Мөнгөөр биш ТОГТОЛЦООГООР жижиг, дунд бизнесийг хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Манай улс жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх гэж олон жил ноцолдож байгаа ч нэг л эвээ олохгүй байна. Эвийг нь олохыг хүсдэггүй ч байж мэднэ. Учир нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж үе, үеийн дарга нарын сул мөнгө олдог газар байсаар ирсэн болохоор тийм ч байж магадгүй гэсэн хардлага хэн бүхэнд л байдаг биз. Саяхан л гэхэд энэ сангаас их хурлын гишүүд тус бүр 950 саяар нь зээл авсан нь олонд ил болоход зарим нэг нь “Буцаагаад л төлчихье” хэмээн даналзаж байлаа. Дарга нар мөнгөнийх нь ихэнхийг авсны дараа цөөхөн хэд нь азтай нэгэнд нь оногддог гэсэн яриа хүртэл бий.

Харин шинэ байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эдийн засаг, эрүүл мэндээ аврах 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж, хоёр их наяд төгрөгийг ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зээл олгохоо мэдэгдсэн. Эхнээсээ энэ зээлээ өгөөд эхэлчихсэн явж байна.

Гэвч энэ бүхэн үр дүнд хүрэхийн тулд тогтолцоо, бизнесийн орчинг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Үүнээс гадна жижиг, дунд төрлийн бизнес хөгжихгүй байгаагийн бас нэгэн том шалтгаан бол манай том бизнесүүд тэдний орон зайг үргэлж эзэлж, тэдний идэх талхыг булааж ирсэн явдал.

Дэлхийн жишгээр бол том бизнес, үйлдвэрүүд туслан гүйцэтгэгчээрээ жижиг, дунд үйлдвэрийнхнийг ажиллуулж байж илүүтэй хөгждөг юм билээ. Гэтэл манай улсад одоогоор ийм салбар бүү хэл үйлдвэр ч байхгүй. Бидний сайн мэддэг Өмнөд Солонгосын “Самсунг” үйлдвэр л гэхэд нэг зурагт угсрахын тулд орж байгаа бүхий л эд материалыг тус, тусад нь жижиг үйлдвэрүүдэд хийгээд дараа нь нэг газраа угсраад зах зээлд нийлүүлдэг юм билээ. Харин манайд бол энэ бүхэн эсэргээрээ. Нэг томоохон үйлдвэр, бизнес эрхлэгч нь бүгдийг өөрөө хийхээр зүтгэдэг. Уг нь бол гахай үржүүлдэг газар байгууллаа гэхэд түүнийг нь дагаад тэжээл бэлтгэдэг үйлдвэр, махыг нь ангилан бэлтгэдэг үйлдвэр, чанарын стандартыг нь хангах худалдааны нэгж байх гээд маш олон жижиг үйлдвэрийг байгуулж болно.

Энэ асуудал шийдэгдэхгүй, жижиг дунд үйлдвэр сайтар хөгжихгүй явсаар ирсний гол шалтгаан нь дээр хэлсэнчлэн өнөөх л хууль, эрх зүйн орчин.

Бодлогын түвшинд нь энэ асуудалд өөрчлөлт оруулаад тохиромжтой хуулийг нь батлаад, судалгааг нь гаргаж өгөх хэрэгтэй. Хэрэв тэгвэл хүмүүс аль салбарт, ямар нэгж дээр нь боломжтой, алийг нь чадахаа тооцоолж, судалгаа, төслөө гаргаад зээлээ хүснэ. Ингэсэн тохиолдолд тухайн хүний бүтээсэн үйлдвэрлэл амжилттай байхаас гадна олгосон зээл нь эргэн төлөгдөх бүрэн боломж бий болно гэсэн үг. Дээрээс нь бизнесийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хүмүүсийн ойлголтыг өөрчлөх гээд нарийн зүйлүүд бийг мэргэжилтнүүд онцолсон байдаг. Хэн хэндээ итгэхгүй, бусдын итгэлийг алдах байдал байсаар байгаа учраас л өөрсдөө бүгдийг гардаж хийх гээд л, өндөр хүүтэй зээл аваад харанхуйгаар дайраад байгааг нь ч бас буруутгах аргагүй.

