Хөл хорионы үеэр ажиллах эрхтэй нэр бүхий байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажилдаа явах замд нь PCR шинжилгээний хариу нэхэж байв. ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга С.Жавхланбаатар “Нийт 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй бөгөөд замын хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана” гэж мэдэгдсэн.
Энэ ч зарчмыг баримталж ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Мөн энэ сарын 16-ны өдрөөс зарим бөөний төвүүд нээгдэж, дараа нь зах худалдааны төвүүд шат дараалан нээх болсонтой холбоотойгоор шинжилгээ өгөх хүмүүс эрс нэмэгджээ. Eruul.gerege.mn цахим хаяг руу орж цаг захиалах гэтэл “Шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдөх болсонтой холбоотойгоор цаг захиалгыг түр хугацаагаар зогсоогоод байна” гэсэн хариу өгөв. Өчигдөр 50 дугаар сургуулийн шинжилгээний цэгт уртаас урт дараалал үүссэн байв. Тус цэгт 13:00-14:00 цагийн хооронд ариутгал хийнэ гээд цаг хаалгаа барьсан учир дараалалд зогсож буй иргэд бухимдаж эхлэв. Ариутгал цэвэрлэгээний цагийг дуустал иргэд нэг цаг гадаа хүлээлээ. Үндсэндээ нэг цаг 30 минут гадаа хүлээж байж дотогш нэвтэрлээ.
Иргэний үнэмлэхгүй иргэдийн регистрийн дугаарыг асууж, утасны дугаар, гэрийн хаягийг нь тулгаж байв. Өмнө нь өгсөн шинжилгээний сорьц авах бамбар нарийхан, уян байсан учир өвтгөх нь бага байсан бол энэ удаагийнх арай бүдүүн голтой байх шиг санагдсан. Хамраас ч цус гартал өвтгөөд авав. Хариу нь 24 цагийн дотор гарна гэлээ. Гадаа хасах 20 хэмийн хүйтэнд удаан зогсож даарч бээрсэн иргэд халуунаа хэмжүүлж, хуурай сальфеткаар хамраа цэвэрлэж аваад мөнөөх сорьц авах бамбарыг хамар луугаа хийлгэнэ дээ. Зарим нь ингэж удаан хүлээж, даарахаа мэдсэн бол гэрийнхээ үүдэнд “нуман тулгуур”-т ордог байж гэж хошигноно. Хөл хорионы хугацаанд халдварын голомт ихтэй дүүргүүдээс эхлэн шинжилгээ авч Улаанбаатар хотын иргэдийг бүрэн “самнаж” дуусгах зорилготой ажиллаж байгаа билээ. Хотын дарга “Нийслэлийн хэмжээнд бүрэн “самнаж” дуусгасны дараа вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ” гэж мэдэгдсэн. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг энэ сарын 14-16-ны өдрүүдэд шинжилгээнд хамруулах юм. Шинжилгээг 10 суурин цэг, 50 явуулын баг авч байгаа учир иргэдийн төвлөрөл бага байна гэж үзэж байгаа ажээ.
Тус дүүргийн 54261 өрх шинжилгээнд хамрагдах учиртай. Өчигдрийн 11 цагийн байдлаар лабораториудад 33.219 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 32 тохиолдол илэрсэн билээ. Үүний зургаа нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд массын дундаас илэрсэн юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд тус арга хэмжээний үеэр нийтдээ 17 хүнээс халдвар илэрсэн гэсэн үг. Бидний дунд халдвартай гэдгээ ч мэдэхгүй хүн байгаа нь энэхүү шинжилгээгээр батлагдаж байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1871 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулиас 14 тохиолдол бүртгэгдээд байгаа бол "Монгол шир" ХК-ийн халдварын тохиолдлын тоо 133 болсон. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын халдварын голомт хяналтад орж эхэлсэн сайн мэдээтэй. Энэ мэтчилэн голомтуудыг хумьж авахын төлөө хаа хаанаа хичээн ажиллаж байна.
“Нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээ нь үр дүнгээ өгч халдварыг бүрэн хяналтандаа авч, хумьж чадвал төлөвлөгөө ёсоор ирэх сарын 1-ний өдрөөс сургуулийн үйл ажиллагаа эхлэх боломжтой болох юм. Шинжилгээнд нэг өрхөөс 18-аас дээш насны иргэн хамрагдах бөгөөд тухайн иргэн нь гадуур их явдаг, олон нийттэй их харилцдаг хүн байх учиртай. Бас бохь зажилж болохгүй, шүдээ угаагүй байх, архи дарс, уух идэх юм хэрэглээгүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. Гэртээ гэнэ сэрэггүй цайлаад сууж байтал хаалга тогшвол би сая цай ундаа уучихсан учир шинжилгээ өгч болохгүй гэх арга байхгүй тул энэ шаардлага нь нэг л амьдралд нийцтэй биш санагдана. Тус арга хэмжээ нь цаашлаад энэ сарын 17-нд Баянгол дүүргийн 30676 өрх, 18-нд Хан-Уул дүүргийн 32800 өрх, 19-нд Чингэлтэй дүүргийн 23765 өрх, 20-нд Сүхбаатар дүүргийн 22861 өрх, 21-нд Баянзүрх дүүргийн 69264 өрх, 17-19 нд Багахангай дүүргийн 945 өрх, 17-19 нд Багануур дүүрэг-6893 өрхийг хамруулах хуваарьтай юм. Шинийн гурван хүртэл гэртээ шинэлсэн иргэд хөдөлгөөнд орж гарч, орох нь нэмэгдэж буй нь замын хөдөлгөөнд оролцож буй машин тэрэг, гудамж талбайгаар алхаж буй иргэд зэргээс харж болохоор байлаа. Уулзвар бүр дээр таарсан цагдаа нар биеийн байцаалт шалгаж, хаанаас хаа хүрч байгааг тодруулж, шинжилгээний бичиг нэн түрүүнд асууж байв. Өчигдрөөс нийтийн тээврийн 180 автобус 21 чиглэлд иргэдэд үйлчилж эхэлсэн. ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан “Нийтийн тээврээр ахмад настай хүмүүс зорчих гэж их оролдож байна. PCR шинжилгээ өгсөн л бол нийтийн тээврээр зорчино гэж ойлгож болохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын хугацаа дуусах хүртэлх долоо хоногийн хугацаанд хаа хаанаа зохион байгуулалттай, тэсвэр, тэвчээртэй байх хэрэгтэй байна” гэж сануулав. Нийслэлчүүд хоёр дахь удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Олон дахин ийм байдалд орвол хүмүүсийн ажил алба хэцүүдэж, бизнес дампуурах дээрээ тулна. Тиймээс дахин ийм байдалд орохгүйн тулд хөгшин залуугүй ухамсарлах нь чухал байна. Юутай ч өөрт ойр шинжилгээний цэгт шинжилгээгээ сайн дураар өгөх нь хамгийн эхний алхам бөгөөд хөл хорио тавигдтал дэглэмээ сахих нь хүн бүрийн үүрэг болжээ. Цар тахлыг намжаахын тулд ажиллаж буй мянга мянган эмч, алба хаагчид, эм хамгаалалтын хэрэгсэл гээд улсаас маш их төсөв хөрөнгө зарж байгаа. Тиймээс энэ өдрүүд биднийг хэр эх оронч вэ гэдгийг шалгах шалгуур болж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )