Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаад салбар хуулиудыг өөрчилж байгаа. Энэ дагуу саяхан өндөрлөсөн намрын чуулганаар Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлийг хийсэн. Хамгийн товчоор тайлбарлахад энэ хуулийн өөрчлөлтүүд нь хууль шүүхийн удирдлагын томилгоог таруу болгох замаар бие даалгаж, засаг захиргааны нэгж нь нэг гарт төвлөрсөн нь дээр гэдэг зарчмыг барьсан шийдлүүд юм. Эдгээр хуулийг баталсны дараагаар Ерөнхийлөгч хориг тавьсан боловч УИХ хүлээж аваагүй. Чуулган ч завсарлаж, хуулиуд ч өөрчлөлт орсон тэр хэлбэрээрээ үлдээд байгаа. Харин саяхнаас Ерөнхийлөгчийн албан сайт эдгээр хуулийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв үү гэсэн санал асуулга явуулж эхэллээ.
Ерөнхийлөгчийн хуульд хориг тавьсан тайлбар хийгээд өдгөө санал асуулга явуулаад байгаа шалтгааны тайлбараас нь харахад 2020 оны сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй эрх мэдэл дахин атгасан эрх баригчдад өнөө айхтар хэл ам татуулаад байдаг “хонгил”-ыг атгууллаа гэсэн утгатай аж. Ерөнхийлөгчийн албан мэдээллийн сайтад байгаа санал асуулгын агуулга нь “Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг “хууль тогтоох (УИХ), гүйцэтгэх (Засгийн газар), шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн суурь зарчмыг бүрэн алдагдуулсан, шүүх эрх мэдлийг УИХ-аар дамжуулан улс төрийн нам, улс төрчдийн эрхшээл, нөлөөлөлд оруулах бодит эрсдэл дагуулсан гэж үзэж байгаа нь зөв үү”, “Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг 41,686 албан тушаалтан байгаагаас 41,651 нь Ерөнхий сайдын удирддаг Засгийн газар, түүний харьяа байгууллагууд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд байна. Иймд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ-аас томилбол тус байгууллага хараат бусаар ажиллаж чадах уу”, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий хууль болсон хэмээн үзэж байгаатай та санал нийлж байна уу” гэсэн үндсэн асуултуудтай. Хариултын цэс нь зөв, буруу, хэлж мэдэхгүй байна гэсэн гурван сонголттой.
Өнгөц харахад эрх баригч нам эрх мэдлийг өөртөө хурааж, нийгмийн үнэт зүйл, ардчиллын ололттой харшилж байна гэсэн өнгө аяс цухалзана. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн алдаж, оносон хугацаанд Ерөнхийлөгч ямар эрх ямба эдэлж байв гээд бодох юм бол хариулт нь ондоо л доо. Хуулийн өөрчлөлтөөс өмнө Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн хяналтын хорооны гишүүдийг санал болгож УИХ-аар батлуулдаг байсан. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор томилдог байв. Одоо бол сайн ч, муу ч ард түмний төлөөлөл болсон УИХ-ын 76 гишүүн нээлттэй шалгаруулах байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн талыг бүрдүүлдэг болж байна. АТГ-ын даргыг томилох асуудал Ерөнхий сайдад хамааралтай боллоо. Дээрх эрх мэдлүүд Ерөнхийлөгчид хадгалагдаж байх үеэс чухам “Шударга бусын хонгил” гэх яриа гарсан. Анх энэ хэллэгийг гаргаж ирсэн хүн нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг л даа. Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн удирдлага шүүгч нарыг дан ганц Ерөнхийлөгч томилдогоос үүдээд хэрэгт оруулахыг хүссэн аливаа хүнээ шууд “хонгил”-оор чирж шоронд суулгадаг гэсэн санаа юм.
Өдгөө шоронд хоригдоод байгаа “улс төрийн хоригдол” гэсэн нэр шошготой хэсэг улстөрчдийг ч энэ “хонгил”-оор орсон гэж үздэг хүн олон бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы танхимд “Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт хэн дуртай хүнээ ялладаг. Шүүгчдийг томилохдоо огноогүй огцрох өргөдөл бичүүлж авч барьцаалдаг явдал бий болсон” гэсэн утгатай үг хэлсэн. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцрохдоо “Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх ёстой” гэж байсан нь ч нэгийг өгүүлнэ шүү. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд нарын үг шүү дээ. Ойрхоны жишээ үнэмшил муутай гэвэл МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “оймсыг гозойлгосон” гэх асуудал ч тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржтой холбогдоод байдгийг бодох хэрэгтэй. Ийм болохоор өчнөөн жилийн турш улстөрчид, судлаачид “Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагад нөлөөлөх эрх мэдлийг сулруулаач” гэж орилсон юм. Түүний шийдлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийж өнөө жил салбар хуулийг өөрчилж баталгаажуулсан. Хууль, шүүхийн байгууллага нэг хүний томилгоогоор бус дотоод ардчилал хийгээд парламентаасаа томилогддог болсон нь дэвшил юм шүү дээ. АТГ-ын даргыг ч Ерөнхий сайдад шилжүүлсэн нь өнөө л эрх мэдлийг задалсан явдал. Тэгээд ч авлигатай тэмцэх нь Засгийн газрын тэргүүний үүрэг биш юм уу. Шүүгчдийг, прокурорыг томилох эрх Ерөнхийлөгчид байж л байна.
Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг тухайн орон нутгийн ИТХ-д санал болгож томилуулах эрхтэй болсон. Хуулийн байгууллагад улс төр орвол аймшигтай завхрал үүсдэгийн адил төрийн ажил дээртэй, доортой байхгүй бол урагшилдаггүйн зовлонг монголчууд мэддэг болсон. Аймгийн дарга нар харьяалсан газартаа “Ван” болж дураараа дургидгийг өөрөөр яаж хазаарлах юм бэ. Тэгж ярьвал нам, улс төрийн байдлаар талцаж орон нутгийн хөгжлөөр тоглодог байдлаар үргэлжилж болохгүй. Иргэндээ хүрэх ёстой анхан шатны төрийн ажил яв цав, яс тас байх ёстой. Энэ бол монголчуудын хүссэн өөрчлөлт болоод өнөөгийн нийгмийн ололт, үнэт зүйлтэй ч харшлахгүй, харин ч нийцэх зүйл мөн.
Өнөөдөр нэг сэтгэлгээний гажуудал гэхээр хатуудсан болчих хачин хам шинж нийгэмд байна. Зориуд үүсгэсэн хүмүүс нь ч харж л байгаа. Тэр бол ард түмний хайртай хүү хэнд, түүнд эрх мэдэл өгсөнгүй, эрх баригч нь эсвэл нэг бүлэглэл нь хамах гэж байна гэсэн хийрхэлийн давлагаа юм. Ер нь бол Ерөнхийлөгч Х.Баттулга ч нэгэн цагт улс төрөөс явна, У.Хүрэлсүх ч ялгаагүй. Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд энэ УИХ-д сууж байгаа хэнд ч үсрээд 10-аад жилийн идэвх л байгаа. Цаашдаа Монгол Улсын төрийн эрхэнд МАН ч, АН ч гарна. Бүр ХҮН ч гарахыг үгүйсгэх юм байхгүй. Харин юу үнэн бэ гэвэл Монгол Улс мөнх гэдэг нь үнэн. Энэ эх орны ирээдүй, хөгжил дэвшил, нийгмийн шударга ёсыг цагийн өнгөн дээр тодроод буух аль нэг, хэн нэгэн улстөрчийн улс төрийн амьдралыг нь уртасгахын тулд тоглуулаад байж болохгүй. Зарчмын зөв шийдлээ олсон бол урагшлах л ёстой. Өнөөдөр хувьд нь байсан “хонгил”-лоо алдсан Ерөнхийлөгчид эрх мэдлийг нь буцааж өгөх гээд шуураад байх хэрэггүй гэх гэсэн санаа. Сайн хүн биш сайн тогтолцоо ноёрхох ёстой.
Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж санал асуулга явуулах замаар эрх баригчдыг баахан зүхүүлэх гэж байгаа юм болов уу даа. Түүнээс биш Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч байтугай энгийн хэн ч мэдээлэл гаргах эрхтэй. Өөрөө ч санал асуулга дээрээ “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд Ерөнхийлөгч аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Цэцэд хүсэлт гарган хянуулж, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх эрхтэй байхаар хуульчилсан” тухай дурдсан байна лээ. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байдаг. Парламент нь Үндсэн хуульдаа нийцүүлж өөрчилсөн хуулиар Цэцэд хандлаа гээд ямар хариу гарах нь тодорхой биз дээ. Харин чухам яагаад энэ асуудлаар мэдээлэл гаргахдаа олон нийтээс асуугаад байгаагийн цаана ирэх зуны сонгууль хүртэл улстөржих гэсэн санаа л байгаа байх гэж цайруулж харж болох юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Ард түмэн сонгосон ерөнхийлөгч шүү Харин ч шударга офшорын эсрэг хийсэн яриа нь МАНАН г сандаргаж байна
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
МАН ын хонгил Eөкт ямар ч хамаагүй
Хүүкийн тарьсан балгийг иргэдэээс тас нуух гээд Оюукийн засаг мөн их сандарч байж болох бүх газарт бүлт бүлт үсэрч биднийг МАН угаас мал гэж боддог болохоор чихэндээр хулхи цэцэг ургуулдаг сурсан ажлаа мөнчиг гарамгөй хийж байна даа. МАНын баян тарган дарга нарын худал ярианд ядуус бид бялуурч бүр бөөлжис цутгах болтой. 100 жил гэсэн аймшгаа л ялаж бүү яриасай билээ. Эх орон 1тнүүдээ буудсан ард түмнээ гуйлгачин болгосон дарга ангийг бий болгож шулж мөлжсний 100 жил гэхээр аймаар ойшүү. МАНын дарга нарын язартлаа таргалсан баяжсаны 100 жил ядуу зүдүү түмэнд огтоос хамаа ч алгадаа. Бүл
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна