Б.Азжаргал: Одоо иргэддээ л найдахаас өөр аргагүй болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 10

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа. Тэрээр аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байгаа юм.


-Ажил авснаасаа хойш аймагтаа ямар, ямар ажлууд хийж хэрэгжүүлээд байна вэ?

-Засаг даргын ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-нд авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг батлуулсан. Ирэх таван жилийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө баталсан. Анх удаа энэ жил улс орон даяар “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж баталж байгаа. Үүнээсээ үндэслэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих зарчим руу орж байгаа, энэ нь ч их зөв. Энэ хөтөлбөрийнхөө дагуу бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын тендер зарлах ажил одоогоор тавин хувьтай явж байна. Өнгөрсөн хугацаанд хийж эхлүүлсэн дуусаагүй томоохон бүтээн байгуулалтын ажлууд бий. Тухайлбал, 2500 хүний суудалтай спорт цогцолборын ажил энэ жил бүрэн дуусна. Дархан-Шарын голын замын үргэлжлэл 11 тэрбум төгрөгийн ажил мөн хийгдэнэ. Ер нь бол бид бүхэн хотын бүтээн байгуулалтад дэд бүтэцдээ хандсан бүтээн байгуулалтыг түлхүү хийхээр зорьж, төлөвлөж байна. Азийн хөгжлийн сангийн зээлээр 2017 оноос хойш хэрэгжиж байгаа “Цэвэр, бохир усны менежментийг сайжруулах нь” төсөл энэ жил дуусна. 2021 оны хувьд өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн энэ мэт томоохон ажлуудаа нэн тэргүүнд дуусгах зорилт тавиад ажиллаж байна. Мөн ирэх дөрвөн жил хэрэгжих ажлуудаа энэ жил эхлүүлнэ. Улсын хэмжээнд аймгуудын хөрөнгө оруулалттай харьцуулахад манай аймаг дундаж түвшинд байдаг. Улсдаа төсөв төвлөрүүлдэг таван аймгийн нэг.

-Шинээр ирээд буй онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ онд 47.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 104 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс авто замын салбарт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Дархан-Шарын гол чиглэлийн 47.7 километр авто замаас 28 километрыг нь хатуу хучилттай болгож, Хонгор-Салхитын 13.2 километр авто замын суурийн ажлыг бүрэн дуусгана. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын гэр хорооллын айл өрхүүд рүү дэд бүтэц шинээр татах ажлыг бүрэн дуусгахад 18.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн энэ онд 100 хүүхдийн цэцэрлэгийн нэг барилга, Орхон суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг барина. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 100 хувьд хүрэх тооцоотой байгаа. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, Шарын гол суманд шинээр хөлбөмбөгийн талбай, хуучин Дарханд спортын ордон шинээр барих ажилд 7.7 тэрбум төгрөг зарцуулна. Хотын дотор дөрвөн км унадаг дугуйн зам болон алслагдсан гэр хороололд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1880 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилахаар болсон. Дархан хотын 60 жилийн ойг угтан иргэд, төрийн бус байгууллагуудаас гарсан саналыг үндэслэн тэдний оролцоотой 60 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр мөн төлөвлөөд байна.

-Өнгөрсөн намрын ажилд ямар нэгэн хүндрэл гарав уу?

-Өнгөрсөн намар аймгийн хэмжээнд ямар нэгэн хүндрэлтэй зүйл гараагүй. Тариа, ногоо, ургацаа бүгдийг нь цагт нь хураасан. Мал аж ахуй маань дөрвөн төрөлдөө тоо толгой нь өссөн үзүүлэлттэй гарсан. Ер нь Дархан-Уул аймгийн энэ бүс нутгийг Засгийн газраас “Эрчимсэн мал аж ахуйн бүс нутаг” болгон зарласан. Үүний хүрээнд мал аж ахуйгаа эрчимжүүлж, газар тариалантайгаа хослуулж хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ чиглэлд орон нутгийн зүгээс томоохон ажлуудыг санаачилан эхлүүлж байгаа.

-Иргэдийн зүгээс эрчимжсэн мал аж ахуй эрхлэх тал дээр хэр нааштай хандаж байгаа бол?

-Иргэд маань их дуртай, уриалгахан хүлээж авч байгаа. Дээрээс нь энэ жилийн улсын шилдэг фермер манай аймгаас тодорсон. Аймгийн хэмжээнд яг энэ чиглэлд хэд, хэдэн арга хэмжээ авч байгаа. Аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймагтаа үхрийн шинэ үүлдрийг бий болгоод, орон нутгийнхаа хэрэглэгчдийг эко махаар хангах зорилт тавьсан. Өнгөрсөн жил байгуулсан энэ махны фермер маань нилээд үр дүнтэй болж байгаа. Үүнийхээ үр төлийг нутгийн малчиддаа хөнгөлөлттэй зээлээр олгох ажлыг хийх гэж байна. Ингэснээр малчдын маань одоо байгаа малын үүлдэр угсаа эрс сайжирна. Мөн манай аймагт Монгол Улсад ганц байгаа малын удмын сан байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлье, энэ чиглэлээр ажил хийе гэж байгаа хүмүүст аймгаас газрыг нь олгоно. Энэ жилээс аймгийн төв дотор байдаг 200-аад мал бүхий айлыг нэгдсэн зохион байгуулалтаар суурьшлын бүсээс гаргана. Аймгийн зүгээс тухайн бүс нутгийнх нь дэд бүтцийг тодорхой хэмжээнд шийдэж өгнө. Мөн хөдөө аж ахуйн чиглэлд хийсэн нэг том ажил бол Дархан-Уул аймаг, аймгийн төвийг тойрсон Сэлэнгэ аймгийн сумдын малчдын малын сүүг боловсруулах сүүний үйлдвэр барихаар бид бүхэн өнгөрсөн жил газрыг нь олгосон. Энэ бол эрчимжсэн мал аж ахуйг дэмжих нилээд том зүйл.

-Энэ жилийн хаврын тариалалт хэдий үеэс эхлэх вэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

-Гуравдугаар сарын сүүлээр л тариаланчид маань гардаг. Тариалан­чидтайгаа сая уулзаж байхад өнгөрсөн арваннэгдүгээр сард цар тахлын хөл хорио тогтооход харьцангуй бүхий л ажлаа хийгээд дуусчихсан байсан. Одоо хаврын ажил эхлэх гэж байхад мөн л хөл хорио сулраад гайгүй болж байгаа нь сайн хэрэг гэж байна лээ. Нэг үгээр тариаланчдад цар тахлын үеэр нэг их хүндрэл бэрхшээл үүсээгүй гэдгийг тэд маань хэлж байсан.

-Төмс, хүнсний ногоо тариалдаг, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстээ хэр дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ. Хотод борлуулах, хадгалах зоорь ч гэдэг юмуу асуудал бас үүсдэг тухай иргэд их ярьдаг?

-Дархан-Уул аймаг өөрийн гэсэн онцлогтой дөрвөн сумтай. Шарын гол уул уурхай, Хонгор сум эрчимжсэн мал аж ахуй, газар тарилангийн бүс нутаг бол Дархан сум маань аймгийн төв учраас аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа хот. Харин Орхон сум маань төмс, хүнсний ногоо, нарийн ногоог тариалдаг оцлогтой сум. Монгол Улсын хэрэгцээний төмс, хүнсний ногооны 15-20 хувийг дангаараа нийлүүлдэг, нийслэлийн Барс захын гол нийлүүлэгч нь манай Орхон сумын айл өрхүүд байдаг. Хүнс хөдөө аж ахуйн газраас Дархан-Уул аймагт төмс, хүнсний ногооны 1000 тоннын агуулах, зоорь барих хүсэлт саяхан ирсэн. Бид бүхэн газрынх нь асуудлыг судлаад энэ ажил удахгүй эхлэх байх. Ногоочдын маань өмнө тулгардаг хамгийн том бэрхшээл бол зоорь. Энэ зоорийг барьчихвал зөвхөн аймгийн гэлтгүй нийслэлийн иргэдийг жилийн туршид хадгалалт сайтай хүнсний ногоогоор бүрэн хангах боломжтой болно.

-Дархан-Уул аймагт коронавирус гарч, багагүй сандаргасан. Богино хугацаанд сайн ажилласны үр дүнд “ногоон бүс” болж чадсан. Тухайн үед ямар, ямар арга хэмжээнүүдийг шуурхай авч ажилласан бэ?

-Ажлаа авсаны гурав дахь хоног дээр нь буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Дархан-Уул аймаг төмөр зам дагасан халдварын төв бүс болж таарсан. Эхний удаад нилээд хүнд байсан. Гэхдээ энд би нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Онцгой байдлын ерөнхий газраас хоёр жил тутамд команд штабын сургалтуудыг их сайн зохион байгуулдаг. Миний хувьд найман жил сумын Засаг даргаар ажиллахдаа энэ сургалтад таван удаа хамрагдсан. Энэ сургалтын ач холбогдол сая гарсан гэж хувьдаа дүгнэж байгаа. Командштабын сургалтаар орон нутгийн удирдлагууд аюул осол, нийтийг хамарсан халдварт өвчин гарсан тохиолдолд хэрхэн ажиллах вэ гэдгийг маш олон түвшинд заадаг. Б.Ууганбаяр хурандаа энэ олон сургалтуудыг өөрийн биеэр гардан зохион байгуулдаг байсан. Эхний өдөр улс орон даяараа юу хийхээ мэдэхгүй сандарцгаасан байх. Бид ч тэгсэн. Харин үдээс хойш нь Онцгой комиссоо яаралтай хуралдуулаад, шуурхай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Хоёр дахь том хүчин зүйл нь хөл хорио тогтоосноос хойш хэдхэн өдрийн дараа “Оном” сангийн дэмжлэгтэйгээр дэлхийгээр тархан суурьшсан вирус судлаачидтай бид бүхэн онлайн хурал хийсэн. Тэр үед Улсын онцгой комисс нийслэлдээ түлхүү анхаарал хандуулаад орон нутагт тэр бүр хүрч ажиллаж чадахгүй байсан. Тиймээс бид бүхэн зүгээр суулгүй гадаад харилцааныхаа хүрээнд УОК-иос зөвшөөрөл аваад тус хурлыг хийсэн. Тэгээд эдгээр хүмүүсийн өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллах тал дээр нилээд анхаарсан. Гурав дахь хүчин зүйл бол Ерөнхий сайд анхаарал хандуулж Ж.Энхбаяр зөвлөхийг манай аймагт томилж ирүүлсэн. Ж.Энхбаяр зөвлөхийн хувьд УОК, ЭМЯ-тай шуурхай холбогдох, яаралтай арга хэмжээ авахад маш том тус нэмэр болж байсан. Яаралтай шинжилгээ авах хэрэг гарахад л шинжилгээний материалыг өдөрт нь аймгийн төвд авч ирүүлэх гэх мэт олон шуурхай ажлыг хийж чадсан. Ийм хүнд цаг үед УОК-ийн шийдвэр гаргах түвшний хүн орон нутагт ажиллах нь маш чухал юм байна гэдгийг харуулсан. Дөрөвдүгээр НЭМТ, ЭМЯ-аас манай аймагт зөвлөх баг ирж ажилласан. Ингээд бид бүхэн улсын хэмжээнд анх удаа “Тэг зогсолт” хийсэн. “Тэг зогсолт” гэдэг үг хуульд байдаггүй юм билээ. Тухайн үед аймгийн Онцгой комиссийн даргын хувьд хамгийн хатуу, бүх иргэн гэрээсээ гарахгүй шүү гэсэн ямар ойлголт байж болох вэ гэж бодож байгаад өөрөө “Тэг зогсолт” гэдэг үгийг анх гаргаж хэрэглэсэн. Олон нийтэд анх миний зарласан энэ үг сүүлдээ улсын хэмжээнд хэрэглэгдэж эхэлсэн/инээв/. Ингээд “Тэг зогсолт” хийгээд голомтуудаа олж тогтоогоод, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, өвчтэй хүмүүсээ тусгаарлалтад авсан. Үүнийхээ дараа арваннэгдүгээр сарын 23-27-ны хооронд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Манай аймаг 27 мянган өрхтэй, дээрээс нь гол халдварын голомт болчихоод байсан төмөр замын ажилчин бүрийг шинжилгээнд хамруулж чадсан. Өвчлөл анх бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн дараа бүх өрхөө шинжилгээнд хамруулж, халдвартай иргэдээ олж тогтооход нийтдээ 45 тохиолдол болсон. Ингээд энэ 45 хүнтэй хавьтагч болсон 489 хүнийг тусгаарласан. Мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг сайтар дагаж, өвчтэй хүмүүсээ цаг алдалгүй илрүүлж, тусгаарлаж чадсанаараа Дархан-Уул аймаг халдвараа цааш алдахгүй, ногоон бүс болох том үндэс болсон. Бас нэг том хүчин зүйл нь гарах, орох хөдөлгөөнийг хаасан явдал. Өөрөөр хэлбэл дотооддоо бүх юмаа хааж, иргэддээ зөвөөр ойлгуулж байгаад халдварыг олж тогтоох, гадагшаа өвчин алдахгүй, гаднаас өвчин зөөвөрлөхгүй байх гэсэн бодлого барьсан. Арванхоёрдугаар сарын 1-нээс аймгаас гарах хүмүүсээ нэг бүрчилэн шинжилгээнд хамруулж гаргасан. Учир нь бусад аймаг хотуудад энэ өвчнийг тараах эрсдэл байсан. Увс аймагруу нэг иргэн явлаа гэхэд шинжилгээнийх нь хариуг хавсаргаад би өөрөө гарын үсэг зураад унаанд нь суулгаж өгөөд явуулсан. Бид нарын явуулсан хүмүүсээс нэг ч асуудал гараагүй. Мөн бид нар нийслэлд байсан 8000 орчим иргэнээ татан авч, гадагшаа бас тэр орчим хүнийг гаргасан байна. ДЭМБ-аас 21 хоног өвчлөл гарахгүй байх, цаашдаа 14 хоног өвчлөл бүртгэгдэхгүй бол эрүүл бүс гэж зарлана гэсэн журам байдаг юм билээ. Тийм болохоор тэр болтол хөл хөдөлгөөнөө бүрэн нээлгүйгээр дөрөв, дөрөв хоногийн зайтайгаар аж ахуйн нэгжүүдээ нээж эхэлсэн. Хамгийн түрүүнд эрсдэлийн үнэлгээ нь өндөр байсан ч үсчиний газрыг нээсэн. Бодит амьдрал дээр үсчид маань хамгийн түгээмэл хэрэгцээтэй юм билээ. Одоогоор нийт аж ахуйн нэгжийнхээ 99,8 хувийг нээсэн байна. Энэ сарын 9-нд Онцгой комиссоо хуралдуулаад үлдсэн байгууллагууд болох хүүхдийн тоглоомын төв, комьпютер тоглоомын төв, нийтийг хамарсан хурал, зөвлөгөөнийг халдвар, хамгааллын дэглэмээ мөрдүүлээд нээх талаар шийднэ.

-“Тэг зогсолт”-ыг анх удаа хийхэд Дарханы иргэд их зөв, хүлээцтэй хүлээж авсан. Иргэддээ мэдээллээ хэрхэн өгч байсан бэ?

-Тэгэлгүй яахав. “Тэг зогсолт” хийхэд Дархан-Уул аймагт үндсэндээ төрийн байгууллагын 320 хүн л хот дотор явж байлаа. Бусад нь бүгд гэртээ байсан. Энэ шийдвэрийг гаргачихаад иргэд маань хэрхэн хүлээж авах бол гэсэн санаа зовнил бол байсан. Тиймээс иргэддээ мэдээллийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар, хурдан шуурхай өгч ажилласан. Эхний өдөр 24 цаг “Тэг зогсолт” хийчихээд үүнийгээ 72 цагаар сунгасан. Энэ хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллах гэж байгаагаа бүгдийг нь иргэддээ сайтар хэлж ойлгуулсан. Мэдээж, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг дуудлагаар хүргэж өгч байсан. Түлээ нүүрсийг зарим айлд үнэ төлбөргүй, заримд нь төлбөрийг нь аваад хүргэж өгсөн. Энэ ажлуудыг маш богино хугацаанд хийсэн. Эхний өдөр зарим нэг алдаа дутагдал гарч байсан ч гэсэн бид түүнийгээ засаад явсан. Иргэдээс хүнсний захиалгыг нь онлайнаар аваад түүнийгээ дэлгүүрүүдэд хувааж өгөөд, тэд маань иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулсан. Мөн иргэд маань аймгийнхаа Онцгой комисст их итгэл хүлээлгэж, бид нар хичээвэл энэ өвчнийг төрийн байгууллага, эмч, ажилчид маань давж гарч чадах юм байна гэсэн итгэлийг бидэнд өгсөн. Тийм дээ ч энэ хугацаанд нэг ч иргэнээс асуудал гаргаагүй. Засаг даргын дэргэд шуурхай утас ажиллуулж, иргэдээсээ гомдол саналыг нь авч байсан. Нэг өдөрт л гэхэд 1000 хүнтэй утсаар ярьж байлаа шүү дээ. Эмнэлгийн байнгын хяналтад байх ёстой иргэдээ тусгай машин гаргаж өгч үйлчилэх, “Тэг зогсолт” хийсэн үед хүүхдүүдээ айлд орхичихсон хүмүүсийг тусгай машинаар тээвэрлэх гээд олон шинэ ажил гарсан л даа.

-Иргэдийнхээ гомдол, саналыг байнга авч, тухай бүрд нь хариулт өгч ажиллаж байсан тань хүмүүст их таалагдсан. Тэр ч бүү хэл “Дарханы Засаг даргаар УОК-ийг удирдуулъя” гэдэг яриа хүртэл сошиал орчинд гарсан?

-Ний нуугүй хэлэхэд энэ маань нэг талаараа урам өгч байсан ч зарим үед бид нарыг үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах байдлыг бий болгож байсан. Яг адилхан зэрэгцээд ажиллаж байгаа олон хүн байхад зөвхөн өөрийгөө дөвийлгөөд байгаа юм шиг ойлголт үүсэж мэдэхээр байлаа. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд би нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгөөгүй. Энэ удаад л танай сонинд өгч байна. Ийм бүх нийтийг хамарсан цар тахлын үед хэн нэгэн хүн ганцаараа товойх, ганцаараа гавьяа эдлэх ямар ч боломж байхгүй. Энэ бүхнийг чинь маш олон хүний хөдөлмөр, хамтын оролцоогоор давж гардаг зүйл. Гэтэл энэ бүхэн дээр иргэдээс харьцуулалт ирээд байх нь зарим талаараа надад их хэцүү байсан. Энэ бүхнийг давж гарахад УОК, ЭМЯ гээд холбогдох олон байгууллагын мянга, мянган ажилчин, аймгийн маань төрийн байгууллагын олон зуун ажилчин, Б.Энхбаяр зөвлөх, Я.Содбаатар дарга гээд хамт ажилласан баярлаж, талархах ёстой хүмүүс зөндөө бий. Ялангуяа Я.Содбаатар дарга байнга холбоотой байж “За Азаа минь Дарханаа энэ эрчээрээ яваад ногоон бүс болгох ёстой шүү. Ингэж бусдадаа итгэл найдвар төрүүлэх нь маш чухал” гэж урам зориг өгөхөөс гадна маш том үүрэг хариуцлага бидэнд оногдуулсан. Тийм учраас бид бүхэн жижиг ч гэсэн алдаа гаргахгүй байх юмсан гэж маш их хичээсэн. Жижиг алдаа гаргахгүйн төлөө заримдаа иргэдийнхээ үйл ажиллагааг хязгаарлахаар хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм билээ. Энэ үед бид нар маш хатуу шийдвэр гаргасан нь Дарханаас гадагшаа гарах бол 60 хоног буцаж ирэхгүй, орвол 60 хоног гарахгүй байх гэсэн хязгаарлалт тавьсан. Энэ маань хүний эрх боогоод байгаа юм биш, цар тахлын үед онцын шаардлагагүй бол зорчих хөдөлгөөн битгий хийгээч ээ л гэсэн хөшүүрэг. Өнөөдөр бид нар өдөрт мянган хүн хүлээж авч байна. нэг өдрийн дотор мянга, мянгаар нь хүлээж авахад бид нар хэзээ ч гэрийн хорионд байлгаж хянах ямар ч боломж байхгүй. Одоо бол УОК-ийн шийдвэрээр энэ байдал руу шилжчихсэн.

-Одоо тэгээд гайгүй байгаа?

-Уг нь бол бид нар гаднаас зорчих хөдөлгөөнөө хязгаарлаж байгаад дотооддоо ажил, амьдралаа хэвийн явуулж байя гэсэн бодлого барьж байсан. Гэсэн ч Засгийн газар, УОК-оос хот хоорондын хөдөлгөөнийг нээх шийдвэр гарсан учраас энэ шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй. Нэг айдас байгаа нь чөлөөтэй нэвтэрч байгаа энэ үед гурав, дөрвөн сар хадгалсан эрүүл бүсэд маань дахиад өвчин тархах вий гэсэн болгоомжлол. Гэвч одоо үүнийг бүрэн хянах, хязгаарлах боломж байхгүй. Одоо аймгийн төв рүү ороход түргэвчилсэн шинжилгээ авч байсныг болиулаад зөвхөн PCR шинжилгээний бичгийг үндэслэн нэвтрүүлж байна. Яагаад эрсдэл үүсэх вий гэж болгоомжлоод байна гэхээр хоёрдугаар сарын 7-ноос хойш бид нар Улаанбаатараас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч нэвтрүүлж байсан. Ингэхэд гурван сэжигтэй тохиолдол илрээд тэр гурав нь батлагдсан. Тэгэхээр хотод хэчнээн шинжилгээ өгөөд нэмэргүй, ямар нэг байдлаар хавьтал болчихоод байгаа юм. Тухайн шинжилгээ өгөхдөө л өвчингүй байсан нь батлагдаж байгаа болохоос шинжилгээ өгөөд гарч явахдаа, маргааш нь хавьтал болох магадлал өндөр байна. Одоо түргэвчилсэн шинжилгээ авахгүй байгаа учраас илрүүлэх ямар ч боломжгүй болчихлоо. Нэг үгээр иргэддээ л найдахаас өөр аргагүй болсон. Өөр, өөрсдийгөө хамгаалах нь нэн чухал байгаа гэдгийг иргэддээ хэлж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(192.82.74.74) 2021 оны 03 сарын 10

