Д.Энхжаргал: Манлайлагч монгол эмэгтэйчүүдийн тухай хоёр дахь боть Мартын 8-нд гарна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

“Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” төрийн бус байгууллага Монгол Улсынхаа хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан 100 эмэгтэйг алдаршуулах “Зууны 100 эмэгтэй” номын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Зууны 100 эмэгтэй” номын хоёр дахь боть уншигчдын гарт хүрэх юм байна. Бид энэ талаар уг төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргалтай ярилцлаа.


-“Зууны 100 эмэгтэй” төслийнхөө талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ төслийг одоогоос хоёр жилийн өмнө “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-аас санаачилж эхлүүлсэн юм. 1921 оноос хойш өнөөдрийг хүртэлх 100 жилд баатарлаг үйлс, арвин хөдөлмөр, амжилт бүтээлээрээ гавьяа байгуулсан 100 эмэгтэйн түүхийг хойч үедээ үлдээж, сургамж, сургаалыг нь авч үргэлжлүүлээсэй гэсэндээ энэ төслийг санаачилсан.  Бидний ажлыг дэмжиж, манай төсөлд оролцсон олон сэтгүүлч, төрийн болон төрийн бус байгууллагуудад талархаж байна.

Бид төслийнхөө хүрээнд хоёр боть ном, 100 нэвтрүүлэг хийж байгаа. “Зууны 100 эмэгтэй” фэйсбүүк, цахим хуудас гарсан. Цаашлаад тэдгээр 100 эмэгтэйгээ дэлхийд таниулах, бүтээсэн гавьяаг нь англи, монгол хэл дээр, цахим тольд оруулахыг зорьж байна. Ингэснээр дэлхийн хүмүүс хаанаас ч хайлт хийгээд “Монгол Улсын шилдэг 100 эмэгтэй хэн юм бэ, тэд ямар чухал үйлс бүтээсэн юм бэ” гэсэн мэдээллийг хүртээмжтэй авах боломжтой.

-Шилдэг 100 эмэгтэйгээ хэрхэн шалгаруулсан бэ. Тэдгээрийг эрэмбэлж, дараалуулж байгаа юу?

-Энэ гайхалтай эмэгтэйчүүдийг эрэмбэлж дараалуулахгүй. Бүгд л өөр өөрийн салбартаа гайхалтай гавьяа байгуулсан хүмүүс байгаа. Тэднийг шалгаруулахдаа бид салбар салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авсан. Цахим хуудсаараа нээлттэй шалгаруулалт явуулсны үндсэн дээр нэр дэвшсэн эмэгтэйчүүд бүр дээр нарийвчлан ярилцаж тодруулсан. 1921- 2021 он хүртэлх 100 жилийн түүхийн хөгжлийн явцаас шалтгаалж, манлайлагч эмэгтэйчүүдээ 1921-1971 он, 1971- 2021 он хүртэлх гэж цаг хугацаагаар нь хоёр хуваан гаргаж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийг барилгын салбарынхтай харьцуулж болохгүй. Улс төрийн салбарын эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн салбарынхтай харьцуулж болохгүй. Ийм учраас бид эмэгтэйчүүдийнхээ нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь боть номонд оруулсан.

-Эхний ботид 1921-1971 онд салбартаа манлайлсан анхдагч эмэгтэйчүүдийн тухай бичсэн байдаг. Эмэгтэйчүүдийн намтар, түүхээс тухайн цаг үеийн нийгмийн байдлыг ч мөн уншиж мэдэж болох нь ээ?

-1921-1971 онд нийгмийн байдлаас хамаарч Монголд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал яригдаж эхэлж л байсан үе. Жишээлбэл, эмэгтэйчүүд төрийн шийдвэр гаргалтад хангалттай хэмжээнд оролцож чадахгүй байлаа. Боловсрол, эрүүл мэндийн хувьд ч эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлууд байдаг. Тиймээс эмэгтэйчүүдээ соёлжуулах, эрүүлжүүлэх, боловсруулах аяныг эхлүүлж, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулсан Нацагдоржийн Пагмадулам, ард түмэнд “Сүхбаатарын” Янжмаа нэрээрээ танигдсан Нэмэндэйн Янжмаа гээд олон алдартай эмэгтэй манай эхний ботид орсон. Нэмэндэйн Янжмаа гуай хууль тогтоох төрийн дээд байгууллагаас Азид хоёрт жагсах алдар суутай эмэгтэй юм. Ардын Их Хурлын орлогч дарга хийж байсан эмэгтэйн түүх ч орсон. Зэвгийн Амгалан гээд Хөдөлмөрийн баатар болсон оёдолчин эмэгтэй мал аж ахуйн гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн арьсан эдлэл үйлдвэрлэж, түүнийгээ экспортод гаргаж валютын орлогыг нэмэгдүүлж байсан, ажилчин эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах санаачилгуудыг хууль тогтоох байгууллагад хүргэж байжээ. Дэлхийн энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулсан, энгийн малчин эмэгтэй “фронт” Бадам, Монгол Улсад атрын аяныг эхлүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг эхлүүлсэн эрдэмтэн Ичинхорлоо гээд манай номын баатар бүр гайхалтай түүх намтартай.

Анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар, саальчин Авирмэд гуай хорин хэдхэн настайдаа монгол үнээнээс 1000-2000 литр сүү саах ажлыг эхлүүлж, саальчин бүсгүйчүүдээ уриалж, өөрийн туршлагаа улс даяар түгээж, Батсүмбэрийн сангийн аж ахуйдаа 10 гаруй Хөдөлмөрийн баатар, Монгол Улсад 65 хөдөлмөрийн баатар төрүүлсэн талаар бичигдсэн. Эдгээр эмэгтэй өөрийн эрхэлсэн ажил хөдөлмөрийг чадварлаг хийхээс гадна амжилт, туршлагаа бусдад түгээх дэлгэрүүлэх ажилд их чармайлт үзүүлсэн байдаг.

-1971- 2021 оны манлайлагч эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх хоёр дахь боть өмнөх ботиосоо ямар онцлогтой бол?

-Хоёр дахь ботид 1971-2021 оны манлайлагч эмэгтэйчүүдийн тухай гарна. Эхний ботид бичигдсэн эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, соёл, гэгээрлийн салбарт түлхүү амжилт гаргасан байдаг бол хоёр дахь ботид спортын алдартнууд, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, хувийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд орсон. Хөдөлмөрийн баатар ногоочин, шувуучин, гахайчин эмэгтэйчүүд орж байна. 1971-2021 онд Монгол Улсын эдийн засгийн салбар хэрхэн өргөжиж, төрөлжиж буйг тэдгээр 50 эмэгтэйн намтар, түүхээс уншиж болно. Сүүлийн 50 жилд монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн давамгайлдаг салбарт манлайлж ажиллах болжээ. Батлан хамгаалах, уул уурхай, инженер, технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо 15- 20 хувьд хүрлээ. Жишээлбэл, дэлхийн энх тайвныг сахиулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Монгол Улсын хурандаа Г.Болорын тухай сүүлийн ботид орсон. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжихэд дэлхийн олон орноос гадаадын хөрөнгө оруулалт татах, Монгол Улсыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Оюунтүлхүүр, Пара таэквондогийн дэлхийн аварга Х.Энхтуяа гээд гайхалтай амжилтыг бүтээгчдийн түүх энэ ботид маань бий.

-Таны түрүүнд хэлснээр шилдэг 100 эмэгтэйн тухай цахимаар хэзээ уншдаг болох вэ?

-“Зууны 100 эмэгтэй”-н намтар, түүхийг цахим хэлбэрт оруулах ажил хийгдэж байна. Бид эхний ботио 2020 оны Эх, үрсийн баярыг тохиолдуулан гаргасан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас номын нээлтийг цомхон хийсэн.  Хоёр дахь ботио Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гуравдугаар сарын 8-нд гаргахаар төлөвлөсөн. Дэлхий нийтээрээ мөрдөж байгаа 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй хөгжих тухай” зорилт, Засгийн газрын бодлого, хөтөлбөрт тусгагдсан “ирээдүй үедээ тэгш, шударга нийгмийг үлдээх” зорилт тус тус манай төслийн зорилттой нийцэж байгаа.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Та эмэгтэйчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Одоо аль ч салбарт жендэрийн тэгш байдал хамгийн чухал болоод байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамтдаа хөгжиж, дутуугаа гүйцээж илүү хөгждөг туршлага дэлхийн улсуудад байна. Жишээлбэл Норвеги, Финланд, Канад улсууд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ, тухайн улсын хүний хөгжлийн индексээрээ өндөрт үнэлэгддэг. Тэдгээр улсад эмэгтэйчүүдэд боловсрол олох, эрүүл, өөрийгөө хөгжүүлж амьдрах, ажиллах таатай орчин нөхцөлийг бий болгож чаджээ. Өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээл дээрх эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдээ гүйцэхгүй байгаа. Монгол Улсад эмэгтэйчүүдийн хийдэг гэрийн ажлууд, гэр бүлээ асрах ажлууд үнэлгээгүй байдаг. Тэгвэл ямар ч ажил үнэлгээтэй байх ёстой, гэртээ ч өөрийгөө хөгжүүлэх боломжууд бүрдэх ёстой. Ингэж байж л хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгддэг. Жишээлбэл, Япон улсын гэрийн эзэгтэй нар санхүүгийн боловсрол сайн эзэмшсэн. Гэрээсээ олон улсын үнэт цаас, валютын зах зээлийн арилжаанд оролцож, гэрийн ажлаа хийнгээ цахимаар хүмүүстэй харилцаж, ашигтай ажилладаг. Энэ жишгийг Монголд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдтэй хамтран өрхийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байна. Эмэгтэйчүүд өөрийн гэсэн орлоготой, эдийн засгийн хувьд хараат бус болсноор өөрийгөө илүү хөгжүүлэх, салбар салбартаа, цаашлаад улс орны хөгжилд, дэлхийн тавцанд хүрч, амжилт гаргах боломж нээлттэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.152.250) 2021 оны 03 сарын 06

ene tom malzin tharaitai avgai hen be ymar buh uher shig tharai

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

Өөр хийх юм алга уу бүтээн байгуулалтанд оролцож монгол улсаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулөхгүй юм уу охид эмэгтэйчүүд ээ.

0  |  0
Top