Эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэмдэглэлт өдрүүдийн талаар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянгатай ярилцлаа.
-Монгол Улсын манлайлагч 100 эмэгтэйг олон улсад таниулах ажил хийгдэж байгаа гэсэн. Энэ тухай яриагаа эхлүүлье?
-“Зууны 100 эмэгтэй” төслийн хүрээнд 1921-2021 онд 100 жилийн хугацаанд Монгол Улсын бүхий л салбарт өөрийн үнэт хувь нэмрээ оруулсан 100-н эмэгтэйн намтрыг “WIKI4WOMAN” буюу Википедиа дээр оруулах ажлыг төслийн хамт олон хийж байна. Энэхүү санаачилгыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 2018 онд санаачилсан бөгөөд бид нэгдэж ажиллаж байна. 100 эмэгтэйн намтар, түүхийг монгол, англи болон бусад хэл дээр орчуулж Википедиа дээр байршуулах ажлыг хийснээр эдгээр эмэгтэйчүүдийг дэлхий нийтэд таниулах юм.
-Эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд олон улсад ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
-НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас хоёр асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг. Нэгдүгээрт, Африкийн асуудал. Хоёрдугаарт, жендэрийн асуудлыг бүх төсөл, хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлдэг. Ялангуяа боловсрол, соёл, байгалийн ба нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо гэсэн таван салбарт жендэрийн тэгш байдлыг хангахаар ажилладаг. Тухайлбал, олон улсын өдрүүдийг тэмдэглэдэг.
Хоёрдугаар 11-нд Эмэгтэйчүүд болон охидын шинжлэх ухааны олон улсын өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа нийт судлаачдын 30 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс шинжлэх ухааны салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, охидын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус өдрийг олон улсад тэмдэглэдэг. Аравдугаар сарын 11-нд Олон улсын охидын өдөр болдог. Ялангуяа цар тахлын үед сургууль, боловсролын байгууллагууд хаагдсан үед цар тахлын нөлөө охидод илүү эмзэг тусаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ЮНЕСКО бодлогоор хангаж ажиллахыг зорьдог. Ялангуяа эрсдэлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээг улс орнууд авч хэрэгжүүлэх ёстой болж байна. Арваннэгдүгээр сарын 24-нд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр хэмээн тэмдэглэдэг. Түүнчлэн эмэгтэйчүүдийг дэмжсэн ЮНЕСКО-ийн шагналууд байдаг. ЮНЕСКО “L’Oreal” шагналыг шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдэд олгодог. Монгол улсаас энэ шагналыг авсан хүн байдаг. Дэлхийн хаанаас хэн ч энэ шагналд нэр дэвшүүлэх боломжтой. Цар тахал эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа учраас жендерийн болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарт илүү их анхаарч байна. Дэлхийн улс орнуудад хийсэн “Жендэр ба бүтээлч салбар” судалгааг удахгүй танилцуулах гэж байгаа.
-Монголд эмэгтэйчүүдийн тэгш байдал хангагдаж чадаж байгаа юу?
-Монгол Улсын хувьд Жендэрийн үндэсний хороо бүх аймаг, орон нутагт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Салбарын хуультай, хуулийн хэрэгжилтийг дагасан хөтөлбөрүүд гарч, жендэртэй холбоотой судалгаа, тайлангууд гардаг. Жендэр ордоггүй салбар гэж байдаггүй. Жендэр салбар дундын асуудал. Тиймээс Монгол Улсад аливаа бодлогод жендэрийн асуудлыг заавал тусгасан, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт хийх шаардлагатай. Ялангуяа түрүүнд хэлсэн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын таван салбарын хүрээнд жендэрийн бодлого уялдаж явдаг. Бүх салбарын 100 эмэгтэйн түүхийг нийгэмд хүргэх “Зууны 100 эмэгтэй” төсөл энэ салбарт хувь нэмэр оруулж байгаа. Төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн тухай ном гаргахаас гадна баримтат нэвтрүүлэг хийж түгээх, олон нийтийн сүлжээгээр сурталчлах ажлууд мөн хийгдэж байна. Энэ салбарт хувь нэмрээ оруулах болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
tseregt yavtsgaa , nuhruudee zarj amidarsaar ergteichuudiin nas boginsoj bna,,, ajil hiitsgeeee