Сэргээгдэх эрчим хүчний салбарт “Мөрөөдөл биелэх” эхлэл

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Дани улсын гайхалтай шийдэл

 

Нефть, байгалийн хийнээс татгалзсан Данийн Засгийн газар Умард тэнгис дээр томоохон хэмжээний хиймэл арал байгуулахаар шийдвэрлэлээ. Хөлбөмбөгийн 18 талбайтай тэнцэхүйц буюу 120 мянган квадрат метр талбай дээр 200 салхин хөдөлгүүрт үүсгүүр байрлуулснаар гурван сая гаруй өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.

34 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй энэхүү бүтээн байгуулалт нь  Дани улсын түүхэн дэх томоохон төсөл бөгөөд уг хиймэл арлын тал хувь нь төрийн мэдэлд, тал хэсэг нь хувийн секторт харьяалагдан, алсдаа гурав дахин томрох ирээдүйтэй байгаа аж. Мөн энэхүү арал нь хөрш зэргэлдээ улс орнуудаа ч цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөөтэй байна.

Одоогоор ямар улс орнууд хамрагдах талаар тодорхой жагсаалт хараахан гараагүй хэдий ч Их Британи, Герман, Нидерланд улсууд боломжит хамтрагчид хэмээн Данийн Техникийн их сургуулийн профессор Якоб Остергард ВВС-д ярилцлага өгөхдөө дурджээ. Тэрхүү асар том салхин цахилгаан станц нь аж үйлдвэрлэл болон тээврийн хэрэгсэлд ашиглахад зориулсан устөрөгчийг мөн үйлдвэрлэн гаргах аж.

Дани улсад батлагдсан Уур амьсгалын тухай хуулийн дагуу тус улс ойрын 10 жилд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 онтой харьцуулахад 70 хувь бууруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүхэлд нь зогсоон, тэг түвшинд хүргэхээр зорьж байна. Умард тэнгисийн өөрт харьяалагддаг хэсэг дээр нефть, байгалийн хийн эрэл хайгуул хийхээ зогсоосон тухай өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Копенгаген зарлаж, тус улс тэргүүлэх чиглэлээ өөрчилж байгаа талаар Эрчим хүчний сайд Дан Йоргенсен өгүүлсэн билээ.

“Энэхүү аварга төсөл Данийн салхин эрчим хүчний хөгжилд шинэ алхам хийж, салхин цахилгаан үүсгүүрийг бид эхлээд хуурай газарт, дараа нь далайн эргийн гүехэн усан дотор суурилуулж байсан бол одоо хиймэл арал дээр бүтээн байгуулалтаа эхлүүлэх болсноор Дани улс энэ салбарт дэлхийд тэргүүлэгч болно” хэмээн профессор Остергард бахдангуй өгүүлжээ. 

Хиймэл арал дээр салхин цахилгаан станц байгуулах санал санаачлагыг тус улсын бүхий л улстөрчид нам, эвсэл харгалзалгүй дэмжсэн бөгөөд эхэндээ уран зөгнөл мэт санагдаж байсан уг зүйл одоо бодит амьдрал дээр хэрэгжихээр боллоо. Dansk Energi байгаль орчныг хамгаалах бүлгийн зүгээс “мөрөөдөл биелэх эхлэлд” баяр хүргэсэн хэдий ч төлөвлөсөн ёсоор 2033 он гэхэд арал бэлэн болно гэдэгт эргэлзэж буйгаа нуусангүй.

Данийн эх газрын хэсгээс зүүн зүгт Балтын тэнгисийн Борнхолм арлын эрэг орчимд үүнтэй ижил төстэй хэдий ч арай багахан хэмжээтэй арлыг бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнээс Герман, Бельги, Нидерланд улсууд эрчим хүч авахаар аль хэдийн гэрээ хэлцлээ хийчихээд байгаа аж.

Европын Холбоо 2030 он гэхэд далайн эргийн салхин цахилгаан үүсгүүрийг тав дахин, 2050 он гэхэд 25 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрөгч арваннэгдүгээр сард зарласан. Ер нь Европын Холбооны эрчим хүчний хэрэгцээний гуравны нэг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хэдийн хангагдаад байгаа юм.

Европын Холбооны улс орнууд дахь далайн салхин үүсгүүрүүдийн нийт хүчин чадал нь 12 гигаватт байдгаас 1,7 нь Данид хамаар­даг бөгөөд Умард тэнгис дээр байгуулагдах арал гурван гигаватт, Борнхолмын ойролцоох арал хоёр гигаваттыг үйлдвэрлэх аж.

Салхин эрчим хүчний том арлыг яг хаана байгуулах нь одоогоор тодорхойгүй бөгөөд далайн эргээс 80 км зайд орших мэдээлэл байгаа юм. Данийн эрчим хүчний агентлаг Ютландын хойгоос баруун зүгт хоёр байршлыг урьдчилан сонгож, тэдгээр байршлууд дахь тэнгисийн усны гүн 26-27 метр байгаа талаар тус улсын телевиз мэдээлсэн байна.

 

АНУ салхин паркуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ

 

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснийхөө дараахан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай хэд хэдэн зарлигт гарын үсэг зурж, ингэснээр холбооны газар нутаг дээр нефтийн болон байгалийн хийн цооног өрөмдөлтийн лиценз шинээр олгох явдлыг  Америкийн засгийн газар зогсоох магадлалтай болжээ.

Байдены гаргасан шийдвэр ёсоор бол 2030 он гэхэд далайн эргийн салхин паркуудын үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Иймэрхүү арга хэмжээнүүдийг эрчим хүчний салбарын олон төлөөлөл эсэргүүцэж байгаа хэдий ч шинэ Ерөнхийлөгч өөрийн байр суурин дээр баттай зогсож, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан хямралтай хийх тэмцэлд АНУ дэлхийн манлайлагч байх ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Байдены засаг захиргаанд уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр томилогдсон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри шинэ засаг нь хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг “гадаад бодлогын төлөвлөлт хийх үедээ онцгойлох хүчин зүйл болгоно” гэж амласан байна.  Тэрбээр 2015 онд уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт гарын үсэг зурахад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн бөгөөд “Уур амьсгалын өөрчлөлтийн үнэ цэн одоогийн нөхцөлд хамгийн ач холбогдолтой зүйл юм. Энэ нь бидний амьд үлдэх тухай асуудал” хэмээн Керри онцлон дурджээ.

Трампын засаг захиргаа энэхүү хэлэлцээрээс гарах тухай мэдэгдэж байсан хэдий ч Ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орсны дараахан гаргасан хамгийн эхний зарлигуудын нэг нь үүнд чиглэж уг хэлэлцээрт нэгдсэн билээ. Дэлхий нийтийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад онцгойлон анхаарч, оролцогч талууд тогтвортой хөгжлийг дэмжих болон агаарын температурыг бууруулахад чиглэсэн зорилтуудад нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг дээшлүүлэх, эмзэг өртөмтгий байдлыг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэх дэлхий нийтийн зорилгыг бий болгоно хэмээн Парисын хэлэлцээрт заасан байдаг.

Жо Байдены уур амьсгалын талаарх санал санаачлагууд нь Ковид-19 цар тахлаас болж тэртэй тэргүй ажилгүйдэл дээд хэмжээнд хүрчихээд буй АНУ-д мөн л ажлын байр цомхотгох нөхцөл үүсгэж нэрмээс болно хэмээн түүнийг эсэргүүцэгчид шүүмжилж байгаа бол, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэл нь харин эсрэгээр, олон шинэ ажлын байруудыг бий болгоход тусална гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Шинэ Ерөнхийлөгч Канадын нефтийг АНУ-ын газар нутаг дээгүүр тээвэрлэхэд зориулагдсан Keystone XL дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг зогсоож, энэхүү шийдвэр нь хурц шүүмжлэлд өртөөд байгаа хэдий ч цэвэр усны хангамж болон хүрээлэн буй орчныг хамгаалах үзэл бодлоо тэр тууштай хамгаалсаар байгаа аж.

 

Салхин эрчим хүчний хөгжлийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна

 

Салхин эрчим хүчийг ашиглах явдал сүүлийн жилүүдэд дэлхийн практикт өргөнөөр тархаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх энэхүү арга нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, хүртээмж өндөртэй зэргээс шалтгаалж улс орнууд энэ чиглэл рүү хошуурах болжээ. Түүний алс хэтийн ирээдүй болон боломжууд нь амьдрал дээр батлагдсан, салхины тусламжтайгаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх техник тоног төхөөрөмжүүдийг улам боловсронгуй болгох чадамж нь хангалттай их юм.

Салхин эрчим хүчний хөгжлийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх хоёр шалтгаан байна. Үүнд:

  1. Эрчим хүчний эх үүсвэр нь шавхагдашгүй бөгөөд үнэ төлбөргүй
  2. Цахилгаан эрчим хүч гаргах бусад хувилбарууд боломжгүй буюу тэдгээр нь ямар нэг шалтгаанаар тухайн газар нутаг дахь хүн амд тохиромжгүй үед салхин эх үүсвэр хамгийн тохиромжтой хувилбар болдог.

Өнөөгийн байдлаар энэ салбарт манай урд хөрш Хятад улс тэргүүлж байна. 10 гаруй жилийн өмнө гэхэд л тус улсад салхин цахилгаан станц /СЦС/ гэж бараг байгаагүй хэдий ч өнөөдөр Ганьсу СЦС гэх мэт томоохон “мангасууд” олноор бий болжээ.  Дэлхий дээрх СЦС-ын нийт хүчин чадал 500 гигаватт байдгаас 80 Гвт-ыг Хятад улс бүрдүүлж байна. Эргийн урт шугам бүхий газарзүйн байрлал нь сайнаар нөлөөлдөг, мөн тал хээрийн бүс нутгуудад нь ч салхин эрчим хүчийг хөгжүүлэх боломж ихтэйгээс харахад, манай орны хээр тал, говийн бүсэд ч СЦС-ыг хөгжүүлбэл эрчим хүчний салбарт ихээхэн нэмэр болох буй за.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.133) 2021 оны 02 сарын 09

Салхин станц бол томоохон олон эх үүсвэртэй эрчим хүчний системд л хавсарга байдлаар оршдог. Манайх шиг ганцхан ТЭЦ - 4 дээр чүүтэй чаатай тогтож байгаа системд савлалт үүсгэх аюултай байдаг юмаа.

0  |  0
Р(64.119.23.73) 2021 оны 02 сарын 09

Монгол Оросын шахалтаас айгаад УЦС ч барьж чадахгүй байна

0  |  0
Top