Өрөөнд нь орлоо. Орон дээр нь зөөврийн компьютер дэлгээстэй, дэргэд нь “Peer-Counseling Manual” гэх ном байх. Үргэлжлүүлээд ажваас зурагтны тавиурын доогуур, ширээн дээгүүр гээд энд тэндгүй ном. Тэр дундаас “Хотол даяар гэр минь буй” гэсэн нэртэй, тэргэнцэртэй хүний зурагтай ном анхаарлыг минь татах нь тэр.
Түүнээс асуулаа, “Энэ хэний тухай ном юм бэ” гэж. Гэтэл тэр өөдөөс “Энэ номонд хүмүүсийн санаа бодлоос үл хамааран гэгээн хорвоо дээр зүгээр л энгүүн амьдрахаас илүү сайхан зүйл үгүйг мэддэг хүний тухай өгүүлдэг. Тэр хүн бол Хөгжлийн бэрхшээлтэй хүн/ХБХ/-ий эрхийн төлөөх Олон улсын хөдөлгөөний манлайлагч нарын нэг Калле Кёнккеля. Хэдийгээр номонд нэг хүний амьдралын түүх, үзэл бодлыг илэрхийлэх мэт боловч ХБХ-ий Эрхийн тухай НҮБ-ын конвенцын цөм болох хэрхэн яаж БИЕ ДААН амьдрах чадвар эзэмшүүлэх тухай асуудлыг өгүүлснээрээ онцлог болохоор орчуулж, олны хүртээл болгосон юм” гэв.
“Та чинь тэгвэл орчуулагч хүн байх нь ээ” гэхэд “Амьдралыг амьралаасаа л хай гэдэг дээ. Ерөөс хүн гэдэг баяр гуниг, аз жаргал, энх амгаланг зөвхөн өөртөө тохиосныг бус бусдад тохиосныг мэдэрч чаддаг хорвоогийн цорын ганц сүргийн амьтан. Тэгэхээр хүн байна гэдэг хүний сайхан мэдрэмжийг мэдэрдэг, хуваалцдаг, түүнийхээ төлөө тэмцдэг, буй болгож чаддаг байх ёстой л гэж боддог. Би ижил зовлон жаргалтай хүмүүсийнхээ эрх ашиг, сайн сайхны төлөө ном орчуулах, төрийн бус байгууллага байгуулах, төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах гээд өөрийн чадах чинээгээр хөдөлмөрлөж явна даа” хэмээн ярих энэ эрхэм бол Ямхины Авирмэд гуай юм.
Хорвоод дахин төрсөн нь...
...1994 он. Эрдэм мэдлэг, эр бяр нь тэгширч явсан 34-тэй залуу. Ёстой л нөгөө “Эмээлтэй хазаартай морь цээжинд нь багтдаг” гэдэг шиг эр хүний ид насандаа Я.Авирмэд автын осолд оржээ. Ослоос нугасны хүнд гэмтэл авч, бэлхүүснээс доош бүрэн мэдээгүй болсон байна. Хүн л юм хойно хүнд өвчиндөө шантрахдаа “Ингээд л үхдэг юм байна” хэмээн сэтгэлээр унаж явснаа нуугаагүй юм. Энэ тухайгаа тэрбээр ”Үхнэ үхнэ гэсээр үхрийн мах идэж дуусгалаа” гэгчээр би гэдэг хүн үхэхээ хүлээж хэвтээд хэчнээн ч цаг хугацааг өнгөрөөчихөв гэсэн бодол толгойд орж ирэх болсон. Ерөөсөө ийм байдалтай байж болохгүй. Гадуур гарч ажил хөдөлмөр эрхэлье гэж шийдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзаж, тэдний тухай судалж үзлээ. Гэтэл над шиг гэмтсэн болон надаас ч хүнд өвчтэй хүмүүс амьдардаг юм байна гэдгийг аажим аажмаар мэдэж авсан. Мэдээд зогсохгүй тэдний төлөө хийх зүйл их байгааг ухаарсандаа” гэв. Энэ л ухаарал нь Я.Авирмэд хэмээх хүнийг хорвоод дахин төрүүлсэн гэлтэй. Түүний тухай Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын Шүхэр ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Авирмэдтэй би 2004 оноос хойш олон ажил дээр хамтарч ажиллаж үзсэн. Энэ хугацаанд түүнээс гурван зүйлийг олж харсан. Нэгдүгээрт, тэр сэтгэлийн асар их тэнхээтэй хүн. Аваарт ороод хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг асар их зовлон. Энэ зовлонгоос босож ирнэ гэдэг үнэхээр сэтгэлийн хаттай хүнээс л гардаг зүйл. Хоёрдугаарт, тэргэнцэртэй мөртлөө бусдын төлөө явж чаддаг нь түүнийг ямархан хүн болохыг харуулж байгаа юм. Хэн нэгний эрхийн төлөө зориг гаргах нь хэр баргын хүнээс гарамгүй чадал л даа. Хүмүүнлэг хүмүүс л энэ төрлийн ажлыг хийдэг юм. Гуравдугаарт, тэр зүгээр ярьдаггүй. Бодит үр дүн гарахуйц ажлуудыг чимээгүйхэн хийж явдаг нэгэн. Үүнийг гэрчлэх ганцхан жишээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд зөв чиг хандлагыг тогтоох, тэдгээртэй холбогдох олон хууль тогтоомж, баримт бичгүүдийг батлах, өөрчлөлт оруулахад түүний хувь нэмэр их” хэмээн өгүүлсэн юм.
“Айвуун”-ы Авирмэд
Тэртээ 1960 онд Ямхин хэмээх айлын хүү болон мэндэлсэн Авирмэд хөгжлийн бэрхшээлтэй болсноосоо хойш “Айвуун”-ы хэмээх “овогтой” болсон. Тэрбээр “Ер нь аливаа эерэг, тэр тусмаа хүний эрхийн төлөөх хандлагыг буй болгоход хамтын хүч хамгийн их нөлөөтэй байдаг юм билээ. Иймээс ганцаараа бус хэсэг бүлэг санал нийлсэн хүмүүстэй хамтарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилласан. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний хамгийн нандин эрхүүдийн нэг болох мэдээлэл олж авах эрхээр хязгаарлагдмал байлаа. Иймээс иргэдийг мэдээллээр хангах, хөгжүүлэх зорилгоор 2006 оны наймдугаар сард АЙВУУН нэртэй төрийн бус байгууллагаа байгуулсан. Бид сонсдог CD, уншдаг ном, гарын авлага бэлдэх гэх зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлж байлаа” хэмээв. Сонирхуулахад, хэдхэн жилийн өмнөөс дэлгэрсэн “Сонсдог ном” гэдгийг чинь “Айвуун”-ы Авирмэд аль эрт буюу 2000 оны эхээр туурвиж байсан түүхтэй юм билээ. Энэ тухай хань Р.Чулуунцэцэг нь “Манай хүн бид хоёр чинь тэр “Сонсдог ном”-ыг хийх гэж тухайн үедээ их юм болдог байлаа. Зориулалтын дуу бичлэгийн студи гэж ямар байх биш. Бүгдийг гэртээ л хийнэ. Манайх доод давхарт амьдардгыг хэлэх үү гадны чимээ ихтэй. Тиймээс орчны шуум оруулахгүй, цэвэрхэн бичлэг хийхийн тулд хамаг хүн унтаж, орцны хаалга үүдний чимээ намжсаны дараа л СD-ийгээ бичнэ. Шөнөжингөө л юм болдог байлаа” хэмээн хуучлав. Тэд угаас багш хүмүүс учраас бусдад мэдлэг түгээх, танин мэдэхүйн ном товхимол гаргахаа өөрсдийн хийх үүрэг хэмээн бодож явдаг нь ярианаас нь анзаарагдсаныг нуух юун.
