Нийслэлчүүд гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт хоёр дахь удаагаа шилжиж хөл хорионд ороод байгаа билээ. Энэ үед гарч буй нийгмийг цочроосон хэрэг, гэр бүлийн маргаан, хувь хүний сэтгэл зүйн өөрчлөлт гээд олон сөрөг үр дагаврууд ажиглагдаж байгаа. Иймд цар тахлын үеийн сэтгэл зүй нийгэмд болон гэр бүлд хэрхэн нөлөөлж буй талаар сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа
-Хөл хорионы үед иргэд гол төлөв юу хийж өнгөрүүлж байх шиг байна. Хүмүүсийн сэтгэл зүй нэг л тогтворгүй болсон юм шиг ажиглагдаад байх юм?
-Хөл хорионы үед хот, хөдөөгийн 4000 хүний дунд явуулсан. Судалгаагаар 52 хувь нь дэлгэцийн хамааралтай байгаагаас тэдний 64 хувь нь кино үзэж байна, 36 хувь нь гэрийнхэн болон хүүхдүүдтэйгээ тоглох, 32 хувь нь шинэ зүйл сурах, хоёр хувь нь ажлаа хийх, нэг хувь нь хичээлээ хийж байгаа гэсэн сонирхолтой харьцуулалт бүхий дүн шинжилгээ бий. Хамгийн их сэтгэл зовоосон асуудал нь тэдний дунд сэтгэл түгшилт 20 хувь, сэтгэл гутрал 22 хувь, нойргүйдэл 23 хувь, амиа хорлох бодол 23 хувь гарсан нь коронавируст халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байгаа дүр зураг байна. Амиа хорлох бодол илэрсэн 23 хувийн шалтгаан нь сэтгэл гутралтай байгаа ба тэдний 60 хувь нь "үхсэн нь дээр" гэж хариулсан байна. Хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй байгаа нь үнэн. Цахим орчинд янз бүрийн бичлэг хийх зэргээр энэ нь илэрч байна шүү дээ. Тэрийг нь олноороо шуурч үзэх, даган дуурайх, шоолон шоглох зэргээр давхар бие биедээ сэтгэл зүйн дарамт үүсгэж байна. Тиймээс иргэдэд цар тахлын үеийн сэтгэл зүй буюу пандемик стресс нүүрлээд байна
-Сэтгэл зүйч хүний хувьд иргэдэд гарч буй дээрх шинж тэмдгийн учир шалтгааныг мэргэжлийн үүднээс тайлбарлавал?
-Сэтгэл зүйн хүчтэй хөдлөл, бухимдал, стресс, депрессийн хүндэрсэн хэлбэр болох аффектын үед ийм улигт бодол хүний тархинд төрдөг. Үүний учир шалтгаан нь үйл явдал тодорхойгүй байдал, ирээдүйн чиг баримжаа, учир шалтгааны гинжин холбоо, логик бодомж алдагдсан зэрэг нь нөлөөлж буй юм. Энэ халдварт өвчний талаархи мэдээлэл хангалтгүй, хэзээ хэрхэн дуусах нь тодорхойгүй, яаж даван туулах туршлага дэлхий дахинд бага байгаа нь сэтгэл зүйн айдас түгшүүрт автуулж байгаа хэрэг. Хүн болгонд өөр л дөө. Тухайн хүний сэтгэл зүйн онцлог, дасан зохицох чадвар, хуримтлуулсан туршлага, хязгаарыг давж үзсэн сэтгэлийн тэнхээ, төрөлхийн зоригийн мэдрэмж, одоогийн амьдралын чанар, санхүүгийн бодит боломж, мэдлэг боловсрол, итгэл үнэмшил зэрэг маш олон өгөгдөл үүнд нөлөөлнө. Коронавирусний талаар сөрөг мэдээллийг нийгэмд түгээх нь ийм л хоруу чанартай байх нь. Тиймээс аль болох эерэг, зөв сайхан мэдээллийг нийгэмд түгээж баймаар санагддаг.
-Бас иргэд олон сар хөл хорионд байгаа учир санхүүгийн хүндрэл гардаг нь бухимдах шалтгаан болдог болов уу?
-Яг тийм. Иргэдийн орлого ашиг багассан эсвэл байхгүй болсон нь сэтгэл зүйд түгшүүр бий болгож байгаа. Үүнд ундууцсан хүн уурлаж бухимдах, уцаартай болох зэргээр хариу үйлдэл гаргана. Хүний төрөлх хэрэгцээ болох эрх чөлөөгөө хасуулах, гадуур дотуур гарч чадахгүй байснаар нийгмээс тусгаарлагдах, хязгаарлагдмал орчинд орох нь дургүйцэл төрүүлж улмаар сэтгэл гутралд хүргэнэ шүү дээ. Хүний анхдагч хэрэгцээгээ хангах хэрэгцээ шаардлага цаг тутамд тулгардаг. Түүнийгээ шийдэхэд эдийн засгийн болон орон зай, цаг хугацааны хязгаарлагдмал бүс бий болчихоор бухимдах нь аргагүй. Энэ бол хүмүүсийн бухимдаж буй маш том шалтгааны нэг.
-Нийгмийн хүрээнд иймэрхүү нөхцөл байдал үүсч байгаа бол гэр бүлийн хүрээнд сэтгэл зүйн ямар сөрөг өөрчлөлт явагдаж байна гэж ажиглагдаж байна вэ?
-Өөрөөс шалтгаалаагүй дээрх бүтэлгүйтэл тохиолдож, хохирол амссан хувь хүн буруутныг хайж олсон дотоод эсэргүүцлээ гэр бүлийн хүрээнд гаргадаг. Яагаад гэвэл хүнд ялангуяа эрэгтэй хүнд стрессийг даван туулахын тулд жаахан ч гэсэн ялалт хэрэгтэй байдаг. Үүнийгээ гэр бүлдээ гаргадаг, тэр энд л ялж чаддаг. Гэр бүлийнхэн нь хүчтэй эсэргүүцэл илэрхийлэх нь ховор. Гэрт байх удаан хугацааны цаг зав гарсан тул эхэндээ тааламжтай сонирхолтой байх боловч яваандаа ярих хөөрөх зүйл багасч бие биенээсээ уйдаж залхах сэтгэл зүйн процесс явагдана. Энэ бол хэвийн үзэгдэл. Улмаар тэдний муу сул талыг олж харах, хэт шүүмжлэлтэй хандах, буруутгах, засахыг оролдох, өөрийн үзэл бодлоо хүчээр тулгах зэргээр үргэлжилж мэднэ. Урд нь ажилдаа явдаг, дийлэнх цагийг хамт өнгөрөөдөггүй байсан тул тэгтлээ сатаарч анзаарч байгаагүй хэрэг л дээ. Мэдээж аливаа хүний төрөлх мөн чанар, хүмүүжил төлөвшил өөрчлөгдах нь туйлын хүнд, бараг боломжгүй тул зөрчилдөөн тэмцэл нь хүчирхийлэлд хүргэх боломжтой. Үнэхээр тухайн хүн өөрөө хүсэн тэмүүлж байж л бага зэргийн үр дүн гарч болох.
-Тэгвэл энэ хугацаанд сэтгэл зүйн тэнцвэрийг хэрхэн барьж, аливаа зүйлийн жорыг нь тааруулж сурах вэ?
-Юуны өмнө өөрийгөө тайвшруулж, бодит байдлыг хүлээн авах хэрэгтэй. Ганцхан би болон манай гэр бүлийнхэнд биш, бусад хүмүүс, дэлхий дахинд тулгамдсан асуудал гэдгийг ойлгох нь чухал. Дараа нь эрсдэлийг тооцож үзэх. Бид анх удаа хөл хорионд орж байгаа юм биш шүү дээ. Хоёр дахь удаагаа бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Хамгийн наад зах нь гэнэтийн ийм байдалд орвол эдийн засгийн хувьд болон сэтгэл санааны хувьд бэлэн болсон байх учиртай. Өрхийн төсвөө хянаж, мөнгө төгрөгөө хадгалж сурах хэрэгтэй. Тэгвэл бухимдал үүсэх нь харьцангуй бага байна. Мөн аливаа зүйлийг өөдрөгөөр төсөөлж, энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэх, хийж амжаагүй зүйлээ хийж дуусгах боломж гэж харах хэрэгтэй. Яарч давчидсан нийгэмд түрхэн ч болтугай завсарлага авч дотоод сэтгэлээ сонсох чинь хэр барагтай олдоод байх боломж биш шүү. Дэлхий дахинд вакцин хийгээд эхэлчихлээ. Манай улсад ч тун удахгүй вакцин оруулж ирэхээр боллоо. Тэгэхээр вакцин хийгдэж байгаад итгэл үнэмшил төрөх нь юу юунаас илүү тайтгарал болох гээд байна. Хүн төрөлхтөн үүнээс хүнд нөхцөл байдлыг туулаад гарсан түүхтэйг санаж хэзээ нэгэн цагт бүх зүйл сайхан болно гэдэгт бүрэн дүүрэн итгээрэй.