Сайн ажилласан шүү

0  |  0
зочин(192.82.74.228) 2021 оны 03 сарын 10

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд хоёр бүлэглэл хоорондоо үзэлцэж байна. Нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авдаг Сү.Батболд , У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын МАН, МАХН-ын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг дээрх дээрэмчдээс булаан авч ард түмнэд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын бүлэглэл хоёр хоорондоо үхэх, сэхэхээ мэдэхгүй үзэлцэж байна. МАН-ынхан ерөнхийлөгчийн сонгуульд ямар хамаагүй үнээр ялалт байгуулахын тулд одоогийн ерөнхийлөгчийг сонгуульд дахин нэр дэвших эрхгүй, Зоригийн хэргийг задална, 10 тэрбумын санхүүжилт олгоно, Оюутолгойн гэрээг засна гэ

0  |  0
зочин(66.181.185.104) 2021 оны 03 сарын 10

Ногооны ,ажил ,ид ,эхэлж ,байхад ,хаана ,гээд ,байдаг. Хотын ,доторхи ,зам ,гэж ,хөгийн ,юм аа. Бардамнаад ,байвал ,хэн ч биш ,болно.

0  |  0
Бат(202.9.46.28) 2021 оны 03 сарын 10

Одоо ард түмэн минь улс орондоо нэг их хэрэг болохоо байг өвчин авалгүй тархаалгүй байж болноо хүн бүр анхаарай

0  |  0
Зочин (202.179.24.119) 2021 оны 03 сарын 10

Ажилж чадсаан. Улаанбаатарт л авчирах байлаа

0  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 03 сарын 10

Mundag zaluu shuu. UB ees irj bgaa humuust hynaltaa sain tavih heregtei shu

1  |  0
З(192.82.86.62) 2021 оны 03 сарын 10

Гаднаас орох хүмүүсээс шинжилгээ авах хэрэгтэй. УОК зөвшөөрсөн шүү дээ.амжилт

1  |  0
З(192.82.86.62) 2021 оны 03 сарын 10

Мундаг ажилсаг залуу байсан. Амжилт хүсье.

1  |  0
zochin(202.9.46.49) 2021 оны 03 сарын 10

Darxan sain ajilsan. Ynexeer mundag bsan. Bygd xarsan. Ta byxend mongoliin ard tymen bayarlaj bn. Xarin Sodbaatariig magtax xereggyi. Ter xyn uvchin oruulj irsen shy. Xuuliin xariutslaga tootsoxgyi bgaad ni gaixaj bn.

2  |  0
зочин(202.179.27.212) 2021 оны 03 сарын 10

үнэхээр их юм хийсэн шүү. Ажил хийсэн хүнийг урамшуулж сур

2  |  0
шударга иргэн(192.82.73.235) 2021 оны 03 сарын 10

Битгий тэгж цэрэгжсэн юм сурталдаж амьдралд гай болоо. Тэр онцгойгийнхон чинь бүтэн жил бэлдсэн бэлдсэн одоо ёстой алаад өгнө гээд л байсан яс юман дээр худлаа сүрийг бадруулсан ам ажил нь алд дэлэм зөрдөг нь харагдсан.

0  |  1
шударга иргэн(192.82.73.235) 2021 оны 03 сарын 10

Заа битгий өөрийгөө дөвийлгөөд бай чи. Дархан бол УБын хажууд зүгээр л нэг хороо гэсэн үг шүүдээ. Худлаа онцгой байдлын сургалт энэ тэр гэж шаагаад. Тэр Ууганбаяр чинь юу ч хийж чадахгүй гэдэгээ харуулаад баахан халдвар дэгдээчээд ажлаа өгсөн байхаа.

0  |  2
Top