Улс орнууд харилцан адилгүй замаар хөгжлийн замаа туулжээ. Чухам хэн засаг барих, аль замаар замнахаас шалтгаалаад хөгжлийн хурд харилцан адилгүй байдаг аж. Америк мэтийн улсууд алгуур боловч жигд хурдаар хөгжсөөр дэлхийн өнгийг тодорхойлж байгаа бол бүр зарим нь буруу замаар замнаж байгаад бодлогын эрс шинэчлэл хийгээд арав хүрэхгүй жилийн дотор хөгжлөө тодорхойлдог байна. Бүр зарим нь асар их чадамжтай ч хөгжиж чадахгүй нэг байрандаа эргэцсээр байх аж. Өдгөө хөгжих, эс хөгжихөө хүлээж буй улсууд хар тивд, цаашлаад коммунист хүрмээ тайлж хаяад шинээр алхаж буй улс орнуудад түлхүү байна. Тэдний тоонд монголчууд бид багтана. Дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж, байгалийн асар баялагтай гэдгээрээ алдаршиж байсан Монгол Улс яг л 30 жилийн өмнөх хэрүүл, уриа, лоозонгоо нэг жалгандаа ярьсан хэвээр. Уул уурхайгаа тойрсон эдийн засагтай, түүнийгээ дагаж эргэсэн улс төртэй Монгол Улс хөгжих, эс хөгжихөө хүлээж ардын хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгох гэж байна. Хувь заяаны тохиолоор “Азийн хүлэг улс”, “Алсын хараа-2050” хөгжлийн төлөвлөгөө ярьж гарч ирсэн улстөрч өдгөө улсын жолоог атгаад буй. Өдгөө бид хөгжих, эс хөгжихөө хүлээж байх хооронд хөгжлийнхөө зөв замд орсон улсуудыг манай сонин цувралаар та бүхэнд танилцуулж байна. Энэ удаад бид Африк тивийн өмнөд хэсэгт орших Ботсвана улсын хөгжлийн нууцаас уншигч танд хуваалцах болно.
Тоосонд хоцорсон Ботсвана
Түүхийн хуудаснаас харвал яг ч Ботсвана бас биш юм аа. Учир юу хэмээвээс 1960-аад оны дунд үе хүртэл Бечаулэнд нэртэйгээр Британийн колони байсан л улс. Калахаригийн цөлд орших энэ улсад хүн амын олонх нь Цвана гэх үндэстэн. Хүн амын хувьд цөөхөн учраас Британийн цэргүүд бараг буун дуу гаргалгүйгээр Ботсваныг эзлэн авсан. Үндсэндээ 80 гаруй жил колоничилж байгаад 1966 онд тусгаар тогтножээ. Цваначуудын арга ухаанаар хохирол багатайгаар эрх чөлөөгөө тэд олж авсан. Ингэснээр тэд Калахаригийн цөлдөө өөрийн толгой мэдэлтэй улсаа цогцлоох болсон юм. Барууныхан тэр цаг үед тоосондоо дарагдан үлдсэн энэ үндэстэн африк тивийн ихэнх улсын замналаар замнана гэж харж байсан. Тэд тусгаар тогтнохдоо Британичуудын үлдээсэн сайн жишгийг үлдээхийг зорьжээ. Ялангуяа улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн системдээ гар хүрэхийг төвдсөнгүй. Түүнийхээ оронд тэдний системийг өөрсдийн онцлогтой сүлэн өөрийн гэсэн өвөрмөц системийг бий болгожээ. Очир эрдэнийн арвин нөөцтэй энэ улс гаднын хөрөнгө оруулалтыг дэмжин улмаар Голланд, Дани, Норвеги зэрэг улстай хамтарсан компани байгуулахаар болжээ. Очир эрдэнээс гадна, зэс, никел, төмрийн хүдэр, нүүрсээр арвин баялаг орон. Тэд гаднын хөрөнгө оруулалтыг дэмжин, хүчтэй арбитрын тогтолцоотойгоор хөрөнгө оруулалтыг татахаар шийджээ. Нэг ёсондоо хөрөнгө оруулах гаднын хэн бүхэнд нээлттэй, гэхдээ манай хяналтад байх ёстой гэх зарчим баримталжээ. Уул уурхайн салбарыг эдийн засаг, уул уурхай, менежментээр гаднын боловсрол эзэмшсэн улс төрийн аль нэг намд харьяалагддаггүй хүмүүсээр хянуулж байгаа нь хэрэгжүүлэхүйц сайн жишиг юм. Тэд өөрсдийн уламжлалт мал аж ахуйн тогтолцоотой байсан. Байсан ч гэж Британийн колонийн үед тэд уламжлалаа хадгалж үлдэж чаджээ. Тусгаар тогтносныхоо дараа уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж Британийн хэд, хэдэн компанитай хамтран үхрийн мах боловсруулах үйлдвэр барьжээ. Ямааны сүү, сонгино, тарвас, ерөөс сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ Африк тивдээ алдартай. Тэд хөдөө аж ахуйн копманиуд, фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, гадагш нийлүүлж буй компаниудыг татвараас хөнгөлөх, татаас олгох замаар дэмжжээ. Ботсваныг аялал жуулчлалгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс тэд аялал жуулчлалдаа улсын төсвийнхөө 10-аас дээш хувийг зарцуулдаг байна. Төрөөс аялал жуулчлалын яам нь бодлого боловсруулах боловч ачааны хүндийг Ботсванын аялал жуулчлалын холбоо хариуцдаг. Тэд 10, 10-н жилээр бодлого боловсруулж Засгийн газраас боловсруулсан 30 жилийн зорилттой нэгтгэдэг байна. Өдгөө энэ улс жилдээ хүн амынхаа тоотой тэнцэх хэмжээний жуулчин хүлээн авдаг аж. Сануулахад Ботсвана улсын хүн ам 2018 оны тооллогоор 2.25 сая хүн амтай гэж гарчээ.
Тэд яаж хөгжив
Ботсвана улс тусгаар тогтнохдоо гурван үндсэн зарчим баримталжээ. Эрх тэгш, алагчлалгүй, нээлттэй гэх бодлогоор улсаа тодорхойлсон байна. Улс орноо нээлттэй ардчилсан улс болгох зорилгоор парламентын засаглалыг тэд сонгосон. Хэн нэгэн этгээд гарч ирээд дарангуйллын зам сонгох боломжийг үндсэн хуулиараа хаасан. Үндэсний хөгжлийн төлөвлөгөөг Ботсвана улс 1996 оноос боловсруулж эхэлжэ. Улмаар 20, 20-н жилээр хөгжлөө тодорхойлдог байна. Батлагдсанаас хойш жил бүр тухайн жилийн үр дүн, алдаа, оноо зэргийг хэлэлцээж улам боловсронгуй болгох замаар засаж сайжруулсаар байдаг.
Тус улсын Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг давхар эдэлнэ. Нэг ёсондоо засагаа тэр толгойлно гэсэн үг. Авлигыг халахын тулд бүх шатны төрийн байгууллагын тангараг болон ёс зүйн кодыг шинэчлэн боловсруулж, авлига болон албан тушаалын хэрэгт холбогдсон бол насаараа улс төрийн ажил албан тушаал эрхлэх, аливаа нэгэн намд гишүүнээр элсэх хориотой байдаг. Гаднын хөрөнгө оруулалтыг ямар нэгэн байдлаар хааж боосон шийдвэр гаргадаггүй. Улс төрийн сонгуульд хэн ялалт байгуулахаас үл хамааран улс орны боловсруулсан хөгжлийн хөтөлбөр нь өөрчлөгддөггүй байна. Нэг ёсондоо төрийн залгамж чанар сайтай гэж ойлгож болно. Төрийн хүнд сурталыг арилгах үүднээс бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг нэгдсэн холбоогоор дамжуулан удирдаж, бодлого боловсруулдаг. Уул уурхай болон эдийн засгийн аль ч салбарт төрийн оролцоо байдаггүй хяналт, шалгалт нь чанга. Төрөөс хувь нийлүүлсэн ганцхан салбар байдаг нь тус улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг очир эрдэнийн салбар. Төрөөс хагас жил тутамд хоёр удаа иргэддээ хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнадаг бөгөөд эс тайлагнасан хувь хүн, албан тушаалтан, аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцдог ажээ.
Ботсвана улс авлигын индексээр дэлхийд 34 дүгээрт бичигдэж байна. Энэ нь Испани, Польш, Итали улсаас дээгүүр гэсэн үг. Түнчлэн боолвсолын хүртээмжээрээ дэлхийд тэргүүлж байна. Төрөөс бүх шатны боловсрол үнэгүй гэж тодорхойлсон бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 29 хувийг боловсролын салбарт зарцуулдаг аж. Боловсролтой адил эрүүл мэндийн аль ч үйлчилгээ үнэгүй. Эрүүл мэндийн салбарын хүртээмжээрээ Францаас дээгүүрт ордог гэж Der Spiegel сэтгүүл онцолжээ. Алдарт “The Economist” сэтгүүлийн боловсруулсан ардчилалын индексээр 28-д жагсаж байгаа нь Франц, Бельги, Итали улсаас дээгүүрт орох үндэслэл юм. Тэтгэврийн систем нь нээлттэй бөгөөд тухайн хүний дансанд нийгмийн даатгалын шимтгэлээс хэдэн төгрөг хуримтлагдаж байгааг хянах бүрэн боломжтой. Тэтгэвэрт гарсны дараа бүх хуримтлалаа авах эсвэл хадгаламж хэлбэрээр байршуулах эсэхийг сонгуулдаг. Мөн гэр бүлийнхэндээ өвлүүлэн үлдээх боломжоор хангасан байдаг. Төрийн болон төрийн бус аль ч салбарт ажилладаг бай сар бүрийн цалингаас авдаг шимтгэлийг нээлттэй байршуулах бөгөөд аливаа нэгэн гомдлыг Хөдөлмөрийн маргааны үндэсний зөвлөл хүлээн авдаг аж.
Цаашид хэрхэн хөгжих бол
Өдгөө бидний яриад байгаа “цахим үндэстэн” болох санаачилгыг аль таван жилийн өмнөөс дэвшүүлжээ. Одоогоор төрийн болон төрийн бус байгууллагуудын 70 гаруй хувь нь цахим хэлбэрт шилжээд байна. Түүнчлэн газар олголт зэрэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, цаас шаарддаг алив ажлуудыг блокчейн дээр суурилсан системээр шийддэг болоход ойртож байгааг тус улсын ерөнхийлөгч мэдэгдээд удаагүй байна. Ботсвана улсын иргэний үнэмлэх нь тухайн хүний бүх мэдээллийг агуулах бөгөөд ямар нэгэн байгууллагын давхар үнэмлэх шаарддаггүй гэдгийг Der Spiegel сэтгүүл онцолжээ. 2030 он гэхэд төрийн шийдвэр гаргах түвшний 95 хувийг цахим хэлбэрт шилжүүлэх аж. Байгалийн баялаг болон импортынх орлогоос ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж буй бөгөөд Норвегийн баялгийн сан шиг систем бий болгожээ.
Өнгөрсөн жил дэлхийн томоохон хэвлэлүүдээр Ботсвана улсын хөгжлийн хөөс хагарч эхэллээ гэх утгатай мэдээлэл цацагджээ. Учир нь тус улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэж байгаатай холбоотой. Яг манай улстай адилаар төрийн тендер, аливаа сонгон шалгаруулалтад танил тал, хамаатан садан харах, авлига өгөх, авах байдал нэмэгдэж байгааг улс төрийн судалгааны “Freedom House” агентлаг тайландаа дурджээ. Түүнчлэн нээлттэй байсан энэ улс сүүлийн таван жилийн дотор 10 гаруй сэтгүүлчийг баривчлан 10 хүртэлх жилийн ял оноогоод байна. Тус улсад засаглалын ямар систем сонгох талаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулна гэж байсан ч одоогоор эцсийн хугацаа тодорхойгүй байна.
* * *
Бид Ботсвана улсыг шууд дуурайж болохгүй. Гэхдээ хэрэгжүүлэх олон сайн туршлага бий. Энэ бол үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтөө уялдаатай, хариуцсан эзэнтэй, залгамж чанартай байлгах явдал. Түүнчлэн тэтгэврийн системийг нь ч нарийн судалж өөрийн хөрсөн дээрээ буулгавал зохилтой. Ямартаа ч Ботсвана улс бодлого төлөвлөлтийг улс төрийн намуудын нийтлэг зорилгод бус улс үндэстний эрх ашигт нийцүүлдгээрээ биднээс тохой илүү аж. Тус улсын хөгжлийн нууц нь магадгүй боловсон хүчнээ системтэйгээр бэлдсэн ч оршиж байж болох юм. Тусгаар тогтносныхоо дараа Британи улстай боловсролын салбарт хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулж байсан нь одоогийн хөгжлийн нууц нь ч байж мэднэ. Биднийг МАН, АН, манай, танай гэж талцаж байх хооронд дэлхийн хамгийн хурдацтай бөгөөд тогтвортой өсөж буй Ботсвана улс хөгжлийнхөө дараагийн шатаанд шилжих гээд толгой өндөр, нуруу цэх зогсож байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Хүн хуурах гэж байгаа юм шиг ийм худал зүйл яах гэж ч бичдэг юм. Үүнд нь бас итгэдэг мэдлэг, мэдээлэлгүй масс байдаг л юм байхдаа. Байдаг бол харамсалтай.
Энэ янзаараа байгаад байвал арчаагүй монголчууд хохь нь болно доо хөөрхий. Асар их баялагтай мөртлөө асар их ядуу амьдарч байгаа нь монголчуудын тархины ядуурлаас болж байгаа.
Нотлож чадахгүй байж миеэ, сү, эби гэж дайсан тодруулаад хүн бүр нулимаж байдгаа болимоор юм аа, баримттай бас шүүхийн шийдвэртэй бол ч яахав, гэтэл шүүх нь бас нэг хүний захиалгаар ажиллаад хэлмэгдүүлээд байдаг, зовлонтой юм аа, энэ бүхний цаана ингэж нэрлэж нулимах ажлыг зохион байгуулж өөрөө ашиг хүртэж байгаа хэд гуравхан хүн л байна, тэр хүмүүс хамгийн их асуудалтай шүү, Жээнко тэргүүтэй хуулийн харшилтай, бас эрх мэдлийн комплекстой бас бус том нөхөд байна аа байна, эцэст нь цаг хугацаа л үнэнийг тодруулах байх.
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Бид нар өөрсдийгөө африкчуудаас илүү гэж бодож байсан чинь одоо хөгжлөөрөө тэднээс хоцорсон. Ямарсайндаа нөгөө муу Зимбабве хүртэл монголчууд шиг авилгажсан хүмүүс байхгүй гэж биднийг муугийн жишээ болгож байхав. Бидний улс орноо удирдах эрхийг намууд булаан авч, авилгалыг хөгжүүлж, улс орныг алж байна даа. Ард түмэнд очих ёстой орлогыг намын харъяаллаар шимэгчлэн иддэг Мие, Сү, Эби гэх мэт паразитууд нам дамжсан бүлэглэл байгуулж, шүүх цагдааг хүртэл гартаа авч, эдийн засгийг доройтуулан хамаг орлогыг офшор луу зөөж байгаа. Тэднийг цус урсган дарахгүй бол улс орон хөгжихгүй болсон.
Тэгвэл энэ Ботсвана чинь манайхаас олон суврага босгосон юм уу, манайхаас олон алдартай уяачидтай юм уу, манайхаас олон генералтай юм уу айн. Чадахгүй ш дээ.