2021 он гарсаар 10 жилийн давтамжтай эргэдэг уул уурхайн түүхий эдийн оргил үе супер цикль эргэн ирж буй эсэхээр ганц Монголд биш олон улсын түвшинд маргаан өрнөх болов. Тэдгээр дотроос цар тахлын дараах Хятадын сэргэлт супер циклийг дэмжиж байна гэдэг л өнөөгийн нөхцөлд хамгийн ойр дүгнэлт болж таараад байгаа. Хэдийнэ вакцинжуулалтаа тогтворжуулаад, эдийн засаг нь урьдын адил эргэж эхэлсэн улс орнуудын хувьд энэ бол хожоо авчрах өсөлт.
Монгол Улсын хувьд арай хожуу боловч яг өнөөдрөөс эхлэн вакцинжуулалт эхэлж, үүний зэрэгцээ эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатандаа ороод байна. Супер цикль ч үүнийг дэмжих хандлага уул уурхайн түүхий эдийн өсөлтөөр дамжин мэдрэгдэж эхэлснийг эрх баригчид тооцсон байлгүй. Монголын нийт эдийн засаг 37 их наяд төгрөг. Одоо Засгийн газар, төв банк 10 их наяд төгрөг нэмж зах зээлд хийнэ гэхээр ямар хэмжээний доргилт өгөх нь мэдээж. Үүнийг энэ Засгийн газар брэндээ болгож, сэргэлт авчрах цогц төлөвлөгөө гэж нэрлээд байгаа. Тэгвэл Сангийн сайд төсвийн орлого цаашид буурвал эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрнэ гэдгийг анхааруулсан. Харин төв банкинд бол арилжааны банкуудаас байршуулсан найман их наяд төгрөг бий. Үүнийг зах зээл рүү хийх замаар 10 их наядынхаа дийлэнх санхүүжилтийг шийдэхээр тогтож байх шиг. Энэ хөтөлбөрийн нэр нь 10 их наяд болохоос үнэн хэрэгтээ ийм хэмжээний санхүүжилт нэг дор гарахгүй. Дунд хугацаанд буюу гурван жил дамнан хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа. Ирэх гурван жилд ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарт гурван их наяд, ажлын байрыг дэмжихэд хоёр их наяд, төв банкны хоёр их наяд, стратегийн ач холбогдолтой төслүүдэд хоёр их наяд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум, хөдөө аж ахуйд зориулан 500 тэрбумыг төрөөс арилжааны банкуудад татаас өгөх замаар зах зээлд нийлүүлнэ гэсэн үг. Гэхдээ 10,000,000,000,000 төгрөг гэдэг бол Монголд том мөнгө, бас том боломж.
Монгол Улс эдийн засгаа сэргээхээр долоон их наядыг хийгээд алдсан удаатай
Бүтэн жил хөл хорионд орсон Монголын эдийн засагт сэргэлт гэдэг үг, 10 их наяд гэсэн мөнгөн дүнгийн хамт сайхан сонсогдож таарна. Нөгөө талаар хэт өөдрөг төсөөлөл дагасан тус хөтөлбөрийн хэрэгжих явц ил тод, тодорхой бус, ойлгомжгүй байгаа нь эдийн засагч, судлаач, улс төрийн хүрээнийхний эргэлзээг төрүүлэх болсон. Тухайлбал, 10 их наядын санхүүжилтийг төрийн оролцоогүй, шударга хуваарилна гэсэн байтал Төрийн банкны энэ хөтөлбөрт манлайлан оролцоно гэдгээ зарлав. Гэвч улс төрийн томилгоо ордог тус банкны өмнөх удирдлагууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ашиг сонирхлын зөрчилтэй зээл гаргасан гэдэг үндэслэлээр ял авсан. Энэ удаагийн хөтөлбөр мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрчээ авна. Төрийн банк тэргүүтэй арилжааны банкууд зээл олголтоо толгой мэднэ гэж байгаа. Монголд улс төр-бизнесийн бүлэглэл дамнасан хулгай дандаа арилжааны банктай холбогдож ирсэн гэх мэт. 10 их наяд төгрөгт ашиг сонирхол орохгүй өнгөрөх дархлаа одоогоор байхгүй, найдалтгүй. Ер нь их мөнгөний араас өршөөлийн хууль мэндэлсэн түүх зөндөө. Монгол Улс хэдхэн жилийн өмнө гадаад зах зээл дээр олон тэрбум ам.долларын бонд амжилттай гарлаа хэмээн улстөрчид хундага тулгаж байлаа. Дараа нь бондын мөнгийг хувааж аваад, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэгч өршөөлийн хууль баталсан байдаг. Тэр үед төв банк давхар үнэ тогтворжуулах, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдээр дамжуулан бараг долоон их наяд төгрөгийг эдийн засагт цутгасан. Үндсэндээ 2013-2016 оны үйл ажиллагааны нөлөөллөөр валютын ханш, үнийн хөөрөгдөл бүр талийсан. Үүнийг ард түмэн засаг, төрийн толгой солигдсоны дараа Монголбанкны ерөнхийлөгчийн “Улсын валютын нөөц хасах заасан” гэдэг мэдэгдлээс мэдэж авсан. Үр дүнд нь Монгол Улс олон улсын мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцэх байгууллагын “Саарал жагсаалт”-д орсон. Тухайн үеийн төв банкны ерөнхийлөгч байсан эрхэм “Саарал жагсаалт”-д ороод өнгөрсөн нь харин ч их юм. “Хар жагсаалт”-д багтах нөхцөл байдал үүссэн гэж хэлсэн байдаг. Улс орон олон тэрбум ам.долларын өртэй үлдэж, Олон улсын валютын сангийнхан төв банкны мөнгө хэвлэлтийг зогсоосон нь ийм шалтгаантай. Хямралын дараа эдийн засгийг тэтгэх зорилготой их мөнгөний нийлүүлэлт ийм муу үр дагавар авчирсан удаатай. Харин энэ удаад түүнээс сургамж авсан л гэж найдъя. Монгол Улс цар тахал эхэлснээс хойш 4.1 их наяд төгрөг зарцуулчихаад байгаа шүү дээ.
“Эдийн засаг сэргэсний дараа ханш яахыг ёстой хэлж мэдэхгүй”
Тэгвэл энэ удаагийн хөтөлбөрийн ханшин дээр ирэх нөлөөллийг инфляц бага байгаагаар тайлбарлаж байгаа. Гэвч эдийн засгийн өсөлт, инфляц хоёр бие биенээ чирч явдаг. Ялангуяа манай сүүлийн таван жилийн дүр зургаас харахад, эдийн засаг их тэлсэн жилүүдэд инфляц илүү өндөр хувиар өссөн байгаа юм. Эдийн засгийн өсөлтийн хурд саарсан жилүүд буюу 2015, 2016 онд 2.4, 2.1 хувиар өсөхөд, инфляц 1.9, 1.3 хувьтай гарсан. Тэгвэл 2017, 2018 онд эдийн засгийн өсөлт 5.3-8.2 болж сэргэхэд, инфляц 6.4-8.1 гэх мэтээр дагаж хөөрсөн. Улмаар 2019, 2020 онд өсөлт 5.2, хасах 5.3 хувь болж буурахад инфляц өнөөдрийн нам дор хэмжээнд хүрээд байгаа. Түүнээс биш Засгийн газар, төв банк сайн ажиллаад тогтворжуулаад байсан зүйл бол байхгүй.
Өнгөрсөн нэг жил цар тахалтай холбоотойгоор эдийн засаг зогсонги байдалд орж, хэрэглээ дэмждэг импортыг хязгаарлагдсан нь үнийн өсөлт 2.3 хувьтай гарахад нөлөөлсөн. Ийм нөхцөлд засаг 10 их наяд төгрөг хийнэ, дээр нь супер цикль үнэхээр хаяанд ирсэн бол эдийн засгийн өсөлтөө дагаад үнийн өсөлт өөрөө өдөөгдөнө гэсэн үг. Валютын ханш ч талийна. Импорт тэрбум ам.доллароор хэмжигдээд ирэхэд өнөөдөр төв банкинд байгаа 4.5 тэрбум ам.доллар урсаад алга болно. Сангийн сайд энэ талаар “Эдийн засаг сэргэсний дараа ханш яахыг ёстой хэлж мэдэхгүй” гэсэн байна лээ.
Мөн дээрх хоёр үзүүлэлтийг чирдэг зүйл бол түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний дэлхийн зах зээл дээрх ханш, түүнээс Монгол Улсад орох орлогын хэмжээ. Ирэх жилүүдэд Хятадын сэргэлттэй холбоотойгоор нүүрс, зэсийн үнэ өндөр байх төлөв гараад байна. Өнөөдөр зэсийн ханш олон улсын зах зээл дээр сүүлийн арваад жилийн дээд амжилтаа тогтоогоод байгаа бол нүүрсний ханш уул уурхайн өндөр өсөлтийн үеийн эмжээнд эргэж ирсэн. Үүнд үндэслэн олон улсын зарим томоохон банк арван жилийн давтамжтай эргэдэг супер циклийн эхлэл байж болзошгүй хэмээн мэдээлж эхэлсэн билээ. Үнэхээр гаднын шинжээчдийн таамаг биеллээ олбол уул уурхайгаас өндөр хамааралтай Монголын жижиг эдийн засаг жамаараа сэргэж эхэлнэ. Барилга борлуулагдаж, компаниуд ажлын байраа зах зээлийн жамаараа хадгална. Түүнээс урьтаж вакцинжуулалтаа далайцтай хийх л чухал байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ТИЙМ сүрхий МӨНГӨ орж ирэх юм бо лӨР өө ДАРАХ юм саан