АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн вакцин эхний тунг хийлгэснээс хойш дөрвөн долоо хоногийн дараа 70-аас дээш насны хүмүүсийг халдвар авахаас 57-61 хувь хамгаалдаг гэж Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас гаргасан илтгэлд онцолжээ. Харин Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компани Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн вакцины хувьд энэ үзүүлэлт 60-73 хувь байгаа аж.
Эдгээр вакцины эхний тунг хийлгэсний дараа 80-аас дээш насныхны дунд халдвар хүндрэх эрсдэлийг 80 хувиар бууруулсан байна.
Түүнчлэн, “Pfizer” вакцин эндэх эрсдэлээс 83 хувийн үр дүнтэй хамгаалдаг байна. Судалгааг вакцин хийлгэсэн долоон сая гаруй хүний мэдээлэл дээр үндэслэн гаргажээ.
Их Британи 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд вакцинжуулалтыг эхлүүлсэн билээ. Өнгөрсөн сарын 14 гэхэд хүн амын эрсдэлт бүлгийн 15 сая хүн вакцин хийлгэжээ. Тус улсад өндөр настан, эмнэлгийн ажилтан болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүс зэрэг эрсдэлт бүлэгт нийт нас баралтын 88 хувь ногдож байна.
Ирэх тавдугаар сард дуусах вакцинжуулалтын хоёрдугаар үе шатанд 50-иас дээш насны нийт 30 сая гаруй иргэнийг хамруулах аж.
Одоогоор тус улсын хүн амын 30 гаруй хувь буюу 20.2 сая хүн вакцинд хамрагдаад байна. Ирэх долоодугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд 16-аас дээш насны бүх хүн вакцин хийлгэх боломжтой. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлснээр, тус улсын хүн амын 94 хувь вакцин хийлгэх сонирхолтой буйгаа илэрхийлжээ.