-Тужийн нарстай туждаа хамт “ургасан” ойн гавьяат ажилтан, ойн инженер Б.Жамсран-
“Таван хан уултай, таван шилмүүст модтой аймаг бол манайх” хэмээн Сэлэнгэчүүд бахархах дуртай. Тэртээ 100 жилийн өмнө Ардын хувьсгалт цэргүүдийн бамбай халхавч болж байсан эцгийн тэвэр шиг дулаан шугуй Тужийн нарс нь Сэлэнгэ аймгийн төдийгүй Монгол орны бахархал болсон байгалийн үзэсгэлэнт шилмүүст ойн цогцолбор билээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар сумын нутаг дахь 46.5 мянган га талбайг бүрхсэн элсэрхэг хөрснөө цогцлон ургасан Тужийн нарс нь 1965, 1989, 1990 онуудад гарсан ойн түймрийн улмаас 70-аад хувь нь сүйдсэн төдийгүй ашиг хонжоо хайсан хүмүүсийн гарт ч цавчигдан тайрагджээ. Шатаж харласан мөчир, тайруулж тасдуулсан хожуулууд сэтгэлд өр нэхэн ёрдойж байсан цаг саяхан. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, хээрийн салхины исгэрээ ч сонсогддоггүй байсан нөмөр нөөлөгтэй Тужийн нарсны тухай олон дуу, шүлэг бий. Ардын уран зохиолч, яруу найрагч Дөнгөтийн Цоодол “Тужийн нарсны дууль” дээрээ
“Хөх хөвчийн торгон цэргүүд шиг нарс
Хөлд нь сум туссан баатрууд шиг унажээ
Тээрэмд орсон тариагаа шуудайгаар нь сэгсрэх шиг
Тэртээ урагш нарсаа цуваа болгон юүлжээ” хэмээн халагласан байдаг нь нийгэмд дохио сэрэмж өгсөн гэхэд хилсдэхгүй.
ТУЖИЙН НАРСЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫГ МАНЛАЙЛАН АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД
Нарсан ой дархлаа дэмждэг интерфероныг ялгаруулдаг, 200-300 наслах чадвартай бөгөөд 10 метрээс ч өндөр ургаж байгальд өнгө үзэмж нэмдэг. Сибирийн их тайгын зүүн өмнөд талын төгсгөл Хэнтий нурууны салбар уулсын баруун хойгуур 80691 га талбайг хамарсан нарсан ой үргэлжилдэг бөгөөд туушдаа нарснаас өөр мод ургаагvйгээс Тужын нарс хэмээн нэрлэсэн гэдэг. Нарсан ойг хамгаалах тогтоол 2002 онд гарч Тужийн нарсыг байгалийн цогцолборт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Ойг сэргээх ажил тэртээ 1971 оноос эхэлж нөхөн сэргээх ажлыг ой, агнуурын аж ахуй эрхэлж байгаад “Ой, ан төв” ХХК болтлоо өргөжжээ. Жил бүр 200 га-гаас доошгүй талбайд шинээр суулгац тарих төлөвлөгөөтэй ажиллаж 1985-1995 онд 3214.9 га талбайг ойжуулсан байдаг. Ойн аж ахуйнхан Зүүнхараа, Мандал, Ерөө сумдын мод бэлтгэдэг аж ахуйн байгууллагыг ойн нөхөн сэргээлтэд татан оролцуулж ирсэн нь тун нүдээ олсон ажил байлаа. Үүнийг манлайлан зохион байгуулсан хүн бол Монгол Улсын ойн гавьяат ажилтан, ойн инженер Баттөмөрийн Жамсран юм. Тэрбээр Сэлэнгэ аймгийн ойн аж ахуйг толгойлж байсны хувьд Тужийн нарс орчмоос мод бэлтгэдэг газруудыг ойг нөхөн сэргээх ажилд өргөн оролцуулах саналыг аймгийнхаа удирдлагад тавьжээ. Уг саналыг Засаг дарга Н.Алтангэрэл дэмжсэнээр Бугантын мод бэлтгэлийн аж ахуйг ойжуулах ажилд бүрнээ татан оролцуулсан түүхтэй. Дээрх нөр ажилд БНСУ, Япон улсын зүгээс Элчин сайдын яамаараа дамжуулан хөрөнгө оруулалт хийж байлаа. Тус улсын олон нийтийн "Дункбук Азиан Саллим Форум" болон "Юхан Кемберли" компаниуд хамтран ойн түймрээс болж шатаж устах аюулд ойрхон байсан Тужийн нарсыг аврахад гар бие оролцон сэтгэл зүрхээрээ хамт байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Тужийн нарсыг нөхөн сэргээх ойжуулах ажил 1973-2011 онд нийт 14.3 мянган га талбайг ойжуулж чадсан. Үүнээс “Ой, ан төв” 7.7 мянган га талбайд 22 сая таримал мод, “Бугант групп” 6.7 мянган га-д 18 сая таримал мод, нийт 30 сая таримал модыг улсын санд хүлээлгэн өгч байсан түүхтэй.
ДАЙЖИН ХОЛДСОН АН АМЬТАД, АРААТАН, ЖИГҮҮРТЭН ОЙ ШУГУЙДАА НУТАГШИН ИРЖЭЭ
Б.Жамсран гуай 1943 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Буурал булнай нурууны ард Асгатын гол гэдэг газар төрж өсжээ. Энэ нуруунаас Тэсийн гол, Жарантайн гол эх авч урсдаг юм. Б.Жамсрайн гуай 1968 онд Москвагийн ойн техникийн их сургуулийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 1972 онд ой хээрийн түймэртэй тэмцэх агаарын харуулын албанд ойн хортон шавьжны мэргэжилтэнээр ажилласан юм. Тэрбээр дипломынхоо сэдвийг модны хортон шавьжаар хамгаалжээ. 1971 онд Богд ууланд модонд тархсан шавьжийг устгах үүргийг Ой модны аж үйлдвэрийг удирдах ерөнхий газрын дарга Лугаагийн Чимэдцэрэн гуай өгсөний дагуу 1971 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс 18 хоног АН-2 онгоцоор 10 мянга гаруй га талбайд хор цацжээ. Ийнхүү амь дүйсэн ажлынхаа үр шимээр хорхойны голомтыг устгаж чадсанаараа тэр бахархдаг. Ховд аймгийн хууз Аюуш гэдэг дэд хурандаа, Архангай аймгийн Бат-Өлзий гэдэг ахмад цолтой ажилдаа дадмаг ур чадвартай хоёр нисгэгчийн хүчинд өдийд амьд явж байгаадаа ч баярладаг юм. АН-2 онгоцоор Богд ууланд хор цацна гэдэг эрсдэлтэй ажил байсан болохоор өглөө гарах бүрийдээ гэрийнхэндээ ирэхгүй ч байж магадгүй гэж хэлдэг байжээ. Залуухан, ажилсаг, хурдан шаламгай боловсон хүчин 1977 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгой дахь улсын мод үржүүлгийн газрын даргаар ирж энэ нутагтаа ажил амьдралаа салшгүй холбожээ. 1979 онд Төв аймгийн Залуучуудын сангийн аж ахуй тариалангийн талбайг хамгаалах зорилгоор ойн зурвасын 10 га газарт Сибирийн улиас тарьж байсныг эс тооцвол насаараа Сэлэнгэ аймагт амьдарсан. Нарс бол элсэрхэг зөөлөн хөрсөнд ургадаг. Булганы Хялганат дахь Дух нарс, Дүгрээ нарс, Хэнтийн Дадал, Биндэр хавийн нарс ч бас л элсэрхэг газар ургасан. Бүрэнхааны нуруунаас эхлээд Эрээн даваа, Эрээний нурууг дуустал үргэлжилсэн Нарсан ой бий. Монголд хамгийн том талбай эзэлсэн Нарс бол Тужийн Нарс. Тужийн нарстай амьдралаа холбосон Б.Жамсран гуай Сэлэнгэ аймгийн ойн аж ахуйн агнуурын дарга, аймгийн байгаль орчныг хамгаалах газрын дарга, ойн аж ахуйн дарга, ойн ан төвийн захирал зэрэг албыг хашиж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Гавьяат ойчин маань ойн аж ахуйн салбартаа хагас зуун жилийг элээж тарьсан мод нь тэнгэр шүргэм ургаж, хүн ардын зугаалах, зуучлах дуртай үзэсгэлэнт төгөл болжээ. Өнөөдөр тарьсан бяцхан нарс 20 жилийн дараа хоёр давхар байшинтай зэрэгцэхvйц өндөр болж Тужийн нарстайгаа бид туждаа хамт амьдрах болно. Нэгэнт урган цэцэглэсэн ой шугайдаа дайжин холдсон ан амьтад, араатан, жигүүртэн нутагшаад хүрээд ирсэн нь байгалийг улам жавхаатай, уран төгс өнгө төрхтэй болгосон.
