Кино зураглаач Лхагваа

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 20

/Соёлын гавьяат зүтгэлтэн/

Орчлонд олон сайхан хүмүүстэй танилцаж, ойр дотно нөхөрлөж ирлээ. Үүнийгээ тэнгэрийн өгөгдлөөр надад заяасан, ховорхон аз завшаан хэмээн боддог. Тиймдээ “Ямар сайхан хүмүүсийг бурхан надад заяасныг Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” гэсэн нэгэн дууны үгийг үе үе амандаа шившиж явдаг юм. Миний нөхөрлөж ирсэн сайхан хүмүүсийн дунд Лхагвадорж гэдэг нуруутай, дөлгөөхөн эр бий. Надаас дүү учир намайг ах гэж авгайлна. Харин би түүнийг “Дөлгөөн” Лхагваа гэж найз нөхдийнхээ дунд нэрлэнэ. Кино зураглаач мэргэжилтэй, оросоор бол ихээхэн “читающый” эрхэм.

Б.Лхагвадорж маань Дундговь аймгийн уугуул гэх боловч Улаанбаатар хотын алдарт “Дөчин мянгат”-д сэхээтний гэр бүлд  өссөн, ерөнхийдөө “Элит” гэхээр хүн. Бүр товчоор хэлэхэд 1970-аад оны “Хүрээ хөвгүүд”-ийн нэг. Гэсэн ч тэр хөөрүү онгиргон, давилуун зангүй, “Монголоороо” байж чаддагаараа ялгарна.

Б.Лхагвадорж маань хүүхэд ахуй цагаасаа зураач болно гэж боддог байсан ч хувь тавилангаа даган Монголын кино үйлдвэр гэсэн том айлын босгыг алхсан гэдэг. Ийнхүү киноны уран бүтээлч болох замд орсныгоо Лхагвадорж маань аз завшаан гэж үздэг юм. Үнэхээр түүнийг кино үйлдэрт орох үед Монолын кино урлагийн “Алтан үеийнхэн” бүгд сэрүүн тунгалаг, хийж бүтээхийн хүслээр жигүүрлэж байсан учир залуу оюун ухааныг нь ховсдон хөтөлж, дур сонирхлыг нь өрнүүлжээ. Монголын кино урлагийн “од” болсон найруулагч Д.Жигжид, Р.Доржпалам, Б.Сумхүү, Ж.Бунтар, зураглаач О.Уртнасан, Б.Баттулга зэрэг “аваргууд” бүгд л сэрүүн байсан аж. Тэд ч амьдралын туршлага болон мэргэжлийнхээ онцлогоос болоод хэний хүү хэн гэдгийг таньж мэдэхдээ бузгай байсан нь мэдээж.

Угийн дуулгавартай, зан харьцаа сайтай, дөлгөөхөн Б.Лхагвадорж олон киноны зураг авалтаар техникийн туслах болон туслах зураглаачаар ажиллаж удалгүй “аварга”-уудын талархлыг хүлээж “Манай кинод тохирох залуу байна” гэсэн үнэлгээ авсан аж. Б.Лхагвадорж киноны туршлагатай энэ ахмадуудаас байнга суралцаж, кино бүтээх их ажлын “цагаан толгой”-г өөрийн болгож авсан хэрэг.

Ингэж эрчимтэй, санаачлагатай ажилласны үр дүнд дарга удирдлагуудынхаа дэмжлэгийг авч 1979-1985 онд ЗХУ /хуучин нэрээр/-ын Кино урлагийн дээд сургуулийг зураглаач мэргэжлээр дүүргэжээ. Тухайн үед Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль төгсөнө гэдэг ховор аз завшаан байв.

