ОЛОН ӨНГӨ: Салхины үнэр

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Нар инээсэн, шинийн 5-ны өдөр хамрын үзүүрт хавар сэнхийж байна.

“Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр” гэж их зохиолч Д.Нацагдоржийн шүлгийг уянгалуулсаар урь анхилж байна.

Хол газар байгаа монгол хүн энэ л  үнэрийг сананам билээ. Эргэн тойрноосоо энэ л салхийг, энэ л үнэрийг үгүйлэн эрнэм билээ.

Мөдхөн дөө мөдхөн газар, тэнгэр нийлсэн улаан хавсарга тавина. Хатан дэлхий шороонд даруулж, хамаг бүхнээс шороо үнэртэх цаг ирнэ. 

Тэр цагт мөрөөрөө, зоргоороо Монголын салхи хүчээ гайхуулан аагархаж, Дундад улсыг дайлаар мордож, Гуулин, Наран орныг түйвээж өгнө. Суурин газрын хүн зон тух алдан тавгүйрхэж, хөөрүү, зоргоороо Монголын минь салхийг тээршаах өдөр ойрхон байна.

“Хаврын тэнгэр хартай” гэж буурай минь хэлдэг сэн. Хүний амьдрал ч бас даваатай, нугачаатайг  үргэлж сануулдаг сан. Харин одоо би тэр бүхнийг онхи таг мартаад, хавар эртийн салхитай бүжиглэмээр байна. Хавар...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 18

Хавраас илүү сайхан улирал бас байдаг юм ш дээ малаа.

0  |  0
Top