ОЙН ДӨРВӨН ИНЖЕНЕР ХҮҮТЭЙ ОЙГҮЙ БАЯН ХҮН
Б.Жамсрангийн эхнэрийг Ламзавын Наранцэцэг гэдэг. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумынх. Мөн л улсдаа 45 жил ажилласан хүн. Тэднийх дөрвөн хүү, гурван охинтой. Уул шиг ханайсан дөрвөн сайхан хүү нь дөрвүүлээ ойн мэргэжил эзэмшиж, ойн аж ахуйд, ойжуулагч, инженерээр ажиллаж, ойжуулалтын ажилд оролцон ажиллаж байсан түүхтэй. Тодруулбал том хүү Ж. Гөлгөө нь 1986 оноос хойш 28 жил Тужийн нарсыг нөхөн сэргээх ажилд ойжуулагчаар тасралтгүй ажилласан. Удаах хүү Ж. Отгонхүү нь МУИС-ийн Ой судлалын ангийг ойн инженерээр, гурав дахь хүү Ж. Отгонбаяр 2004 онд Эко-Азийн байгаль орчны дээд сургуулийг байгаль хамгаалал, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Бага хүү Ж. Отгонбат нь 2006 онд МУИС-ийн Ой судлалын ангийг ойн инженерээр төгссөн. Бүгд л ойн чиглэлээр салбартаа ажиллаж байна. Өөрийнхөө тарьж ургуулсан Тужийн нарсыг өөрийнхөө төрүүлж өсгөсөн үрсээрээ асруулан хайрлуулж яваа нь Жамсрангийн амьдралын утга учир гэлтэй. Б.Жамсрангийнхан гэдэг нэг ам бүлийнхний ажил амьдрал, амжилт бүтээл Монголынхоо бахархалт байгалийн үзэсгэлэнт нэгэн газрыг нөхөн сэргээж, хайрлан хамгаалахад зориулагдсан гэдэг нь үеийн үед бахдам түүх болж үлдэнэ. Ойн дөрвөн инженер хүүтэй ойгүй баян хүн гэвэл түүнийг л хэлнэ. Б.Жамсран гуай мэргэжилдээ үнэнч явсан он жилүүддээ аймгийнхаа “Ой, ан төв” гэдэг байгууллагыг олон жил удирдаж Тужийн нарсыг нөхөн сэргээж унаган төрхөнд аваачих үүрэг бол манай хамт олны хийгээд миний үүрэг гэж ойлгож ажилласан. Түүний хүчинд Тужийн нарс хэмээх их ой туждаа сэргээд салхины аясаар ганхан гунхан мөчир салаагаа бүжүүлэн, навчис цэцэгсээ алаглуулан ургаж байна. Энэ их нөр ажилд Монголын ард түмний төлөөлөл болсон олон мянган хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл их ээ.
ХҮҮХДЭЭСЭЭ ХӨГШИД НЬ ХҮРТЭЛ ТУЖИЙН НАРСАА АВРАХ ҮЙЛСЭД ХҮЧИН ЗҮТГЭЖЭЭ
Ойжуулах ажилд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгийн нийт 30 гаруй байгууллагын 450 гаруй хүн зэрэг ирж тун ч нүргээнтэй ажил эхэлж байв. "Зууны мэдээ" сонин уриалга дэвшүүлж, Монголын үндэсний телевизээр бэсрэгхэн баримтат кино ч хийгээд амжсан. “Олны хүч оломгүй далай” гэдэг хоёрхон өдөрт 230 га талбайд суулгац тарьж чадсан. Тухайн үеийн БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нар уг ойн санг хүлээн авах ёслолд оролцож байв. Ойн нөхөн сэргээлтэд аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ард иргэдийг өргөнөөр татан оролцуулж байсан учраас нутгийнхан Тужийн нарсдаа туйлын хайртай. Тужийн нарсны нэгэн хэсэг “Мойлт” гэдэг газар “Аваргын төгөл” байгуулах ажлын эхлэлд Монгол Улсын далай, даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон улсын заан Д.Мягмар нар биечлэн оролцож мод тарьж байв. Өдгөө аварга, заануудын тарьсан мод хоёр метр гаруй өндөр ургажээ. Газар тарианлангийн ажилчид гэдэг давах аргагүй эрсдэлийг туулдаг хүмүүс. Гэнэтийн цочир хүйтрэл, үер усны аюулд өртөж тарьсан модоо хияаруулах ч үе бий. Тиймээс тэд өглөө бүрийг цаг агаарын мэдээтэй угтдаг. Цаг агаарын мэдээ байгалийн гамшигт үзэгдэл тохионо гэдэг айл бүрд хамаатай. Тарьсан, ургуулсан мод бүхнээ арчлах тордох, зэрлэг ногоо зулгаах, модныхоо ургах явцыг шалгах зэргээр тэдний ажид дуусахгүй. Б.Жамсран гуай “Хөрсний бүтэц нь тодорхойлогдсон, усалгааны асуудал шийдэгдсэн бол хаа ч, ямар ч модыг ургуулж болно. Тэгэхдээ хүн чин сэтгэлээсээ ургуулъя гэж тарьсан модоо арчилж, тордох хэрэгтэй. Яг л нялх хүүхэд шиг асаргаа хэрэгтэй. Хоёр, гурван настай бяцхан нарсанцаруудыг урьдчилан бэлтгэсэн талбайд хоорондын зайг нь сайтар баримтлан гvн биш суулгадаг. Тарьсныхаа дараа услахгvй. Нарс өөртөө байгаа чийгээр өндийж, хурын усаар нахиалж дөнгөдөг хат сайтай ургамал. 100 нарс тарихад 80 хувь нь ургадаг болохоор мод тарьж буй хүмүүс ч урмаар дүүрэн байдаг” гэлээ. Намар нарсны боргоцойг унахаар нь тарьц бэлтгэлийн аж ахуйн ажилчид түүж авна. Түүнийгээ нэмэх 65 градусын халуунд задалж үрийг нь салгаж аваад хүлэмжид бол хоёр, задгай талбайд гурван жил бойжуулснаар нөхөн сэргээлтийн тарьц бэлэн болдог. Ийнхүү жилийн дөрвөн улиралд тэдний ажил дуусахгүй их. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод байрлах "Ойн ан" төв, "Бугант" компанийн ажилчид тарьц бэлдэж, нарс тарих ажлын голыг нугалдаг юм.
БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААТАЙ БОЛСНООР МОДНЫ ХУЛГАЙ ЭРС БУУРСАН
Тужийн нарсанд 10 м өндөр цамхгийг 2018 онд байгуулж энэхүү цамхаг дээрээс хараачилвал Тужийн нарс туждаа харагдана. Тус газрыг зорин ирсэн хүмүүс төдийгүй хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгодог. Ингэснээр залуусыг "Бүтээлч эко” аялалд оролцуулж, Тужийн нарсан ойг танилцуулах, таримал ойг биечлэн үзүүлэх, зулзаган нарс модыг хэрхэн тарихыг харуулж байна. Туждаа үргэлжлэх нарсыг хамгаалахаар "Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа" хэмээх байгууллагыг 12 хvний орон тоотойгоор байгуулжээ. Ажилчдын тав нь байгаль хамгаалагч. Нэг байгаль хамгаалагчид 16 га талбай ногддог болохоор модны хулгайчдыг барьж дийлдэггүй байв. Сүүлийн үед Тужийн ойд гарч байсан хулгайн мод бэлтгэл эрс буурчээ. Харин нутгийнхан ойд унасан унанги, хатсан модоор шахмал түлш хийдэг. Мөн Цагааннуур сумын “Харгистай баян бүрд” нөхөрлөл хөрзөн түүж түлшиндээ хэрэглэж байна. Хөрзөн нүүрснээс илүү илчтэй түлш. Басхүү зарим нөхөрлөлүүд байгалийн дагалдах баялгийг ашиглаж цай үйлдвэрлэж байна. Тужийн нарс орчимд ямар ч мод бэлтгэлийн үйлдвэр байхгүй. Учир нь ойтой газрыг I, II, III бүсийн ой гэж ангилаад I бүсийг ой сум аймгийн төвийн ногоон бүс тэндээс мод ашиглах хатуу хориотой. II бүсийн ойд мод бэлтгэх тохиолдолд нэг га талбай дахь жилийн өсөлтөөс хэтрүүлэн ашиглахыг хориглосон хуультай байсан. Харин III бүсийн ойд зөвхөн ерөнхий ашиглалтын үйлдвэр явуулдаг байв. Жамсран гуай “Энэ хуулийг бүх ой аж ахуйнууд хэрэгжүүлэн ажилладаг байлаа. Харамсалтай нь 1992 онд ой аж ахуйнуудын үүрэг өөрчлөгдөж ойг ашиглуулах үүргийг сумдын мэдэлд өгсөнөөр аймаг сумдын ногоон бүсийн ой суманд төсөв төвлөрүүлэх түүхий эд болсон. Тиймээс манай байгууллага зөвхөн Тужийн нарсаа нөхөн сэргээх ажил эрхэлдэг болсон” гэж байлаа.
ОЛОН ГАВЬЯАТЫГ ТӨРҮҮЛСЭН ОЙН ТӨГӨЛ
Ойн гавьяат ажилтны удирдлага дор ажиллаж байсан үе үеийн мэргэжлийн ойжуулагчид ойн техникчид, ойн инженерүүдийн хамтарсан баг хамт олноо тэрбээр дурсан ярих дуртай. Тухайлбал, байгууллагынхаа ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Эрдэнэбилэг, Д.Тэрбиш, Д.Шинэбаяр, С.Гэрэлбаатар, Ойн техникч Д.Нэргүй, С.Даваасүрэн, Ойн ангийн дарга А.Цэрэг, мэргэжлийн ойжуулагчдаас О. Нармандах, Ж. Пүрэвдорж, Б. Наранчимэг, Ж. Гөлгөө гээд л олон сайхан залуучууд ажиллаж байсан юм. “Бугант” группийн захирал Л.Гандөш бол түүний дотнын хамтрагч, үнэнч анд нөхөр нь байлаа. Олон хүний сэтгэл, зүтгэл, хөдөлмөр шингэсэн Тужийн нарс хэд хэдэн гавьяатыг ч төрүүлсэн. Ойн техникч Д.Нэргүй, ойн инженер О.Алтанцэцэг нар Монгол Улсын байгаль хамгаалахын гавъяат цол хүртсэн. Ташрамд дурдахад нэг га талбайг ойжуулах зардал 695 мянган төгрөг бөгөөд нэг га талбайг ойжуулахад 2500-3500 ширхэг хоёр настай тарьдас суулгадаг. Тэр модоо 2-3 жил нөхөж тарих, хашиж хамгаалах ажилд энэ зардал хүрэлцдэггүй аж. Тиймээс энэ зардлыг төр засгаас анхаарууштай. Б.Жамсран “Өөрийнхөө аясаар нөхөн сэргээх, нөхөн сэргээхэд нь туслах, зориудын аргаар нөхөж тарих аргууд байдаг. Тэр аргыг мэргэжлийн үүднээс зөв сонгож явуулах ёстой байдаг. Гэтэл сүүлийн үед зориудын аргаар нөхөн ойжуулах газрыг олж чадахгүй тендэр зарладаг болсонд их харамсалтай байна. Гал түймэр болон хууль бус аргаар устаж байсан Тужийн нарсаа нөхөн сэргээж унаган төрхөнд нь оруулж үлдээлээ. Үеийн үед харж хамгаалж нөхөн ургуулж яваарай гэж хойч үеийнхэндээ захья даа” гэлээ. Бас “Хүүхэдтэй болоод хүн яаж баярладаг билээ. Яг өөрийн үр шигээ тарьсан модоо ургуулахын тулд өдөр шөнөгүй ажилладаг. Тэр бойжуулсан тарьцаа ойд тарьж ургуулаад мод болсныг нь хараад маш их баярлаж, догдолдог” хэмээн нэмж өгүүлэв. Тужийн нарс нь холимог буюу хар модон ой байсан бол түймэрт тэсвэртэй учраас үлдэх байсан. Гэтэл дан нарсан ой учраас их сүйдсэн. Нарсан ой үнэ цэнэтэй ч холимог ойг үүсгэх бодлого барьж байгаа. Тужийн нарсан ойд шилмүүст модыг цуг тарьж холимог ой болгож ургуулсан. Манай оронд ургадаг шилмүүст үйлдвэрийн шинэст, нарст, гацуур, жодоо, хуш гэх мэтийн таван төрлийн мод ургадаг. Жилийн дөрвөн улиралд мөнх ногоон байдгаараа байгальдаа ч, хот суурин газарт ч, айл гэрийн хашаанд ч хамгийн сайхан үзэсгэлэнтэй тохирох мод юм. Тужийн нарсыг хүнээр төсөөлбөл хангай шиг түшигтэй, эр хүн юм уу даа” гэж хэлээд Б.Жамсран гуай хангай шиг түшигтэй, намба төгөлдөр инээмсэглэсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Ёстой хүн бүр унших сстой мэдээ байлаа.Монгол улс ийм л нэгэн хөдөлмөрч хүмүүсийнхээ нуруун дээр өдий зэрэгтэй явна даа.Өнөр сайхан гэр бүлд аз жаргалыг хүсье.
Сайхан мэдээ байна баярлалаа байгаль дэлхий ан амьтнаа хайрладаг сайхан гэр бүлд аз жаргал хүсье