Танзанийн хөгжлийн нууц

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Манай сонин уншигч та бүхэнд бодлогын эрс өөрчлөлт, эдийн засгийн зоригтой шийдлийн ачаар хөгжлийн замдаа шуудран орсон улс орнуудыг цувралаар танилцуулж буй билээ. Хөгжлийн замдаа орсон улсуудад яг бидэнтэй адил зовлон байсан. Байгалийн баялгаа тойрсон улс төртэй, түүнийгээ дийлэхээ байсан эдийн засагтай, хэтийдсэн улс төрөөс шалтгаалан хөгжиж чаддаггүй нам гацсан улсууд байж. Тэдгээрийн нэг Танзани улс. Хар тивийн дорно эрэгт Энэтхэгийн далайд орших энэ улс 1919 оныг хүртэл Германы, 1919-1961 оныг хүртэл Британийн захиргаанд байжээ. Тусгаар тогтносон даруйдаа социализмын замыг сонгож хэсэг будилсан ч одоо эдийн засгийн хөгжлөөрөө хамгийн хурдацтай хөгжиж буй 10 улсын есдүгээрт жагсаж байна. Дорно африктаа эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлдэг энэ улс 10 жилийн дараа хөгжиж буй орон гэх статусаас хөгжингүй орон руу дэвших хүлээлттэй байгааг Дэлхийн эдийн засгийн форумын үеэр танилцуулсан. Танзани улс байгалийн баялгаа төр, хувийн хэвшил хосолсон замаар хөгжүүлж, олох орлогоо ирээдүйн өв санд хуримтлуулан, хөрөнгийн захаа нээлттэй болгож, гаднын хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжлийн замаа зурагласан.

 

Эдийн засгийн төрөлжилт

 

Анх тугсаар тогтноход энэ улсад уул уурхайгаас өөр зүйл үгүй байлаа. Хамгийн том салбарт нь аялал жуулчлал ч гэсэн улс төрийн маргаан мэтгэлцээн, социалист бодлого зэргээс шалтгаалан 1990-ээд оныг хүртэл аялал жуучлалын салбараа нээлттэй болгож чадаагүй. Танзанийн ДНБ-ний 50-иас илүү хувийг уул уурхай бүрдүүлж байсан бол 2020 оны судалгаагаар энэ хэмжээ 3.3 хувь болтлоо буурчээ. Тус улс 1986 оноос либерал эдийн засгийн тогтолцоотой болохоо зарласан бөгөөд тэр жилдээ хөдөө аж ахуйн салбарыг 30 жилд багтаан хөгжүүлэх цогт төлөвлөгөө боловсруулсан байна. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг тодорхой татвараас чөлөөлөх, экспортолж буй компаниудад татаас олгох замаар энэ салбараа хөгжүүлж чаджээ.

 

Хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагын буцалтгүй тусламжаар цугларсан хөрөнгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хөдөө аж ахуйн салбартаа тараан байршуулсан юм. Ердөө арван жилийн дотор чихэрлэг төмс, шош, вандуйны нийлүүлэлтээр дэлхийд 20-д орох амжилт үзүүлсэн төдийгүй эдийн засгийнх нь 30-аас илүү хувийг бүрдүүлэх томоохон салбар болжээ. Одоо танзани улс чихэрлэг төмсний нийлүүлэлтээр дэлхийд дөрөвдүгээрт, гадил жимсний нийлүүлэлтээр дэлхийд аравт, шошны нийлүүлэлтээр дэлхийд долоодугаарт, наранцэцгийн самарны нийлүүлэлтээр дэлхийд 12-т, сесаме ургамлын нийлүүлэлтээр дэлхийд тавдугаарт, наргил модны самарны нийлүүлэлтээр дэлхийд 11-рт эрэмбэлэгдэж байна. Бусад төрлийн ногооны нийлүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлдэг төдийгүй зүүн өмнөд азийг хангадаг хамгийн том сүлжээ юм. Колони улс байсны хувьд Герман, Британид ч мөн адил хөдөө аж аухйн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Танзанийн нийт хүн амын 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар хөдөө аж ахуй хэрэглэдэг, 40 хувь нь хөдөө аж ахуйн салбараар амьдралаа залгуулдаг гэх судалгаа бий.