Ажил амьдралын амт шимтийг үзчихсэн, дээр нь хүүхэд байхаасаа унших гэгчийг эрхэм болгож боловсорч гэгээрэхийн утга чанарыг ойлгосон Б.Лхагвадоржид дэлхийн кино урлагийн түүх, түүний нарийн нандин нууц, кино бүтээх эрдмийн шимийг хүртэхэд тийм хүнд байсангүй. Мөн Монголын кино урлагийн “од”-уудтай хамтран ажиллаж байсан жилүүдийн туршлага, тэднээс сурч мэдсэн зүйл нь ихээхэн тус нэмэр болсон аж. “Санаа сайн бол заяа сайн” гэдгийн үлгэр тэр л дээ.

Ийнхүү Б.Лхагвадорж маань “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн” жинхэнэ мэргэжлийн зураглаач болон иржээ. Хийж бүтээхийн хүсэл эрмэлзлэл дүүрэн залуу, кино үйлдвэрийнхээ нөгөө бүтээлч хамт олныхоо дунд итгэл найдварыг биелүүлээд буцаад ирэх нь ямар эерүү зөөлөн, халуун дотно байсныг нь өгүүлэх илүүц биз.

Түүнийг дарга удирдлагууд нь хүлээн аваад баримтат киноны нэгдэлд зураглаачаар ажиллуулжээ. Б.Лхагвадоржтой хамт Ж.Биндэр, Д.Балчинпүрэв, Ш.Оёо нар төгсөж ирсэн гэдэг. Энэ үед ЗХУ-ын “Перестройка”-гийн үлгэрээр Монголд өөрчлөн байгуулалт өрнөж байв. Амьдралыг дандаа “улаан” үзэл суртлын өнцгөөс харж, царцанги, хөшүүн байдлаар тусгадаг хэв загвар харьцангуй зөөлөрч байсан цаг л даа.

Шинэхэн зураглаач Б.Лхагвадорж “Дахин төрсөн хүү”, “Сүүдэр дагагчид”, “Олимпийн сургамж”, “Найм хагас” /Хуяг-Очирын хамт/ зэрэг баримтат киноны зураг авч, шүүмжлэлтэй, сургамжтай өнгө аясыг нэмэв. Энэ үед түүний их сургуулийн анд нөхөр найруулагч Жумдаан “Эргүүлэг” гэдэг уран сайхны кино бүтээж социализмын ёс суртахууны ялзралыг дэлгэн тавиад шуугиан тарьж байв. Сургууль төгссөн залуучуудын эдгээр зоримог алхам нь Монголын кино урлагт шинэчлэл хийх цаг болсны дохио болж байсан гэж үзэж болно.

Энэ үед Б.Лхагвадорж кино үйлдвэрийн ерөнхий зураг­лагчаар дэвшин ажилласан юм. Энэ томилгоо нь Б.Лхагвадорж үзүүлсэн Монголын киночдын итгэл байлаа.

Удалгүй 1990 оны Ардчилсан хувьсгал, нийгмийн тогтолцоог бүрэн өөрчилж, сэтгэлгээний явцуу, нэг маягийн хэв загвараас гарах үүдийг нээв. Ялангуяа нийгмийн оюун ухааны тэргүүн фронт болсон уран сайхны сэтгэлгээнд урьд өмнө байгаагүй цоо шинэ алхмууд хийгдэж, шинэ урсгал чиглэлүүд буй болж эхэлсэн юм.

Энэхүү зах зээлийн нийгмийн тогтолцооны аяс даган урлаг соёлын байгууллагууд үүдээ барихад Б.Лхагвадорж найз Ж.Биндэрийн хамт “Орчлонфильм” студи байгуулан ажилласан аж. Энэ үеэс Б.Лхагвадорж маань уран сайхны кинонд хүч сорихоор туршлага мэдлэг чадвараа дайчлан ажиллажээ. Уран сайхны кино бүтээнэ гэдэг нь том багаар эрчимтэй бөгөөд санаа нийлж ажиллан ард нь гардаг ажил аж.

Ингэж Б.Лхагвадорж санаа нийлсэн, зөв бөгөөд “зөөлөн” багтай хүсэл зориг нэгдэн нэг их үсэрч цовхчсон биш аядуу зөөлөн, монголын уламжлалт “төв үзэл”-д эрхшээсэн сэтгэлгээний хувьсгалыг хийлцсэн юм. Тэр миний дээр тэмдэглэсэнчлэнгээр их уншиж монгол хүний “цээжний ном” хийгээд дээд гэгээрэл болон Монголоороо орших”-ын учрыг ойлгосон сэтгэлийн боловсролтой зөөлөн нэгэн боловч яруу сайхны чинад утгыг дүр дүрс, тохирсон өнцгийн гэрэл, сүүдрээр илэрхийлэхийг эрмэлзэн ажилласнаар уран бүтээлийн олз хишигтэй явж ирсэн юм. Түүний хамтран бүтээлцсэн “Харуул занги”, “Хүний хүн”, “Аянгат цагийн дууль”, “Хүйн холбоо”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Домог жаргасан цаг”, “Далд уянга”, “Хайрын нулимс хатдаггүй”, “Эцгийн голомт” зэрэг 40 гаруй уран сайхны кино нь түүний болон баг болж ажилласан уран бүтээлчдийн уран сайхны сэтгэлгээний өсөлт, хөгжилт, арга барилын шинэчлэлийг тодорхой илэрхийлнэ.

Тэдгээр киног бүтээхэд Б.Лхагвадорж маань ерөнхий зураглаачаар ажиллаж дүрсийн шийдэл, өнгө, гэрэл сүүдэр зэргийг онцгой тохируулж киноны өгүүлэмжийг гайхамшигтай харуулж өгсөн байдгийг үзэгчид андахгүй. Кино найруулагч Л.Хишигдорж нэгэнтээ: “Б.Лхагвадорж зүгээр нэг найруулагчийн хүслийг дуугүй гүйцэлдүүлэгч биш, өөрийн үзэл бодолтой, харах өнцөг, кино драматург, уран зураг, гоо сайхны өндөр мэдрэмжтэй зураглаач-найруулагч гэхээр бие даасан уран бүтээлч юм” гэж өгүүлсэн нь бий. Үнэхээр Б.Лхагвадорж киноны үйл явдлын өрнөл хөгжил, өгүүлэмжийн чинад утга, тайлал зэргийг гярхай мэдэрч дүрсийн оновчтой шийдэл гаргадгаараа онцгой зураглаач юм.

Кино урлаг судлалч нар Б.Лхагвадоржийн маань бүтээлцсэн киног хэрхэн үнэлж дүгнэдгийг би мэдэхгүй. Ямартаа ч В.И.Ленин коммунизмын утопи үзлийн онолыг номлогч байсан ч оюун ухаан, эрдэм боловсролыг эрхэмлэгч байсан үүднээсээ “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн үзэл бодлын үүднээс авч үзвэл Б.Лхагвадоржийн маань бүтээлцсэн кинонууд Монгол улсын түүх соёл, аж амьдралын хэв маяг, зан заншил, уламжлалыг гэрэл дүрсийн аргаар нээж үзүүлснээрээ манай кино урлагийн түүхийн хуудсыг баяжуулсан юм.

Үнэхээр миний эрхэм найз, дүү кино зураглаач Б.Лхагвадорж маань Монголын кино урлагийн түүхийн шинэхэн үеийн түүхийн амьд гэрч, томоохон төлөөлөгч. Энэ үнэлгээг жирийн уран зохиолч би төдийгүй Монголын кино урлагийн түүхийн том төлөөлөл болсон МУУГЗ найруулагч Н.Зундуй, Ж.Норолхоо, Б.Цогтбаяр, Б.Нагнайдорж, Ж.Солонго нарын олон уран бүтээлч нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Энэ бол том үнэлгээ юм.

Би хэдийгээр “Дөлгөөн” Лхагваа дүүтэйгээ кино урлагийн тэргүүн фронт дээр мөр зэрэгцэж яваагүй ч түүний бүтээлцсэн уран сайхны кинонуудыг үзэж сонирхооод Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль дүүргэсэн кино бүтээгч нарын тэргүүн эгнээний уран бүтээлч гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. “Хамгийн хүнлэг ариун хүн л сайн уран бүтээл хийдэг” гэсэн нэгэн мөрдлөгөөр Б.Лхагвадоржийн киноны уран бүтээлийг сайнаас өөрөөр үнэлэх аргагүй. Б.Лхагвадорж маань төрөлхийн дуу цөөтэй, аяс намуухан, ааш араншин зөөлөнтэйн дээр ихийг уншиж сонссоны үрээр ухаан нь гүнзгийрч сэтгэлийн боловсрол олж авсан хүн. Ямар ч цаг үед нэг зангаараа байж, аливаа асуудалд үнэн сэтгэлээсээ хандана. Сэрэхүй нь гайхмаар тунгалаг.

Уншсан ном, үзсэн киноныхоо аль нарийн нандин дүрслэл, үйл явдлын зангилаа болсон хэсгийг ой ухаандаа шингээн авснаа зөөлхөн ярьж урам сэргээнэ. Уулзан учрах болгонд тийм нэг таатай сайхан сэтгэгдлийг төрүүлнэ. Түүнд аархал, ихэрхэл, ааархал цэцэрхлийн өчүүхэн ч үндэс байхгүй нь сайхан. Өнөө цагт тийм хүн даан ч ховор болж дээ. Үнэндээ надад “Дөлгөөн” Лхагваагийн үйл хөдлөл, үг яриа бүхэн нь эгэл жирийн амгалан оршихуйн “үлгэр” мэтээр тусдаг. Тэр эхнэр, үр хүүхэд, эгч нартаа туйлын элгэмсэг хандана. Тэр ч чанараараа зээ нараа эрхлүүлэн зуны гурван сарыг зусланд өнгөрөөх юмуу эсвэл эгч нартаа бараа болж Дундговийнхоо говь талын салхинд гарч хийморио сэргээнэ. Заримдаа Ж.Биндэр нарын найз нараа дурсан хөнгөн гунигт автана. Бас үе үе санаа нийлсэн нөхөдтэйгээ уран сайхны болон баримтат киноны аянд мордоно. Тэр бүхнээсээ Лхагваа маань сонин содон дурсамжтай бууж, чихний жанлав хөгжөөнө. Ялангуяа аж амьдралын хөнгөн зөөлөн гэгээн ая  айзмыг гүн тусгаж ирнэ. Тэр бүхэнд түүний эмзэг торгон мэдрэмж онцгой тодордог.

Ингэж л “Дөлгөөн” Лхагваа маань 60 хол гарчихсан ч төрөлхийн зөөлөн сэтгэл, зөв бодлоороо бусадтай сүж барилдан, аливаад түүртэж үүлгэртэлгүй гэгээтэй явна. Энэ байдал нь хүүхэд залуучууд хийгээд шавь нарт нь сайн үлгэр болдог нь тодорхойд ахуй наснаасаа ёс суртахууны сууриа зөв тавьж, эрдмийн шимээр тэтгэж чадваас өөртөө дандаа эерэг энерги татаж, үйлс төгөлдөр амьдарна гэж нэмж хэлэлтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэл(202.21.108.234) 2021 оны 02 сарын 20

Даруухан ухаалаг хүн шүү.

0  |  0
Б.Жамбалсүрэн(192.82.71.160) 2021 оны 02 сарын 20

Эрхэм анддаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөхийн ялдамд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе\n

0  |  0
Б.Жамбалсүрэн(192.82.71.160) 2021 оны 02 сарын 20

Эрхэм гэгээлэг андаа эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөхийн ялдамд уран бүтээлий өндөр амжилт хүсэн ерөөе

1  |  0
Top