АНУ-ын Сансар судлалын НАСА агентлагийн “Perseverance” сансрын аппарат Улаан нүдэн гарагаар анхны аяллаа хийлээ. Төслийн менежер Роберт Хогийн хэлснээр, “Perservance” нийт 6.5 метр зайг туулсан байна. Эхлээд аппарат дөрвөн метр явж, зүүн тийш 150 хэм эргэн 2.5 метр буцаад явжээ. Зургаан дугуйтай, нэг тонн жинтэй явуулын лаборатори энэ аялалдаа нийт 33 минут зарцуулжээ.
Төслийн техникийн мэргэжилтэн Анаис Зарифяны мэдээлснээр, “Perseverance” Ангараг гарагийн нарны нэг хоногт дунджаар 200 метр зай туулах боломжтой гэнэ. Эзеро тогоо орчим амьдралын ул мөр хайх даалгавар бүхий аппарат Ангарагийн нэг жилийн хугацаанд /Дэлхийн хоёр жил орчим/ нийт 15 км газрыг туулах үүрэгтэй.
Аппарат Эзеро тогоон дахь эрдэмтдийн сонирхлыг татаж буй буй хэд хэдэн хадан тогтцод хүрэх ёстой. Хэдэн тэрбум жилийн өмнө тогоо орчим нуур байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Эрэлд гарахаасаа өмнө аппарат бага оврын “Ingenuity” нисдэг тэргийг нисгэх туршилт хийх юм. Үүний тулд ирэх хэдэн долоо хоногт сансрын аппарат туршилтын нислэг хийхэд тохиромжтой газар хайх юм. Нисдэг тэргийг “Perseverance” аппаратын кузовын доор байрлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )