БНХАУ-ын эрх баригчид цаг агаарыг хянаж, хур тундсыг хүссэнээрээ захирахаар мэрийж буй нь хөрш хил залгаа орнуудын сэтгэлийг түгшээх асуудал болсон талаар ВВС агентлаг тойм бэлтгэснийг хүргэж байна.
Хятадын эрх баригчид цаг агаарыг хэрхэн зохицуулах вэ?
Хэдийгээр тэнгэр цэлмэж, нар хурцаар гэрэлтсэн өдрүүд цөөнгүй тохиодог ч Бээжин хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг билээ. Нарлаг сайхан өдрүүдэд Хятадын нийслэлд улс төрийн ямар нэг чухал уулзалт юм уу, олон улсын чанартай арга хэмжээнүүд болдог.
Энэ давхцал гэж үү? Огтхон ч үгүй. Хятадын эрх баригчид олон жилийн турш цаг агаарын төлөвийг өөртөө таатайгаар зохицуулах хөтөлбөр дээр ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 2-нд тус улсын Төрийн зөвлөлөөс үүнийг алхам урагшлуулах шийдэлд хүрчээ. БНХАУ-ын Засгийн газраас уг хөтөлбөрийг Бээжингээс бусад хэсгүүддээ ч өргөтгөн ашиглаж болох төлөвлөгөөний талаар зарласан юм.
Судлаачийн тэмдэглэснээр Хятадын хэдэн мянган хот, дүүрэгт агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ тариа, ногооны ургацаа хамгаалахын тулд үүлэнд хяналт тавихаар зорьж байна. 2025 он гэхэд нийт нутаг дэвсгэрийнхээ 60 орчим хувьд хүссэн үедээ бороо, цасыг хиймлээр оруулахаар өргөтгөсөн төлөвлөгөө боловсруулсан юм. Хятадад нэн тустай энэ арга хэмжээ харин хөрш зэргэлдээ орнууд, түүний дотор Энэтхэгийн эрх баригчдын санааг түгшээх болов. Экологийн хувьд сөрөг нөлөөтэй төдийгүй тус хоёр орны хооронд байнга үргэлжилсээр ирсэн газар нутгийн маргааныг ч энэ байдал эргэн даамжруулж мэдэхээр байгаа билээ.
Хятадад нэн түрүүнд бусад улс оронд ч түгээмэл хэрэглэдэг үүлний массд зориуд нөлөөлөх аргыг хэрэглэдэг. Иоджуулсан мөнгөний найрлага бүхий элемент болон бусад бодисоор үүл буудаж, хур тунадас оруулснаар тариалангийн талбайгаа гандахаас хамгаалж буй. Цаг агаарын шинжээч Карнатаки Жайрам ВВС-д өгсөн ярилцлагадаа “Олон оронд энэ технологийг ашигладаг. Хятад ч олон жил хэрэглэж байна. Гагцхүү бусад орон хэзээ ч Хятадад төлөвлөөд буй шиг өргөн цар хүрээнд ашигладаггүй” гэжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөх аргыг АНУ-д 1940-өөд оноос ашигласан бөгөөд “Үүнийг ямар нэг судалгаа, дүн шинжилгээгүйгээр амьдралд нэвтрүүлсэн. Уг арга ашигтай гэдгийг эрдэм шинжилгээний маш цөөхөн өгүүллээр л нотолсон шүү дээ” хэмээн Бээжингийн Боловсролын их сургуульд ажиллаж буй эрдэмтэн Жон Мур өгүүлсэн байна. Уг аргыг Хятадад “Үйлдвэрлэлийн асуудал” хэмээн нэрлэдэг гэнэ.
Тайванийн эрх баригчид хэлэхдээ “Эх газрын Хятадын цаг агаарыг хүссэнээрээ эрхшээх гэсэн хүсэл нь бүс нутгийн үл ойлголцол, сөргөлдөөнд хүргэж болзошгүй” гэжээ. Цаг агаар, хур тунадасыг хүссэнээрээ зохицуулах гэснээс болж хөрш зэргэлдээ орнуудад ган гачиг тохиох, хур бороо хомсдох зэрэг бэрхшээл нүүрлэж болно гэдгээс тэд сэрэмжлүүлж буй
Үүний зэрэгцээ үүл хөөх аргыг Бээжинд томоохон арга хэмжээний үеэр, тухайлбал жил бүрийн Парламентын чуулган хуралдах цагаар хэрэглэж, томоохон үйлдвэрүүдээ түр зогсоон агаарын бохирдлыг бууруулж зочид гийчдэд цэлмэг тэнгэр харуулж, цэнгэг агаар амьсгалах боломж олгодог ажээ. Хятадын 50 мянган хот, тосгод үүлэнд нөлөөлөх арга хэрэглэж фермерийн аж ахуй, тариан талбайгаа ган гачгаас хамгаалдаг болжээ. Үүний сацуу аадрын бөөн үүл хуралдаж үер буух, мөндөр орохоос сэргийлэн аюул тарихаас нь өмнө сарниулж, тариа будаагаа сүйдэхээс хамгаалж ирсэн. Гэхдээ алдаа гарах нь бас бий. Үүлийг “зохицуулснаас” болж 2011 онд Бээжинд их цас орсон удаатай.
Цаг агаарыг зохицуулах өргөтгөсөн хөтөлбөрт тусгаснаар байгалийн гамшиг учирсны дараа аж ахуйг сэргээх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ашгийг нэмэгдүүлэх, ой, тал хээрийн түймэртэй тэмцэх, хэт халснас шалтгаалан орон нутагт ган гачиг тохиох, сэрүүн бүсэд зуд турхан нүүрлэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Өөр бусад нарийн төлөвлөгөөг Хятадын Засгийн газар хараахан нийтэд дэлгэсэнгүй. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ихээхэн санхүүжилт гаргаж, ихэвчлэн орон нутгийн засаг захиргаа арга хэмжээг зохион байгуулдаг талаар ВВС-гийн Бээжин дэх сурвалжлагч Ван Ицин тэмдэглэжээ.
Хятадын баруун хойд Ганьсу мужид \Монгол Улстай залгаа\ л гэхэд төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх амбицдаа хөтлөгдөн Засгийн газрын шийдвэр гарснаас ганц сарын дараа гэхэд дронууд ашиглах болсон байна. Тэртэй тэргүй БНХАУ цаг агаарыг удирдахад зориулан Ганлин-1 буюу “Амтат бороо” нэртэй дрон ашиглах болсон талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
Дрон ашиглан цаг агаарыг эрхшээх оролдлого нь хөрш орнуудын зүгээс маргаан, сөргөлдөөн үүсгэхэд хүрэх вий гэсэн эргэлзээг үүсгээд байгаа юм. Бүс нутгийн экологид нь асар их чухал нөлөө үзүүлдэг муссон борооны хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн болгоомжлол Энэтхэгийн талд үүсжээ. Энэ байдал үе үе сэргэдэг хилийн маргааныг ч өдөөж болзошгүй хэмээн Энэтхэгийн тал болгоомжлох болов.
“Хулгайлагдсан бороо”
Тайванийн үндэсний их сургуулийн эрдэмтэд 2017 онд хийсэн судалгаандаа цаг агаарыг эрхшээх хөтөлбөрийг Хятадын талаас хэрэгжүүлэхдээ дутуу дулимаг тооцоо хийвэл хөрш орнууд тус улсыг “Бороо хулгайлсан” хэмээн буруутгаж магадгүй гэжээ. Эрдэмтдийн судалгаагаар тиймэрхүү нөхцөл хараахан үүсээгүй ч Азийн хөрш залгаа орнуудын борооны улиралд өөрчлөлт орж болохыг үгүйсгэсэнгүй. Төвөдийн өндөрлөг, Энэтхэгийн далайн хоорондох температурын ялгаа нь Азийн орнуудын борооны улирлыг зохицуулах гол хүчин зүйл юм. Хэрэв цаг агаарын зохицуулалтаас шалтгаалж Төвөдийн өндөрлөгийн уур амьсгал өөрчлөгдвөл тун аюултай үр дагаварт хүргэж болзошгүй талаар эрдэмтэд дүгнэлт гаргажээ.
