Элбэг дэлбэг, амар амгалан цаг айсуй

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 11

Жаран жарнаар довтолгосон цаг тооны эргүүлэгт үхэр жил хэдэн арван удаа тохиож, тэр хэрээр амар амгалан, хэрүүл тэмцэлгүй аж төрөн ирсэн гэдгийг он цагийн тоостой баринтаг сөхөхөд бэлхэнээ хэлж байна. Өнө эртнээс үхэр жилийг элбэг дэлбэг явахын билэгдэл хэмээн үздэг. Нөгөө талаар үхэр жилийг амар амгалан, нэгэн бодь галыг ч ерөөн билэгдэж иржээ. Цас нартай цагийн хүрдэнд намтар болон үлдэж байгаа хулгана жилд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн нь ч Монгол Улсыг тойрсонгүй. Үүнд тэгтлээ барьц алдаагүй ч нийгэм эдийн засгийн хувьд чамгүй гарз хохирол амссан нь ойлгомжтой. Тиймээс нэгэн оныг хугаслан хөл хорионд байсан монголчууд “Үхэр жил хурдан гараасай тал дүүрэн бэлчихсэн” хэмээн өвөр зуураа хэлцэх болов.

Дэлхий нийтийн хандлага, нийгэм, эдийн засгийн зүгээс судлаач шинжээчдийн хэлж байгаагаар үхэр жилд олон өөрчлөлт эерэг талдаа гарна гэжээ. Үүнээс харахад айсуй үхэр жил элбэг дэлбэг, өвчин зовлон илааршсан жил болох нь дамжиггүй. Ямартай ч хулгана жилд бүтээн байгуулалтын салбарт эхлүүлсэн олон төсөл хөтөлбөр байгааг энэ жил үргэлжлүүлэх “дэд” төлөвлөгөөг шинээр бүрэлдсэн Засгийн газар ч зурлаа, УИХ ч зурлаа. Энэ ажил урагшаа явж төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэсэн үг. Цар тахлын хувьд олон улс оронд вакцинжуулалт хийж, тэр нь чамгүй үр дүнтэй байгаа төдийгүй Монгол Улс ч вакцин оруулж ирэхээр зэхжээ. Тэгэхээр аюулт өвчин зайлж, монголчууд цагийн дөрвөн эргэлтэд дураараа ажиллаж хөдөлмөрлөх боломж нээгдэнэ гэсэн үг. Тэгээд ч төв Азийн өндөрлөгт орших монголчууд элдэв өвчин зовлонгоос ангид байж ирсэн түүхтэй.

Дэлхий дээр өнө эртнээс намтраа дэлгэх учиртай Их Монгол Улс түүхэндээ дандаа мандаж байсангүй. Унаж босож, уруудаж урваж явсан түүх нь бүлээнээрээ бий. Мартах аргагүй. Гэхдээ ямар ч цаг үед Монгол Улсынхаа гал голомтыг унтраагаагүй, өөрийнхөөрөө авч ирсэн ард түмэн гэдгийг хэнээр хэлүүлэх билээ. Азийн цээжинд гэрэлтсээр ирсэн монголчууд цар тахал бүү хэл зүйлийг давж ирсэн түмэн.

Уудам газар нутагт өсөж дэвжиж буй жижиг орны хувьд бүхий л зүйл улс төрөөс хамаарах нь элбэг. Тэгэхээр үхэр жилд тохиох нэгэн томоохон үйл явдал бол дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль юм. Энэ үйл явдал ч хулгана жилийн сүүлэн дээр л дуулиан цацаад эхэлсэн. Мөнхүү улс төрийн ууган хүчин МАН-ын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой гээд яах аргагүй томоохон үйл явдал үхэр жилийн зоон дээр болно. Энэ утгаараа улс төрийн амьдрал үхэр жилд халуухан өрнөж таарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төрийн байдал, улс төрийн ууган хүчний даргын сонгуулиас улбаалах хөдөлгөөн гээд юу эс өрнөх билээ. Монгол Улс өөрөө улс төрөөс хамаарах нийгэм эдийн засагтай орон гэж хэлэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Төрийн толгойд ямар нам гарна, түүний бодлогоор явдаг бичигдээгүй хуультай байв. Үүнээс үүдэж, нэг нам нь нөгөө намынхаа хийснийг үгүйсгэдэг, төсөл хөтөлбөрийг зогсоодог, ахиад шинээр эхлүүлдэг гээд сөрөг үзэгдэл Монгол Улсад сүүлийн гучаад жил гай болж ирсэн. Төрийн залгамж чанар алдагдсан. Ингэхээр айсуй МАН-ын даргын суудлын төлөөх тулаан, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ямар гарахаас шалтгаалан улс төрийн байдал зурагдана. Үүнээс улбаалан нийгэмд өрнөсөн бүтээн байгуулалтуудын хувь заяа ихээхэн шалтгаална гэж харж байгаа хүмүүс бий. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос нэрэх үйлдвэр, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам болон Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам, Төв цэвэрлэх байгууламж, Дархан-Уул аймагт баригдаж буй Хөнгөн үйлдвэрийн парк, “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк гээд олон зүйлийн хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг том асуудал үхэр жилд бий.

Үүнийг дагаж ард түмний амьдралд өөрчлөлтүүд гарна. Сүүлийн жилүүдэд улс төр, нийгэмд залгамж чанарыг үргэлжлүүлэх тухай ихээхэн ярьж байгаа нь сайшаалтай. Тэгэхээр  үхэр жилд дээр дурдсан бүтээн байгуулалтууд бэлэн болно гэсэн найдлага хаа хаанаа бий. Мал аж ахуйн орны хувьд бэлчээр ургац гээд байгаль эхийн араншин дагасан амьдрал гэж юу юунаас чухал, орхиж болохгүй зүйл бий. Харин “Цөөвөр” хэмээх үхэр жилд “Ган ихтэй, зарим газарт хур их болоод, тариаг бүрэлгэюү” хэмээн тэмдэглэсэн байна.

Үүнээс харахад үхэр жилд Монгол орны зарим газарт ган гачиг болж мал сүрэгт харшлах аж. Нөгөө талд “хур их болоод тариаг бүрэлгэюү” гэх мэт нь тариа ногооны бүс нутагт хохирол авчрах магадлалтай гэж байгаа ч байгаль эхээ ажиглаж ирсэн өвгөд “айсуй үхэр жил цаг сайхан байна” хэмээн хэлж байна. Монголчууд бид эрт дээр үеэс байгаль эхийн араншинд сөгдөж, цагийн аясыг даган нүүдэллэж ирсэн түмэн учраас энэ зэргийн асуудалд санаа зовох ч юу билээ. Ган гачиг зуд турьхан гээд цагийн ямар ч хатууг сөрж нүүдэллэдэг уугуул чанар нь үүнд сөхрөшгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 02 сарын 11

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

0  |  0
Top