Шинэ засгийн төлөвлөгөө байндаа тусаж чадах уу

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Аргын тооллоор он солигдоод удаагүй байхад цулбуураа атгасан шинэ засаг билгийн тооллоор жил солигдохын өмнөхөн цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулав.

Нэг талаас цар тахал, нөгөө талаас бодит байдалд давхар нударга тулсан засаг халамжийн биш хэтийг харсан бодлого баримтлахаа олон нийтэд зарласан юм. "Эрүүл мэндээ хамгаалж байна" гээд бэмбийгээд суух бус эдийн засгаа сэргээгээд эрүүл мэндээ хамгаалахын чухлыг  цулбуур атгаад удаагүй шинэ засаг ойлгожээ. "Шинэ идэвхтэй амьдралын хэв маяг" гэсэн шинэхэн Ерөнхий сайдын томъёолол шууд утгаараа ч тэр, шилжсэн утгаараа ч тэр “хөдөлж” эхлэх цаг болсныг олон нийтэд дохиолов.

 

ЭРҮҮЛ МЭНД ҮҮ, ЭДИЙН ЗАСАГ УУ

 

Шинэ засаг үүнд "аль, аль нь" гэж хариулж байна. Ухаан орж байгаа хүүхдэд "чи ээждээ илүү хайртай юу, аавдаа илүү хайртай юу?" гэсэн “тэнэг” асуулт тавьдаг шиг коронавируст цар тахал дэгдэж эхэлсэн цагаас "Эрүүл мэнд үү, эдийн засаг уу" гэж асуусаар ирэв. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд нэмэгдэж байсан тэр цагт бид “эрүүл мэнд” гэж хариулж байсан ч олон сарын хугацаанд хаалгаа үдүүлээд эхлэхээр “эдийн засаг” нь юм байна аа гэж бухимдах болов. Чухамдаа энэ бухимдал засгийг хөмөрч орхисон түүхтэй. Аль нь чухлыгаа эргэцүүлж байх хооронд жижигхэн мөртлөө, гаднаас хараат, томоохон үйлдвэрлэлгүй манай эдийн засаг хангалттай хохирол амсчээ.

Цар тахлын өмнө 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг бүтэн зургаан хувиар унав. Тэртээ тэргүй "төсвийн сахилга батгүй, хамгийн алдагдалтай төсөв баталдаг" гэж гаднын олон байгууллагаар шүүмжлүүлж байсан Монгол Улсын төсвийн алдагдал 12 хувьд хүрэв. Өмнөх жил нь энэ тоо 2.1 хувь байсан юм шүү. Хаалгаа бариад, хөл хориод эдийн засгийн урсгалыг тасалдуулж орхисон тул арилжааны банкууд, бизнес эрхлэгчид дахин эрсдэлд орохоос зайлсхийж, улмаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд төгрөгт хүрчээ. Ажилгүйдлийн түвшин нэмэгддэг ч үгүй, буурдаг ч үгүй байсаар хоёр жилийн нүүрийг үзсэн Монгол Улсад цар тахлын хугацаанд 68.9 мянган ажлын байр үгүй болж, мөн тооны хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Хэрэв эдийн засгаа дэмжсэн, ажлын байраа хадгалсан ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол жилийн дараа энэ тоо 130 мянгад хүрнэ. Гэрийн гадна нэг чулуу хөдлөхөд л нөлөөлөл нь хүчтэй мэдрэгддэг манай улсад эдийн засгаа өсгөхөд чиглэсэн ямар нэгэн алхам хийхгүй бол асуудал улам хүндрэхийг гаднын ч тэр, дотоодын ч тэр олон мэргэжилтэн сануулж байна.

 

Засаг ингэж төлөвлөсөн

 

Шинэ засгийн зүгээс бизнесийг дэмжих замаар эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Ялангуяа тахлын үед хамгийн их хохирч байгаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчид. Тиймээс хоёр их наяд төгрөгийг зээлийн хүү хамгийн бага буюу жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудад нийлүүлэхээр болжээ. Мэдээж үүнийг босгоход мөнгө хэрэгтэй. Мөнгө босгох гол байгаа “Хармагтайн” орд гэж тооцоолж. Гэхдээ нэг их наядыг нь үүнээс босгоно. Харин үлдсэн нэг их наядыг нь Засгийн газар Монголбанкнаас 0 хувийн хүүтэй бонд худалдан авч, арилжааны банкуудад зээлийн баталгаа гаргах замаар босгох аж.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна гэж Засгийн газар тооцоолсон. Өөрөөр хэлбэл нэгэнт баталчихсан төсөвт зохицуулалт хийх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аж. Ажилгүй болсон иргэдийг цахимаар бүртгэж, вакумжуулсан сургалтад хамруулаад ажлын байрыг нь бэлдэх гэнэ. Орон сууцжуулах гурван их наядын төлөвлөгөөг ч мөн адил баталсан. Үүний тулд төрөөс газрыг үнэгүй олгоод, дэд бүтцийг бүрэн холбоод, ипотекийн зээлийг хүртээмжтэй байлгахаар болжээ. Нэг их наяд нь нэгдсэн зургаар орон сууц барих, газар олгох, цемент арматур төмөртэй холбоотой асуудал, дэд бүтцийг төрөөс хариуцах, орон сууцны орчмын сургууль, цэцэрлэг зэргийг төр байгуулахад зарцуулна. Засгийн газрын тавьж байгаа стандартыг хүлээн зөвшөөрч, барилгын м2-ыг буулгаж чадвал ипотекийн санхүүжилтэд бид хоёр их наядыг, 30 жилийн хугацаатай сар тутам 100 тэрбумыг олгоно. Арилжааны банкуудыг дэмжсэн хоёр их наядын репо санхүүжилт олгохоор мөн тооцоолжээ. Тэр дундаа томоохон бизнесүүдийн зээлийн хүү 16 хувь байсныг 10.5 хувь болгон бууруулахаар болж. Алс хэтдээ бодлогын хүүг бууруулна гэж тооцоолсон байна. Хөдөө аж ахуйг дэмжихэд 500 тэрбумын зээл олгоно. Үүнийг задалбал хаврын тариалалтын зээлд 100 тэрбум, ноолуур бэлтгэлийн зээлд 200 тэрбум, малчдыг дэмжих зээлд 200 тэрбум, өрхийн тариаланг дэмжих 10.5 мянган тонн хүнсний ногооны үр зэргийг олгохоор болжээ.

 

Боломж бий юу

 

Засгийн газар хөнгөлөлттэй бонд босгох, “Хармагтай” зэрэг стратегийн ач холбогдолтой төслүүдээ дэмжих замаар мөнгө босгоно гэж тооцоолсон. Өнөө хэр нь ярьдаг ч шийдэлд хүрч чадаагүй “Оюу Толгой”-гоос, “Хармагтай”-н бүлэг ордоос, баригдаж дуусахаа хүлээж буй нефть боловсруулах үйлдвэр, өөр бусад уул уурхайн төсвүүдээс энэ мөнгөө босгоно. Түүнээс гадна Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг хандивлагч байгууллагуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зээлээр энэ бүгдийг хэрэгжүүлнэ гэж тооцоолжээ. Гэвч бид одоо хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Он дуусахад 10 сар үлдсэн. Энэ арван сард гаргаад ирэх арван их наяд төгрөг Монгол Улсад байхгүй. Учир нь бид оны эцэст бондын өр төлбөрт 500 сая ам.доллар төлөх ёстой. Хэдийгээр гаднын зах зээлээс дахин бонд босгох замаар энэ асуудлаа шийдсэн ч Засгийн газрын төлөвлөгөөнд саад болох гол шалтгаан нь энэ.

“Мөнгөний нийлүүлэлтээ нэмэх хамгийн шаардлагатай үе ирж байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 70 хувьд гарч байсан. Түүнээс хойш хэвийн нийлүүлэлттэй үедээ 35-40 хувьтай байсан. Одоо энэ үзүүлэлт 15 хувьтай байна.Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд аваачих, ДНБ-ийнхээ хэвийн өсөлтийг хангахын тулд 5-7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлтийг эдийн засаг руу зайлшгүй хийх шаардлагатай байна. Ингэхдээ энэ мөнгийг эдийн засгийн зөв сувгаар оруулах хэрэгтэй буюу халамж, хэрэглээгээр оруулж болохгүй. Банкуудаар дамжуулж эдийн засаг руу оруулна” гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн үгэндээ онцолсон юм.

Энэ арван сардаа хамгийн хэрэгжих боломжтой төлөвлөгөө гэвэл хөдөө аж ахуй болон бизнесийн хөнгөлөлттэй зээл, түүнчлэн ажлын байр нэмэгдүүлэх төлөвлөгөө байна. Үүнийг бид нэгдүгээрт байгаа боломжиндоо тулгуурлан хийх боломжтой, цаг хугацааны хувьд хамгийн наана хэрэгжүүлж болохуйц нөхцөлтэй гэсэн үг. Цаашлаад гаднын хандивлагчдын хөнгөлөлттэй зээлийг яг байнд нь хүргэхэд Засгийн газар ч, Сангийн яам ч анхаарна гэдгээ мэдэгдээд байна.

 

ТЭД ИНГЭЖ ЗӨВЛӨСӨН

 

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан төсвийн сахилга бат сахихыг хамгийн ихээр зөвлөж байна. Ялангуяа эдийн засгаа сэргээе гэж үнэхээр зорьж, хүсэж байгаа бол алив сонгуулийн цикльтэй холбоотойгоор төсвийн зардлаа нэмэх, төсөвт дарамт өгөхгүй байхыг анхааруулжээ.

"Монгол Улс цаашдаа богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлааг бэхжүүлэх рүү анхаарах нь зүйтэй” гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлсэн юм. Вакцинжуулалт болон цар тахлын эсрэг хэрэгжүүлэх бодлого тодорхойгүй байгаа учраас Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 4.3 хувиар өснө гэж таамаглажээ. Бусад шинжээчид Засгийн газрын дээрх төлөвлөгөөнд олзуурхууштай хандаж байгаа ч эдийн засгийн системийн реформ хийхгүйгээр энэ бүхэн байндаа онож тусахгүйг анхааруулсаар байна. Бид алс хэтдээ реформ хийх бодолтой байгаа. Бодолтой байгаа гэдгийг  Л.Оюун-Эрдэнийн авторлосон гэж хэлж болох “Алсын хараа-2050”-д эдийн засгийн тухай бүлэгт тусгагдсан үг, өгүүлбэрээс олж харсан хэрэг. Гэхдээ яг одоо бид ойрын зайнд гүйх ёстой.

Ойрын зайнд хурд чухал. Бодлогын маневр хийх, цаг үетэйгээ уялдуулах, зарим бодлогоо илүү төгөлдөр болгохыг хэлээд байна. Болохгүй ч гэсэн болгоно гээд зүтгэвэл эдийн засгийг дэмжих бус илүү дарамт болох магадлалтай. Ямартаа ч бид эрүүл мэндээ хамгаалах нь чухал ч, эдийн засаг чухал гэдгээ ойлгочихлоо, халамжилсан бодлого хэрэггүй гэдгээ мэдчихлээ, ойрын зайн бариагаа олоод харчихлаа. Дараалсан өр төлбөрүүд хүлээж байгаа энэ цагт цар тахлаас болоод бүдэрч унахгүй байх нь шинэ засгийн зорилго.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мтоү(202.126.89.241) 2021 оны 02 сарын 18

Төлөвлөгөө бодлого чинь буруу байнаа.10 их наяд гэдэг 3 хан тэрбум доллар.Үүнийг 10 хуваагаад цацчихаар юу ч болохгүй.Даллар инфляц өсөөд үр дүнд нь ард түмэн улам ядуурна даа.Харин том төслүүдээ хөдөлгөөд IPO хийж 30 тэрбум доллар босгоод дараа нь ард түмнээ өөд татах байсан юм.Малнууд юмаа

0  |  0
Схо(202.126.89.241) 2021 оны 02 сарын 18

Энэ төлөвлөгөө явахгүй дээ.Буруу төлөвлөгөө.Эхлээд зөвхөн том төслүүдээ хөдөлгөөд дараа нь ждү хувиин хэвшилээ дэмжих байсан юм.ятөр эхлээд хуримтлалтай болох байсан юмдаа.Малнууд юмаа

0  |  0
Зочин(103.57.95.222) 2021 оны 02 сарын 16

Байгын оносон гай байгаль эх

0  |  0
Хам гал(103.212.116.207) 2021 оны 02 сарын 16

Оюуэрдэнэ ажил хийх гээд л байх шиг байна. Жавхлан зангарагтай боломжийн боловсрол мэдлэгтэй залуу байна. Женко гэж үхээр ажил хиылгэхгүй том төслүүдээ өг гэж сайд нарыг шахаад ажил хийлгэхгүй хэцүү байгаа бололтой. Миеэ рүү томордог шигээ одоо л наадах руугаа томрооч .

0  |  0
Top