Төвөдийн өдөрлөг уулсын оргилуудыг “үүл хадгалах агуулахууд” болгох санааг Хятадын инженерүүд гаргасан ч хараахан нийгмийн дэмжлэг аваагүй, шинжлэх ухааны үндэслэл ч хангалтгүй хэвээр байна. Энэ нь “ковбой барилгачид” буюу мэргэжлийн бус хүмүүс сансрын хөлөг угсрахтай ижил хэмээн зарим эрдэмтэн ёгтолжээ. Хятадын дийлэнх эрдэмтэд Төвөдийн уулсад үүл хадгалах тухай санааг дэмждэггүй ажээ. Түүнээс гадна нарны радиацыг хянах зэрэг илүү амбицтай геоинженерийн технологийг Хятадын судлаачид хөрш орнуудтайгаа зөвшилцөлгүй нэвтрүүлбэл үл ойлголцол бий болж мэдэх бас нэг болгоомжлол төрж эхэлсэн сурагтай.
“Улс орон бүхэн өөрийн эрх ашигтай. Нутаг дэвсгэртээ ган гачиг, зуд турхангүй байхыг мөрөөдөх нь лавтай. Хятад ч үүнд хамаарна. Гэхдээ асуудлыг дангаараа шийдэж болохгүй. Технологид алдаа гацаа үүсэж, үүнээс шалтгаалан хөрш, хил залгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой маргаан үүсвэл яах вэ. Хэн хариуцлагыг үүрэх вэ” гэсэн “толгойн өвчин” тулгарч байгааг эрдэмтэд сануулсаар байна. Тиймээс уг байдлыг хамтаараа хэлэлцэн шийдвэрлэх нийтийг хамарсан механизм байгуулах хэрэгтэй гэжээ. Хятад улс өөрөө нэр цэвэр байхыг эрхэмлэдэг орон учир геоинженерийн хөтөлбөрөө нягтлан үзэх шаардлага тулгарч эхэлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Barhuu hyatad tenger zahirj harin mongolchuud magadgui yum
Яснаасаа байгаль дэлхий ан амьтан, хөрш улсууддаа хорлонтой хүмүүс шүү, чөмөг суугаад ирэхээрээ л дандаа сүйтгэл болдог гайтай улс шүү
Энэ хятад улс дээр Бурханы цээрлэл буух болно
Mongol undesten tseber agaraa tseber tsus tseber malaa ubs nogoo baiglaa meddeg tengeriin huh tamgatai saihan uls ard tumendee sar shiniin mend hurgie
Монголд маань аз болж баруун хойноос үүл бороо минь ирдэг шүү урдаас салхилдаг бол бид нар ч хатаж үхэх байжээ
Муу санаатай өмхий хужааг устгах дайн хэрэгтэй.
Дэлхийн хөгжил технологийн хөгжилыг шүтсээр байгаа өнөө цагт хүн төрлөхтний дайсан хүн өөрөө тэр дундаа хайр гэгээрлийг мэхгүй тэр л газар дайн нэртэй тамын тогоо үргэлж халуун байсаар л байх болно хүн хэрвээ хайрыг шүтэж чадах юм бол ямар ч технологийн хөгжилөөс хол давсан чадвартай бороо цасыг бодлоороо удирдах нь энгийн үзэгдэл өнөө цагын хүний ухамсарт хайр маш их орон зай эзлэх болно бид гэгээр ч байна маш олон хүн үүнийг мэддэг мэдэрдэг бас хэрэгжүүлдэг болсон