2020 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсвийн алдагдал 4.5 их наядаар хэмжигдсэн нь түүхэн өндөр алдагдал болж тэмдэглэгдэн үлдэж буй билээ.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар 2020 оны эцсийн байдлаар төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж 9.4 их наяд төгрөг болсон бол зарлага нь 14 их наяд төгрөг болсон байгаа юм.
УУХҮЯ-ны мэдээллээр 2020 онд эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар буурсан гэж мэдээлэв.
Төсөвт төвлөрүүлсэн орлогын үзүүлэлт, эзлэх хувийг салбараар харуулбал дараах байдалтай байна.
Уул уурхайн салбараас - 2,522.9 тэрбум төгрөг буюу 24.3 хувь
Газрын тосны салбараас - 102.8 тэрбум төгрөг буюу 1 хувь
Тусгай зөвшөөрлийн төлбөр - 32.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувь
Бусад орлого - 14.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувь байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2020 оны нийт экспортын 69.4 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлжээ. Нийт экспорт өмнөх оноос 43.2 сая ам. доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 17.9 сая ам.доллар, нүүрсний экспорт 952.2 сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн байна. Харин алтны экспорт өнгөрсөн оноос 4.3 дахин нэмэгдэж, 1.8 тэрбум ам.долларт хүрчээ.
Гаалийн ерөнхий газраас өгч буй статистикийг харахад эрдэс баялгийн салбарт хамаарах мөнгөн дүнгийн тооцоолол өндөр байдаг. Түүнчлэн эдийн засагчдын зүгээс статистик мэдээллүүдийн зааг ялгааг тайлбарладаг.
Тухайлбал, Гаалийн ерөнхий газраас зарлаж буй гадаад худалдааны статистик нь Монгол Улсын хилээр орж, гарч буй барааны статистик тул уг статистик нь шууд гадаад валютын орлого зарлагыг илэрхийлдэггүй гэж Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлж байсан. Тэрбээр хэлэхдээ “ Жишээлбэл, нефть экспортлогчид бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспоролсон бүтээгдэхүүний үнийн дүнгээс тодорхой хэсгийг хөрөнгө оруулагч талд төлдөг. Харин нүүрсний экспортын хувьд улсын хил хүртэл нүүрсийг тээвэрлэж буй гаднын компаниуд тээврийн үйлчилгээний хөлс нүүрсний экспортын үнэд шингэсэн байдаг. Үүнээс гадна төрөл бүрийн үйлчилгээний зардал, гадаад зээл, бондын үндсэн болон хүүгийн төлбөр гэх мэт гүйлгээ гаалийн статистикт тусдаггүй. Харин Монголчуудын гадаад эдийн засагтай хийж буй бүх төрлийн гүйлгээг хамруулсан тайлан нь төлбөрийн тэнцлийн тайлан байдаг. Төлбөрийн тэнцлийн тайланд дээр дурдсан гаалийн статистик дахь гүйлгээнүүдийг тусад нь бүртгэдэг учир гадаад валютын орлого, зарлагын гүйлгээ нь төлбөрийн тэнцэл дэх урсгал дансны бүтцээс маш тодорхой харагддаг” гэж байв.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр гадаад худалдааны тэнцэл 2020 онд өмнөх оноос 790.3 сая ам.доллароор нэмэгдэж, 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Тэгэхээр экспорт импортоос давамгайлж гадаад худалдаа ашигтай байгаа нь монгол төгрөгийн тогтвортой байдалтай шууд холбогдох сайн мэдээ юм.
Цаашид экспортын хэмжээ тогтвортой байх, түүхий эдүүдийн ханш тогтвортой байх нь бидний хувьд чухал. Монгол Улс энэ оны төсөвт уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоололтой. Эрдсийн экспортын гол хоёр нэр төрөлдөө найдлага тавьж, 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 14-ний хооронд уул уурхайн гол түүхий эдүүдийн экспортын үзүүлэлт ямар байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан мэдээллийг УУХҮЯ-наас өгч байна.
Он гарснаас хойш алтны экспорт өмнөх оны мөн үеэс 61.4 хувиар буурсан бол зэсийн экспорт 9.8 хувийн өсөлттэй, нүүрснийх 24.6 хувийн өсөлттэй, төмрийн хүдрийн экспорт 18 хувийн бууралттай байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )