Манай сонины “Өглөөний зочин”-оор Хоол боловсруулах эрхтэний эмч, Анагаах ухааны докторант, хеликобактер судлаач Т.Цэрэнтогтох уригдлаа. Тэрбээр цөс, нойр булчирхайн өвчлөлийн шалтгаан, эмчилгээний аргын талаар ярьсан юм.
-Монголчуудын дунд цөс, нойр булчирхайн өвчлөл түгээмэл тохиолдож байна. Яг юунаас болж энэ төрлийн өвчлөл их гараад байна вэ?
-Нэг судалгааны тоог энд хэлье. Өөрийг чинь тойроод есөн хүний долоо нь хоол боловсруулах замын өвчлөлийн ямар нэгэн эмгэгтэй байна. Тэр дундаас ихэнх нь цөс, нойр булчирхайн өвчлөлд өртөцгөөж байгаа юм. Юунаас болж байгаа нь ойлгомжтой. Ерөөсөө л хүмүүсийн өдөр тутмын буруу хэвшил, идэж буй хоол хүнсний зохисгүй сонголтоос үүдэж, цөс нойр булчирхайн өвчлөл бий болдог.
-Насны хувьд их залуужиж байгаа гэдэг үнэн үү?
-Тийм. Саяхан “Эх нялхас”-ын нэг эмчтэй уулзлаа. Гэтэл 12 настай хүүхэд цөсний чулуутай гэж оношлогдсон байсан. Энэ бол бидний дунд байгаа эмгэнэлтэй зүйл. Яагаад гэвэл, томчууд маань өөрсдөө буруу хооллож, буруу дадалтай амьдарч байгаагасс болж, үр хүүхдүүд нь ийм багаасаа өвчилж байгаа юм.
-Өдөр тутмын буруу хэвшил гэж их ярьж байна. Цөс, нойр булчирхайгаа хамгаалахад ямар дадлыг хүмүүс өөртөө бий болгох ёстой вэ?
-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд хоол боловсруулах замын эрхтэнүүдийн тогтолцооны талаар сайн ойлгох хэрэгтэй. Энгийнээр тайлбарлавал, хүн хоол идэхдээ маш сайн зажилж, амталж идэх ёстой. Тэрхүү зажилж буталсан хоол улаан хоолойгоор дамжаад ходоод руу очно.
Ходоодонд 3-4 цаг боловсруулагдаад тэндээсээ бага, багаар 12 хуруу гэдэс рүү хаягддаг. Ингэснээр гэдэсний боловсрох үе дээр ирдэг. Энэ үед цөс, нойр булчирхай хоёр шүүрлээ хаяж, хоол боловсруулахад оролцдог. Тодруулж хэлбэл, цөс нойр булчирхай гэдэг бол хоол боловсруулах үеийн гэдэсний үе дээр хоолыг саармагжуулах, өөх тос нүүр усыг боловсруулах үүрэгтэй оролцдог. Хоногийн шүүрэл ялгаруулалт нь ойролцоогоор нэг литр байдаг. Хүний биед хоол боловсруулахад маш чухал үүрэгтэй эрхтэн бол цөс, нойр булчирхай. Өвчлөлийн хувьд цөсний чулуу, нойр булчирхайн архаг үрэвсэл, хорт хавдар гэсэн нэршлүүд бий. Ийм их үүрэгтэй байдаг болохоор өвчлөл нь өвдөлт ихтэй байдаг. Хүмүүс бид наанадаж өвдөлт ихтэй өвчнөөс сэргийлж байх ёстой. Архи тамхины хэрэглээ, амьдралын буруу хэвшлээсээ салах ёстой. Буруу хэвшил дундаас бид хэт их өлсөх, өлссөний дараа яарч идэх, хэт их идэх, идсэний дараа хэвтэх зэрэг дадлаасаа ангижрах хэрэгтэй.
-Хоол сонголтын хувьд юу зөвлөх вэ?
-Хоолны найрлагын хувьд хэтэрхий өөх тосны агууламж өндөртэй хоол хэрэглэх нь цөс өтгөрөх шалтгаан болдог. Болж өгвөл шөлтэй, жигнэж болгосон хоол сонгон хэрэглэх хэрэгтэй. Мөн дараах зөвлөмжийг заавал дагаж мөрдөөрэй.
Өлөн удаан явах бол сайнгүй. Ялангуяа цөс нойр булчирхайны өвчлөлд ихээхэн нөлөөлдөг. Учир нь хүн унтаад өглөө босох үед буюу өлөндөө шүүрэл ялгаруулдаг булчингууд чинэрсэн байдалтай байдаг. Энэ үед хамгийн их анхаарах ёстой зүйл “Өл тайлах” юм. Өглөө өлөн удаан явах тусам цөсний өтгөрөл чулуужилт үүсгэдэг. Тйимээс энэ дээр сайн анхаар.
Нэгд, цөс өөрөө хүүдийдээ хуримтлагдаад хоол “ирэхээр” суларч хаягддаг ийм эрхтэн. Гэтэл хоол орж ирэхгүй “Өл тайлахгүй” л байвал цөс чинэрээд хүлээгээд байдаг. Нойр булчирхай мөн адил.
Хоёрт, бид өглөөд юугаар “Өл тайлах вэ” гэдэг чухал. Хүүхэд нь өглөөний цайндаа хиам хэрэглэж байгаа ээжийг лайваар хараад тэсэлгүй холбогдож “болохгүй шүү дээ” гэж хэлэхэд, “Манайх хааяа л ингэж хооллодог” гээд ердийн зүйл шиг хүлээж авч байгаа юм. Ингэж огт болохгүй. Ерөөсөө шарсан хайрсан зүйл, хиаман төрлийн хоолнуудыг өглөөд битгий идээрэй. Энэ төрлийн хүнс цөс, нойр булчирхайг цочроодог.
Гуравт, давстай хоолыг өглөөд битгий хэрэглэ.
Дөрөвт, хоносон хоолноос татгалз.
Тавд, хүйтэн зүйл битгий хэрэглэ.
Дээрх таван зүйлийг өглөөд хэрэглэх л юм бол цөс, нойр булчирхайнд ачаалал өгдөг. Жишиж зүйрлэх юм бол, та ямар ч гэм хийгээгүй байхад өглөөд таныг алгадаж сэрээнэ гэж бод доо. Дээрх таван төрлийн хүнсийг өглөө хэрэглэвэл, нойр булчирхай цөсөө ийм л байдалд оруулж байна гэсэн үг. Дээрээс нь нэмж захихад, цагаан гурилын хэрэглээ маш өндөр байна. Өглөөд сахар ихэсгэдэг зүйл бүү ид. Нойр булчирхайд ачаалал өгдөг хүнснээс татгалз.
-Нойр булчирхай, цөс хоёрыг өвчлүүлдэг гол шалтгаан дээрх зуршил, буруу хооллолтоос үүддэг гэж ойлгож болох нь ээ.
-Тийм. Ерөөсөө хэт их бүү өлс, хэт их бүү ид. Энэ нь нойр булчирхай, цөс хоёрыг баллаж байгаа юм. Дараагийн захих зүйл бол хоолыг сайн зажлах. Ялангуяа шүүрлийн үйл ажиллагаанд зажлах нь чухал ач холбогдолтой. Монголчуудын маань ихэнх нь зажлахын үнэ цэнийг алдагдуулсан. Хүн хоолоо амтархан идээд арааныхаа шүлсээ асгартлаа сэтгэл ханамжтайгаар хооллох хэрэгтэй. Зажлах тусам тархинаас ийм ийм шүүрэл бэлдээрэй гэсэн дохиог ходоод, цөс, нойр булчирхайд өгдөг гэсэн үг. Гэвч бид хоолон дээрээ тойрч сууж байгаад ярьдаг. Утсаа ухдаг. Энэ бүхэн нь тархи хоолондоо анхаарлаа хандуулж чадахгүй, ходоод, цөс, нойр булчирхайд дохиогоо өгөхөд саад учруулдаг. Хоол идэж байхад ярьдаг хүмүүс дутуу зажилдаг. Хоол боловсруулах эхний үйл ажиллагаа аман дотор эхэлдэг. Ам тойроод гурван хос зургаан булчин байдаг. Хоолыг сайн буталж өгнө. Иймээс хоолоо маш сайн зажлаарай. Махан хоолыг 40-60 удаа зажилна. Ногоо ургамлыг 20-30 удаа зажилж хэвшээрэй.
-Хоол идээд хэвтэх буруу гэж ярьдаг. Яагаад гэдэг дээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Хоол идээд хэвтэхээр ходоодны үед явж байгаа хоол 12 хуруу гэдэс рүүгээ орж амждаггүй. Тэгэхээр цөс, нойр булчирхайн агшилт үүсч, чинэрдэг. Энэ бол маш их хор хөнөөлтэй зүйл. Мөн халуун хоол идчихээд хүйтэн юм уудаг. Ялангуяа хийжүүлсэн ундаатай хамаатай. Телевизээр гарч байгаа реклам үүнд их нөлөөлж байна. Сая сар шинийн өдрүүдээр гэхэд телевизээр “Кока колаг буузтаЙ хамт идэж” байгаагаар рекламдаж байх. Энэ реклам дээр гарч байгаа үзэгдэл монголчууудын дунд нэгэнт хэвшмэл болсон байгаа нь харамсалтай. Дорнын анагаах ухаанд халуун хүйтнийг харшуулж идэхийг “Цан цохино” гэж тайлбарладаг. Энэ нь нойр булчирхайг жинхэнэ баллаж байгаа юм шүү дээ. Цаад учрыг танихгүй идчихээд эргээд бид эрүүл мэндээрээ хохироод байна. Бид амьдрахын тулд идэх ёстой гэдгийг маш сайн ойлгох ёстой.
-“Цээж хорслоо” гэсэн хүиүүс их байдаг. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?
-Уламжлалтын анагаах ухаанынхан “Урьдны хоолыг шингээж байж дараагийн хоолыг идэх” хэрэгтэй хэмээн үздэг. Энэ нь цээж хорсолттой хүмүүст маш чухал. Улаан холлой ходоодны хоорон дахь булчин суларчихдаг. Энэ булчинг чангалах хамгийн нөлөөтэй дасгал бол хар шүлс асгарах үед хоол идэх. Гэхдээ яарч бүү ид. Өлийг хэт их өлссөн хүн усаар тайлдаг. Нэг бол шөл голлож хэрэглэх ёстой. Хоол идээд хэвтдэггүй, явган сууж хоол иддэггүй зэргийг монголчууд эртнээс цээрлэдэг байсны учир нь энэ.
-Өвгөдийн ёс заншил биднийг эрүүл хэвшилд сургаж байжээ. Улиралдаа тааруулж хооллож ундлахын учрыг тайлбарлаж болох уу?
-Улиралтайгаа зохицож хооллох, өдрийн аль цагт ямар хоол идэхээ мэддэг байх учиртaй. Жишээ нь өвпийн улаан идээний(мах), хавар шар идээний(өрөм, цагаан тос), зун цагаан идээний(сүү, сүүн бүтээгдэхүүн), намар ногоон идээ голлож хэрэглэнэ. Өвөлд тахианы мах, ямааны мах, цагаан будаа иддэггүй. Ид ес эхэлсэн үед л адууны мах иддэг. Бөөр өвчин олох магадлалтай тул нуруу, хөлөө дулаалж байх ёстой. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд өвлийн цагт ясны шөлийг зайлшгүй ууж байх ёстой. Ер нь Монголчуудын хоол ундны хэрэглээтэй холбоотой хоёр зүйл нэн дутагдаж байна. Эдгээр нь ясны шөл, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ. Сүүг дангаар нь уух, ингэний хоормог, аарц гэх мэт сүүн бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь ясны шөл тогтмол хэрэглэх нь зөв. Өвлийн улиралд хүний шим авах гол хүнс гэдгийг мартаж болохгүй.
-Ясны шөл яагаад хүний биед ач тустай талаар тайлбарлавал зүгээр болов уу?
-Амьд бие махбодын хэрэгтэй эрдэс бодисыг хуримтлуулдаг гол хэсэг бол яс байдаг. Ялангуяа эрс тэрс уур амьсгалд ясны нягт сайтай байж гэмээн тэснэ. Эмэгтэй хүн олон төрөх тусам яс нь сийрэгждэг, хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг яснаасаа шимэгдүүлж өгдөг. Үүнтэй ижилхэн хүнд хэрэгтэй эрдэс бодис дутагдахад ясны найрлагад байгаа эрдсээс багасдаг.
Нэг ташаа ойлголтыг залруулахад хүүхдийн шилбээр өвдөхөд бид “Хүүхэд өсөж байна гээд анзаарахгүй өнгөрөөдөг буруу. Үнэндээ хүүхдийн ясанд дэм болохуйц зүйл дутагдаж байна гэсэн үг. Энэ тохиолдолд ясны шөл өгөх хэрэгтэй, тосоор нь шилбэ, өвчүү, хөл гарын сайтар үрж тослох хэрэгтэй. Хонины дунд чөмөг, үхрийн булуу тойгны шөл уулгаж байгаарай. Чөмөгний халуун ясыг хөртөл атгуулж байгаарай. Хий, хуйг нь дарж байгаа туслах сайн арга даа. Гэхдээ чөмгийг нь хүүхдэд идүүлдэггүйг сануулья.
-Эрүүл зөв хооллолтын талаар хүүхдүүддээ багаас нь зааж сургах нь чухал болоод байна. Энэ талаар Монголын боловсролын системд хэрхэн анхаарч байдаг бол оо?
-Арван жилийн сурах бичиг үзэхэд, түүн дээр өвчлөл дээр нь тулгуурласан мэдээлэл байхгүй. Том болоод хүмүүс ямар өвчнөөр өвдөөд байгаа юм гэсэн ойлголтыг таниулах мэдээлэл байхгүй байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд л өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй байна. хүүхдүүд маань бидний буруу хэвшлийг дуурайж өсөж байна. Тиймээс бид зөв зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж, эрүүл амьдралын хэвшлийг өөртөө бий болгож, улмаар эргэн тойрондоо үлгэрлэмээр байгаа юм. Ингэхийн тулд эрүүл мэндийн наад захын мэдлэгтэй болох ёстой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
manaihan ih buruu heregleetei.gaduur hoollohoo tansaglal gj boddog..cola chipsiig shutchihsen.het materiallag non smart heregleetei.medleg bolovsrol muutai humuus buruu hoollolttoi bdag.
Maruuhan l medlegtei emch bn daa. Anagaah talaasaa sain yarij bn gehde ahim tejeeliin medleg arai l buruu yu gu yu. Suu uu ch geh shug
yariltsaj bhad mash ih hun solonsos,busad ornoos mongold tavisan onosh taarsangui ih zardal,nerv busad zuileer hohirloo gedeg,manaihan bizness bolgood bh shig,nz maani havdartai gesen eejiin zugeer gej hellee gehed, hariud n za yaamaa daa gesen bgaa uym hogoo emch n
Баярлалаа