын молекулын генетикийн үндсийг судалж байна. Монгол Улсыг хүн л хөгжүүлнэ шүү дээ. Тийм учраас монгол хүн эрүүл байх хэрэгтэй байна.

-Таны бодлоор Монголд нэн шаардлагатай судалгаанууд юу байна?

-Маш олон байна.

-Эрэмбэлээд хамгийн чухлыг нь хэлэхгүй юу?

-Яг одоо манайхан ходоодны хавдрын молекулын генетикийн судалгаа хийж байна. Миний эмзэглэж явдаг зүйл гэвэл ходоодны хавдар ихэсч байгаа явдал. Монгол хүн амын дунд хеликобактер маш их байна. Хеликобактер бол ходоодны хавдар үүсгэдэг гол бактер. Тиймээс монголчуудын дундах хеликобактерийн тархалт, хүчин зүйлийг судлах ёстой гэж би боддог.  Анагаах ухааны салбарын эрдэмтэд маань судалгаа хийж байгаа. Гэхдээ нийт хүн амыг, бүс бүсээр нь хамарсан томхон судалгаа хийгээд хеликобактераас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэдэг бодлого боловсруулмаар санагддаг.

-Шавь нартаа захиж хэлдэг зүйл...

-Аль болохоор дэлхийн түвшнээс хоцорч болохгүй, чадлынхаа хэрээр л дэлхийн түвшинтэй ойртож ажиллах хэрэгтэй.  Тэгж байж л бид бусадтай эн зэрэгцэн ажиллаж, сайн үр дүнд хүрч чадна. Гэхдээ улсаас шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа, хөрөнгө санхүүжилт гаргах хэрэгтэй. Харин бидний одоогийн  энэ оношлуур гаргах ажилд манай ШУА, БШУЯ, ЭМЯ дэмжлэг туслалцаа үзүүлсэнд бид ихээхэн талархаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.23) 2021 оны 02 сарын 12

Манайхан уг нь чадалтай даанч эрх мэдэлтэнүүд нь ууж идэх гээд

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 02 сарын 11

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Yes we can (98.253.30.34) 2021 оны 02 сарын 10

Mgl chuud iyg ch hiih chadvartai.

0  |  0
Төмөр (103.26.194.55) 2021 оны 02 сарын 09

Сайхан бахархалтай амжилт байна\nУлам их амжилт хүсье

0  |  0
Уншигч(66.181.182.249) 2021 оны 02 сарын 09

Гайхалтай сайхан мэдээ байна, улам их амжилт хүсэе ээ

0  |  0
Zochin(66.181.183.201) 2021 оны 02 сарын 09

Mundag shuu mundag Bayar hurgei Amjilt !!!

1  |  0
Зочин(66.181.176.68) 2021 оны 02 сарын 09

Манай эмя нь тэгээд энэ хэдийнхээ ажлыг дэмжих юм болов уу даа үнэхээр бодит үнэн ашигтай ажил хийх гэж байгаа бол юм л гадны бизнесийг илүүд үзэж дэмжээд байгаа харагдах тэр Уламжлалынхан байна

0  |  0
Зочин(85.218.48.83) 2021 оны 02 сарын 12

Wooooooow,estoi mundag bn та нартаа баяр хүргье!

1  |  0
Top