Монголбанкнаас цаг үеийн асуудлаар /2021.02.25/ хэвлэлийн хурал хийлээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг сэргээх дунд хугацааны 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө, түүний хэрэгжилттэй холбоотой ажлуудаас хэвлэлийн хурлаар танилцууллаа.
Дунд хугацаанд хэрэгжих 10 их наядын хөтөлбөр нь зургаан үндсэн бүрэлдэхүүнтэй аж. Үүнийг задалбал, ажлын байрыг дэмжих, хадгалахад зориулж хоёр их наяд төгрөг, ипoтекийн зээлийн санхүүжилтэд гурван их наяд, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа репо санхүүжилтэд хоёр их наяд, стратегийн томоохон төслүүдийг дэмжихэд хоёр их наяд, залуус, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөгийн хөтөлбөр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэмжих зээлд 500 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Тус 10 их наядын төлөвлөгөөний тухайд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2020 он цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, эдийн засаг саарсан жил байсан учраас зайлшгүй тусгай хөтөлбөр боловсруулж аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих, улмаар эдийн засгийг сэргээх шаардлага бий болсон. Тиймээс тус боловсруулсан 10 их наядын төлөвлөгөөнд Монголбанк дэмжиж оролцсон.
2020 онд улсын төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг болж ДНБ-ий 12 хувьд хүрсэн. Тиймээс алдагдлыг хязгаарлах зорилгоор 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхэлж олгосон. Өндөр хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн дарамтыг хөнгөлөхөд репо санхүүжилт үр дүнтэй хэрэгжиж байна. Репо санхүүжилтын хүү 10.5 байгаа. Одоо зээлийн дундаж хүү 14.8 байна. Энэ хооронд 4-5 нэгж хувийн хүүгийн зөрүү байгаа нь аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж байгаа. 2021 онд репо санхүүжилтыг нэг их наяд төгрөгөөр гаргахаар төлөвлөж байсан бол удаагүй хоёр их наяд төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ утгаараа 10 их наядын төлөвлөгөөнд репо санхүүжилт хоёр их наядаар тусгагдсан” гэлээ. Харин ипотекийн зээлийн хувьд хэвийн үргэлжилж байгаа юм. Жилд 300-400 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргадаг байсан. Энэ нь өмнөх ипотекийн зээл авсан иргэдийн төлж байгаа үндсэн төлбөрийг эргээд гаргаж санхүүжилтийн эх үүсвэр болгож байгаа хэлбэр аж. 2021 онд ипотекийн зээлийг 700 гаруй тэрбум төгрөгт хүргэхээр тооцоолж 10 их наядын төлөвлөгөөнд зорилтыг тусгажээ. Ийнхүү жил бүр 700 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээр 3-4 жилийн дараа гурван их наядын төлөвлөгөө хэрэгжих боломжтой юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )