Ж.Оюунбилэг: Нэгэнт зөвшөөрөгдсөн вакциныг шинжлээд, туршаад суувал цаг алдана

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

Дэлхий дахинд тархсан корона­вирусний эсрэг өндөр хөгжилтэй улс орнууд өөр өөрийн гэсэн вакцинаа гаргасан. Дээрх вакциныг Монгол Улсын Засгийн газар эх орондоо оруулж ирж ард иргэддээ тарьж дархлаажуулах ажлыг нэн даруй хийхээр ажлаа эхлүүлсэн билээ. Коронавирусний төрөл болон вак­цины талаар Биологийн Шинжлэх ухааны док­тор профессор Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.


 

-Шинэ төрлийн коронавирусийг бактерилогийн зэвсэг эсвэл сарьсан багваахайнаас үүссэн гээд янз бүрээр таамагладаг. Шинжлэх ухааны үүднээс энэ вирусийг юу гэж тайлбарлаж байна вэ?

-Дэлхийн олон нийт төдийгүй эрдэмтэд бактерилогийн зэвсэг байж магадгүй гэж үзэж, таамаглаж байсан. Судлаад байхад биотерроризм юм уу, биологийн зэвсэгтэй холбоогүй, харин байгальд ийм төрлийн вирус байсан гэж үзсэн. ДЭМБ-ийн эрдэмтэд Хятадын Уханий лабораторид очиж хяналт шалгалт хийсэн. Гэхдээ бүрэн материалаа танилцуулаагүй юм байна лээ. Тухайлбал, эхний 200 өвчтөний материалтай танилцъя гэхэд хүний хувийн нууц гээд хаалттай хандсан. Олон улсын багийн зүгээс эцсийн дүгнэлт гараагүй, судалгаа шинжилгээ хийгээд явж байгаа. Эхний дүгнэлт нь Ухань хотод байгаа вирус судлалын хүрээлэнтэй хамаагүй юм байна гэж гарсан. Хүнсний зах дээр гарсан өвчлөл нь 2019 оны арваннэгдүгээр сараас ч өмнө гарсан гэсэн таамаг бий. Хүнд халддаг коронавирус нь сарьсан багваахайн вирустэй төстэй боловч сарьсан багваахайнаас шууд хүнд халдаагүй, харин завсрын өөр амьтнаар дамжсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Өмнө нь коронавирусний хоёр төрлийн халдвар гарч байсан бөгөөд SARS-1 нь булга маягийн амьтнаас, MERS нь Ойрх Дорнодын нэг бөхтэй тэмээнээс халдсан гэж үздэг.

-Коронавирус мутацид орж, шинэ төрлийн вирус гарлаа гээд гаднын орнуудаар шуугиад байна шүү дээ. Эдгээр вирус нь вакцинд хэр тэсвэртэй юм бол. Тийм судалгаа бий юу?

-Вирусний омгийг дезоксинуклейнхүчил агуулсан вирус, рибонуклейнхүчил агуулсан вирус гэж ангилдаг бөгөөд 23 овог бий. Үүний 17 нь рибонуклейнхүчил агуулсан. Зургаа нь дезоксинуклейнхүчил агуулсан байдаг. Коронавирусний овог дотор 40 гаруй вирус байна. Коронавирус нь хэмжээ томтой бөгөөд 30 мянган хос нуклеотид агуулсан РНХ дотроо хоёр дахь том вирус. Томуугийн вирус жил бүр мутацид орж дэлхий даяар тархдаг шүү дээ. Хүнд халддаг амьсгалын замын өвчлөлийн 15-20 хувийг коронавирус үүсгэдэг. Үүнийг улирлын коронавирус гэж нэрлэдэг. Вирусний амьдралын үндэс нь мутацид орох юм. Мутацид орж байж байгаль орчиндоо зохицон амьдардаг. Вирус нь өөрийнхөө үндсэн шинж чанарыг бүр мөсөн өөрчилж чадахгүй л дээ. Өмнөд Африк, Бразил, Их Британи зэрэг орнуудад үүсээд байгаа 4-5 мутаци бол эмэнд тэсвэртэй, вакцин үйлчлэхгүй гэж хараахан тогтоогоогүй. Хамгийн сүүлд Өмнөд Африкт үүссэн B15, 25 гэдэг вирусийг вакцинаас зугтаах зайлсхийх чанартай байж магадгүй гэж тогтоосон. Дэлхийн хөгжил хурдацтай, аялал жуулчлал глобалчлагдсан энэ үед хэдхэн цагийн дотор хаа ч очих боломжтой болсон тул янз бүрийн халдварт өвчин тархах магадлал маш өндөр. Хилээ хаагаад, айгаад суугаад байлтай нь биш дээ, үндэсний чадавхаа сайжруулах, үндэсний үйлдвэрийн эм вакцинаа дэмжих л хэрэгтэй. 

-Манай оронд оруулж ирэх гэж буй вакцины талаар иргэд  янз бүрийн ойлголттой байгаа шүү дээ. Зарим нь вакцин хийлгэнэ, хийлгэхгүй гээд л...

-Хүн төрөлхтөнд хамгийн анх 1880-аад оноос Галзуугийн эсрэг вакцин хийж эхэлсэн. Ковид-19 гарснаас хойш жилийн дотор вакцин гарсан. Хурдан хугацаанд вакцин гарангуут ард иргэд вакциныг хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хэсэг бүлэг хүний бизнес гэсэн янз бүрийн хардлага бий. Энэ бүхэн үндэслэлгүй зүйл. Өмнө нь судалгаа хийсэн бэлэн материал байсан учраас вакциныг хурдан гаргасан. Тухайлбал, вектор вакциныг эболоа вируст хийж туршсан. МERS халдвар дээр туршсан бэлэн вакцины технологи байсан. Тэдгээрийг ашигласан. Өнгөрсөн оны гуравдугаар сард шинэ вирусний 30 мянган хос нуклеотидын дарааллыг Хятад улс хэвлээд гаргасан байсан нь маш их хэрэг болсон. Вирусний гадарга дээр байгаа S буюу сэртэн уургийн ген нь вакцины дархлааг анх үүсгэдэг зүйл нь.  Энэ вирусний омгийг ОХУ зүгээс авъя гэхэд Хятад улс өгөөгүй. Яагаад гэвэл зах зээлийн өрсөлдөөн явж байна шүү дээ.  Вирусний 30 мянган хос нуклеотидын дарааллаас хиймлээр ген угсрахад маш үнэтэй. Тиймээс ОХУ нь анх халдвар авсан  өвчтөнөөсөө вирусээ ялгаад генээ авсан. Тэгж вакциндаа хурдан орсон түүхтэй. “Модерна” вакцин нь АНУ-ийнх, "Пфайзер" вакцин нь Герман, Америкийн хамтарсан компанийх, “AстраЗенека”, “Гамалея” институтийн вакцин нь хоёулаа вектор вакцин юм. Сэртэн уургийг кодолж байгаа мэдээллийн РНХ-г тосон бөмбөлгөөр хучаад нано технологийн аргаар эсэд хүргэнэ. Вектор вакцин нь амьд вирус дотор сэртэн уургийн генийг угсраад амьд юм шиг халдаагаад дархлаа үүсгэдэг. Аденовирусийг эсэд ургуулаад коронавирусний S уургийн генийг дотор нь хийж угсраад вирусний генийг зөөж байгаа юм. Эс дотор орохдоо өвөрмөц бус дархлаа үүсээд, өвөрмөц бус дархлаа нь эсийн ба шингэний дархлаа болж хувирдаг. Аденовирус гэдэг нь амьсгалын замын өвчин үүсгэдэг вирус. Тиймээс вектор вакцин нь гурван төрлийн дархлаа үүсгэж чаддаг давуу талтай. Харш сөрөг нөлөө бага, настай хүнд хийлгэхэд тохиромжтой. “AстраЗенека” вакцин нь Английн компани бөгөөд сармагчны аденовирусийг үндэс болгож авсан бол ОХУ-д бүтээсэн коронавирусний Спутник вакцин нь хүний аденовирусний 5, 26 гэсэн хос вирусийг авсан. Дээрх бүх бүх вакциныг 21-28 хоногийн зайтай хоёр тунгаар хийдэг. “AстраЗенека” вакцины дархлал нь бага гарсан бол "Спутник" вакцины дархлал нь 91.6 хувь гарсан.

-Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээгээр халдвар тэд нэмэгдлээ гэсэн тоо л яриад байдаг. Иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар халдвар авсан хүнд илэрч буй шинж тэмдгийг нарийн задалж мэдээлэх боломж байдаггүй юм уу?

-Халдвар авсан хүний нас, биеийн онцлогоос шалтгаалаад илрэх шинж тэмдэг янз бүр болохоор тэр бүхнийг тоочих арга байхгүй л дээ. Өвчлөлийн тархал зүйн үзүүлэлтийг сайн ярих нь чухал. Жишээ нь, Европ, Америкийн хүн амын насжилт өндөр, удамшлын шалтгаантай байдаг учир илүү эмзэг байдаг. Зүүн өмнөд азийн орнуудад халдвар хурдтай тархахгүй байна. Ялангуяа манай орны хувьд цаг уур, байгаль газар зүйн тогтоцтой холбоотой. Өвдсөн ч хөнгөн хэлбэрээр өвдөж байна.

-Дэлхий дахинд сонгосон вакцинаа гурван долоо хоногийн хугацаанд клиник туршилт хийж байж хүн амдаа тарьдаг. Монголд вакциныг шууд оруулж ирээд тарих нь хэр зөв юм бол?

-Вакциныг хэрэглэх, сонгох нь тухайн улсын Үндэсний хяналтын байгууллагын эрх үүрэг. Манайд бол Эрүүл мэндийн яамны хийх ёстой ажил. Олон Улсын түвшинд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл гаргасан. Жишээ нь, “AстраЗенека” вакциныг зөвшөөрсөн байна. Бид зөвшөөрөгдсөн вакциныг шинжлээд, туршаад суувал цаг л алдана. Өвчний тархалтыг хяналтад авахын тулд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлөөр оруулж ирж байгаа.

-Манай оронд вакцины хадгалалт, тээвэрлэлт тал дээр стандартын шаардлагыг нь хэр сайн хангасан юм бол.  Жишээ нь, Пфайзер вакциныг хасах 70 хэмд хадгалах ёстой гээд байгаа шүү дээ?

-Ерөнхий сайд хадгалах нөхцөлийг нь очиж шалгасан. Хасах 70 хэмийн хөлдөөгчийг нь бэлдсэн байсан. Манай улс 2020 онд "КОВАКС" хөтөлбөрт орох хүсэлтээ хүргүүлж байсан. Энэ цагаас бэлтгэл ажлаа хангаж ирсэн. Улмаар хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах боломжтой болсон. Мөн гурван өөр түвшинд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах бэлтгэлээ базаасан. Дэлхийд шинээр бүтээгдэж буй хасах 70 хэмд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах, хадгалах нөхцөл бүрдсэн. Гэхдээ хаа хол Ховд, Баян-Өлгий рүү тэр бүхнийг зөөж тээвэрлэнэ гэдэг хүндрэлтэй. “AстраЗенека” вакциныг энгийн хөргөгчинд хадгалж болдог. "Спутник" вакциныг хасах 12-20 хэмд хөлдөөж болно.

-Вакцин тариулсны дараа хүмүүст тариулсан гар нь бадайрах, өвдөх зэргээр “вакцины гар” хэмээх шинж тэмдэг илэрч байна гэнэ. Дэлхий дахинд 100 мянган хүн тутамд нэг хүнд хүчтэй хариу урвал илэрч байна гэдэг судалгаа ч бий. Вакцины товлолт тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Вакцины дараах урвал сөрөг нөлөө гардаг. Монголд оруулж ирэх вакцин нь тухайн орондоо туршилт хийгдсэн. Шат, шатанд нь аюулгүй байдлыг нь шалгаж, дархлаа үүсэж байна уу гэдгийг нь нягталсан. Жишээ нь, “Спутник” вакциныг 20-30 мянган хүнд туршсан. Дэлхий дахинд вакцины туршилтаар нүүр саажих, өндөр настай хүн нас нарсан цөөхөн тохиолдол байгаа. Үүнийг юуг нь нуух вэ. Хэвлэл мэдээллээр нэвт явчихсан зүйл. Алдаанаасаа суралцаж хөгжих нь чухал. Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч ажилтнуудаа хамгийн түрүүнд вакцинд хамруулна. Мөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсээ вакцинжуулна. Залуу хүмүүс, хүүхдүүд халдвар тархаах боловч хөнгөн өвдөж байгаа тул тарихгүй. 18-аас доош насныханд дэлхийн дахинд вакцин хийхгүй байгаа. Вакцин тариулсан хүнд ховор тохиолдолд дахин халдвар авч байна гэсэн судалгаа бий боловч өвчнийг хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй. Ер нь вакцин тариулснаар дээрх хүндрэлээс хамгаална гэдэгт иргэд маань итгэх хэрэгтэй. Манай улсад хоёр хүн нас барсан гэдэг Европтой харьцуулахад маш бага тоо.

-Манай улсад Биобэлдмэл вакцины улсын хяналтын лаборатори гэж байсан. Дэлхий дахины туршлагаас суралцаад цаашид үндэсний хэмжээнд вакцин гаргах боломж бий юу?

-Биобэлдмэл вакцины улсын хяналтын лаборатори нь 1976 онд байгуулагдсан. 1996 онд Мэргэжлийн хяналтын байгууллага салахдаа энэ лабораторийг аваад явсан боловч устгачихсан. Тэдгээр хүмүүс хариуцлага үүрэх ёстой. Бид лабораторио сэргээх саналыг олон удаа өгсөн боловч хараахан шийдэгдээгүй байгаа. Монголд анх 1933 онд Бактери шинжилгээний газарт вакцин хийж Цагаан цэцэг өвчнийг 1940 он гэхэд бүрэн устгасан. Дэлхий дахинд 1980 онд гэхэд бүр мөсөн утсгасан ганцхан өвчин бол энэ өвчин. Манай улс түүхэндээ Галзуугийн вакцин, Балнадын вакциныг хийж байсан. Вирусний омог манай улсад хангалттай тул үндэсний хэмжээнд өөрсдөө вакцин гаргах бүрэн бололцоотой. Бид Вектор вакцины хоёр омог гаргаж авсан. Цэцгийн вакцины вирус-B гепатитын омог, Аденовирус-Энтеровирус-71 гэсэн хоёр Вектор вакцины омог байгаа. Гэхдээ энэ бол вакцин болгоод хэрэглэх түвшинд хараахан хүрээгүй. Бид дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй. Манай вакцины үйлдвэрийг 2019 онд Д.Сарангэрэл сайд байхдаа албан ёсоор нээсэн. Шинжлэх ухааны суурь баазыг нь тогтвортой дэмжиж, үйлдвэртэй нь холбож өгвөл 1-2 жилийн дотор дотооддоо вакцин үйлдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь вакцины үйлдвэрийн хажууд вакцин хянадаг лабораторио даруй нээмээр байна.

-Гадаадаас оруулж ирж байгаа вакцин нь үнэ ханшийн хувьд янз бүр байх шиг. Вакцин хийлгэх нь хүний эрх байх. Хэрэв вакцин хийлгээгүй бол хил давуулахгүй гэсэн яриа ч чих дэлссэн. Та аль вакциныг нь сонгох вэ?

-Пфайзер вакцин 25-30 ам.доллар, вектор вакцин “Спутник” 10 ам.доллар, “AстраЗенека” вакцин 3-4 ам.доллар байна. Дэлхий дахинд ОХУ, Их Британи, АНУ, Герман, Франц улс вакцин хийлгэсэн бол Япон вакцин хийлгэхээр зэхэж байна. Туршилтын үр дүнд Вектор вакцин хамгийн үр дүнтэй гэж эрдэмтэн хүний хувьд дүгнэж байгаа. Гэхдээ “AстраЗенека”, “Гамалея” хүрээлэн хоёр хамтарч гэрээ хийж, хавсарт хэрэглэвэл үр дүнд нь өндөр гарна гэж үзэж байгаа. Вакцин хийлгэх нь хүний эрх. Үүнийг сайн дураараа хийлгэх ёстой. Зардлыг нь улсаас даана шүү дээ.

Вакцин хийлгээгүй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй гэдэг нь хүний эрх зөрчсөн асуудал тул ДЭМБ үүнийг дэмжихгүй байгаа. Гэвч ДЭМБ үүнийг хүний эрх гэдэг утгаар нь зөвшөөрөхгүй. Үүнийг баттай хэлье. ОХУ-д вакцин хийлгээд өвчлөл 50 гаруй хувиар буурсан. Вакцины ач холбогдлыг үгүйсгэж болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.119) 2021 оны 02 сарын 19

Шилэн дотор байгааг зүйлийг хор юмуу хоол юмуу энэ нөхөр яаж мэдлэгийн ард иргэдийнхээ саналаар оросын вакцин авч хийлгэвэл сэтгэлд сэвгүй юм даа

0  |  0
ЗОЧИН(202.9.47.11) 2021 оны 02 сарын 24

БИОБЭЛДМЭЛ ВАКЦИНЫ УЛСЫН. ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИТАЙ БОЛМОО ЮМ БАЙНА. Энэ нь вакцин үйлдвэрлэлийн дэргэд байх ёстой. Өмнө нь Биологийн Шинжлэх Ухааны доктор,профёссор Ж.Оюун билэг гуай eagle телевизээр сэтгүүлч Ганбаяр урьж оролцуулахад маш сайхан дэлгэрэнгүй вакцины талаар ярьсан. МАНАЙ УЛС ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ ЛАБОРАТОРИТАЙ БОЛМООР БАЙНА ГЭЖ Ж.ОЮУНБИЛЭГ ГУАЙ ДАВТАН ХЭЛЖ БАЙСАН.ЭМЯ-ны САЙД С.ЭНХБОЛД ТА АНХААРАЛДАА АВНА УУ!

2  |  0
иргэн(202.9.46.77) 2021 оны 02 сарын 24

Манайх вакцин үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй юм байна даа, цаашдаа коронавирус шиг ямар ч өвчин гараа билээ, бас хажууд нь вакцины лабораторийг нь байгуулж өгмөөр юмаа. хүний аденовирусээс гаргаж авсан спутник вакциныг оруулж ирээчээ, иргэд чинь хүсээд байгаа юм бишүү, оросууд өгье гэсэн шүү дээ, засаг төр минь иргэдийн сонголтыг хүндэтгэж үзээсэй дээ.

2  |  0
Уншигч(192.82.77.156) 2021 оны 02 сарын 19

Их үнэтэй бас бага үнэтэйг нь бус дундуур нь 10 долларын спутник зүгээр юм байна

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 19

Вакцин дархлаа тогтооно. Вакцин биологийн аюултай зэвсэг. Вакцин эрүүл мэндийг хамгаална. Вакцин хүнийг үй олноор нь устгана. ЭДГЭЭРИЙН АЛЬ НЬ ҮНЭН БЭ?

0  |  0
Оросын вакцин сайн(188.62.227.194) 2021 оны 02 сарын 24

Оросын вакциныг яаралтай оруулаач ээ. Тэр Ковакс чинь зунаас наашгүй. Тэрийг хүлээх хэрэггүй.

2  |  0
zochin(122.201.23.226) 2021 оны 02 сарын 19

ug irj bui Part n ogogthuunuud taarch buig shalgahad iluudehgui bzde

0  |  0
Бат(202.9.46.161) 2021 оны 02 сарын 19

Нэгэнт зөвшөөрөгдсөн жинхэнэ вакцина шууд л тариулая харина хятад вакцины шилэнд савласан NACE уусмал бүү байгаасай

0  |  0
Top