Энэ мэтийн асуудлууд байгаа учраас жижиг, дунд үйлдвэрлэл гэхээр бэлэг дурсгалын зүйл хийх, оёдлын цех байгуулах л болчихоод байгаа юм. Дээрээс нь сайхан төсөл бичээд олж авсан хэдэн төгрөгөө лангуу болгоод дуусчихдаг тохиолдлууд амьдрал дээр олон байна.

Олгосон зээл, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл нь амьдрал дээр хэрэгжиж байна уу гэдэг хяналт шалгалт огт байхгүй нь ч үүнийг өөгшүүлдэг. Зах, худалдааны төвүүдэд лангуу болгоод урд хөршөөс өнөө мөнгөөрөө баахан бараа авч ирдэг ч тэр нь зарагдахгүй.

Ингээд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэсэн мөнгө нь гадагшаа гарчихдаг. Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрийн газруудад тулгарч байгаа гол бэрхшээл бол тэр газрууд маань өөрсдөө ажлын байр байдаггүй, ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн үйлдвэрлэл явж байна уу, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу гэдгээс үл хамааран ашиглалтын зардал, түрээсээ төлөх тухай асуудал гардаг. Хаалгаа барьсан олон жижиг газруудын хамгийн том бэрхшээл энэ байсныг тэд ярьдаг. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг зохих ёсоор нь хөгжүүлье л гэж байгаа л зоригтой өөрчлөлтүүдийг хийхээс өөр аргагүй. Тэрнээс биш толгой эргэм их мөнгө амлаад ямар ч нэмэргүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sharwa1021(202.55.188.94) 2021 оны 03 сарын 02

Мөнгийгн ар өврөөр танил талдаа бараг хулгайлчдаг юум чинь яаж хөгжихөвдээ.....

0  |  0
Зочин(202.9.46.107) 2021 оны 03 сарын 02

Эй хөөрхий ийм аймаар нарийн юмын 4\\1 ийг ойлгох ухаантай хүн МАНд байхгүй. Худалаа гэвэл 4 жилийн дараа бахь байдгаараа л байж байна. Тэр 10 их наядынхаа хэдийг нь хэн авах гэдэг дээр одоо алаан болж байгаа. Оюунэрдэнэ бусадтайгаа эвтэйхэн хуваахгүй бол огцорно. Ард түмэн гэдэгчинь 62ийхон бусад нь боолууд.

0  |  0
Зочин(202.9.46.213) 2021 оны 03 сарын 02

10 их наядаар мөн ч их ярьж байна даа. Хэрхэн, хэзээ хэрэгжих нь ойгомжгүй нөгөөл олон шат дамжлага дээд дунд шатны завхруулагчид хийж бүтээх хүнд ээ очиж чадах нь тодорхойгүй. Монополь Банкнуудын өрийн барьцаанд орсон эхнээсээ шүүх дээр очиж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ яах гэж байна. Төрөөс үндэсний үйлдвэрээ дэмжих нээрээр зээл өгөхдөө банкаар дамжуулж тэд дундаас хүү мөнгө хүүлнэ. Төр маань Татвар авахдаа уургын морь шиг түшиж дэмжихдээ харин хөшүүн хойрго байж болохгүй ээ

0  |  0
Иргэн(66.181.190.23) 2021 оны 03 сарын 02

хөгжүүлэх хүсэл байвал юу байх вэ. Даанч тийм хүсэл сонирхол эрх мэдэлтэнүүдэд алга тэдэнд ард иргэд ядуу байх тусам л

0  |  0
Top