“Өглөөний зочин”-ы өнөөдрийн хойморт Монголын бурхан шашинтны төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц уригдлаа
-Сайн байна уу та, Сар шинийн баярын босгон дээр бидний урилгыг хүлээн авч, сүсэгтэн олонтойгоо уулзан золгож байгаад баяртай байна.
-За та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
-Монголчуудын уламжлалт ёсонд шороон үхрийн зурлагаар тухайн жилийг шинждэг. Ирж буй үхэр жилийн өнгө төрхийг тайлж уншиж өгнө үү?
-Тийм ээ. XVII жарны Цөөвөр хэмээх цагаагчин төмөр үхэр жил гарч байна. Сайхан жил гарна гэж залбирч суугаа. Монголчууд бид шинэ жил гарахад “Шороон үхрийн зурлага” тэргүүтнээр жилийн ерөнхий төлөв байдал, зурлагыг тооцож, мөн таамаглал дэвшүүлж, зурхайн ёсоо нэлээн эрхэмлэж ирсэн. Энэ жил настайчуудад жаахан тааруухан. Бусад насныханд сайн, дунд гэж гарсан байна билээ. Түүнээс гадна эдийн засаг сайжирч мэдэх зураглал байгаа. Хууль цаазны хэрэгжилтийн хувьд сайн болгоомжтой байхгүй бол суларч мэдэх шинж төлөвтэй. Ойрын жилүүдэд дээд албан тушаалтнуудад жаахан хэцүү байгаад байна. Өвс ногооны гарц гайгүй, бороо хур элбэг, урт намар болно гэсэн иймэрхүү маягийн төсөөлөл байгаа.
-“Зурхай бол магадлал” гэж та нэгэнтээ хэлсэн байдаг. Сар шинийн эхний өдрүүдэд иргэд зурхайгаа харж, засал номоо хийлгэдэг. Зурхай засал номын тухайд айлдвараа хүргээч?
-Ер нь зурхай гэдэг бол эртний уламжлалтай тооцоолол юм даа. Хүн төрөлхтөн энэ орчлон ертөнцөд амьдрахдаа өөрийгөө мэдэх, байгаль дэлхийгээ мэдрэх хүсэл мөрөөдлийг агуулж байсны үндсэн дээр зурхай гэдэг ойлголт гарч ирсэн. Анхандаа Араб, Энэтхэгийн ертөнцөд асар их түгэж, тэр нь шашнаар дамжигдаад Төвд, Монгол зэрэг орнуудад дэлгэрсэн байдаг. Мөн Хятадад зурхай өргөн хөгжсөн. Хятадын хар зурхай гэдгийг бид бас ажигладаг. Орон, орны л зурхайг анзаардаг даа. Бидний эртний өвгөд дээдэс ч зурхайд нэлээд мэргэшсэн улсууд байжээ. Зурхайг би магадлал хэмээн боддог. Яагаад гэхээр орчлон ертөнцийн хөдөлгөөн, махбодийн хямрал, хүний төрсөн өдрийн төөрөг, гараг эрхэсийн нөлөөлөл зэргийг харьцуулсан судалгааны үндсэн дээр төлөв магадлалыг нь гаргадаг зүйлийг л бид зурхай гэж нэрлээд байгаа юм. Лүндэн гэж ярьдаг даа. Сайн лүндэнг цаг нь болоогүй байхад гаргаж болохгүй. Яагаад гэвэл тэрийг муу хүн өөрчилж болдог учраас. Тэгэхээр ажил үйлсээ зөвтгөөд болгоомж сэрэмжээ нэмэгдүүлээд явахад од гарагсийн зурхай муу гарсан ч дээрдүүлж болдог учиртай юм даа. Шүтлэгтэй улс бол барцад тотгороо гаргаж, жилийнхээ заслыг хийлгээд сэтгэлээ нэлээн баттай дархлаатай болгодог Монголын уламжлал байгаа шүү дээ.
-Цар тахал гарсантай холбоотой өнгөрсөн болон өнөө жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх төр засгийн шийдвэр гарсан. Гэвч Монгол түмэн уламжлалт энэ баяраа гэр, гэртээ ёс жаягаараа хийх нь нууц биш. Гандантэгчэнлин хийдээс сар шинийн өдрүүдээр сүсэгтэн олондоо зориулж засал хийж, ном хурах уу?
-Засал ном хийсээр ирсэн. Энэ жил ч хийнэ. Гэхдээ өнөө жил коронатай холбогдуулаад засаг төрийнхөө бодлогыг дагаж буян номынхоо үйлийг үйлдэнэ. Тиймээс том хэрэмнийхээ гурван үүдэн дээр нэлээн сайн хяналттай, тусгаарлах горимыг сахиж, нийтийн дагаж байгаа дүрэм журмын дагуу хурал номын үйл ажиллагаа явагдана. Лам гуай нараа Гандантэгчэнлин хийдэд байрлах лам нарынхаа байранд суулгаад, эндээ тусгаарлаж сүсэгтнүүдийнхээ хүсэлт хийгээд буяны үйлүүдийг хийнэ дээ. Мэдээж энэ маш том хурал учраас эрдэм төгс, яг тэр номоо урьж чаддаг, бясалгал зан үйлдээ дадсан ийм лам нар шаардлагатай болдог. Тийм учраас ийм лам нараа урьж залж, хүрэн хэрэм дотроо номоо хурна. Ариун цэврийн дэглэмээ сахиулах, амны маскаар хангах, зайг нь бариулах, эрүүл ахуйн дэглэмийн арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг урьтал ажлуудаа маш сайн хангасан байгаа. Мэдээж сүсэгтэн олондоо зориулж байгаа болохоор хурлыг интернэт, телевиз, фэйсбүүкээр шууд түгээхээр төлөвлөж байна. Хуралд даган баясах сүсэгтэн олондоо ойлгомжтой байлгах үүднээс уншуулах номыг нь хурлын дундуур тодорхой дуудаж зарлаад ард түмэндээ тайлбар сэлттэй хүргэнэ гэсэн санаа сэтгэлтэй явж байгаа.
-Гандантэгчэнлин хийд “Хуучин номын хурал” хийгээд “Битүүний” өдрийн, шинийн нэгнээс 15-ны хурал номоо сүсэгтэн олондоо тасалдалгүй хүргэнэ гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Хуучин хурал гэдэг маань өнгөрч буй жилийн таван өдрийг оролцуулдаг. Тэр нь тухайн жилийг сайн сайхан байлгах, ард түмнийхээ аж амьдралыг өөдөө дээшээ байлгахын тухайтад Ядам бурхад, номын сахиусанд даатгаж хурдаг хурал маань таван өдрийнх байдаг. Ингээд шинийн нэгнээс 15-ны өдрийг хүртэл бурхан багшийн их дүйчин болж, нийтдээ 20 өдрийн их хурал ном маань яг ёсоороо явна.
“Цагаан сараар бэлэг дэмбэрэлээ бодож ёслоод гэр гэртээ өнгөрүүлэхэд юу нь болохгүй байхав дээ”
-Хэдийгээр хөл хориотой байгаа ч гэсэн техник технологийн боломжийг эрэлхийлж, цахим хэлбэрээр ард түмэндээ хүрч байгаа нь сайшаалтай хэрэг шүү. Цар тахлын үед төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Тийм ээ. Корона гэдэг бол бидний үйлийн үр гэдгийг л ойлгох хэрэгтэй болж. “Ямар ард түмэн байна, тийм Их хурал байна” гэж ярьдаг шиг “Ямар ард түмэн байна, коронагаас хамгаалах ажлын үр дүн нь тийм л байна” гэж. Өөрөөр хэлбэл, цар тахлын цаана “Бидний” гэсэн онцлог явагдаад байна. Миний бодлоор өнгөрсөн хугацаанд төр засаг маань энэ айхтар тахлаас маш сайн сэргийлж ажилласан гэж боддог. Хятад оронд анх вирус их дэлгэрч байхад манай улс тухайн үед хилээ хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд 10 сар бид халдвар оруулаагүй тэссэн. Гэхдээ эндээ дасаад жаахан гэнэдэхэд л коронаг дотооддоо алдчихлаа. Урдаас гарсан зүйл дэлхийг тойрч яваад хойноос орж ирж байгаа юм. Энэ хооронд оношлогооны болон амьсгалын аппарат, амны хаалт зэрэг зүйл дутаж гутах юмгүй сайхан хангагджээ гэж үзэж байна. Мөн монголчууд нүүдэлчин ард түмэн бүх юмаа өөрөө үйлдвэрлэдэг байсан. Энэ нь их хэрэг боллоо. Жаахан амны хаалтны гачигдал үүсэхэд хувийн үйлдвэрүүд гараараа оёж, төрөл бүрээр нь хийгээд ард түмэндээ зориулсан. Энэ бүхэн нь монголчууд ажил хөдөлмөрт ойрхон байгаагийн гэрч болсон гэж би үзэж байгаа. Бас ардын эмнэлгүүд маань эм тангаа үйлдвэрлэж, тэр чиглэлээр үйлчлүүлдэг олон түмэн дархлаагаа сэргээж байгаа тал ажиглагдсан. Харин одоо бид онцгой анхаарахгүй бол болохгүй. Шинээр олон голомт үүсчихлээ. Нэг хүний цаана долоон хүн халдварлагдах магадлалтай гэж байгаа. Долоог долоогоор үржүүлээд явна гээд бодохоор алга урвуулахын хооронд Монгол орныг тахал бүрхэх аюултай нөхцөл байдалд байна. Тиймээс нийт ард түмэндээ аминчлан хэлэхэд, бүгдээрээ энэ их хөл хөдөлгөөнтэй хийдэг цагаан сарын баяраа тус тусынхаа гэр орондоо бэлгэ дэмбэрэлээ бодож ёслоод өнгөрүүлэхэд яагаад болохгүй байхав дээ. Ер нь бол шинэ жил гарч байгаагийнхаа бэлгэдлийг л хийх нь чухал. Битүүн, шинийн нэгнээ гэртээ ёслоод тэмдэглэхэд л болно. Утас гэж нэг сайхан юм гарч дээ. Утас интернэтээрээ аав ээж, ахан дүүстэйгээ мэндчилээд амар мэндээ мэдэж болно. Ийм байхад бидэнд өөр гачаал алга шүү дээ.
-Биеийн өвчин сэтгэлээс үүдэлтэй гэж бурхны шашинд номлодог. Энэ утгаар аваад үзвэл бид “Ковид” хэмээх цар тахлыг “Сэтгэлийн дархлаа”-гаар даван туулах боломжтой мэт. Таны бодлоор бид энэ өвчнөөс яавал хурдан ангижрах боломжтой вэ?
-Сэтгэлээс их юм шалтгаалдаг. Яг энэ коронагийн үед бол сэтгэлээс их олон зүйл хамааралтай гэдэг нь харагдаж байна. Өөрийнхөө сэтгэлийг дархлах маш чухал. Жишээ нь, нэг зүйл ажиглагдлаа. Орчин үед ялангуяа залуучууд ажил төрөл хөөцөлдөөд гадуур их явдаг, хоол ундаа хүртэл цай цүүний газраар болгочихдог ийм хэвшил буй болжээ. Гэтэл хөл хорионы үед гэртээ туж суухдаа бухимдаад дархлаагаа сулруулах тал байгаа юм. Энэ үед бидний эцэг өвгөд гэртээ яаж зохицож амьдардаг байсан бэ гэдгийг бодоод нэг үзээрэй. Эртний монголчууд гэртээ л суудаг байсан. Алдагдсан адуу малдаа л жаахан холхон явна уу гэхээс бус гэрээсээ гардаггүй. Нэг ёсондоо гэртээ эвцэж амьдарч сурчихсан. Үр хүүхэд нь аав ээжийнхээ ажилд багаасаа тусалж, суралцаад мал хуйгаа харж, гэр орныхоо ажлыг хамтраад хийчихдэг. Тэр ч утгаараа гэр бүлийн зохицол гэдэг юм тухайн үед их сайхан байсан. Одоо харин гэр бүлээсээ холдсон байгаа тэр сэтгэлгээг энэ Коронагийн үед засаж залруулах боломжтой мэт. Өнгөрсөн болон өнөөдөртөө дүгнэлт хийж, ирээдүйгээ баттай зөв төлөвлө. Тухайлбал, өрх бүр эдийн засаг тал дээрээ маш сайн эргэцүүл. Хоёр, гурван сар гэртээ суугаад хоол хүнсгүй болж байгаа бол бод. Яагаад урьд нь хуримтлал үүсгэлгүй өдийг хүрэв. Олсон мөнгөө юунд ингэтлээ зарцуулаад байв. Даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд өвчин зовлон хүртэл ингэж хурдан тархаж ирдэг юм байна. Тийм учраас энэ бүхэнд бэлтгэлтэй байх, ирээдүйн амьдрал, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд шаардлагатай хангамж нөөцийг нь хэрхэн бэлдэх вэ гэх зэргээр олон зүйлийг эргэцүүл. Нэг ёсондоо хөл хорионы энэ үед гэр бүлийн амьдралд асар их нээлтийг хийж болох цаг хугацаа өнгөрч байна даа.
-Хэд хоногийн өмнө Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдлээ. Та үүн дээр санал бодлоо хэлнэ үү?
-Нөхөн олговрын тухай хуулийг УИХ-ын нэлээдгүй гишүүдийн санаачлагаар боловсруулсан байдаг юм. Энэ бол бидний олон жилийн турш хийж бүтээсэн ажлын үр дүн болсон хэрэг. Хуулийн гол утга учрыг маш сайн ойлгох хэрэгтэй дээ. Шашинтан бид зөвхөн өөрсдийг бодож байгаа ажил биш шүү дээ. Нийт монголчуудын ёс суртахуун хийгээд нийгмийн соён гэгээрэлд энэ хуулийн оруулах хувь нэмэр их юм даа. Нийтийн хөрөнгө иргэд нийтдээ эргээд хүрнэ, зарцуулагдана гэсэн үг. Хуулийг санаачлан боловсруулах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, гаднын улсын жишгээс их харж, дүгнэлт хийсний үндсэн дээр. Хоёрдугаарт, Монголын хэлмэгдэж устгагдсан бурхны шашинд нөхөн олговор гэдэг ямар ач тустай болоод олговрыг одоо олгох цаг нь болсон гэж үзсэний үндсэн дээр. Гуравдугаарт, бурхны шашны хөгжин цэцэглэлт ард түмний ахуй соёл, ёс суртахууны хөгжил дэвшилд ямар их үр өгөөжөө өгөх юм бэ, Монгол Улсад ямар ашигтай вэ гэсэн шалтгаан нөхцлийг нарийн тооцож үзсэн байдаг.
-Хуультай холбогдуулж олон нийтийн дунд нэлээдгүй маргаан үүссэн. Та ямар тайлбар өгөх вэ?
-Түрүүн дурдсан даа. Хуулийн гол утга учгыг ухаж ойлгох хэрэгтэй гэж. Би АНУ-ын нэг эрдэмтэнтэй ярьж байгаад “Танай улсын төр засгаас шашнаа ихэд дэмждэг байна, ямар учраас ингэж дэмждэг юм...” гэж асуусан. Гэтэл тэр эрдэмтэн “Энэ чинь америкийн ард түмний ихэнх нь шүтдэг шашин. Хэрвээ сүм хийд нь эдийн засаг муу, сургалт хүмүүжил муутай, очих орчин нь тааруу, пастер нь буруу зөрүү ажил хийгээд ирэх юм бол америкийн ард түмэн л хохирно. Тийм учраас ард иргэдээ бодох үүднээс сүм хийдээ харж үздэг” хэмээн хариулж билээ. Тэгэхээр энэ бол гарцаагүй бидэнд ч байх ёстой ажил гэж боддог. Ард олныхоо шүтдэг шашнаа онцгой анхаарч ирсэн ардчилсан улс орнууд шашнаа устгаагүй, ямар нэгэн хэмжээнд төртэйгээ хослуулж авч явсан улс орны үлгэр дууриалыг харах хэрэгтэй. Жишээ нь Англи, АНУ, Франц, Герман мэтийн орнууд шашин шүтлэгийг ямаршуу янзтай авч явсан бэ гэдэг дээр онцгой анхаарал тавьж, төр нь шашнаа дэмжихийн ач холбогдол, шашин нь төрөө дээдлэхийн нэмэр тусыг сийрүүлж бодох нь чухал. Тиймээс ч 1992 онд Шинэ Үндсэн хуулиа батлахдаа шашны эрх, эрх чөлөөг дахин сэргээж өгсөн юм шүү дээ. Анхны депутат 428 хүн байлаа. Улс орныхоо оюун санааны манлайд явж байсан тэд бүгдээрээ энд оролцож, сэтгэл нийлж баталж байсан юмсан. “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн Үндсэн хуулинд тэмдэглэгдсэн энэ үг бол ухаант буурлуудаас минь дамжиж ирсэн сургааль юм даа. Ухаандаа Бурханы шашин олон зуун жилийн турш монголчуудын ёс заншил, аж амьдралд шингэсэн, ёс суртахууны суурь болж ирсэнийг харгалзан үзээд шашнаа хүндэтгэж явна гэсэн утга санааг Үндсэн хуулиндаа суулгаж өгч дээ. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулинд дэлхийн бүх шашныг хүндэтгэнэ гэсэн заалт байхгүй юм. Тиймээс ч 1994 онд “Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг” баталсан байдаг. Ерөөсөө шашин төр тусгаар гэсэн ойлголт Монголд огт байхгүй. Яагаад гэвэл, төрийн Ерөнхийлөгчөөс эхлээд ердийн бидэнд хүртэл шашин шүтэх эрх чөлөөг нь нээж өгсөн учраас төр сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулж өгсөн. Энэ үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шашныг иргэд чөлөөтэй шүтэж бишрэх эрхийг нээсэн. Үүний хажуугаар өнгөрсөн 70 жил алдагдаж, нэг ч дугангүй, нэг ч сүмгүй, шашны хэрэглэгдэхүүнгүй болсон бурхны шашинтай байсан социалист орнууд энэ нөхөн олговрыг 1990-ээд оны эхээр олгоод эхэлсэн байдаг. Жишээ нь Орос, Хятад, Польш, Чех тэргүүтэй олон орныг нэрлэж болно доо. Эдгээр улс оронд төр засгаас нь нөхөн олговор олгож, сүм дуганыг нь буцааж өгч, шашны хэрэглэгдэхүүнийг нь эргэн олгож, үлдэж хоцорсон ном судрыг нь хүлээлгэн өгсөн байдаг. Зарим улс оронд шашнаа сэргээн мандуулах хуулийг хүртэл баталсан байдаг. Германаар жишээ авахад тус улсын Үндсэн хуулинд “Сүм хийд бол Герман улсын түүх соёлыг хадгалж байдаг” гэсэн утгатай заалтыг оруулж, улмаар төрийн бодлогын түвшинд сүм дуганаа анхаарсан гэдэг.
“Өдгөө бидэнд нөхөн олговор олговол шашнаа сэпхийтэл дээш нь татаад аваад явах бололцоо бүрдсэн”
-Коммунист тогтолцоо задран унах үед олон улс шашнаа сэргээх ажлыг хуульчилж, төрөөс дэмжиж иржээ. Тухайн үед манай улс бусдын жишгээр явж болоогүй юм уу?
-Энэ бүгдийг тухайн үед бид харж байсан. Гэхдээ улс орон маань ядуу, эдийн засаг нь бусдаас хараат энэ үеийг нь жаахан харзнах хэрэгтэй л гэсэн бодол сэтгэлтэй байсан. Гэхдээ тухайн үед хэлмэгдлийн ажил анх эхэлж, хэлмэгдсэн улсуудын ар гэрт сая төгрөг өгдөг. Зарим гачаалтай нэгэнд нь орон сууц өгөх хөдөлгөөн өрнөсөн. Хэлмэгдлийн газрын анхны дарга нарт би хэлж байсан. “Бурханы шашны нөхөн олговорыг та нар анхаарах хэрэгтэй. Нэг хүнд, тэрний хамаатан саданд гэж мөнгө өгч байсны оронд шашны өв уламжлал, сүм хийдэд нь өгөх хэрэгтэй. Хуучны ламбугай нар ихэнхи нь ганц бие байсан. Тиймээс сүм хийдэд нь өгвөл өөд болсон тэр хүмүүсийн сэтгэл санааг амраах юм болов уу” гэсэн санааг хүртэл хэлж байсан удаатай. Гэхдээ бид аль, аль талаа бодолцож, дундыг харж, хүлээцтэй хандаж өнөөдрийг хүрсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйлийн үр дүн харагдаж байна. Жишээ нь 1990-ээд онд шашиндаа анхаарч, нөхөн олговор өгсөн орнуудын нийгэм өнөөдөр хөгжсөн байна. Устгагдаж сүйтгэгдсэн сүм хийд нь амархан өнгөө засч, хурдан хугацаанд сэргээгдэж, шууд иргэддээ хүрч үйлчилж эхэлсэн. Үр дүнд нь тухайн улсын ард түмэн нь л хожсон. Яагаад гэвэл, шашин суртхууны зан үйлийг явуулах байшин савтай, илүү дутуу юманд санаа зовохгүйгээр шууд л ажлаа эхэлсэн. Харин бидний хувьд сүсэгтэн олноо цуглуулаад буян үйлээ хийх байшин сав дутмаг. Нөгөөтэйгүүр нэгэнт олон зуунд бүтээсэн бүхнээ алдсан шашин бол тийм амархан босч өгдөггүй юм байна. Боловсон хүчний хувьд ч тэр. Энд тэнд аймаг сумдаас цуглуулаад үсрээд л хоёр, гурван зуун хөгшин ламбугай нар байгаа биз дээ. Тэгээд л 13-аас доош насны хүүхдүүд лам болохоор суралцаж байлаа. Ийм байхад улсаас нөхөн олговор олгож сүм хийдээ босгоно гэдэг жаахан хэцүү байсан. Монголын бурханы шашны нөхцөл байдал 1990-ээд онд ийм л байлаа. Хятад, Орос шиг засаг нь сүм дуганаа өөрсдөө бариад хүлээлгэж өгөөд байсан бол өөр хэрэг. Манайх тэгэж чадах чадал нь байхгүй, сэтгэлгээ нь ч хүрэхгүй. Тийм учраас тухайн үед байдлыг ажиглах зам л бидэнд байсан. Харин одоо бол өөр. Тэр үед /1990 онд/ 14,15 настай байсан хүүхдүүд маань өнөөдөр 40 гарсан, эрийн цээнд хүрч, эрдэм номдоо боловсорсон эрдэм мэдлэгтэй лам нар болсон. Гадаад дотоодод суралцаж, боловсрол мэдлэг өндөртэй олон ламтай болсон. Өдгөө бидэнд нөхөн олговор олговол шашнаа сэпхийтэл дээш нь татаад аваад явах бололцоо бүрдсэн. Цаг нь иржээ. Мэдээж энэ нөхөн олговорыг засаг төрөөс олгож байгаа болохоор хяналттай, ганц Гандантэгчэнлин хийд дур мэдэн шийдэх бус, төрийн оролцоо болон ламбугай нар, хамба нарын зөвлөл тэргүүтнээр шийдэх боломжтой. Ингээд бид бодитой зүйл болгохын тулд төрийн институттай нягт уялдаа холбоотой ажиллах учиртай. Тухайлбал, аялал жуучлалын маршрут дээр ямар сүм хийд байгуулах вэ?. гэдгийг Байгаль орчин, аялал жуучлалын яамтай, ардын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж, буддын гүн ухааныг судлах тал дээр Боловсролын яам болон ЭМЯ-тай, хуучин дурсгалт зүйлээ яаж сэргээж босгох уу, хадгалж хамгаалах вэ? урлаж бүтээдэг мэргэжилтнүүдийг хэрхэн бэлдэх вэ?. гэдгээ Соёлын яамтай харилцан ярилцаж хамтран ажиллах цогц ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Мөн бурхны шашны хэрэглэгдэхүүнийг 1990 оноос хойш шувт Хятадаас зөөлөө. Тэгэхээр энэ бүхнийг дотооддоо яаж үйлдвэрлэх вэ гэдэг асуудал дээр ч худалдаа үйлдвэрлэл хариуцсан төрийн байгууллагатай уялдаж ажиллаж яагаад болохгүй гэж.
-Монголын сүм хийд боловсон хүчний хувьд чадавхжсан гэж ойлгож болох нь ээ?
-Боловсон хүчний хувьд өнөөдөр манай сүм хийдүүд сайжирч байгаа. Энэ үед нөхөн олговор ирвэл маш сайн байна. Дэндүү туйлдсан хойно дахиад босгох хэцүү. Гэхдээ шашин устаж гэдгийг зүгээр нэг коммунист ойлголтоор ойлгож болохгүй. Монголын ард түмний сэхээрэл болон уруудалтай энэ бүхэн маш холбоотой. Яагаад гэвэл, нэгэнт шүтлэг гэдэг бол зохиомол зүйл бус. Хүнээс заяагдмал зүйл юм. Хүй нэгдлийн үед ч шүтлэг байсан, бүх эрин үед л байсан. Коммунизмын үед хүртэл нууцаар номоо уншдаг байв. Хүний араншинд байдаг энэ сүсэг бишрэлийг албаар устгаж болохгүй. Сүм хийдийг сэргээж, сайн сайхан үйлчилгээтэй болгоод ирвэл Монголын ард түмэн л хожно. Шашнаар дамжуулж, ёс суртахууныхаа хүмүүжлийг авна, улмаар нийгмийн соён гэгээрэлд хөтөлнө. Наанадаж сүм хийд нь сайхан орчинтой болоод ирэхээр ирж үйлчлүүлж байгаа хүмүүс нь соёлтой боловсон болоод ирнэ. Соён гэгээрүүлэх бурханы шашин бол маш нарийн гүн ухаан, сэтгэл судлал шүү дээ. Ийм л учраас бурханы шашнаа Монголын хөгжил дэвшилд “нөхөр” болгож, хэрэглэх хэрэгтэй. Бүр ч унагачихгүй, хий дэмий үлбийлгэсэн дор сэпхийтэл босгоод ирвэл хэчнээн сайхан. Ийм л учраас нөхөн олговор хамгийн чухал.
-Та бүхнийг татвар төлдөггүй гээд л шүүмжлэх юмаа?
-Зарим улсууд Гандантэгчэнлин хийд, сүм хийдүүдийг татвар төлдөггүй гэж гүтгэх юм. Ардын хувьсгалын он жилүүдээс эхлээд лам нарыг их л хэлмэгдүүлсэн. Гэтэл энэ цагт лам нарыг татвар төлдөггүй гэж гүтгэж, хэлмэгдүүлж болохгүй дээ. Татварыг хамгийн хичээнгүй төлдөг, сар тутам тайлан, гаргаад аудит хийлгээд бусад бүх аж ахуй нэгжийн адил л татвараа төлөөд явдаг. Бүх төрлийн татварыг төлдөг. Сүсэгтэндээ үйлчилсэн хэдэн төгрөгөөрөө шашныхаа зан үйлийг хийдэг. Тэр нь хяналт шалгалтад байдаг. Улам боловсронгуй болгож, шилэн данстай болохыг ярьдаг. Үүнийг бол дэмжинэ ээ. Гэхдээ “Ганцхан Гандантэгчэнлин хийдийг л шилэн болго гэсэн мэдээлэл сонин, твиттер, фэйсбүүкээр яваад байгаа” гэсэн мэдээллийг би авсан. Тийм байдал бол байж болохгүй. Яагаад гэвэл, колонийн сэтгэхүй байж магад гэж би бодож байна. Юу гэхээр “Сэрэлт” зэрэг кинонууд дээр гардаг үзэл суртлаар “Энэ л идэж байгаа” гэсэн өнцгөөс хандаж болохгүй. Тийм учраас бүх шашныг шилэн болгох хэрэгтэй. Бүх шашныг шилэн болгоно гэсэн өдөр нь л бид бүх данс тооцоогоо шилэн болгоход бэлэн. Тайлан тооцоо бүх юм нь бэлэн байгаа Аливааг алагчлахгүй бүгдийг нь ижил түвшинд үзээд ийм шаардлага тавих юм бол бид дуртай яа зөвшөөрнө.
“Монгол орны итгэл аврал нь монголчууд бид л юм”
-Бурхны шашин 2500 гаруй жилийн тэртээ үүссэн гэдэг ч дотоод гүн үзэл, номлол нь орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилттай агаар нэг зүйлийг аль хэдийнэ номлочихсон байдаг нь гайхалтай. Жишээ нь шинжлэх ухаанчид бодисын хэмжээ бүр жижигрэх тусам Буддизмын хоосон чанарын онолтой дүйж байгааг онцлох болсон. Эндээс үзвэл буддизмын онол, бурхны шашны номлол нь мухар сүсэг бус маш нарийн шинжлэх ухаан болж таарах нь ээ. Та энэ тухайд юу гэж айлдах бол.
-Тийм ээ. Манай ламбугай нар энийг маш их ажиглаж явдаг. Манайд дэлгэрсэн шарын шашин буюу Гэлүгвагийн шашин номд шинжлэх ухаанчид онцгой анхаарал тавьж байгаа. Ялангуяа Далай ламын Энэтхэгт байдаг том, том хийдүүд энэ зүйлийг маш үр дүнтэй ажил хэрэг болгож байна. Жишээ нь, Өмнөд Энэтхэгийн зургаан том сургууль байдаг. Тэнд АНУ-ын Иморын их сургууль Кимбриджийн их сургууль, Аризонагийн тэргүүтэй Өрнөдийн олон томоохон сургуультай хамтарч, шинжлэх ухааны сургалт, туршилтуудыг явуулж эхэлсэн. Мөн дэлхийн нөлөө бүхий эрдэмтэд цугларч, жилдээ хоёр удаа “Шинжлэх ухаан ба буддын шашны шинжлэх ухаан” гэсэн сэдэвтэй хурлыг хийж, харилцан бие биедээ илтгэл тавьж, мэдлэгээ нэмж байна. Саяхан манай Монголын тав зургаан зуун хүүхэд байдаг Гоман дацан дотор арван том өрөө гаргасан байна билээ. Тэнд шинжлэх ухааны судалгаа хийх өрөө тасалгааг бэлдэж байна. Мөн АНУ-ын томоохон сургуулиудад лам нар явж суралцаж байна. Манай Ц.Бат-Итгэлт тэргүүтэй залуу лам нар маань Иморын их сургууль болон бусад сургуулиудад хоёр жил шинжлэх ухааны судалгаа хийгээд ирсэн. Бурханы шашныг Далай багш сүүлийн үед гурав ангилах болсон. Буддын шинжлэх ухаан, бурхны шашны үзэл онол, шашин гэсэн байдлаар хуваасан. Өдгөө буддын шашин хоёр зүйл дээр орчин үеийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж, судалгаа шинжилгээ хийгээд явж байна. Тодруулбал, тархи судлал, квантфизикийг маш нарийн судалж байна даа. Энэ хоёр дээр буддын шашинтай хэрхэн холбогдож буйг эрдэмтэд судалж байгаа. Дээрх бүгдээс аваад үзвэл бурханы шашин гүн ухаан талдаа үнэхээр шинжлэх ухаантай хөл нийлүүлж чадахаар шашин байна гэж тодорхойлж болно доо.
-Бурхан багш “Та өөрөө, өөрийнхөө итгэл аврал” гэж айлдсан байдаг. Хүн өөртөө амар амгаланг яаж буй болгох вэ. Тэрхүү оршихуйн мөн чанар, утга учрыг олохын тулд юу уншиж, яаж бясалгаж, хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?
-Бурханы шашны филисофи маш энгийн эгэл жирийн хэсгүүдээс л эхэлдэг юмаа. Хамгийн түрүүнд бие, хэл, сэтгэл гурвынхаа үйлдлийг шинжихээс эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл арван хар нүгэл, арван цагаан буяныг мэдэхээс эхлэх хэрэгтэй. Энэ ямар учиртай вэ гэхээр жаргалтай сайхан амьдрал хийгээд амгаланг үгүй хийдэг юм нь нүгэл юм. Жаргалтай сайхан зүйлийг буй болгодог зүйл нь буян юм. Үүнийг л тодорхой сайн ойлгох учиртай. Нүгэл гэдэг яагаад зовлонд унагадаг вэ гэхээр бие, хэл, сэтгэлээр бусдыг зодож нүдэж, гутааж доромжилж, алж хядахаас үүдсэн бүхэн муу үр дагаврыг авчирдаг. Муу үйлийг хийж, бусдын эрх чөлөөнд халдаж ирсэн энэ цагаас эхлээд хүн өөрөө, өөрийгөө хорлож байгаа гэсэн үг. Биеэр хийсэн нүгэл гэдэг бол хулгай хийх, авлига авах, бусдыг доромжлох зэрэг ийм зүйлүүдийн ар талд мунхаг, мэдэж сэхээрээгүй сэтгэл байдаг. Мэдээгүй мунхагийн үрээр хийснийгээ өөрийгөө жаргаж байна гэж боддог. Гэвч энэ нь өнийн жаргал болж чаддаггүй. Ерөөсөө алга эргүүлэхийн төдийд шорон, алга эргүүлэхийн төдийд өвчин, алга эргүүлэхийн төдийд нэр төр нь муудаж, үр удам нь хог дээр хаягддаг юм даа. Хэлний үйл гэж юу юм бэ. Хэлээр хийдэг буян, нүгэл гэж юу юм бэ. Хүнийг муу муухайгаар хэлээд явахад нөгөө хүнээс сайн сайхан зүйл хүлээх хэрэггүй болдог. Бие, сэтгэлийн үйлээр илрээд ирэхээр тэр хүнтэй сөргөлдөөд ирдэг. Тийм учраас жижиг гэлтгүй зүйлээс асар том филисофийг бодож судлах учиртай. Үйлийн үрийн талаар ойлгох хэрэгтэй. Хэрвээ үхлийг мартаж, мөнх юм шиг амьдрах юм бол ямар алдаа гарах юм бэ. Мөнх бусыг ухаарснаар цаг хугацаатай уралдаж сайн сайхан зүйлийг амьдралдаа бүтээх учиртай. Биеэ ойлгох хэрэгтэй болдог. Ойлгоод ирэхээр энэ сайхан биеийг олчихоод, хий дэмий үрэх хэрэггүй. Энэ бүгдийг бурханы шашинд маш олон шатлалаар үздэг дээ. “Бодь мөрийн зэрэг” судрыг яг номын дагуу үзэхэд л маш сайн ойлгох болно доо.
-Маш их баярлалаа. Бид бүхэн Богд Зонховын туурвил хийгээд бурханы шашны үзэл номлолыг уншиж судлахын ач тусыг ойлгож авлаа. Орчин цагийн монголчуудын гаргаж байгаа нийтлэг алдаа дутагдлын тухай та юу хэлэх вэ?
-Ер нь Монголын нийгэм 1990 оноос жаахан тийм дэвэрсэн маягтай болсон. Бодит байдлыг бодохгүй хөгжилтэй орнуудын амьдралыг хараад ийм болох юм шүү дээ гэж дуурайж эхэлсэн. Хээ хэлбэр, хувцас биений байдал зэрэг түмэн юмнуудыг дагасан. Энэ бүхэн нэг талаараа сайн боловч нөгөө талаар дотоод сэтгэхүйдээ үүнийг яаж ингэж бүтээв ээ гэдгийг бодоогүй. Хамгийн чухал нь “Үүнийг хэрхэн бүтээсэн бэ” гэж бодох юм бол хий дэмий хөөрөлтөөс бодит хөрсөн дээр бууж чадах байлаа. Бурхан багш “Чи өөрөө, өөрийнхөө итгэл аврал шүү” гэж айлдсан. Энэ утгаар аваад үзвэл Монгол орны итгэл аврал нь монголчууд бид л юм. Эх орныхоо тайван амгалан амьдралыг бүтээхийн тулд хөдөлмөрлөж, зүтгэх хэрэгтэй. Зүгээр гэртээ сууж байгаад засаг төрийнхөө хийсэн болгоныг шүүмжилчихээд байж болохгүй. Улс орон хөгжихөд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Түүний хажуугаар сэтгэлийн боловсролыг хөгжүүлж үр хүүхдээ хүмүүжүүлж, өөрсдийнхөө монгол уламжлалт амьдралд “сургах” ёстой. Энэ бүхэнд шашин их хэрэгтэй. Хүнийг хүн болгодог хоёр л зүйл байгаа. Нэг нь ажил хөдөлмөр. Нөгөө нь ёс суртахуун. Уламжлалт шашин энэ яриад байгаа ёс суртахууныг түгээж, ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй юм даа.
-Тэвчээрийг бид өөртөө яаж бий болгох вэ?
-Тэвчээр гэдэг бол гайхамшигтай эд. Хүний зоргоороо явж байгаа хууль бус, зүй бус, ёс суртахуунгүй тэр зүйлийг хааж өгдөг хамгийн чухал зүйл бол тэвчээр. Тэвчээр алдлаа л бол хулгай хийдэг, тэвчээр алдлаа бол айлын гэр бүл үймүүлдэг, тэвчээр алдлаа бол хүн хөнөөдөг гэдэг ч юмуу асар муу үйлдлүүд урган гардаг талтай. Энэ бүхнийг ухаж ойлгоод тэвчээрийн ухаанд суралцах хэрэгтэй.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 21 )
шашин ч бай хувь хүнч бай бусдаас буруу хайхаас илүү өөрөөсөө хай нөхцөл шалтгаанаас хай ажигал гэсэн байдаг Шашин улс төр хийж,хүсэл шунал тээж, нэр алдар хөөж газарын явдал албан тушаал хөөж байгаа юм шиг ойлгогдохоор байдаг ,ард олонд Буддагын шашины үнэн сургаалийг сайн түгээж ойлгуулж чадаагүй л харагддаг Энд үйлийн үр гэсэн ойлголт шашинд хамаагүй гэж үү Эцсийн эцэсд Христийн шашинт улс болход ойрхон байна шүү Та нар маань бэлэг тэмдэг төдий болоод үлдэх юм биш байгаа гэж санаа зовох л юм
Аугаа түүхийг бүтээсэн хүндээ. Монголын бурхны шашны хөгжилд үнэтэй хувь нэмэрморуулждээ та минь
Үнэхээр үнэн үнэн. Нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн чухал хүчин зүйл бол шашин
Уг нь зөв л яриж байна даа.
монголын сүйрэл доройтол гол үндэс төвдийн шашны 2 урсгалын тэмцэлд хамрагдаж хоорондоо алалцсанаас болсон энэ шашин монголд гай болсоноос гавьяа байгуулсан түүх байхгүй
Эрийн цээнд хүрсэн юм бол бидний өгсөн татварын мөнгөөр яах гээд байна.
Шашинд олговор олгож болохгүй.
ЭНЭ ХҮН НАС НЬ ӨНДӨР БОЛЛОО.НҮГЛИЙНХ НЬ ХҮҮДИЙ ДҮҮРЧ ТЭСЭРЛЭЭ.ЯАГААД ОДОО БОЛЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ!ЯМАР АЙМААР ТЭЧЬЯАЛ ШУНАЛ ВЭЭЭ.ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЯАГААД БАЙДАГ ЮМ БЭ
Шашин гэдэг бол өргөл барьц, хандиваараа санхүүжиж байсан нь дээр. Шашин төр хоёр аль болох зайтай байсан дээр. Татвар төлөгчдийн мөнгөөр Шарын шашныг санхүүжүүлэх нь үндсэн хууль, татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл. Жишээ нь би татвар төлөгч, шарын шашныг санхүүжүүлмээргүй байна. Хэрэв шарын шашныг монголын уламжлалт энэ тэр гэхээ боль. Би хөх тэнгэрээ шүтмээр байна.
Төвдөд үүссэн Монголыг 200 жил колончилсон Манж Да Чин улс, оюун санааны хувьд колончилсон Төвдийн Гэлүгба урсгал хоёр улс төрийн бодлогын хувьд дэр нэгтгэсэн хамгийн харанхуй, бурангуй Тангад ном цээжилсэн ард түмэндээ шашны бизнес хийдэг ийм чаралба болсон шашинд нийт ард түмэн хийсэн хөдөлмөрийнхөө үр шимээс жил бүр татвар төлнө гэдэг чинь юу гэсэн үг вэ хүмүүсээ. Энэ чинь ямар дундад зуун биш. Бид ямар хамжлагат ард биш. Нөгөө өглөгийн эзэн гээд бусдын төлөө буяны садан болдог, өл хоолоор өдрөө зогоож явдаг нүгэл хийхээс цээрэлдэг лам нар одоо болих хэрэгтэй байх аа.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Mongol suiruulj ulsig hujaajuujiij l sanaa ni ameah baihda
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
Хөөе. Шар хувалз гуай. Суурин болон нүүдлийн иргэншил бий болсноор хүмүүсийн тоо эрс өссөн.Энэ олон хүнийг эмх замбараатай болгохын тулд шашин үүссэн.Шашнаас шинжлэх ухаан үүсэж хөгжил дэвшилд хүрсэн. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, Дашням, Балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.
yamar ajil yariad bna. eriin tseend hursen hunii ajil yy