Б.Нордон: Эгэл тогоочоос гавьяат ажилтан хүртлээ 50 жил нийтийн хоолны салбарт зүтгэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 11

Нийтийн хоолны салбартаа тогооч, ахлах, ерөнхий тогооч, багш, АИХ-ын депутат хүртлээ ажилласан Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Б.Нордон гуайг “Өглөөний зочин” буландаа урьж оролцууллаа


Тэрбээр 1964 онд Худалдааны техникумыг тогооч мэргэжлээр төгссөнөөс хойш салбартаа 50 жил тасралтгүй ажиллажээ. Энэ хугацаанд нийтийн хоолны салбарт анх удаа чанарын нэгдсэн бригад байгуулан, ажлаар доголдож байсан зоогийн газруудын ажлыг дээшлүүлж, иж бүрдэл хоолоор үйлчлэх системийг нийтийн хоолны газар анх удаа нэвтрүүлсэн. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас" одон, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цол, тэмдгээр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлжээ.

-Та нийтийн хоолны салбартаа 50 жил ажиллалаа. Ер нь салбарынхаа түүх нь гэж таныг тодорхойлж болохоор байна шүү дээ. Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв?

-Би 1945 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1953 онд Улаагчин сумын бага сургуульд ороод тухайн үед долдугаар ангиа төгсөөд л техникумд ордог байсан жишгээр 1960 онд Улаанбаатар хотын худалдааны техникумд ороод 1964 онд нийтийн хоолны тогооч мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын нийтийн хоолны удирдах газрын 24 дүгээр гуанзанд тогоочоор ажлын гараагаа эхлүүлж, цаашлаад МҮОНРТ-ийн цайны газар, 25 дугаар гуанз, "Солонго" ресторан, "Энх дөрөв" компанид ахлах болон ерөнхий тогоочоор 40 жил ажиллажээ. Тэтгэвэртээ гараад 2002-2012 он хүртэл Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд нийтийн хоолны сургалтын багшаар 10 жил ажилласан. Энэ хугацаандаа 1000 гаруй шавьтай болсон байна.

-Олон жилийг салбартаа хийж, бүтээж өнгөрүүлсэн танд гавьяа шагнал ч олон байгаа. Гэхдээ хоёулаа он цагийнх нь дарааллаар ярилцъя. Тухайн үеийн 24 дүгээр гуанзанд тогоочоор дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан. Дараа нь МҮОНРТ анх байгуулагдахад цайны газарт нь ахлах тогоочоор дэвшсэн. Энэ үед яаж ажилладаг байсан бэ?

-МҮОНРТ-ийг 1967 онд нээгдэхэд цайны газарт нь ахлах тогоочоор очиж байлаа. Энэ үеэс хойш дандаа ахлах болон ерөнхий тогоочоор ажилласан даа. Тухайн үед ус буцалгагч, халуун сав ч байгаагүй. Хүмүүс оройн нэвтрүүлэг дуустал ажиллана. Плитка дээр усаа буцалгаад л баахуу цайгаа өгнө. Телевизийнхний тэр өөхөнд дуртай, тэр өөхөнд дургүйг хүртэл мэддэг байсан. Үнэхээр хүндээ хүрч үйлчилдэг байжээ.

-Дараа нь 25 дугаар гуанз, “Солонго” рестораны ерөнхий тогоочоор томилогдож, сулар­сан ажлыг сайжруулсан уу?

-Тийм ээ. Дээд газрын шийдвэрээр 1974 онд талбайн хажуугийн 25 дугаар гуанзны ерөнхий тогоочоор ажиллах болсон. Тэр үед хоолны газар цөөн байсан болохоор ачаалал ихтэй, хоолны газруудын хүнсний бүтээгдэхүүний хангамж, зохион байгуулалтын доголдлоос шалтгаалж хүлээгдэл үүсдэг байсан. Төвийн байршилтай хоолны газруудад хэл ам их гардаг болохоор ерөнхий тогооч нарыг сольж байршуулах нь их байсан. Ингээд 25 дугаар гуанзанд хэд хэдэн тогооч ойрхон солигдсоны дараа очиж хамгийн олон жил буюу 15 жил ажилласан. Дараа нь 1984 оноос “Солонго” рестораны ерөнхий тогоочоор 10 гаруй жил ажилласан. Тэр үед ерөнхий тогоочоор ажиллах нь тогооч хүмүүсийн нэр төрийн хэрэг байсан гэж хэлж болно. Харин ерөнхий тогоочоор ажил­­лах, эс ажиллах, хаана томилж ажиллуулахыг дээрээс шийд­вэрлэдэг. Дээрээс ирсэн шийд­вэрийн дагуу л ажиллаад байлаа.

-Улаанбаатар хот, 21 аймаг даяар “25 дугаар гуанзны Нордонгийн туршлага” гэдгийг нэвтрүүлж байсан гэсэн. Тухайлбал, нийтийн хоолны салбарт анх удаа чанарын нэгдсэн бригадыг байгуулж ажилласан. Энэ яаж ажиллахыг хэлдэг юм бэ?

-Нийтийн хоолны салбарт анх удаа чанарын нэгдсэн бригад байгуулж ажилласан. Энэ бол нэг санаа, зорилготой хүмүүсийн нэгдэл. Бүгд хамтдаа бригад болоод хоолоо чанартай хийх нэг зорилготой ажилладаг. Хоолоо чанартай хийхийн тулд нэг, хоёрдугаар хоол, порцын тогооч нэг бүр бие биенийхээ ажил, арга технологид хяналт тавина. Жишээлбэл, махыг нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэргийн мах гээд зөөлөн хатуугаар нь ангилаад зөөлөн махаар нь ямар ямар хоол хийх, хатуу махаар ямар ямар хоол хийх тухай стандартыг баримталж ажилладаг. Хоол тус бүрийн орцонд орох ногоог яаж хэрчих вэ, махыг хэдэн минут болгох вэ гэх мэт технологийг яс баримтална. Технологийнхоо дагуу гар дамжин хатуу шалгалтууд хийгээд явдаг байсан. Хоол хийх ажиллагаанд хуруугаа багахан шалбалсан байлаа ч оруулахгүй гэх мэт арга ажиллагаандаа бас анхаарна. Тэр үед хоолны жор, технологи, илчлэгийг тодорхойлдог Хоолны Эрдэм шинжилгээний институт гэж яаман дээр байсан. Жишээлбэл, эзэгтэй нарын хамгийн сайн мэддэг нийслэл салатыг хийхдээ төмсийг бүхлээр нь чанаад, дараа нь жижиглэн хэрчих ёстой. Тэгвэл илчлэг өндөр, хамаагүй сайхан амттай болдог. Төмсийг бүхлээр чанасны дараа хэрчихэд хэцүү гээд залхуурахгүй гэсэн үг. Мөн төмсөө заавал давстай халуун усанд чанана гэх мэт технологиуд байна.

-Одоо бид сэт хоол гэж нэрлээд байна. Бидний энэ хэрэглээд байгаа сэт буюу иж бүрдэл хоолоор үйлчлэх системийг нийтийн хоолны газар та анх удаа нэвтрүүлсэн гэсэн. Яагаад иж бүрдэл хоолыг санаачилсан бэ?

-1988 онд “Солонго” ресторанд ажиллахдаа Орос улсын жишгээс санаа аваад Монголдоо анх удаа иж бүрдэл хоолыг нэвтрүүлсэн. Тухайн үед хоолны газрууд цөөхөн байсан учраас оочер ихтэй байсан гэж түрүүнд хэлсэн. Хүмүүсийг хүлээлгэхгүйн тулд энэ зохион байгуулалтыг хийсэн. Хүмүүс хүлээхгүй бас хямдралтай үнээр иж бүрдлээ авдаг. Нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол, зууш, талх, цай гээд иж бүрдэл хоол тухайн үед 3-5 төгрөг байсан. Үдийн цайны цагаар иж бүрдлээр түргэн шуурхай үйлчилдэг байлаа. Ингээд удаагүй 1991 онд Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан болсон юм.

-Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цол их хүндтэй биз?

-Тэгэлгүй яах вэ. Энэ үед анх тогооч болж байсан, хичээж үр дүн гаргаж ажиллаж байсан үеүдээ, хамт олноо санан дурсдаг юм билээ.

-Та нээрээ яагаад тогооч болсон юм бэ?

-Хөдөөнөөс орж ирээд мэргэ­жил сонголтыг сайн мэдэхгүй. Тогооч мэргэжлийг мэддэггүй байсан. Сумын төвд эмнэлгийн тогооч байдаг. Түүнийг эмнэлгийн галч гэж нэрлэдэг. Сургуулийн тогоочийг сургуулийн галч гэдэг. Галч гэж галаа түлээд, хоолоо хийдэг хүмүүс байсан. Худалдааны техникумын нягтлан бодогчийн ангид орох гэсэн чинь анги нь дүүрчихэж. Тэгээд л орсныхоо дараа ангиа сольж болно гээд хамаатны хүний зөвлөснөөр нийтийн хоолны ангид орсон. Гэтэл манай ангийн багш их хатуу хүн байсан. Ангид хуваарилагдсан хүүхдүүдээсээ нэгийг нь ч өөр тийш шилжүүлэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ сургаад төгсгөнө гэдэг юм байна. Ингэж эхлээд тогооч болсон ч гавьяат болсныхоо дараа багшийгаа ойлгосон. Хатуу биш зааж сургадаг хүн байсан юм билээ. Тогооч мэргэжилтэй болсондоо багшдаа их баярладаг. Хэрвээ тэр үед нягтлан бодогч болсон бол харамсах байсан байх аа.

-Сайхан түүх байна. Мэргэ­жилдээ эзэн болно гэдэг л хамгийн сайхан юм аа. Одоо хүүхдүүд ихэвчлэн дээд боловсролтой болно л гэхээс биш бусад нарийн мэргэжлийг нэг их ойшоодоггүй юм шиг. Таны тогооч мэргэжлийн үнэ цэн ямар байв?

-Маш сайхан мэргэжил шүү дээ. Эзэн хичээвэл заяа хичээдэг юм шүү. Үнэхээр тэр мэргэжлээ сонгосон бол сэтгэлээсээ ажлаа хий. Ялангуяа тогооч бол сэтгэл зүрхний ажил. Хоол нь хүний эрүүл мэнд юм шүү дээ. Хоолыг анагаагч эм болоосой л гэж бодож сэтгэлээсээ хийх ёстой. Одооны ихэнх настай тогооч нар ингэж бодно шүү. Тархиндаа тэр сэтгэл гээчийг бүр шингээчихсэн байдаг.

-Үнэхээр л сэтгэлээсээ хий­сэн хоол сайхан амттай болдог гэж хүмүүс ярьдаг шүү дээ?

-Сэтгэлээсээ сайхан хоол хийх ёстой. Бас тогооч хүн хоолыг яг технологийн дагуу хийх ёстой. Одоо ч дур дураараа хоол хийх юм даа. Тогооч хүний хувьд технологио мэдэхгүй байна гэж байхгүй. Зөвхөн тэгэж хийх сэтгэл дутагдаж байгаа юм. Энэ тухайд бүр тогооч бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд нь оруулаад, сэтгэл дутсан байдлыг арчиж хаямаар санагддаг. Намайг хамтарч ажиллая. Зөвлөхөөр ажил­лаач гэж хүмүүс хааяа санал тавина аа. Гэхдээ хоолноос яаж 2, 3 нугалж ашиг гаргах вэ гэж ярьдаг хүмүүст бол би дургүй. Социализмын үед гуанз 40 хувийн, ресторан 60 хувийн л ашигтай ажиллах нормтой байлаа. Ер нь 100 хувиас илүү ашгийг хоолноос олно гэж юу байх вэ. Тийм бодолтой ажиллаж, хүмүүсийг хооллох бол болохгүй зүйл.

-Та бас нийтийн хоолны салбарыг төлөөлөн Ардын их хуралд депутатаар ажилласан гэл үү?

-1981-1984 онд АИХ-ын 10 дахь удаагийн сонгуулийн 14 дүгээр тойргийн депутат байсан. Тэр үед нийтийн хоолны салбараа төлөөлөн сард 80 төгрөгийн цалинтай. Цалингаа жилийн сүүлээр нэгтгэж авдаг байлаа. Хамгийн доод шат­лалаасаа эхлээд олон шалгуур, үзүүлэлтээр тухайн үеийн депутатыг сонгодог байсан. Бүр ар гэр, ахуй амьдралыг нь хүртэл судална гээч. Дараа нь депутат болж чадах эсэхийг Дүүргийн намын хороо, Хотын намын хороогоор хэлэлцүүлдэг. Миний бодох нь ээ одоогийн Улсын их хурлыг ч гэсэн салбар бүрээс нь төлөөлөл сонгож, АИХ-ын системээр явуулах нь зүйтэй санагддаг.

-Таныг ажиллаж байх үед ус буцалгагч, халуун сав ч байгаагүй гэсэн шүү дээ. Томоо­хон хурал, уулзалт болвол кофе, цайгаа ойрхон яаж зохицуулдаг байсан бэ?

-Үнэхээр ус буцалгагч, халуун сав байгаагүй ээ. Одоо бол хоол хийх материал, техник хэрэгсэл бүх юм элбэг болжээ. Ямар сайндаа 25 дугаар гуанзанд ажилладаг байхад Брижнев дарга Монголд ирээд Дуурийн театрт том хурал болоход бид үйлчлэхээр болов. Манай тогооч нар гэрээсээ халуун савнуудаа авчраад ус буцалгаж хийгээд кофе, цайгаа бэлтгэхээр талбай дээгүүр явж байсан чинь нэг халуун саваа алдаж хагалаад бөөн юм болж билээ. Ардын их хурал болоход том гуанз, ресторануудад төлөөлөгчид орж ирж хооллодог. Хонож ажилладаг байсан. Тэр үед тэдний ширээн дээр нь тавих цэцэг байхгүй нөхөр маань уулнаас цэцэг түүж авчраад саванд хийгээд тавьж байсан түүх ч бий.

-Уулнаас цэцэг түүж авчраад ажилд нь тусалдаг сайн нөхөр байна даа. Та нөхөртэйгээ ханилаад хэр удаж байгаа вэ?

-Бид гэр бүл болоод 55 жил болжээ. Гэр бүлийн хүнийг маань М.Болд гэдэг. Холбооны инженер мэргэжилтэй. Зургийн институтэд олон жил ажиллаад, дүүрэг, нийслэлийн Ахмадын хорооны даргыг тэтгэвэртээ гарсан хойноо 10 гаруй жил хийсэн. Ам бүл одоо бол хоёулаа амьдарч байна. Үр хүүхэд, ач, зээ гэвэл олуулаа болсон.

-Тогооч хүн цаг наргүй ажиллана биз. Хонож өнжинө ажиллахад гэр бүл их түшигтэй байж дээ?

-Тэгэлгүй яах вэ. Манай хадам ээж их сайн хүн байсан. Хүнд аз гэж байдаг. Би залуу байхаа бараг мэдэхгүй ажилладаг байлаа. Өглөө эрт явна. Оройтож ирнэ. Хүүхдүүдээ ч харж, асарч амждаггүй байсан. Ганц өдөр амарвал гэрийн ажлаа хийгээд таарна. Хань маань ч намайг их дэмждэг, түшигтэй хүн.

-Таны яриаг сонсоод байх нь ээ социализмын үеийн хүмүүст хариуцлага гэж айхтар төлөвшсөн байж дээ?

-Ажилдаа хүртэл өөрөө ухамсраараа л цагтаа ирнэ шүү дээ. Өглөө 8 цагт ажилдаа ирэх ёстой бол 7:30 гэхэд бүгдээрээ цуглачихна. Тэр үед хариуцлага алдах нь ухамсаргүй үйлдэл, төлөвлөгөө биелүүлээгүй бол хүн биш. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд маш сайн ажилладаг. Үйлчилгээ нь ч тааламжтай сайхан. Сар, жилээр төлөвлөгөө биелүүлж, зорилтдоо хүрч чадвал шагнал урамшуулал авна. Хоолоо сайжруулж орж ирсэн хүнийг дахиж орж ирдэг болгохын тулд л хичээнэ шүү дээ.

-Хоолны газруудын үйлчил­гээ нь хүртэл маш найрсаг байсан гэлээ. Дээрээсээ үйлчилгээ, хоолны чанар бүх юмаа л зааж, тогтоох уу?

-Бүх юм ёс зүй, хариуцлага, зарчмын дагуу явагдана. Худлаа хэлж, хулгай хийх ч хүн байгаагүй. Жишээ нь, “Солонго” ресторанд ажиллаж байхад сайхан бие хаа, царай зүстэй хүнийг дээл өмсүүлээд уламжлалтаараа хувцаслаад “Та ресторанд орж ирж буй хүнийг сайхан угтаж аваад оруулаад, гарахад нь “баярлалаа” гээд үддэг байгаарай” гэж хэлээд ажиллуулна. Тэр хүн тэр ажлаа л тултал сайн хийдэг. Өөр юм хийхгүй. Хэрвээ ажил чинь муу байна гэдэг үг сонсох юм бол зүүгээр хатгуулж байгаа юм шиг сонсогддог байлаа.

-Хоолны газруудад хэр олуулаа ажилладаг байв. Таныг бас баг, хамт олноо удирдан зохион байгуулж, урамшуулах өндөр чадвартай гэж дүгнэсэн байсныг номноос уншсан юм байна?

-МҮОНРТ-ийн цайны газарт зургуулаа ажилладаг байсан. 25 дугаар гуанзанд 40 гаруй хүнтэй, “Солонго” ресторанд 70 гаруй хүнтэй ажилладаг байлаа. “Солонго” ресторан гэхэд чинь л дээд давхартаа ресторантай, доод давхартаа гуанзтай, нарийн боовны цехтэй том газар байсан. Тэгээд миний ажиллаж байсан газрууд дандаа хотын төвд байлаа. Миний ажиллах гол арга барил гэвэл хүмүүстээ маш өндөр шаардлага тавиад, дараа нь яг хэрэгтэй урамшууллыг нь өгдөг байсан. Хүүхэд нь сургуульд орж байгаа юм чинь есдүгээр сарын 1-нд энэ ажилтандаа чөлөө өгье гэдэг ч юм уу байдлаар ханддаг. Хэрэгцээ гарахад нь түүнийг нь мэдэрч, биелүүлж өгдөг байсан. Тогооч нартаа шаардлага тавих, урамшуулахдаа эн тэнцүү хандана. Шагнал урамшуулал бол хүнд ажил хийх том урам, хүч болдог. Үүнийхээ ачаар миний зохион байгуулсан ажлууд бүгдээрээ сайжирсан. Одоо ч хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ холбоотой байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 02 сарын 12

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

2  |  0
Top