Данзанноровын Хүү доктор профессор
“Д.Хүүгийн уран бүтээлийн хүрээ тэлүү, өргөн цартайг сонгодог болон модерн чиглэлийн бичлэг, хүүхдийн зохиол хамруулсан тал талын сэдэв бүхий ноён нуруутай шүүмж, сонин санаа дэвшүүлсэн үгүүллүүд нь гэрчилнэ” [МУ-ын СГЗ, академич, профессор Х.Сампилдэндэв (20-зууны Монгол зохиолчид 65 боть.44 тал)] Үндэсний хэл соёлыг хөгжүүлэн сүүлийн хоёр зуун дамнуулсан оюун ухааны их бүтээн байгуулалтыг, ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэнтэй холбодог. Хүрээлэнг 1921 онд үүсгэн байгуулсан нэгэн зууны түүхийг хугаславал, 1968 оноос хэлний болон зохиолын салбарт бичсэн барьснаа хэвлүүлж эхэлсэн миний бие энэ зууны сүүлийн хагаст нь хүрээлэнд ажиллах саналаа өгч, тэдний хурлаар хэлэлцүүлж, бас хөдөөний хүүхэд хэмээгдэн будилж, буцсан бага насны явдлаа дурсвал, тэр цагаас л эрдэм судлалыг тойрон эргэцэж, хүрээлэнгийн орон тооны бус “гадаад ажилтан” болж, олон он улирааж, эрдэмтэн нөхдийн дунд яваагаа нээн учирлах дурсамж надад бий. “Монгол зохиол дахь Мөнх тэнгэрийн үзэл. УБ.2004”, “Монгол зохиолын мянганы дүр. УБ.2009.138х”, “Монгол зохиолын аман дүрслэл. УБ.2010 [1, 2ботиуд]”, “Ертөнцийн тулгуур ухаарал [цуврал].УБ.1999”, “Цагаан толгой[Л.Дамдинжав хамт. Уйгур-Монгол үсгийн цагаан толгой(Анхны). УБ.1993]”, “Монгол хэл яриа. УБ.2019” зэрэг үндэсний шинжлэх ухааны хүрээнд, хэл-зохиолын сэдэвт багтах 53 тооны номыг энэ хооронд хэвлүүллээ. Монгол бичгээрээ судалгаа эхлүүлсэн тус хүрээлэн, түүхэндээ зохиосон Кириллжин монгол үсэг, бичгийг зэрэгцүүлэн хөгжүүлсэн төрийн байгууллага. “Кириллжин монгол”-ын багш гэдгээрээ миний бие тус хүрээлэнг дэмжигч нэгэн нь юм.
Шинэ үсгийн багш академич Ц.Дамдинсүрэн, хуучин үсэг хийгээд гадаад хэл соёлын багш академич Б.Ринчен, А.Лувсандэндэв нар бол миний дурсах эрдэмтэд. Хүрээлэнд ажиллах гэсэн оюутан цагийн мөрөөдөл, алсдаа эрдэмтэн болох хүслээ ч эдгээр академич нарт би хэлж, тэд миний эхний бүтээлийг дэмжсэн байдаг юм. Хамгаалалтаас гадна, 1975 оны 07-р сарын 24-ний өдөр эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Лувсанбалдан даргалсан захиргааны зөвлөлийн хурал, миний хүсэлтийг хэлэлцсэн протоколд хотын паспортгүй “Хөдөөний хүн” тул хүрээлэнд ажиллуулах боломжгүйг танилцуулснаас хойш 46 жил улирч байгаа нь бас л дурсах явдал. 1921 оны дундуур суурь нь тавигдсан шинэ Монгол Улсын шинжлэх ухаан, соёл гэгээрлийг судлах, заан сургах тус тусын зорилготой иргэний анхдагч ихэр байгууллага бол Дуун ухаан, Судар бичгийн тасаг нэрээр үйл ажиллагаа нь уламжилсан ШУА-ийн ууган салбар Хэлзохиолын хүрээлэн, нөгөө нь үйл ажиллагаагаа Оюутны сургууль, Багш нарыг бэлтгэх сургууль нэрээр алдаршуулж, ардын боловсролын салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж 1950-иад он хүртэл улсдаа үндэсний их сургуулийн үүргээр ажилласан Улаанбаатарын Багшийн сургууль юм. Хэлзохиолын хүрээлэн, Багшийн сургууль хоёр бол ардын хувьсгалын үүрийн туяан дор сэргэн мандсан шинэ зууны турш нийгмээ шинжлэх ухаан хийгээд, бичиг үсгээр гэгээрүүлсэн түүхтэй иргэний ууган байгууллагууд юм. Хуучин тогтолцооны төгсгөл, Богд хаант засаглалын тооллын үе 14-р оны 2-р сарын 17-н буюу шинэ тооллын 1924 оны 3-р сарын 23-ны өдрийн Судар бичгийн хүрээлэнгийн 2-р хурлын тогтоолд, “Багш нарыг бэлтгэх сургуулийн багш н.Буддарь, Б.Ишдорж, Д.Абашеев нарыг хүүхэд залуучуудын ярианы этгээд хэллэг, бүдүүлэг байдлыг засч, тэднийг хэлд сургадаг ардын сурган хүмүүжүүлэх ухаанаар баяжуулах өрнөдийн туршлагыг орчуулах ажилд оролцуулж, хөлсийг 50 янчаанаар тооцсон”-ыг дурдсан байдаг. Энэ нь ЭША-д багш нарын хүч бололцоог ашиглаж, Монгол хэлний сургалтад өрнөдийн хийгээд дорно дахины хэлний өнгөн ба гүн бүтэц[трансформац]-ийн хуулийг судлан хэрэглэхэд эрдэм шинжилгээ болон багшлах ажилд хамтрах, сурах бичгийн зохиогчид багш нарыг оролцуулж, ярьж бичихийн соёл, хэлэх найруулгын чадварт сургах анхны хөтөлбөр боловсруулж ЕБС-д сургалтад богино хугацаанд хэрэгжүүлэхэд түлхэц өгсөн юм.
Нийслэлд үүсэн байгуулагдсан иргэний байгууллага болох Шинжлэх ухааны ууган салбар Судар бичгийн хүрээлэн, нөгөө нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн Багш нарыг бэлтгэх сургууль нэртэй байгууллагууд үндэсний хэл зохиолын судлалыг хөгжүүлэх, багш нарыг судалгаа шинжилгээний ажилд сургах, сургалтыг гарын авлагаар хангаж байлаа. Иргэдийг ойр зуурын албан бичигт сургах, ЕБС-ийн эх хэлний хичээлийн хөтөлбөр [программ] боловсруулахад анхнаасаа хэрхэн хамтарсныг уламжлан өдгөө ч үргэлжилж, ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэн, Багшийн сургууль, хотын боловсролын байгууллагуудын хамтын үйл ажиллагаа нь соёл боловсролын салбарын нэгдмэл түүх бүтээлцэж байна. Миний бие өмнөх зууны 1969 оны намраас Боловсролын “тогоо өнгийж”, сурагчдын ЯБД-д төрийн шагналт эрдэмтэн Ш.Гаадамбын боловсруулж нэвтрүүлсэн тайлбарт дасгалын арга барилыг багш нарт эзэмшүүлэх, тэдний мэргэжил дээшлүүлэх хотын СЗАК-д мэргэжилтнээр ажиллаж, мөн сурагч багачуудын унших зохиолын номыг судлах эрхлэн хэвлүүлэх яамны СБСНР-ын газар гэсэн хоёр салбарт зэрэг ажиллав.“МЭДН” буюу Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн хэвлэл “ШУА” буюу эрдэмтдийн индэр болсон “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлдээ 2000-н эхэлсээр “Түүхийг түүхийрүүлээгүй есөн боть [Б.Балжинням.ШУА сэтгүүл. 2016.№01\340.66 тал]” мөн “Авьяас ухааны бөглөрлийг тайлсан “сэтгүүр” шүлгүүд [ШУА сэтгүүл. 2020№03\358.92 тал]” гэхчлэн сэдвүүдээ хэвлүүлснээ ч дурсах минь. Харин оюутны нэг хичээлд уншсан “Монголын нууц товчоо”-г ярилцсан семинарь дээр төрсөн үүдэл санаагаа дурсвал, тэдгээрээс, “Сулхарнайн тууж”-ийн зарим дүрслэл МНТ-д байгаа, Роман исээ гэж МНТ-г нэрлэх, монгол маягийн офорист аргын бичлэгтэй. 282-баримтын цохолбороос “Монголын нууц товчоо [МНТ].1228-40” бүрддэг. Бас Ганга [Инди] мөрөнг Шин мөрөн, Есүгэн [Есү(гэн)] хатны нэрийн үндэс Есүсийн “Есү” мөн. “Мянганы дүр Бүртэчину-а [“Зөн” сонин. 2004.№03]”, “Тэмүүжиний алганд нөж биш, нүд байсан [У.З.У сонин. 2006 №26/2223]”, Европт, “Мария эх онгондоо жирэмсэлж, Христийг төрүүлсэн”. Нууц товчоонд “Алангоо эх өрхөн завсрын шар гэрэл үр заяасан нь Чингис хааныг төрүүлсэн” увдист явдлууд төстэй мэтээр “тааварлан залахад” минь заалгаснаас зөрүүлэлгүй, нэгэнт тогтсон судалгаагаар нь ярь гэсэн зөвлөгөөг семинарь удирдсан багш доцент Ч.Цэндсүрэн, Д.Болд нар маань өгч байж билээ. Хожим “МНТ-дахь техник, технологийн мэдээ [“Техник технологийн мэдээ (сэтгүүл).1990.№2]”, “Нэгэнт тогтсон юм хэмээх үзлээс Нууц товчоогоо салга [“Өдрийн сонин”. 2004.№159\1661]”, “Монгол уран зохиол дахь Мөнх тэнгэрийн үзэл [УЗУ сонин. 2007№09\2242]” сэдэвт ном үгүүллүүд хэвлэгдсэн. Уншсан ярьснаа оюутны ширээн дээр бичиж боловсруулж, зарим бүтээл эрдэмтдийн индэр “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд 47-н жилийн өмнө, оюутан явахад хэвлэгдсэн, “Овог болон эцгийн нэрийн гарлын тухай түүхэн тэмдэглэл [ШУ Амьдрал (сэтгүүл). 1974.№5.31 тал]” үгүүлэл маань Монголын үндсэн 100-н овогтны нэрийн хавсралттай, мөн “Билгийн улирлын тоолол [ШУАмьдрал (сэтгүүл). 1975.№2.93 тал]” бүтээл 2050 он хүртэлх билгийн хуанлийн хавсралтынхаа хамт хэвлэгдэв.
Эдгээр сэдэв хэвлэгдсэн 47 жил дотор Монголголчууд үндсэний овог, хийгээд “Сарны тооллоо” хэрэглэсэн нь миний үгүүллүүдийн агуулга, ач холбогдол юм. Оюутны жилүүд дуусч, шинжлэх ухаантай хувь заяагаа холбох бодолтой анх удаа шинээр ажилд орохыг хүссэн “хөдөөний хүүхэд” надад анхны протоколыг ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэн 1975 оны 7-р сарын 24-ний өдрийн 15.00 цагт гаргаж өгсөн байдаг юм. Эрдэмтэн нарийн бичгийн дарга, тод бичиг судлагч Х.Лувсанбалдангийн өрөөнд Р.Гүрбазар [Тасгийн эрхлэгч], Л.Балдан [Намын үүрийн нарийн бичгийн дарга], Х.Сампилдэндэв [ҮЭ-ийн салбар хорооны дарга] нар оролцсон. Комисст сонгогдсон эрдмийн нөхдийн шийдвэр нь “...Мэдлэг боловсролын хувьд тус хүрээлэнд ажиллах боломжтой хүн юм. Гэвч паспорт, хөдөлмөрийн дэвтэр сүрхий зөрчилтэй, мөн шилжүүлэггүй. Энэ учраас энэ удаад ажилд авах боломжгүй байна [протоколын 3-дахь хуудас]” гэж хөдөөх иргэн, намайг хотын хүн бишийг нотолсон иргэний паспорт баримт бичгийн асуудлаас шалтгаалсан протокол гарсан ч оролцсон эрдэмтдээс надруу хандсан зөвлөмж нь сэтгэл хөдөлгөж, их унших бичихийн хүслийг улам үргэлжлүүлэх боломж нээж, бичиг номын мөр хөөх замруу хөтөлсөн эерүү дотно зүг чигтэй дурсамж үлдээснийг өөрийн бүтээл туурвилтай ямагт холбож явдаг юм. ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэн “20 зууны Монгол зохиолчид” цувралын 65 дахь боть [эрх. Х.Эрдэнэжаргал (ред. С.Байгалсайхан нар)УБ.2006]-оо миний бүтээл рүү хандуулсан юм. 65-р ботид СГЗ, академич Х.Сампилдэндэвийн бичсэн, “ТНгГРИЙН заяа түшихийн учир үгүүлсэн бүтээлд өргөх сэтгэлийн цацал [УБ.2006.44 талд]” сэдэв миний бүтээлийн судалгааг эхлүүлсэн юм. Харин Хэлзохиолын хүрээлэнгийн “20 зууны Монгол зохиолчид” цувралын Д.Цэвэгмид гуайн намтар судлал, бүтээлийн боть №4 [эрх. Д.Хүү (ред. Х.Сампилдэндэв нар). УБ.2005]-ийг нь би хийсэн байдаг юм.
Миний “Оройгүй сүмд хүргэсэн замын төгсөл [УЗУ сонин.1986.№42\1568]” нэрээр шүүмж бичсэн зохиол, МУ-ын Хөдөлмөрийн баатар Л.Түдэвийн “Оройгүй сүм” романыг хүрээлэнгээс Нобелийн шагнал [1996]-д дэвшүүлсэн юм. “ТНгГРИЙН заяа түшихийн учир үгүүлсэн бүтээлд өргөх сэтгэлийн цацал [Акад, проф. СГЗ. Х.Сампилдэндэв (2006.05.03)]” нэрээр бичсэн бичил үгүүллээ Хятадруу эмчилгээнд явахдаа үлдээсэн юм. Уг үгүүлэл “20 зууны Монгол зохиолчид.УБ.2005.65 боть. 44 тал”-д хэвлэгдсэн иний “Бичгийн уран зохиолд ардын аман дүрслэл уламжлагдаж ирсэн туршлага, үүрэг хэрэглээ” нэг сэдэвт зохиолын хураангуй “Уран зохиол сургалтын хүмүүжүүлэх онцлог.БНХАУ.1993 он” нэрээр Хятад улсад хэвлэгдэв. Судалгааны тэр бүтээлд хэл зохиолын хүрээлэнгээс академич П.Хорлоо, Б.Катуу, Д.Цэнд, Д.Өлзийбаяр нарын эрдэмтдээс “Д.Хүүгийн бүтээл. 2004 [МЗА Дүрслэл.УБ.2010.52 тал]” нэрээр бичиж хэвлүүлсэн цуврал сэдвүүд бий. Мөн, “МУ-ын Хөдөлмөрийн баатар академич Б.Ширэндэв [Ээжийн 108 суварга (дэд дэвтэр) УБ.2005.375 т]”, Төрийн шагналт, академич Х.Пэрлээ багшдаа “Үгийн хүдрээс малтсан археологийн олбор [Д.Хүү.”Хүүхдийн зохиолын судалгаа. УБ.2020.362 тал (дурсамж)”] гэсэн миний дурсамж хэвлэгдэв.
ШУА-ийн 100 жилийн ойд
Сэтгэгдэл ( 0 )