Олигарх дуульс

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Юуны өмнө дууль гэдэг бол баатарлаг өнгө аястай, үйл явдал бүхий домгийн шинжтэй бичлэгийн төрлийг хэлнэ хэмээн монгол хэлний тайлбар тольноо өгүүлжээ.

Маш товчхоноор, уран сайхны хэтрүүлэгтэй зохиомол зүйлс ихтэй гээд ойлгочих. Ийм зохиолын төрлийг бодит байдал, баримт нийтэлж нэвтрүүлдэг сэтгүүл зүйн салбарт хэн хэзээнээс оруулх ирснийг мэдэхгүй. Үнэндээ гол баатрын түүх худал байх нь олонтаа.

Харин олигарх гэдэг нь худал түүхтэй бодит хүмүүс ноёрхсон тогтолцоог хэлээд байгаа. Уг нь бидний сонгосон ардчилсан тогтолцоонд олонх засагладаг юм билээ. Тэгвэл олигарх тогтолцоонд цөөнх засагладаг. Тэдний лидерийг баатарлаг, утга уянгын халилтай дууль болгон өмөөрөөд байгаа нь манай иргэний нийгэм цөөнхөд үйлчилж буйн үнэн төрх.

Голдуу бичиг үсэг тайлагдсан, юмны наадах цаадахыг хардаг сэтээхний анги тэр баатарлаг дуулийг магтан сайшаах, хаацайлах ажлыг гардан гүйцэтгэж  байгаа нь ч цөөн засаглаж буйн илрэл. Тэдгээр домгийн шинжтэй үнэнээс хол зөрсөн дуулийн бодит дүр ихэнхдээ улстөрчдөөр илэрдэг. Тэднийг хэрхэн баяжиж таргалсан талаар сайн, бас муу олон дууль бий.

Төрийн өндөр, хариуцлагатай алба хашдаг хүн ах дүү, амраг садан, найз нөхөд, эсвэл бүр цагаандаа гараад өөрөө шууд гардан оролцох гэх мэт аль нэг замаар бага биш мөнгөтэй холбогддог жамтай. Ялангуяа ийм үйл явдалтай дуульсын хүчинд Монголын сүүлийн 30 жилийн улс төрийн түүхэнд өндөр албан тушаалтнууд энхийн цагаан тагтаа ч байсан, эсвэл хав хар хэрээ ч болсон тохиолдол зөндөө. Гол нь хэвлэл мэдээлэл тэргүүтэй иргэний хяналт цаашлаад төрийн хяналт түүний гарт байх ёстой. Ийм тогтолцоогоор олигархууд сонгогдох төрдөө олонх буюу ард түмнийг сонгох эрхээр нь дамжуулан үйлчлүүлдэг. Мөнгө харсан эрдэмтэн судлаачид ч үүнд гол үүрэг гүйцэтгэхээсээ буцахгүй.  

Монголд улс төрийн сонгууль дөхөхөөр л туульс дагасан баатарлаг дуульс мэндэлдэг. Харин сонгууль дууссаны дараа ялагч бүхнийг хамаж авдгийн зарчмаар 24-хөн цагийн дараа  бүгд мартагдана. Ганц жишээ татахад, 2017 оны тав, зургаа, долоодугаар сарын хэвлэлийн мэдээгээр Ерөнхийлөгчийн сонгуульд худалч, хулгайч, хулигаан гурав өрсөлдсөн болж таардаг. Өнөөдөр дөрвөн жилийн өмнөх сонгуулийн сурталчилгааг эргэн нэг үзвэл аяндаа бүх юм тодорхой болно. Сайн хүн үгүй, муу ч хүн үгүй. Яг тэр үеийн үйл явдал давтагдах цаг үе одоо тохиож байна. Яг л нөгөө баатарлаг, эсвэл эмгэнэлтэй зохиолын дуульс тодорч эхлээд байгаа. Тэр цагаас хойш эрх мэдлээ хадгалсан нь өмнөх сайн, муу түүхээ  эрс үгүйсгэж, харин эрх мэдлээс буусан нь хууль шүүхийн тусламжтайгаар эвлрээд ч байх шиг. Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөгч олигарх талуудын хүчтэй хүчгүйн ялгаа гарч эхэлж байна. Гэхдээ тэд бас төсөөтэй талаа хүлээн зөвшөөрч байгаа. Бүгд байгалийн баялаг хулгайлж, гадагш цөөсөн. Хэн хэн нь олон зуун сая долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, энэ нь дэндээд бүх монголчуудын өрийг дарчих хэмжээний валют гадаадад дансандаа хадгалсан юм байх. Түүнээс өмнө уул уурхайн асар их баялгийн өрмийг түүсэн л гэнэ. Хятад, Солонгосчуудтай хуйвалдсан гэж ч мэдээлнэ. Нөгөө хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг болж байгаа хэрэг. Ийм сөрөг компанит ажил өрнүүлэхийн зэрэгцээ өөрсдийгөө хуулиар өмгөөлүүлж, хөлсний бичигчид тэргүүтэй хуурамч хаягны армиар өмгөөлүүлнэ.

Үндсэндээ 2000 оноос өмнө өмч хувьчлал дээр зодолдсон нөхөд түүнийхээ тусламжтайгаар Монголын төрд өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэжээ гэсэн дуульс өөрсдөдөө зохиож эхэлнэ. Өмч хувьчлалаар улсын мэдлээс хувьд гарсан том том үйлдвэр үйлчилгээний газар, зочид буудлыг Хятад-Монгол-Оросын хороонд гахай үүрч босгосон л гэнэ. Бараг эрсдэл үүрч ганзагын наймаа хийснээрээ торгоны замыг сэргээсэн, тэр шугамаараа Монголоос Хятад, Солонгос, Сингапур, цаашлаад Виржиний арлууд, Америк хүртэл бизнесээ өргөжүүлсэн болоод дуусдаг. XIII зуунаас хойш хэн ч тоохгүй байсан Монгол руу гадаадын хөрөнгө оруулалтын салхийг ингэж эргүүлсэн шийдвэрүүд ачтанууд зөндөө. Ийм л айхтар дууль Монголд байна гээд уулга алдуулна, цэг. Олигархууд төрийн мөнгөөр угжсан зохиомол дуульсыг олж уншсанаа товч сийрүүлэхэд ийм байна.

Төгсгөлд нь өгүүлэхэд, өнөөдөр Монголд олигарх дэглэм тогтсон эсэхэд уншигч  Та эргэлзэж магадгүй. Тиймээс “Олигарх дэгмэл гэж янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хэсэг бүлэг цөөн хүмүүс төрийг мөнгөөр худалдаж авч, төрийг өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэн, өөрсдийн эрх ашигт зохицсон дэг жаягаар засаглахыг хэлдэг” гэх тодорхойлолтыг нэг санах хэрэгтэй. Харамсалтай нь, олигарх дуульс үүнийг өгүүлдэггүй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(103.26.194.11) 2021 оны 03 сарын 05

Инээдтэй хүмүүс шүү

0  |  0
Top