Эрхүүгээс “Улаан диплом”-той ирсэн нь
Хүн бүр өөр өөрийн түүхтэй. Тэгвэл тунч бахдам, харамсам, хайрламаар түүхийн эзэн бол Авирмэд гуай. Түүний амьдралын эхний 30 гаруй жил дэндүү дардан байсан гэдэг. Арван жилийн л ангидаа сурлагаараа тэргүүлдэг, зарим нэгний хэлдгээр “Гавал” нэгэн байжээ. Энэ талаар түүний ангийн анд н.Жамьяансүрэн “Авирмэдийг ангийнхан маань Айваа хэмээн дууддаг юм. Бид Завхан аймгийн Тэс сумын дунд сургуульд хамт сурч байлаа. Найм төгсөөд Нөмрөг сумын арван жилийн дунд сургуулийн 10б ангид мөн хамт сурч төгссөн юм. Манай Айваа өндөр биерхүү хүүхэд байсан. Биеийг нь харвал атаман шинжтэй ч, харилцаа хандлага нь дөлгөөн даруухан тийм хүүхэд байв. Нээх хөөрхөн инээдэг. Сурлагаараа ангидаа тэргүүлнэ. Ер нь бүх зүйлээрээ л манай ангийн номер нэг нь байлаа шүү дээ /инээв/. Ялангуяа математик, физикийн хичээлдээ гойд сайн. Би математикийн хичээлээ асуух гээд гэрт нь очно. Уриалгахан аргагүй хичээлийг маань заагаад өгдөг. Багийн их тусч, хүнд дэм болохыг хичээдэг хүүхэд байсан. Аав нь жолооч, ээж нь тогооч их сайхан хүмүүжил төлөвшилтэй айлын хүүхэд дээ. Бид 1978 онд арваа төгсөхөд манай ангиас дөрвөн хүүхэд Монгол Улсын их сургуульд элсэн орсон. Би Биологийн, Энхбат химийн, Доржрагчаа математикийн, Айваа маань физикийн ангид элссэн дээ. Их сургуульд Айваа амжилттай суралцаж, нэгдүгээр курсээ төгсөөд л Эрхүүгийн Их сургуульд урилгаар суралцахаар явсан. Хаана ч л явсан хамгийн шилдэг нь байсан Айваагаараа ангийнхан маань их л бахархдаг даа” хэмээсэн юм.
Авирмэд Эрхүүгийн их сургуульд очоод ч мөн л шилдэг нь байж чаджээ. Эрхүүд сурч явсан тухайг нь түүнээс асуухад “Эрхүүд би САНСРЫН ФИЗИКЧ гэсэн мэргэжлээр суралцсан юм. Энэ мэргэжлээр урьд нь гадаадын оюутнууд сургадаггүй, нууцлалын зэрэгтэйгээр Оросууд өөрсдөө л сурдаг байсан юм билээ. Эрхүүд суралцаад төгсөж ирэх үед Монгол хүн Сансарт нисэх түүхэн үйл явдал тохиож байлаа. Мөн тухайн үед Монголд анх удаа хөдөө, орон нутагт дээд сургууль байгуулагдаж байв. Намайг Ховдын Багшийн их сургууль руу томиллоо. Тэнд зургаан жил гаруйн хугацаанд багшилсан даа. Улмаар 1990-ээд он ч гарч, Улаанбаатар хотод ирсэн. Сэргээгдэх Эрчим хүчний хүрээлэнд мэргэжлээрээ ажиллав. Нар салхи, био хий, усны урсгалын энергийг ашиглах судалгаа шинжилгээний ажилдаа шимтсээр. Миний залуу насны хүсэл тэмүүлэл хүн төрөлхтөний суурь мэдлэг физикийн шинжлэх ухаанд шимтэн дурлаж, шинэ зүйл хийж бүтээх, нээх мөрөөдөлтэй байлаа...
Гэвч...1994 онд аваарт орсноор...” хэмээн хэсэг дуугүй болох зуур хань Р.Чулуунцэцэг нь гал тогооны өрөөнөөс орж ирэн “Манай хүн чинь Эрхүүгийн их сургуулийг УЛААН ДИПЛОМтой төгсөж байлаа. Өөрөө ер тоохгүй, “Наад чинь хэнд хэрэгтэй юм” гээд байдаг л болохоос” гэсээр дипломыг нь надад үзүүлэв.
Таван асуулт ба түүний хариулт
-Хүн байхын тухайд та юу хэлэх вэ?
-Бусдыгаа ойлгох мөн чанар бол хүн байхын үндэс юм даа. Хөгжлийн бэрхшээлтэй болсныхоо дараа хүмүүсийн дунд янз бүрийн амьдралтай, хэцүүдэж туйлдсан нэгэн байдаг, тэдний талаар эрүүл саруул хүмүүс ямар ч ойлголтгүй, юу ч хийдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй ч хүн л юм чинь бусдын адил эрхээ эдлэх, үүрэг хариуцлага ёстойг хүмүүст ойлгуулахын төлөө хичээсэн. Ийм үйл хэргийн төлөө амьдралаа зориулахад буруудах юмгүй, “Хоосон амьдарчихлаа” гэсэн мэдрэмж төрөхгүй юм байна гэж ухаарсандаа.
-Та бусдад юу өгч чадах вэ?
-Би болоод бидний хэдэн нөхөд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрал ямар байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрсдийн үзэл бодлоор анх удаа дэлхийд тайлан бэлдэж хүргэсэн. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хүний эрхийн төлөв байдлын тухай хэлэлцүүлэгт гурван удаа илтгэл бэлтгэн оролцсон. Үүний дүнд Монгол Улсад хийх ажлын жагсаалт, зөвлөмж гарсан. Миний ойлгож байгаагаар НҮБ-ын энэхүү баримт бичгийг харьяа бүх байгууллагууд баримтлан ажиллах төдийгүй бусад олон улсын байгууллагууд манай улстай аль чиглэлээр ямар ажил хийх талаар шийдвэр гаргахад том нөлөө үзүүлдэг. Мөн НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн Монгол дахь хэрэгжилтийг авч үзсэн хоёр удаагийн хэлэлцүүлэгт бидний хэсэг нөхөд нийлэн ТББ-уудын тайлан, асуудлын жагсаалт гарган ажилласан. Мөн дотооддоо холбогдох хууль, тогтоол, шийдвэр дүрэм журамд санал өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах нөлөөллийн ажил зохион байгуулах, оролцох гээд ажил тасрахгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй холбоотой янз бүрийн сургалт, үнэлгээ, дүгнэлт зэргийг яривал их ажил гарна. Эрх зүйн энэ бүх баримт бичгийн боловсруулалтад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа маань бусдадаа өгч байгаа нэгэн зүйл юм уу даа.
-Та үүрэг хариуцлагын тухай юу хэлэх вэ?
-Хүн бүр өөрийн гэсэн үүрэг үүрч, тодорхой хэмжээний хариуцлагыг хүлээх ёстой. Үүрэг, хариуцлага үүрнэ гэдэг ял биш харин ч жаргал байх учиртай. Ямар ч зорилгогүй, өөртөө хүлээсэн үүрэггүй байна гэдэг утгагүй биз дээ. Ийм л учраас би хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бие даан амьдрах арга ухаанд суралцах, өөрийнхөө өмнө үүрэг хариуцлага үүрч сурах талаар залуустаа захиж хэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх, боловсрол эзэмших эрх, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь илүү түлхүү хэрэгжүүлэх арга замыг хайж, тэмцэж явна даа. Би “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төвд ажилладаг. Зөвхөн ганц байгууллага хангалтгүй учир сүлжээ болон ажиллаж байна. Манай байгууллага Хүний эрхийн форум, Тэгш хамруулах боловсролын сүлжээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын форум, Бие даан амьдрах сүлжээний гишүүн, зохион байгуулагчаар ажиллаж аль болох хүчээ нэгтгэхийг хичээдэг.
-Та юунд хамгийн их талархаж явдаг вэ?
-Амьдралын ухаан суулгаж, эрдэм ном сурахад дэмжсэн аав ээж, багш нар, хүнд хэцүү үед минь авч яваа эхнэр, хүүхдүүд, дүү нар, төрөл садан, найз нөхөд, хамтран ажиллаж, тэмцэж яваа хүмүүстээ их талархаж явдаг даа. Мөн намайг хүнд гэмтэж, өвдсөн үед эмчилсэн эмч нарт талархахгүй байхын аргагүй шүү дээ. Тэдний хүчээр амьд, бусдын адилаар бодож сэтгэж явна.
-Таны ирээдүйн зорилго?
-Хүний эрхийг хэрэгжүүлэхийн төлөө, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангуулахын төлөө зүтгэх нь миний зорилго. Ер нь хүнээ “Цөм”-д нь тавьж, түүний асуудлыг л шийдэх, хэрэгжүүлэхийн төлөө би энд байгаа шүү гэдгийг хүн бүр ойлгож, өөрөө өөртөө ногдсон зүйлээ дээрх байр сууринаас шийдэж байгаасай. Чи хаана, юу ч хийж байсан чиний ажил хүмүүстэй, энэ нийгэмтэй ядаж нэг шижмээр холбоотой гэдгийг ухаараарай. Алив ажлаа бусдад гай болохгүй, хэн нэгэнд хэрэгтэй зүйл хийж чадвал чи баяр баясгалантай, айх эмээх юмгүй, бардам зоригтой, хүний л амсаж эдлэх тэр сайхан мэдрэмжийг мэдэрч амьдрах болно..
“Авираа ах”
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Я.Авирмэд гуайг танихгүй хүн тун цөөхөн. Ихэнх нь л “Авираа ах” хэмээн дуудацгаана. Тэдний төлөөлөл болгож “Түгээмэл хөгжил төв”-ийн ажилтан Н.Мөнхжаргалын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Би 2012 онд Авираа ахтай танилсан. Түгээмэл Хөгжил төвөөс хэрэгжүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн хөтөлбөрт бүтэн жилийн хугацаанд хамрагдаж байлаа. Хөтөлбөрийн оролцогч залууст Авираа ах хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн амжилттай ажиллаж амьдарч яваа хүмүүсийн жишээ, хүний эрхэм зэрэг нандин чанар зэрэг олон сургалт яриа ордог байсан. Тэр бүхий л сургалт ярианууд нь тэргэнцэр дээр суугаад удаагүй байсан миний хувьд их л сонин бас урам зориг өгсөн. Магадгүй би өөрийгөө хүлээн зөвшөөрөх, цаашдаа энэ салбарт ажиллах итгэлээ тэндээс л олж авсан байх. Авираа ах хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэгш хамран сургах боловсрол, бие даан амьдрах систем, хувийн туслах үйлчилгээг Монгол Улсад бий болгохын төлөө тууштай ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүмүүсийн нэг. 2016 онд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэлэлцэн батлахад саналаа оруулж, хуулийн 32-р зүйлд бие даан амьдрах эрх хэмээх томоохон заалтыг оруулж чадсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд бусдын нэгэн адил амьдрах боломжийг нээж буй томоохон алхам болсон. Бүхий л байгууллагын ажилчид удирдах албан тушаалтнаа дарга, тэргүүн гэж хүндэтгэн дууддаг бол бидний хувьд гүйцэтгэх захирлаа “АВИРАА АХАА” л гэдэг. Магадгүй тэр нь бидэнд дарга ажилтан гэдэг зөвхөн ажил хэргийн харилцаанаас илүүгээр бүхий л зүйлээ чөлөөтэй ярьж хуваалцаж чаддаг нэгэн том гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодог байх. Манай төв дээр ирсэн хүмүүс “танай байгууллага бусдаасаа шал өөр юмаа, байгууллагад биш айлд орж ирж байгаа юм шиг санагдлаа” гэлцдэг. Манай төвд янз янзын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бий. Авирмэд ах өмнө нь багш сурган хүмүүжүүлэгч байсан болоод ч тэр үү уурлах нь ховор, хүн бүрийн онцлогт тааруулж харьцаж чаддаг, хүмүүсийг сонсож зөвлөгөө өгч чадвартай хүн. Мөн төвийн ажилчдын ихэнх нь залуу хүмүүс. Авираа ах маань бидэн дундаа хамгийн ахмад нь ч бидэнтэй бүхий л сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцаж асуусан асуултуудад зүгээр л товчхон хариулаад өнгөрөх биш харин ч илүү сурч мэдээсэй гэсэн хүслээр өөрийнхөө мэддэг зүйлээ жишээ аван дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Авираа ах хүмүүсийг ажиглаж, энэ хүн ямар ажил дээр илүү тохиромжтой, юуг сайн хийж чадах, ямар ааш араншинтай хүн бэ гэдгийг аль хэдийн хараад дүгнэчихсэн байдаг. Хэрвээ ямар нэгэн ажлын санал, төсөл хөтөлбөр хариуцан ажиллах болвол тохирох хүнийг нь олоод ажлыг нь хариуцуулж, хажуугаас нь зааж чиглүүлээд л явчихна. Миний хувьд Түгээмэл Хөгжил төвд ажиллаад найман жил боллоо. Энэ хугацаанд Авираа ахтайгаа олон ч ажлыг амжилттай хэрэгжүүлж, их ч зүйл сурч авсан. Хэзээ ч мартагдахааргүй зүйл бол 2017 онд Олон улсын байгууллагын захиалгаар амьдралдаа анх удаагаа ном бичилцсэн. “Тэгш хамран сургах боловсрол”, “Мэргэжлийн боловсрол” сургалтын байгууллагын багш, сурагчдад зориулсан хоёр номыг Англи, Монгол хэл дээр Авираа ахтайгаа хамтран бичсэн явдал юм. Түүний хувьд олон ч номыг орчуулсан туршлагатай. Тэр дундаа “Хотол даяар гэр минь буй” хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай өгүүлэх номыг орчуулан хэвлүүлж үнэгүй тарааж байсан нь үнэхээр гайхалтай. Дуу хөгжимд их дуртай. Бид чинь ажилдаа улайраад бүгд дор дороо чимээгүй юмаа хийгээд сууж байхад “За одоо бүгдээрээ жаахан завсарлаад нүдээ амраагаад сайхан дуу сонсох уу. Ямар дуу сонсоцгоох вэ” гэнэ. Бас хааяа залуучуудтайгаа хамт ажлаа тараад караоке ороод дуулж өгнө дөө. Мөн өөрийнхөө залуу насны тухай Орос улсад сурч байсан үе, багшаар ажиллаж байсан зэрэг сонирхолтой яриа их өрнүүлдэг. Шооч, хөгжилтэй зантай, залуу сэтгэлгээтэй ер нь л олны дунд л байх ёстой сайхан энергитэй хүн дээ. Хүнд хэрэгтэй үед нь урмын үгийг харамгүй хэлдэг, удирдан чиглүүлэх чадвар сайтай, өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж зааж зөвлөж чаддаг энэ салбартаа хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн үнэ цэнэтэй ах минь. Дутагдалтай тал нь сүүлийн үед чихэр амттанд их дурлаж байгаа/инээв/” гэсэн юм. Мөн тус төвийн ажилтан Н.Урнаа “Авираа ахыг анх харахад л нүдэнд дулаахан, их л буурь суурьтай хүн санагдаж билээ. Надад төрсөн анхны сэтгэгдэл хамт ажиллах явцад яг л үнэн болж таарсан. Залуу сэтгэлгээтэй, удирдах чадвар сайтай хүндээ. Үргэлж суралцаж явдаг даа, түүнээс. Энэ салбарынхаа ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ гэж олон ч хүн ярьдаг” гэлээ.Амьдрал хэмээх “их далайн” аз жаргал, гуниг зовлон дундуур сэлүүрдэж яваа Я.Авирмэд гуайн түүх тун баялаг ажээ. Түүний тухай нэг нийтлэлд цөмийг багтаах даанч боломжгүй, тийм л арвин түүхэн товчоонтой амьдралын эзэн юм. Дөрвөн сайхан хүүхдийн аав, таван хөөрхөн ач зээ нарын өвөө, хүний халамжит хань тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ бол “Загалмайлсан эцэг” нь. Түүний орчуулгын нэгэн номонд “Амьдрал хамгийн сайн анагаагч юм” хэмээн бичсэн нь нэгийг бодогдуулах. Хүн яаж ч зовж, ямар ч бэрхшээлтэй учирсан бай амьд байхын аз жаргал гэдэг юутай сайхан. “Би ч бас яахав ээ, эрүүл саруул явахдаа эрдэм номын мөр хөөгөөд сурах арга барилаа олчихсон. Суугаа болсон ч интернэт болон бусад арга замыг эрэлхийлээд хэлээ сайжруулж,хэрдээ таарсан бүтээл туурвилаа гаргаад явж байна. Харин хөгжлийн бэрхшээлээсээ болоод сурах нь байтугай ойр зуурын мэдээлэл ч авч чадахгүй байгаа багачуудыг харахаар хэцүү байдаг юм. Ингэж бодохоор л би тэдний төлөө чадах бүхнээ хийх ёстой гэж боддог. Одоо энэ гарын авлагыг орчуулаад тараачих санаатай сууна” хэмээн ярих зуураа массаж хийдэг махир модоор мөрөө байн байн нухах..Энгийн мэт боловч энэ их ачаа үүрсэн бодлын цаана аугаа хүний араншин тодрох. Бусдын төлөө бүхнээ зориулна гэдэг өөрөө аугаа зүйл. Аугаа зүйлийг амьдралдаа бүтээдэг хүмүүс асар цөөн агаад тийм хүмүүс дэндүү энгийн тэгсэн хэрнээ тэнгэрлэг оршдог ажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
Нутгийн сайхан дүүгийнхээ бодол түүхийг эргэцүүлэн уншиж суухад тэр үеийн харамсмаар үйл явдал болсныг мартаж бахархаж баярлаж бна аа..Сайхан аав ээжийн ухаантай сайхан хүү нь мөнөөс мөн шүү дээ. Аавтайгаа их адилхан болжээ. Дүүдээ улам ихииг хийж урам зоригтой урт наслаарай гэж хүсье.
Нутгийн сайхан дүүгийнхээ бодол түүхийг эргэцүүлэн уншиж суухад тэр үеийн харамсмаар үйл явдал болсныг мартаж бахархаж баярлаж бна аа..Сайхан аав ээжийн ухаантай сайхан хүү нь мөнөөс мөн шүү дээ. Аавтайгаа их адилхан болжээ. Дүүдээ улам ихииг хийж урам зоригтой урт наслаарай гэж хүсье.
Авираа, Чука бид гурав их сургуулийн нэгдүгээр күрсээс нэг ангид орж танилцаад, ангийн найзууд төдийгүй гэр бүлийн найзууд болж 40 орчим жил нэг нэгнийдээ орж гарч явна даа. Энэ хоёр маань хүмүүс яаж бие биеэ түшиж, хүний дотоод эрч хүчийг гадаад амжилт бүтээл, барих үр дүн, бусдын төлөөх ажлын үлгэр жишээ болгохыг харуулж яваа бахархам баатрууд шүү.
Авираагийнхаа сайхан ярилцлагыг уншиж ямар их эрч хүч сэтгэлийн хаттай яваад нь сэтгэлээсээ баярлаж байна. Сэргээгдэх эрчим хүч шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд нэгэн нэгэн хамт олон болон дор бүрнээ нэг л зорилгын төлөө эрдмийн ажил хийж байсан сайхан үе маань санаанд илхэн. Найздаа болон эхнэр Чулуунцэцэг үр хүүхдүүдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Биогазын сектор лабораторийн ажилтан байнаа.\nЛ
Анх эмнэлэгт танилцаж байсан.Их дөлгөөн сайхан хүн .Эрдэмтэй хүн даруу гэж үнэн юмаа.Урт насалж удаан жаргалтай яваарай.
Uneheer shan shan nulims fusslj bn
Нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн олон сайхан хүмүүсийн нэг эрхэм ахдаа цаашдын гэгээн бодол үйлс бүхэнд нь амжилт хүсье.Эрүүл энх, саруул сайхан байж улам ихийг бүтээгээрэй.Дүү нь ч гэсэн харааны бэрхшээлээсээ болоод мөрөөдөл бүхэн маань харахгүйн зовлонгоос болж талаар болсон доо.Гэхдээ бас л амьдралд сайхан нутаг,аав ,ээжийнхээ нэрийг сэвтээчихгүй авч явах юм сан гэсэн сэтгэлийн гэгээтэй амьдарч явна.
Амьд байхын ааз жаргал гэдэг гайхалтай шүү. Үнэхээр схан мэдээ олоод уншлаа
Saihan dursamjtai baharhmaar niitlel bnaaAiwaadaa az jargal hvsey
Nulimastai unshlaa ih ch zuiliig bodloo surgamjtai saihan yariltslaga boljee az jargal husie!
Бахархмаар сайхаан. Урт насалж, улам ихийг бүтээгээрэй.
Сайхан ярилцлага уншлаа. Айваадаа сайн сайханыг хүсье.
Ус нутгийн минь анд эрхэм хүндлэлт найздаа сэтэлийн тэнхээ хат, өөрийгөө захиран жолоодох оюун билэг, өөрт тохиолдсон зовлон шаналалыг даван туулж буй тэвчээр тэсвэр хатуужил гээд л олон бэрхшээл саад, зовлон шаналалыг чин зориг гаргаж сөрөн туулж яваа эрхэм хүмүүнд урамын үг дайхын ялдамд очиж уулзаж чадахгүй, эмзэглэж халгаж явдагаа нуух юун. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Найзынхаа зориглон хийж бүтээж буй их үйлсэд- их амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье дээ.
Сайхан байнаа баярлалаа
Ёстой дөмөгхөн эр хүндээ.
Алтан нутгийн эрхэм хүндлэлт ах, мэргэжил сургууль нэгтэй Ямхины Авирмэд\nтанаа зориулав\nАВИРМЭД (нэг мөрөндөө 24 үсэгтэй)\nАлтан нутгийн минь бодисадвА\nАюул ослыг дийлсэн ЯмандагА\nВедийн номлолт фикикч болоВ\nВишай мэдрэмж арвин цогцлоВ\nИлүүрхэж төрсөн гавал тархИ\nИндра тэнгэрийн шидэт тарнИ\nРадиан хэмжээс гоц төгөлдөР\nРейтинг өндөртэй профессоР\nМэргэн номчдийн гарвал удаМ\nМиний нутгийн хүндтэй эрхэМ\nЭлгэн нутагтаа ховор эрдэнЭ\nЭрэмбэ ёсоороо төрмөл түшэЭ\nДаруухан урлагдсан бодь моД\nДаацтай ширээгдсэн ган болД\nТайлбар: ямандага- гэгээрэлд хөтлөх үндсэн бурхан\n
Алтан нутгийн эрхэм хүндлэлт ах, мэргэжил сургууль нэгтэй Ямхины Авирмэд\nтанаа зориулав\nАВИРМЭД (нэг мөрөндөө 24 үсэгтэй)\nАлтан нутгийн минь бодисадвА\nАюул ослыг дийлсэн ЯмандагА\nВедийн номлолт фикикч болоВ\nВишай мэдрэмж арвин цогцлоВ\nИлүүрхэж төрсөн гавал тархИ\nИндра тэнгэрийн шидэт тарнИ\nРадиан хэмжээс гоц төгөлдөР\nРейтинг өндөртэй профессоР\nМэргэн номчдийн гарвал удаМ\nМиний нутгийн хүндтэй эрхэМ\nЭлгэн нутагтаа ховор эрдэнЭ\nЭрэмбэ ёсоороо төрмөл түшэЭ\nДаруухан урлагдсан бодь моД\nДаацтай ширээгдсэн ган болД\nТайлбар: ямандага- гэгээрэлд хөтлөх үндсэн бурхан\n
Ямар сайхан нийтлэл вэ. ойрд ийм сайхан энергитэй зүйл уншсангүй Баярлалаа