Ё:Дамчаабадгар: Монгол ардын бүжгийн үнэ цэн, урт хугацааны түүх нь дэлхийн ардын урлагт маш том байр суурь эзэлж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 28

Цагдаагийн Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, контемпрари этник урлагийг Монголд хөгжүүлэгч  Ё.Дамчаабадгартай ярилцлаа.


 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Ёндон овогтой Дамчаабадгар гэдэг. Би Цагдаа, дотоодын цэргийн Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, дэслэгч цолтой цагдаагийн албан хаагч.

-Бүжиг дэглээч гэдэг мэргэжлийг яаж эзэмшдэг вэ? Бүжигчнээс өсөн дэвжиж эзэмшдэг мэргэжил гэж ойлгож болох уу?

-Би Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. Миний мэргэжлийн бүжигчний гараа 12 наснаасаа Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын Ц.Алтанцэцэг багшийнхаа удирдлага дор эхэлж байсан. Багаасаа бүжийн урлагт татагдсан учраас 2013 онд зорилгынхоо дагуу Монголын үе үеийн сор жүжигчид төгсөн гарсан Соёл урлагийн их сургуульд элссэн. Улмаар 2017 онд бүжиг дэглээч, найруулагчийн мэргэжлээр төгссөн. Үүний дараа 2017 онд БНСУ-д контемпрари бүжгийн чиглэлээр суралцаж, 2019 онд БНСУ-д Орчин үеийн бүжигчдийн олон улсын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.

-Анх бүжиглэж эхлэх болсон шалтгаан юу вэ. Анх хэнээс бүжиглэх үлгэр дууриалал авч, хэн  урам зориг өгсөн бэ?

-Надад  хамгийн их урам зориг өгсөн хүн бол миний анхны багш болох Ц.Алтанцэцэг. Тэр хүнээс би хэрхэн соёлтойгоор биеэ авч явах, төлөвшилт, хүмүүжил, сахилга бат, аливаа зүйлсэд чин сэтгэлээсээ хандах хандлагыг суралцсан гэж боддог. Миний бодлоор урлаг, спорт аль аль нь хүмүүжил олгох хамгийн том арга зам байдаг. Гэхдээ урлагийн салбарт мөн төрөлхийн өгөгдөл чухал байдаг л даа. Тиймээс өгөгдөл байсан тулдаа өдийг хүртэл явж байгааг үгүйсгэхгүй.

-Таны хувьд яагаад контемпрари гэх чиглэлийг сонгон ажилладаг вэ. Бүжгийн энэ төрөл маань өөр бусдаасаа юугаараа илүү онцлогтой вэ?

-Миний контемпрари чиглэлд дурлах болсон шалтгаан нь хэв маяг, уламжлалд баригдалгүйгээр өөрийгөө чөлөөтэйгөөр илэрхийлэх чанар нь байсан. Өнөөгийн Монголд бид шинэ зүйлийг сэтгэж санаачлахгүй бол нөгөө л орос хэв маягийн  баригдмал, хайрцлагдсан хүрээндээ үлдэх болоод байна. Тиймээс биелгээг гэхэд зөвхөн үндэстэн, угсаатны хувцастай биелэх биш яагаад орчин үеийн хослолтой эсвэл чөлөөт хэв маягаар бүжиглэж болохгүй гэж. Үүнээс гадна контемпрари чиглэл нь балетын төрөл шиг зөвхөн сонгогдсон нэгэн байдаггүй. Хөдөлж болох бүхий л зүйлс нь өөрөө контемпрари урлаг учир эгэл нэгэн ч үүнийг хийж болдгоороо хамгийн том давуу талтай. Харин дотроо мэргэжлийн эсвэл сонирхогчийн төвшингөөрөө ялгардаг.

-Одоогийн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Цаашид хийхээр төлөвлөсөн зүйл их бий биз?

-Миний хувьд дан Сүлд чуулгаас гадна чөлөөт уран бүтээлчээр давхар ажилладаг. Монголын балетын хөтөлбөр гэх уран бүтээлчдийн нэгдэлд ерөнхий бүжиг дэглээч хийдэг. Бид ирэх дөрөвдүгээр сард “Motion mongolia dance festival”-д хоёр дахь удаагаа олон улсын контемпрари бүжгийн фестиваль зохион байгуулах гэж байна. Тус фестивалийн нээлтэд зориулж Монголын алдарт “Уран хас” балетыг контемпрари хэв маягаар тайзнаа тавих болсон. Үүнээс гадна энэ жил Цагдаа, дотоодын цэргийн зуун жилийн ойд зориулан хүндэтгэл болон баярын арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Төрийн соёрхолт зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн хүү С.Сүхбаатарын найруулга дор “Эрхэм төрийн тамгат баатрууд” гэх дуулалт концертыг мөн зохион байгуулахаар төлөвлөж байна. Би уг дуулалт концертын ерөнхий бүжиг дэглээчээр ажиллаж байгаа юм. Харин би хувийн зүгээсээ “Дэлхийг тойрсон биелгээ”, “Монголоо тойрон биелье”, цаашлаад цар тахлын үед гэртээ байгаа болон хөдөлгөөнгүй суугаа ажил эрхэлдэг хүмүүст зориулан  биеийнхээ дархлааг сайжруулж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой “Оффис биелгээ” гэх контентуудыг санаачлан хүргэж байна.

-Таны контентыг хаанаас үзэх боломжтой вэ?

-Миний хувийн Youtube суваг болох “Damchaabadgar Dancer” эсвэл Facebook-ээс контентын маань нэрээр хайж үзэх боломжтой. Ер нь дэмжлэг их байгаа шүү.

-Бүжиг дэглээчийн хувьд мөрөөдлийн тоглолтоо ямар байлгахыг хүсэж, төсөөлдөг вэ?

-Миний хамгийн том бөгөөд нэр хүндтэй тайз “Дэлхийг тойрсон биелгээ” байх болно. Дэлхийг тойрсон биелгээ төслийн гол зорилго нь мэргэжлийн театруудад тоглож дөрвөн зуу, таван зуун хүний хүртээл болгохоос илүүтэйгээр тэдний ард үлдэх олон зуун сая, тэрбум хүнд зориулж улс улсын хамгийн алдартай газруудад үнэгүй тоглолт хийж олны хүртээл болгоход үнэ цэн нь оршино гэж боддог. Цаашлаад Монголын бие биелгээгээр дамжуулан хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зэрэг бүжгийн урлагаар эмчлэх арга замыг нийтэд сурталчлахыг хүсдэг.

-Цагдаагийн Сүлд чуулга гэдэг их айлаас Чингисийн одонт дуурийн дуулаач Г.Ариунбаатараас авахуулаад Монголын төдийгүй дэлхийн урлагт маш олон одод төрсөн байдаг. Сүлд чуулгатай хэзээнээс нэгдсэн бэ?

-Би Сүлд чуулгад 2018 оноос хойш ажиллаж байна. Миний хувьд энэ байгууллагад ажиллаж эхэлсэн цагаасаа контемпрари урлагийг Монголд хөгжүүлэх, контемпрари этник буюу ардын урлагийг контемпрари хэв маягтай хольж шинэ урсгалыг бий болгох зорилготой уран сайхны бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байна. Сүлд чуулгын бүжгийн анги 1934 онд байгуулагдаж нийт гурван удаа татан буусан. Одоогийн бүрэлдэхүүн нь 2015 оноос байгуулагдаж ажиллаж байгаа. Манай чуулга Хууль зүйн яамны харьяанд байдаг учир татан буулгах асуудал үе үе хөндөгддөг шүү.

-Сүлд чуулгад нэгдсэнээсээ хойш гар бие оролцсон уран бүтээлийн сан хөмрөг арвин биз?

-Манай чуулганы хувьд урт удаан хугацааны түүхтэй учир би ажиллаж эхэлсэн цагаасаа хойших зүйлсийг ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Манай чуулга нь соён гэгээрүүлэх, хуульд дэмжлэг үзүүлж, хууль сурталчлах зорилготой. Үүнтэй холбогдуулан бидний хамгийн том арга хэмжээний нэг болох “Үргэлж тантай хамтдаа” гэх есөн төрлийн үйл ажиллагаанаас бүрдэх тоглолтыг орон даяар бүх аймагт, Улаанбаатар хотын ихэнх дүүргүүдээр тойрон танилцуулсан. Үүнээс гадна бид хорих байрт гэмт хэрэгтэнүүдийн сэтгэл зүйг дэмжихээр тоглолт хийдэг.  Уран бүтээлчийн хувьд энэ үйлс маань их сайхан сэтгэгдэл үлдээдэг шүү. Өнгөрсөн оны намар Сүлд чуулгын бүжгийн анги контемпрари этник чиглэлээр дагнасан бие даасан  “Халил” бүжгийн тоглолтоо хүргэсэн.

-Сүлд чуулга одоо хэдэн  гоцлол бүжигчинтэй вэ. Ямар шалгуурыг хангаж энэ алдрыг зүүдэг юм бэ? 

-Манай чуулга эрэгтэй найм, эмэгтэй найм нийт 16 бүжигчинтэй. Бидэнд гоцлол бүжигчний орон тоо байдаггүй. Бүжигчид дундаасаа нэг эмэгтэй, нэг  эрэгтэй бүжигчинг сонгодог. Бидний зүгээс хамгийн гол нь мэргэжлийн сургууль төгссөн байх шаардлага тавьдаг. Мэргэжлийн шүүгч, багшийн баг бүрэлдэхүүн үүн дээр ажилладаг.

-Таныг ажиллаж эхэлсэн цагаас хойш Сүлд чуулга ямар амжилт үзүүлсэн бэ?

-Би саяхан үхэр жилийн шинийн нэгэнд ес дэх олон улсын уралдаанаасаа шагналаа гардаж авсан. Манай чуулгын бүжгийн ангийн хувьд бол бид хэд хэдэн олон улсын томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцсон. Бид 2018 онд зохион байгуулагдсан Азийн ардын урлагийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, Дэлхийн ардын урлагийн наадамд оролцох эрхийг авсан. Мөн Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, зууны манлай бүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн гурав болон дөрөвдүгээр уралдаанд дэглээч, хамтлаг, хоёрол, гоцлол гэсэн төрлүүдэд амжилттай оролцож тэргүүн, дэд байруудыг эзэлсэн байдаг. 2018 онд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан төв халхын нэрт бүжиг дэглээч Б.Дэлгэржавын нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн цөөхөл улсын уралдаанд гранпри шагнал авсан. Манай баг хамт олон залуусаас бүрдсэн хэрнээ сүүлийн үед их амжилт яваа шүү.

-Ер нь олон улсын тэмцээнд уралдаанд ороход монгол бүжигчдийн ялгарах онцлог байдаг байх?

-Миний хувьд бүжиг дэглээч, бүжигчин гэсэн төрлөөр ардын урлаг болон контемпрари гэсэн хоёр чиглэлээр тэмцээнүүдэд оролцдог нь их том давуу тал болж өгдөг. Хүртсэн шагналуудын ихэнх нь ардын урлаг, бие биелгээн төрлүүдээр байдаг. Энэ нь Монгол ардын бүжгийн урлагийн үнэ цэнэ болон урт удаан хугацааны хөгжлийн түүх нь дэлхийн ардын урлагт маш томоохон байр суурь эзэлж чаддагийн илрэл болов уу. Харин контемпрари этник бүжгийн төрлийн хувьд бидний бүтээлч сэтгэлгээ болон шинэлэг байдал бусад улсуудын хөгжлийн төвшнөөс удаашралтай байгаа нь тодорхой болсон. Бидний хувьд хуучны зарим зүйлсийг шинэчлэн найруулж хувьсан өөрчлөх шаардлага тулгарч байна. Гэхдээ Монголын ардын бүжгийг контемпрари этник урсгалтай холбож буй нь барууныханы хувьд тэдний соёлоос тэс өөр соёл учир ихэд шинэлэг содон байдлаараа шагналт байруудыг эзлэх болсон нэгэн шалтгаан болдог.

-Та түрүү “бүжгийн урлагаар эмчлэх” гэдэг нэр томъёог хэллээ. Олон улсад хэдийнэ нэвтэрчихсэн энэ зүйлийг Монголд хэрхэн нэвтрүүлэх вэ?

-Бүжгийн урлагаар эмчлэх буюу Dance therapy гэх эмчилгээний төрөл нь 1696 онд  АНУ-д Бүжгийн эмчилгээний холбоо байгуулагдсан тэр үеэс үүсэлтэй. Энэ ухагдахууныг Тина Килар Жэнни болон Мэри Ваттхаус гэх хүмүүс анх судалсан. Ингэхдээ ямар нэгэн сэтгэл зүйн бэрхшээл тулгарсан хүүхдийг харанхуй өрөөнд оруулаад хөгжим сонсгоход  тухайн хүүхэд дотроо байгаа зүйлээ хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргаж байсан гэдэг. Харин тухайн хүүхдийн бүжгийн хөдөлгөөнийг Лабани хөдөлгөөний анализын дагуу судалж эмчилж байсан түүхтэй. Үнэндээ Монголын бие биелгээ нь  уламжлалт зан үйлийг таниулахаас гадна ийм чанарыг агуулсан байдаг. Жишээ нь, хавирган биелгээ дотоод өөхийг шатааж, мөрний нухлаа шар ус тарааж, цацал хөдөлгөөн гарын бугуйн хөдөлгөөнийг сайжруулдаг. Ерөнхийдөө бие биелгээ нь биеийн бүх үе мөчийг хөдөлгөж, шөрмөсийг байнга ажиллагаанд байлгаснаар хөгшрөлийн эсрэг үйлчилж залуужуулдаг. Цусны эргэлтийн хөдөлгөөнийг сайжруулснаар биеийг хоргүйжүүлэх хамгийн энгийн арга болдог.Үүнээс гадна Өвөрмонголд андай гэх бүжгийн төрлөөр сэтгэцийн эмгэгтэй хүнийг тойрон алчуур барин бүжиж дуулж эмчилдэг байсан талаар олж мэдсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top