Хэлэлцээрт оруулсан өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг дэмжлээ

Я.Болор | Zindaa.mn
14 цагийн өмнө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.12.26/ хуралдаан 13 цаг 10 минутад эхэлж, Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс нь 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Их Хурал соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элсэн орсныг дурдаад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 259, 260 дугаар тогтоолыг баталж, тус банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн гэв.

Тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлтөөр тус банкны санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Өмнөд болон Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутаг болон Монгол зэрэг орнуудыг хамарч байсныг өргөжүүлж, Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа бол хэлэлцээрийн 12.1 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд хөрөнгийн зохистой харьцааны хэмжүүрүүдтэй холбоотой тохирох хязгаарлалтыг тогтоон хадгалах эрхийг олгож байгаа болно. Энэхүү хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь тус банкны дотоод засаглал, үйл ажиллагааны хүрээнд тус банкны үйл ажиллагааг төрөлжүүлж, банкны тогтвортой байдал болон гишүүн орнуудад үзүүлэх дэмжлэгийг сайжруулахад чиглэснийг сайд танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн 2013 онд тус банкнаас Өмнөд болон Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутагт үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээртээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөн хүлээн зөвшөөрч, соёрхон баталж байсан. Хэлэлцээрт оруулсан өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэх бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн орнуудын дөрөвний гурваас доошгүй хувь нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top