-Ер нь бол өөртэйгөө л ажиллах хэрэгтэй юм байна, тийм ээ?
-Хүнийг өөрөөс нь илүү мэдэх хүн байхгүй шүү дээ. Аливаа өвчний 70-80 хувь нь сэтгэл зүйн хамааралтай гэдгийг эрдэмтэд нотолсон. Дархлааны систем нь энэ өвчний ерөндөг гэдгийг итгэл үнэмшил болгож дархлаагаа аль болох сэргээж, амт шимттэй хоол унд идэж, дасгал хөдөлгөөн хийж, дуртай зүйлээ хийгээрэй. Бас үүнээс илүү хүнд байдалтай харьцуулан жишиж үзвэл амьдралд дайн тулаан, үхэл зовлон зөндөө зүйл болж байсан. Хүн өөртөө байгаа бодит нөхцөл байдалдаа талархаж сурах хэрэгтэй. Эрүүл энх, элэг бүтэн, эрхтэн бүрэн, эрдэм мэдлэгтэй байгаадаа талархаж, өөрийгөө үнэлэх нь чухал. Критикал тинкинг буюу “олон талаас нь эргэцүүлэн бодох” эерэг сайн талуудыг бодож олох аргыг үр хүүхдэдээ ч зааж сургаж өгөөрэй. Ямар ч муу юм сайныг заавал дагуулдаг шүү дээ. Өөртөө цагийн хуваарь гаргаж, цагийг үр дүнтэй өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлж өөртөө хөрөнгө оруулалт хийх боломж хөл хорионы үед гарч байна.
-Хүмүүс гэр бүлтэйгээ байх хугацаанд гэр бүлийнхээ гишүүдтэй хамгийн их цагийг өнгөрүүлж байгаа шүү дээ. Тэдэнтэйгээ ойр дотно байж, ойлголцохын тулд яах ёстой вэ?
-Гэр бүлийн боловсрол гэдэг хүн бүрийн эзэмших ёстой зүйл. Өөрсдийн харилцаанд нөлөөлж буй гадаад болон дотоод хүчин зүйлүүдийг олж тогтоох, нэг нэгнийхээ хүсэл, сонирхол, мөрөөдлийг сонсож мэдэж авах, ирээдүйнхээ талаар ярилцах, төлөвлөгөө гаргах, гэр бүлийн харилцааны үе шатыг судлах, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд үр хүүхэдтэйгээ бага насны дурсамж, түүхээ хуваалцах зэргээр бие биенээ таньж мэдэх, нээлттэй хөгжилтэй дулаан харилцаа үүсгэх нь ирээдүйн сайн харилцааны үндэс суурь болдог. Залуу гэр бүлийн нийтлэг дүр зургийг ажиглаад байхад гар утсаа ухаж ихэнх цагийг өнгөрүүлж байна. Энэ бол маш бруу. Хүүхдэдээ ном уншиж өгөх, үлгэр зохиолынх нь утга агуулгыг ярилцах, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр хүүхдэдээ их цаг зав гаргавал бухимдах нь бага байна.
-Ирээдүй гэдэг зүйл аливаад илтгэл төрүүлж байдаг шүү дээ. Ирээдүйгээ гэрэлтэй, сайн сайхнаар төсөөлж сурахын тулд сэтгэл зүйгээ дасгах ёстой юм шиг?
-Хүмүүс яг энэ үед ирээдүйд эрхлэх бизнесээ судлах, тодорхойлоход тохиромжтой. Бүтээлчээр сэтгэж шинэ чиглэл, шинэ боломж, шинэ арга барилаар ажиллах эхлэлийг бодож олох нь чухал. Цар тахлын үед хэрхэн ажиллах, хэрхэн амьдрах хэв маяг эрс өөрчлөгдлөө шүү дээ. Тэгэхээр үүнтэй уялдуулж ажлаа төлөвлөхөд юу нь буруу байх вэ. Эцэст нь сэтгэл зүйгээ тайван, тогтвортой, хэвийн тэнцвэртэй байлгаж чадаж байгаа хүн ямар ч бэрхшээлтэй зоригтой нүүр тулан даван гарч чаддаг юм шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )