Нэг айлаас төрсөн найман СУМЫН ЗААН

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

-“Тулгууд ирсэн гэнэ” гэсэн яриа баяр наадмыг улам илүү сонирхолтой болгодог-

Орчлон хорвоо, хүн төрөлхтөнд ховор сонин түүх, гайхмаар нандин учирлууд бишгүй л олон бий. Монголчууд бидний хувьд ч ийм л сайхан зүйлс арвин. Тэдний нэг бол сумын заан аавын долоон хөвгүүн бүгдээрээ аавынхаа цолонд хүрч барилдан наймуулаа үндэсний бөхийн сумын заан гэх эрхэм алдрыг хүртсэн тохиолдлыг энэ удаад бид онцлон уншигч та бүхэндээ хүргэж байна. Монгол бөхийн түүхэнд нэгэн гэр бүлийн, ах дүү бөхчүүдийн олон сайхан түүхүүд байдаг. Тэдний дундаас бөх сонирхогчдын хамгийн сайн мэдэх нь Говьсүмбэр аймгийн арслан С.Давгадорж, том хүү аймгийн арслан Д.Түмэнжаргал, дунд хүү аймгийн арслан Д.Батжаргал, бага хүү Улсын арслан Д.Азжаргал нар билээ. Харин нэг эцгийн долоон хүү, аавтайгаа нийлээд наймуулаа/аавынх нь ах мөн сумын заан/ Сумын заан цолтой түүх дахин давтагдахгүй онцгой тохиолдол юм. Ер нь бөх барилддаггүй монгол хүн байхгүй гэж бид өөр хоорондоо ярилцдаг.

Тэр ч бүү хэл гадаадад төрсөн монгол хүүхдийг барилдуулахад хүртэл монгол бөхийн хүнд хэцүү мэхийг өөрийн мэдэлгүй хийдэг хэмээн нэгэн бөх судлаач бичсэн байсан. Магадгүй монголчуудын хувьд бөх гэдэг ёстой л нөгөө цус, генд нь шингэсэн зүйл болохоор тэр биз ээ.

Баянхонгор аймгийн Баянговь  сумын уугуул Ойдов тайж овгийн Шаравын Даваахүү гэж жавхалзсан бор залуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн заставт 1971-1974 оны хооронд гурван жилийн цэргийн алба хаагаад нутагтаа ирж, Баян-Өндөр сумаас Сангийн Энхтуяа гэж бүсгүйг бэр буулган гэр бүл болсоноор энэ түүх анх эхэлжээ. Ш.Даваахүүгийн удмынхан угаас хүү олуулаа бөгөөд төрсөн ах Ш.Цагаанхүү/цагдаагийн хурандаа/ мөн л сумын заан цолтой нэгэн. Харин Ш.Даваахүү гуай цэргээс халагдаж ирснийхээ дараахан буюу 1979 оны баяр наадмаар Шинэжинст сумын наадамд түрүүлснээр ахынхаа цолыг авчээ. Монголчууд баяр наадмынхаа тухай жил дамнан ярилцдагийн адилаар дараа жилийн баяр наадамд ч түүнийг төвөггүй түрүүлэх тухай ид яригдаж байсан 1980 оны долдугаар сарын 10-ны өдөр нэгэн муу мэдээ Шинэжинстийнхэнийг дайрсан нь сумын заан Ш.Даваахүү эмнэг адуунаас унаж хөлөө хугалсан явдал байлаа. Ингэж л тэрээр нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн “Сумын заан” шүлэгт гардагчилан

...Аваргуудыг

Араажаваар цоллоход

Өөрийгөө цоллосон шиг догдолж...” дахин барилдаж чадахааргүй болжээ. Ид сайхан барилдаж байхдаа хөлөө хугалж барилдахаа больсон ч бурхан тэнгэр түүнд долоон сайхан хүү заяаж, тэд нь аавынхаа цолонд хүрч, цолондоо дүүрэн барилдах хувьтай байж. Анхны хүү нь төрөхөд үеэлийнх нь хоёр настай хүү өлгийтэй нялх амьтныг өөрийн зон совингоороо ч юм уу, “Тулга” хэмээн дуудсан гэдэг. Тиймээс л том хүүдээ Тулгаа хэмээх алдарыг хайрлаж, дараагийн зургаан хүүдээ тулга орсон нэрүүдийг өгсөнөөр хожмоо “Тулгууд” хэмээн нутгийнхандаа яригдах учиртай байж.

“Долоон Тулга”-ын бага нас яг л салаа цэрэг шиг, эсхүл хамгийн сайн найзууд шиг өнгөрчээ. Ш.Даваахүү зааны хоорондоо дээд тал нь гурван насны зөрүүтэй үе тэнгийн шахуу долоон банди сав л хийвэл барилдаж аливаа асуудлыг шийдвэрлэнэ. Усанд явах, хонь хариулах гээд хөдөөний хүүхдүүдэд ажил мундахгүй ч тэр бүхнийг хар багаасаа жинхэнэ эрчүүд шиг шийдэж, унасан нь бага, дүү гэж гоншигонолгүй хийнэ. Ямар сайндаа л хамгийн бага нь болох Д.Баттулга ах нарыгаа дийлэхгүй ч гэсэн хамгийн түрүүнд л тэдэндээ “Тэгвэл барилдъя” гэсэн санал тавьдаг байсан хэмээн дурсана лээ. Зөвхөн үндэсний бөх гэлтгүй олон төрлийн спортоор сонирхон хичээллэж байсан учраас тэдний хөвгүүд багаасаа л ялалт ялагдлын амт, хожил хожигдлын ухааныг таньсан нь өнөө ч амьдралд нь хэрэг болдог тухай ярьсан. Хувь тавилан тэднийг аавынхаа цолонд эзэн болж нэр бүтэн амьдар гэсэн ч юм шиг санагдана. Учир нь ах дүү долоогийн дунд аймгийн цол, бүүр ч дээшээ барилдах боломжтой нь байсан. Д.Бүрэнтулга л гэхэд хүүхдээрээ шахуу 18 насандаа сумын заан цолонд хүрч, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубын нэрэмжит улсын аваргын сорилго барилдаанд түрүүлж байлаа. Тэрээр 2002 оны Галуут сумын наадамд түрүүлсэнээсээ хойш 2008 онд Шинэжинст сумандаа цолоо баталж, сумын наадамд таван удаа үзүүрлэн 11 удаа шөвгөрсөн амжилтыг үзүүлсэн нэгэн. Харин аймгийнхаа наадамд гурван удаа гурав, нэг удаа дөрөв давж, дандаа үзүүр түрүүний бөхчүүдэд өвдөг шороодож байсан гэхээр ид барилдаж байхдаа аймгийн цолны эрэмбэтэй заан явсныг харуулна. Д.Бүрэнтулга мөн их спортоор давхар хичээллэж улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж байсан бөгөөд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай нэгэн жинд эн тэнцүү өрсөлдөгч явжээ. Тэгвэл хүү Д.Түвшинтулга нь Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах өсвөр, залуучуудын барилдаанд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяртай нэгэн үед барилдаж мөнгөн медаль хүртэж байсныг үеийнх нь бөхчүүд андахгүй мэддэг юм билээ. Яг л тэр үеийн улсын аваргын барилдаанд зодоглож, дээгүүр амжилт үзүүлэн хөөрч дэрвэж явсан хөвгүүдээс цаашдаа бөхөөр хичээллэлгүй үлдэж, улсын цолонд хүрээгүй нь ганц Д.Түвшинтулга заан байдаг.

       

Долоон хүү өсөж томрох, барилдаж ноцолдох нь ихсэхийн хэрээр С.Энхтуяа гуайн хийх үйл улам бүр л нэмэгдсэн байж таараа. Тэрээр нутаг усандаа гайхагдсан уран хүн байсан бөгөөд дээлийг маш сайхан хийдэг байж. Хөвгүүддээ өндөр захтай уужимхан дээл хийж өгөөд л наадамд үдэж, зам мөрийг нь тэнгэрт даатган цагаан сүүгээ өргөн хоцорно. Ятга тоглодог, сайхан дуулдаг С.Энхтуяа гуай малын зоотехникч мэргэжлээр сум, нэгдэлдээ олон жил ажилласан ажилсаг, гавшгай нэгэн. Түүний үйл мэтгэх уран авьяасыг долоон хүү нь ч тодорхой хэмжээнд өвлөж бүгд л өөрсдийнхөө зодог, шуудгийг ширж өмсдөг байжээ. Том ах Д.Тулгаа нь 15 нас хүрээд л улаан торгоор өөртөө зодог шуудаг ширсэн бол том болцгоосон хойноо ч бүгд улаан торгон зодог шуудгаар гангарч, наадмын дэвжээг чимж байсан гэнэ. Бага хүү нь Д.Баттулга өдгөө ажил, амьдралын эрхээр тэр бүр барилдахаа байсан ч зодог, шуудаг ширдэг байсан авьяасаа орхилгүй ажлынхаа хажуугаар хөөрөгнийхөө даалин өөрйин гараар урласанаа үзүүлсэн.

Наадам дөхөөд ирэхээр л “Тулгууд”-ын сэтгэл тогтож өгөх биш. Тэгээд л ойр тойрныхоо сумын баяр наадмыг тойрч, эсхүл хуваагдаж яваад л наадацгаадаг байж. Зарим нэг нь ах дүүгээрээ нэгнээ дэмжээд цолонд хүргэчихсэн биз гэж өөчилж бодож мэдэх тул тэдний дөрөв нь Шинэжинст сумаасаа өөр суманд зааны болзол хангасан гэдгийг зориуд тэмдэглэе. Мөн 2002 оны наадамд Д.Бүрэнтулга Галуут суманд, Д.Түвшинтулга Шинэжинст сумын баяр наадамд нэгэн өдөр түрүүлцгээж байсан нь монгол бөхийн түүхэнд бас л тэмдэглэгдэн үлдэх амжилт яах аргагүй мөн юм. Ах дүү долоог ид барилдаж байх 2000-аад онуудад Баянхонгор аймгийн говийн хэдэн сумдын наадамчдын дунд “Тулгууд ирсэн гэнэ” гэсэн яриа баяр наадмыг улам илүү сонирхолтой болгодог байлаа. Зарим тохиолдолд энэ үгийг худлаар тараадаг ч тохиолдол гарч байж. Мэдээж үеийн нөхдөөс нь тэднийг ирсэн гэхэд “Сайхан үзнэ дээ” гэх нь байхад жаахан бэргэх нэг нь ч байсан л биз. Ямартаа ч нэг эцгийн долоон хүү нутаг, хошууныхаа наадмыг ёстой л нөгөө харах юмтай, хариад ярих юмтай болгож явжээ.

Ш.Даваахүү гуайн үр хүүхдүүд, ач зээ нар ноднин жил цуглахад 40 орчим болцгоож, өнөр олуулаа болжээ. 2011 оны баяр наадам тэднийхний сэтгэлд үргэлжид сайхан дурсамж болон үлдсэн байна. Учир нь Д.Мөнхтулга нь тэднээсээ хамгийн сүүлд ч гэсэн зааны болзол хангаж тэнгэр өнгөтэй асарын өмнө аавтайгаа хамт наймуулаа зогссон юм. Гэсэн ч арай л эрт тэнгэрт одчихсон зааны үргэлжлэл, үндэс угсаа болсон эдгээр хүмүүсээс спортод амжилттай яваа хэд хэдэн хүүхэд байгаа аж. Ач охин болох Мөнгөнтулгын Номин-Эрдэнэ л гэхэд жиу жицу-гийн 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж эх орныхоо алтан медалийн тоог нэгээр нэмсэн бахдам амжилт гаргажээ. Мөн тэрээр самбо, жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд улсынхаа аваргад түрүүлж, сүүлийн хэдэн жилийн медалийн тавцангаас буугаагүй. Харин үндэсний бөхөөр гэвэл сумынхаа өсвөрийн барилдаанд хэд хэд түрүүлсэн хүүхдүүд байгаа гэнэ лээ. Эднийхэн ер нь хар багаасаа олон төрлийн спортоор хичээллэж байсныг дээр дурдсан. Гэсэн ч тэд хэзээ ч зүгээр нэг хичээллээд өнгөрч байсангүй. Тодорхой хэмжээнд амжилт үзүүлж, ялалт, ялагдлын буухиагаа үргэлжүүлсээр байна. Шагайн харвааны аймгийн гоц мэргэн ах дүү долоо дунд гурав байгаа бол Д.Бүрэнтулга нь Улсын хошой мэргэн цолтой. Ах дүү долоогийн хамгийн бага нь болох Д.Баттулга Улаанбаатар хотод амьдарч “Монгол шуудан” компанийн Стратеги төлөвлөлтийн газрын захирлаар ажилладаг бол Д.Эрдэнэтулга аймгийн төвийн “Хас” банкинд ажилладаг. Харин бусад тав нь нутаг орондоо амьдарч байна. Тэд бас л монгол эрийн гурван наадмын нэг болох хурдан морь уяж, сумынхаа алдарт уяачид болцгоожээ. Ах дүү долоогийн ойрын төлөвлөгөө гэвэл улс хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадамд долуулаа барилдахаас гадна шагайн харваанд нэг баг болон өрсөлдөх. Мэдээж уясан морьдынхоо тоосыг наадмын алтан зурхай дээр ах дүүсээрээ сэтгэл догдлон хүлээх нь гарцаагүй.

Ш.Даваахүү /аав/-Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1979 оны баяр наадамд түрүүлэн сумын зааны болзол хангасан.

Д.Тулгаа /хүү/-Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2003 оны баяр наадамд түрүүлсэн. Сумын баяр наадамд хоёр удаа шөвгөрч аймгийн баяр наадамд гурав давж байсан.

Д.Мөнхтулга /хүү/-Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2011 оны баяр наадамд түрүүлсэн.

Д.Мөнгөнтулга /хүү/- Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2005 оны баяр наадамд түрүүлсэн. Аймгийнхаа наадамд хоёр удаа гурав давсан.

Д.Түвшинтулга /хүү/-Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2000 оны баяр наадамд түрүүлсэн. Шинэжинст сумын 2002 оны баяр наадам түрүүлж сумын заан цолоо баталсан. Сумын баяр наадамд хоёр түрүүлж нэг үзүүрлэж хоёр шөвгөрсөн.

Д.Бүрэнтулга /хүү/-Баянхонгор аймгийн Галуут сумын 2002 оны баяр наадамд түрүүлсэн. 2008онд Шинэ жинс сумдаа цолоо  баталсан. Тэрээр сумын наадамд тав үзүүрлэж нийт 11 удаа шөвгөрсөн. Жудо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, самбо бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.

Д.Эрдэнэтулга /хүү/- Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2006 оны наадамд түрүүлсэн. Сумын наадамд нэг үзүүрлэж, дөрөв шөвгөрсөн.

Д.Баттулга /хүү/-Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2007 оны наадамд түрүүлсэн. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй тамирчин.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржсүрэн Гэрэлт-Од(66.181.161.91) 2023 оны 07 сарын 01

Сайхан бна.Үр ач нараас нь улсын цолтон төрж өвөөгөө баярлуулаарай.

3  |  0
Зочин(122.201.31.103) 2023 оны 07 сарын 01

Гайхуулаад байх юм байхгуй л юм шиг, ингэж нийтээрээ, гэр булээрээ бех барилдлаа гээд улс орон хегжих уу, эд улс нийгэмд хэрэгтэй ажил терел хийж шальсан юм болов уу

0  |  4
buhuu(202.9.46.188) 2023 оны 07 сарын 01

we bitgii huts

0  |  2
we(192.82.70.183) 2023 оны 07 сарын 01

buhgui gazar chutgur galzuurch bndaa

1  |  4
Top