Төлбөрийн тэнцэл 2020 оны дөрөвдүгээр улиралд 360 сая ам.долларын ашигтай, 2021 онд 513 сая ам.долларын ашигтай гарахаар байна гэсэн төсөөллийг Төв банк өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулж байв.
Цар тахлаас өмнөх эдийн засгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлд анхаарч байсан боловч томоохон шокийг даван туулахад хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлтийг ОУВС-гаас сануулж байсан. Энэ нь манай гадаад эрсдэл буюу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг анхааруулж байв.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан мэдээллээс үзэхэд гадаад эрсдэл өндөр байсан ч төлбөрийн тэнцлийн үзүүлэлт эерэг гарчээ. Энэ нь цар тахлын хүнд үед төлбөрийн тэнцлийн статистик үзүүлэлтийг сайжруулах гол нөхцөл нь манай эдийн засгийн өөрийн бүтцийн сул талаас хамаарлаа гэж нэг талаас харж байна.
Учир нь манай улсын төлбөрийн тэнцлийн дүр зургийг харахад үйлчилгээний дансны алдагдал өндөр байдаг. Энэ нь эдийн засгийн өрсөлдөх чадвар, дэд бүтцийн хөгжил султай холбоотой.
Тухайлбал, нарийн мэргэжлийн үйлчилгээг манай дотоодын аж ахуйн нэгжүүд олгож чадахгүй, гаднаас авдаг. Мөн дотоодын аж ахуйн нэгж, иргэдийн гадагшаа төлж байгаа зээлийн төлбөр, хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашгийн төлбөр зэрэг нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлтэд жин дарах нөлөөллийг үзүүлдэг болохыг эдийн засагчид хэлдэг.
Хуримтлагдсан дүнгээр Монгол Улсын урсгал данс 2008-2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Үүнийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бондын өр төлбөрөөр санхүүжүүлж ирсэн. Үр дүнд нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц -34.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй, үүн дотроо гадаад өр 30 тэрбум ам.доллар дөхөж нэмэгдсэн байдаг.
Эхэнд хэлсэнчлэн Үндэсний статистикийн хорооноос сүүлд танилцуулсан мэдээллээр төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх оноос 1.7 дахин өсөж, 786.9 сая ам.долларт хүрчээ.
Тодруулбал, Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 433 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оноос 1.7 тэрбум ам.доллар буюу 80 хувиар буурчээ. Ингэж буурахад үйлчилгээний худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.доллар, анхдагч орлогын данс 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна. Урсгал данс арванхоёрдугаар сард 27.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сараас 267.5 сая ам.доллароор буурчээ.
Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 632.7 сая ам.доллар, зарлага 2.1 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оноос 600.1 сая ам.доллароор, зарлага 1.2 тэрбум ам.доллароор тус тус буурсан байна.
Төлбөрийн тэнцэл 2019 онд 452.9 сая ам.долларын ашигтай байсан бол 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 334 сая ам.доллароор өсөж, 786.9 сая ам.долларын ашигтай байна. Арванхоёрдугаар сарын тухайд төлбөрийн тэнцэл 777.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 474 сая ам.доллароор өсжээ.
Сануулахад, Төлбөрийн тэнцлийн урсгал данс өнгөрсөн оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 722.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 20.8 сая ам.доллар буюу 2.8 хувиар буурсан.
Төлбөрийн тэнцэл зургаадугаар сард 452 сая ам.доллар, долоодугаар сард 335 сая ам.долларын ашигтай гарсан. Үүнд экспортын дүн зургаадугаар сараас хойш 2-3 дахин нэмэгдсэн голлон нөлөөлсөн. Гадаад худалдааны тэнцэл аравдугаар сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай гараад байна. Ингэснээр гуравдугаар улирлын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт багасаад байна гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин тайлбарласан юм.
Сэтгэгдэл ( 0 )