Уул уурхайн салбарын хувьд хоёр том уурхай бий. Нэг нь Буцвагийн алтны уурхай, нөгөө нь Уиллиамсоны очир эрдэнийн уурхай. Социалист чиг баримжаатай байхад 100 хувь төрийн хяналтад байсан бол либерал эдийн засагтай болсноор компаниудыг, уурхайнуудыг хувьчилж, гаднын хөрөнгө оруулалтыг ихээр татжээ. Танзани улс 1997 онд уул уурхайн бодлогооо баталж улмаар 1998 онд Уул уурхайн хууль хэрэгжиж эхэлснээр энэ салбарын хөгжил тодорхойлогджээ. 2017 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өндөр татвар ногдуулах болсон нь тус улсын экспортын орлогыг бууруулсан энэ хууль удалгүй хэрэгжихээ больсон юм. Алтны нийлүүлэлтээр африктаа дөрөвдүгээрт ордог бөгөөд дэлхийн нийт алтны нийлүүлэлтийн хоёр хувийг тус улс дангаараа хангадаг. Очир эрдэнийн нийлүүлэлтээр дэлхийн эхний 20 улсын тоонд ордог байна. Уиллиамсоны очир эрдэнийн уурхайн 75 хувийг “Петра Даймондс” нэртэй Британийн компани эзэмшдэг бөгөөд 25 хувийг Танзанийн Засгийн газар эзэмшдэг. Тусгаар тогтносны дараа үйл ажиллагааг нь дахин шинэчлэн улмаар Британийн “Петра Даймондс” компани 1990-ээд онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Харин Буцвагийн алтны уурхайг 100 хувь Британийн “Акасиа Майнинг” компани эзэмшдэг. Танзанийн Засгийн газар роялти авах, татвар ногдуулах замаар хамтран ажилладаг. Тухайн үедээ буюу анх ашиглалтад орсон 2000-аад оны үед гаднын компанид зарлаа гэх шүүмжлэл дагуулж байсан ч тус улсын эдийн засагт жин дарахуйц томоохон уурхай болжээ. Танзани улсад уул уурхайн хууль бус олборлолт чамгүй байсан тул 2012 онд шинэ хууль баталжээ. Уг хуулиар гаднын хөрөнгө оруулагч, үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хууль бусаар олборлогчдыг ажилд оруулах, тухайн орчинг нөхөн сэргээх талаар ажиллабал татвараар чөлөөлөх тухай дурдсан нь үр дүнтэй хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт нь Хятадын оролцоо нэмэгдсэн бөгөөд хамтарсан хэд, хэдэн компани байгуулагдаад байна. Түүнчлэн байгалийн салбарт АНУ-ын “PFC” компанитай хамтран ажиллах болжээ.

Аялал жуучлал бол тус улсын эдий засагт 17.5 хувийг эзэлдэг томоохон салбар. Уг салбарт одоогийн байдлаар 2.2 сая хүн ажиллаж байгаа гэх судалгаа гарчээ. Серенгети, Нгоронгоро, Килиманжаро уул, Маняра голын дархан газар зэрэг нь нийлээд 1.2 сая жуулчин хүлээн авдаг гэх судалгаа бий. Ирэх жилүүдэд жуулчдын тоогоо эрс нэмэгдүүлж есөн саяд хүргэх зорилт тавьжээ. Аялал жуулчлалын бодлогыг хариуцсан яам нь зангиддаг ч үйл ажиллагаа, жуулчин татах ажлыг Танзани улсын аялал жуулчлалын нэгдсэн холбоо хариуцдаг.

 

Өрийн менежмент

 

Олон улсын валютын сангийн зарласнаар тус улс дэлхийн хамгийн өртэй улсуудын тоонд багтаж байлаа. Одоо өрийн эрсдэлийн үнэлгээгээр одоо энэ улс эрсдэл харьцангуй сул гэсэн ангилалд багтжээ. Тус улсын өрийн дийлэнхийг Герман, Британийн эзлэн түрэмгийллийн үед тавьсан тул өрийг хөнгөлөх, зарим өрийг цуцлах асуудлыг тусгаар тогтносноосоо хойш хэлэлцэж байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд зургаан удаа хэлэлцээрийн ширээний ард сууж өрийг хөнгөлөх, заримыг нь тэглэх асуудлыг шийдэж чаджээ. Тус улсын гадаад өр 2019 оны байдлаар 7.9 тэрбум ам.доллар байна. Үүний дийлэнхийг эдийн засгаа төрөлжүүлэхэд зарцуулсан гэж Танзанийн Засгийн газар албан мэдэгдэлдээ дурджээ. Өрийн эрсдэлийн санг 1995 онд байгуулж улмаар ойрын хугацаанд төлөх зээлүүдээ санхүүжүүлдэг нь дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын талархлыг хүлээсэн байна.

Засгийн газрын зүгээс алтны салбарыг хөгжүүлэхэд БНХАУ-тай хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах тухай ярилцаж байгаа ч эцэслэн шийдээгүй байна. Байгалийн хий, газрын ховор элемент, газрын тосны үйлдвэр, мэдээллийн технологийн салбарт зайлшгүй тохиолдолд зээл авна гэж 25 жилийн төлөвлөгөөнд дурдсан. Шаардлагагүй тохиолдол зээл авахгүй авахаар болсон тохиолдолд Засгийн газраар хэлэлцүүлэх, ард нийтээс санал асуух замаар шийднэ гэж эрх баригч намын зүгээс зарлаад удаагүй байна.

 

Ядуурлыг бууруулах төлөвлөгөө

 

Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлтээр үсрэнгүй хөгжиж буй улсын тоонд ордог ч тус улсын хамгийн сэтгэл зовоосон асуудал нь ядуурал хэвээр байна. Нийтдээ 55.5 сая хүн амтай Танзани улсын хүн амын 40 хувь нь өдөрт 1.9 ам.доллароос бага орлоготой гэх судалгаа гарчээ. Одоогоос арван жилийн өмнө энэ тоо 49.1 хувьтай байлаа. Засгийн газрын тавьсан зорилтоор бол 2030 он гэхэд энэ тоо 38 хувиас дор орох ёстой. Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд халамжийн бодлого баримталж байсан бол халамжаар ядуурал шийдэгддэггүй гэдгийг туулсан замаараа ойлгосон тул ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ төрөл бүрийн тэтгэлэгтэй сургалтад хамруулах арга замыг хэрэгжүүлж байна. Ялангуяа тус улсын эдийн засагт томоохон жин дарах хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх замаар ядууралтай тэмцэнэ гэж тэд тооцжээ.

 

Сахилга, хариуцлага

 

Энэ үг магадгүй уншигч танд танил сонсдож байж болох л доо. Өмнөх Ерөнхий сайдын үед уриа лоозон болсон үг. Танзани улс 1990-ээд онд авлигын индексээр дэлхийд тэргүүлж байлаа. Тэргүүлсэн гэдэг нь муу талаараа. Африк тивийн хамгийн их авлигажсан 20 улсын тоонд цохиж явсан цаг. Эрх баригч намын зүгээс авлигатай тэмцэх тусгай хороо байгуулж улмаар боловсон хүчнийг Герман, Британид бэлджээ. Засгийн газрын дэргэд авлигатай тэмцэх үндэсний зөвлөл байгуулж, аюулгүй байдлын зөвлөлөөр давхар хянуулдаг байна. Авлигын хэрэгт холбогдсон ямар ч улстөрчийг намаас хөөх, улс төрийн ажил эрхлэх хугацааг нь хасах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Зарим талаар сөрөг хүчнээ намнах гэсэн үйлдэл гэж барууны улсууд шүүмжилдэг ч энэ хороо байгуулагдсанаар авлига, хүнд суртал тодорхой хэмжээгээр буурсан гэж үздэг. Яам болон Засгийн газрын харьяа байгууллагуудад ёс зүйн хороо давхар байгуулж, жил бүрийн татварын тайланг нийтэд ил зарладаг болсоор 20 жилийн нүүр үзээд байна. Транспаренси олон улсын байгууллагын судалгаагаар 2020 онд авлигын үзүүлэлтээр Танзани улс 180 улсаас 94 дүгээрт жагссан байна. Энэ бол африк тивийн улсуудаас дундаж хэмжээнд орох үзүүлэлт юм.

 

*              *              * 

 

Танзани улс сүүлийн 10 жилийн турш эдийн засгийн өсөлт нь 1.9 хувиас их хэмжээгээр өссөн гэх үзүүлэлт бий. Тогтвортой өссөөр ирсэн энэ улсын эдийн засаг цар тахлын улмаас арван жилийн хугацаанд анх удаагаа уналттай гарах тооцоо гарчээ. Дэлхий нийтийг хамарсан 2008-2009 оны хямралд Танзани улс харьцангуй хохирол багатай байсан. Коронавируст цар тахлын улмаас үүсэх эдийн засгийн хохирол хар тивийн бусад улстай харьцуулахад харьцангуй доогуур гэж гарчээ. Энэ бол сайн мэдээ. Одоо тус улсын нэн шинэ хөгжлийн хөтөлбөр 4.0 гэгч санаачилгыг дэвшүүлээд ажиллаж байна. Энэ бол мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэргийг хөгжүүлэх замаар цахим үндэстэн болох зорилго. АНУ-ын санхүүжилтээр жишиг цахиурын хөндийг байгуулж улмаар гарааны бизнесүүдийг тэнд хөгжүүлж байна. Африкийн дорно хэсгийг хамарсан хэд, хэдэн технологийн хүрээлэн байгуулахаар ч тусгажээ. Бид Танзаниас зарим нэг зүйлийг нь сурах ёстой. Авлигатай хэрхэн тэмцсэнийг нь, эдийн засгаа төрөлжүүлэхэд ямар бодлого баримталж байгааг сурах нь зүй. Бүгдийг нь хуулаад мэдээж хөрсөн дээрээ буухгүй тул бодлогыг нь харьцуулан судлах замаар “Алсын хараа”-д нэмэрлэхэд гэмгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.40.59) 2021 оны 02 сарын 18

Ардчилал, хүний эрх гэж яриад хөгжихгүй гэдэг н харагдаж байна. Одоо хариуцлага ярьж, шийтгэл оногдуулж, төлбөр ярих хэрэгтэй. Өмч хувьчлалын дахин үнэлгээ тооцож, ярих цаг болжээ.

0  |  0
Ккк сөнөтүгэй(69.197.191.214) 2021 оны 02 сарын 18

66.181.190.53 т . Шар сармагчин чи хэзээ ч өөдлөхгүйү. Үгүйрэл хоосрол чамд хүсье

0  |  0
Marcus(66.181.161.14) 2021 оны 02 сарын 18

Одоо л хөлөө жийлцэлгүй, ур ухаанаа уралдуулж хөгжихгүй бол оройтлоо. Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж бн. МИНИЙ МОНГОЛЫН БОСОО ЗАЯА ДЭЭШЭЭ БАЙГ.

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 19

Ядуурал байсаар байгаа Танзани улс Монголыг бараа сураггүй хол хаяж хөгжсөн байна. Коммунистуудаас болж монгол орон сүйрлээ.

0  |  2
БНМАУ.н иргэн(66.181.190.53) 2021 оны 02 сарын 19

Негрүүдээс дор явах гэж

1  |  1
(66.181.168.131) 2021 оны 02 сарын 18

Ediin zasagsaad baih yu badin,iuldverjilt l baij taaraashd,bodoj yadaad tolgoi gashilgaad surjigneed baih yuuch bhgui

0  |  0
Top