Киргизийн шоронгоос суллагдсан Камчы Кольбаевын гэмт бүлэглэлийг устгахад туслахуйц мэдээлэл өгсөн хүнийг таван сая доллараар шагнана гэдгээ АНУ зарласан байна.
Түүнийг “Ахан дүүсийн тойрог” бүлэглэлийн удирдагчдын нэг, хар тамхины сүлжээний голлох хүн хэмээн Вашингтон тооцдог учраас хорих ангиас суллагдсан явдалд нь санаа зовниж буйгаа илэрхийлжээ. “Ахан дүүсийн тойрог” бол Евразийн хэд хэдэн орны гэмт бүлэглэлүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсын зохион байгуулалттай томоохон гэмт бүлэглэл юм. Америкийн хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, уг бүлэглэл нь мансууруулах бодис, галт зэвсгийн хууль бус арилжаа, мөн хүний наймаа, дарамтлан сүрдүүлж мөнгө дээрэмдэх үйл ажиллагаа эрхэлдэг аж.
“Мансууруулах бодисын худалдаа эрхэлдэг Кольбаевын сүлжээ нь Төв Ази, Орос, Европ дахь хүүхдүүдийг хордуулж байна” хэмээн Киргиз дахь АНУ-ын элчин сайд Дональд Лу мэдэгдэж байв. Коля-Киргиз гэж алдаршсан “дархлагдсан хулгайч” Камчы Асанбек /Кольбаев/-ыг хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн орны 10 гэмт этгээдүүдийн хамтаар бүр 2011 онд АНУ-ын Сангийн яам “хар жагсаалт”-д оруулж байжээ.
Кольбаевын хэрэг
Киргизийн эрх баригчид Кольбаевыг хилийн хоригтойгоор сулласан байна. Түүнийг мөрдөн шалгах төвд саатуулаад удаагүй байхад нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хорих ангийн эмнэлэгт шилжүүлж байсан бол одоо ийнхүү суллан явуулжээ. Дөрвөн сарын өмнө түүнийг баривчилсан явдал нь Киргиз-д засаг солигдон, Улсын аюулгүй байдлын хорооны даргаар Камчыбек Ташиевыг томилсны дараахан явагдсан шуугиант баривчилгаануудын эхлэлийг тавьсан билээ. Ташиев бол тус улсын шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаровын ойрын хамтрагч бөгөөд Киргиз улсыг гэмт бүлэглэлүүдээс цэвэрлэнэ гэдгээ амлаад байгаа юм.
Камчы Кольбаев 1990-ээд оны гэмт хэргийн ертөнцөд алдартай нэгэн. Тэрбээр Киргиз-д хоёр удаа яллагдахдаа нэгэнд нь хүн амины хоёр хэргийн гол буруутнаар тогтоогдон 25 жил, нөгөөд нь гурван жилийн хорих ял авч байсан хэдий ч ердөө долоон жил торны цаана суусан байна. Эхний удаад, Кольбаев зургаан жил хоригдсоны дараахан хорих ангиас оргон зугатаж хөөн хэлэлцэх хугацаа дуустал баригдаагүй бол, хоёр дахь удаад, нэг жил ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдаж байв.
Кольбаев 2006 онд Москвад “титэм” хүртэж “Киргизийн хариуцагч”-аар өргөмжлөгдөн, ТУХН-ийн орнууд дахь хамгийн нөлөө бүхий эрүүгийн удирдагчдын нэг болжээ. Тэрбээр оргон зайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан хэдий ч тухайн үеийн Киргизийн Дотоод хэргийн сайд асан Мурат Суталинов киргизүүдийн дунд анхны “дархлагдсан хулгайч” гарч ирсэн эерэг талуудыг олсон аж.
“Киргизийн эрүүгийн ертөнцөд одоо тодорхой хэмжээгээр тогтворжилт явагдаж, хууль зөрчигсөд болон дээрэмчид цөөрнө гэж би бодож байна” хэмээн Суталинов 2006 онд Коля-Киргизийн “титэм хүртсэн” асуудлаар Regnum агентлагт ярилцлага өгөхдөө өгүүлж байжээ. 2020 оны аравдугаар сард Кольбаевыг Киргизийн Эрүүгийн хуулийн 249 дүгээр зүйл анги /гэмт бүлэглэлийг үүсгэн байгуулах болон түүнд оролцох/-аар буруутган баривчилж, мөрдлөг шалгалтыг эхлүүлсэн юм. Тухайн үед баривчилгааг Улсын аюулгүй байдлын хороо удирдан явуулж, үйл явцыг бичлэгээр баталгаажуулж байв.
Жапаров ба Кольбаев
Мөнгө угаах тухай эрүүгийн хэргийн хүрээнд Кольбаеваас 250 сая сом буюу гурван сая долларыг албадан гаргуулахаар эрх баригчид шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр суллагдахынхаа өмнөхөн 49,6 сая сом буюу 585 мянган долларыг улсын сан хөмрөгт оруулжээ. Харин дээрх торгуулийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тохиолдолд Кольбаевыг ялаас чөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Авлигатай хийх тэмцэл бол Садыр Жапаровын шинэ Засгийн газрын гол зорилтуудын нэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр түүний гол хөзөр нь эдийн засгийн өршөөлийн тусламжтайгаар авлигачид болон улстөрийн элит асан нөхдийн хулгайлсан эд хөрөнгийг улсдаа буцаан авчрах амлалт байсан юм.
Жапаровын өрсөлдөгчид түүнийг гэмт хэргийн ертөнцтэй, ялангуяа Кольбаевтай харилцаа холбоотой хэмээн буруутгаж байсан хэдий ч Жапаров үүнийг эрс үгүйсгэж байв. Тэрбээр Кольбаевтай хорих ангид байхдаа танилцсан тухайгаа нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. “Бид танилууд. Намайг шоронд хоригдож байхад 2010 оны нэгэн хэргээр биднийг нүүрэлдүүлж байсан юм. Тэгэхэд л Кольбаевыг анх харсан, өмнө нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс энэ хүний талаар сонсож байсан. Тухайн үед бид урд урдаасаа харж суугаад мөрдөгчдийн асуултанд хариулж байлаа. Тэр цагаас хойш түүнийг ахин хараагүй” гэж Жапаров дурдсан байна.
Хорих ангиас суллагдсан Садыр Жапаров өнгөрөгч оны аравдугаар сард болсон эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч гэнэт болсон учраас Киргизийн улстөрд гэмт бүлэглэлүүд хутгалдан, сонгуулийн үр дүнд нөлөөлөх вий гэдэгт санаа зовниж буйгаа тус улс дахь АНУ-ын элчин сайд илэрхийлж байсан аж.
“Авлигын бэлгэ тэмдэг”
Кольбаев бол Улсын үндэсний аюулгүй байдлын хороо сүр дуулиантай баривчилсан хэдий ч мөдхөн суллагдахад хүрсэн ганц хүн биш юм. Түүнтэй ижил түүх Гаалийн албаны орлогч дарга асан Райымбек Матраимовт мөн тохиолдсон байна. Матраимов бол Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх төвийн сэтгүүлчид болон Киргизийн Эрх чөлөө радио, Kloop.kg редакцийн сурвалжлагчдын явуулсан хэд хэдэн дуулиант мөрдлөгийн гол эзэн холбогдогч юм. Тэдгээр сэтгүүлчдийн үзэж буйгаар, Матраимов 700 сая долларыг авлигын замаар олж авсан аж.
Киргиз дэх АНУ-ын элчин сайдын зүгээс эдгээр мөрдлөгүүдийг сүүлийн жил хагас гаруйн хугацаанд тус оронд тохиолдсон хамгийн чухал үйл явдлууд хэмээн онцлон нэрлэжээ. 2019 онд мөрдлөгийн үр дүнг олон нийтэд мэдээлснээс хойш Матраимов Киргиз дэх авлигын “бэлгэ тэмдэг” болж, нийслэлийн иргэд түүний хөргийг барин авлигын эсрэг жагсаалыг үе үе зохион байгуулдаг болов. Эдгээр эсэргүүцлийн арга хэмжээнүүд аажимдаа өргөжин тэлсээр сөрөг хүчний залуусын “Реакция /Хариу үйлдэл/” хөдөлгөөн болсон байна.
АНУ-ын эрх баригчид өмнө нь Матраимовыг эрүүгийн хариуцлагад татахыг уриалж байсан бөгөөд түүнийг болон эхнэрийг нь Магнитскийн хориг арга хэмжээний хар жагсаалтад оруулан, АНУ-д нэвтрэхийг хориглосон юм. Тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео энэхүү шийдвэрт баяр хүргэн өөрийн твиттер хуудсанд нийтэлж байв.
Киргизийн өмнөх Ерөнхийлөгч сэтгүүлчдийн мөрдлөгөд төдийлөн итгэхгүй байсан учраас түүнийг баривчлан саатуулсангүй. Харин Садыр Жапаров тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Матраимовыг хариуцлагад татах болно гэдгээ эсэргүүцлийн арга хэмжээний үеэр амлаж байсан юм.
Өнгөрөгч оны аравдугаар сарын 20-ны өглөөгүүр Улсын аюулгүй байдлын хорооны ажилтнууд Райымбек Матраимовыг гаалийн авлигатай холбоотой хэргээр баривчлан саатуулжээ. Матраимов улсын төсөвт 2 тэрбум сом буюу 24,7 сая долларын хохирол учруулсан болох нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд уг хохирлыг тэрбээр төлж барагдуулсан учраас түүний эд хөрөнгөд тавьсан битүүмжлэлийг цуцалсан аж.
Дипломат хүйтэн харилцаа
Киргиз дэх АНУ-ын элчин сайдын яамны зүгээс анх Матраимовын тухай яриа үүсгэхэд тус улсын эрх баригчид нэлээн эмзэг хандан, Киргизийн нөхцөл байдлыг мафийн тухай кинонуудтай харьцуулах нь зохисгүй явдал хэмээн шүүмжилж байв. Тус хоёр орны дипломат харилцаа үүнээс ч өмнө буюу хүний эрхийн тэмцэгч, 70 настай Азимжан Аскаров 2020 онд шоронд нас барсан үеэс хойш таагүй болж эхэлсэн юм. Түүнийг 2010 онд Киргизийн өмнө хэсэгт болсон үндэстэн хоорондын мөргөлдөөнд оролцож, цагдаа нарын амийг бүрэлгэсэн хэрэгт хамсаатнаар буруутган ялласан байна.
АНУ болон НҮБ-ын зүгээс шүүхийн шударга бус шийдвэр болон хоригдлын нөхцөл байдал муу байгаатай холбогдуулан Аскаровын хэргийг ахин хянан үзэхийг Киргизийн эрх баригчдаас удаа дараа хүсэж байсан хэдий ч түүнийг бүх насаар нь хорих шүүхийн шийдвэр нас барах хүртэл нь хүчин төгөлдөр хэвээр байсан аж.
Киргиз улс хүний эрхийг үл тоомсорлож байна хэмээн НҮБ-ын шинжээчид үүний дараахан хүчтэй шүүмжилж байлаа. 2015 онд АНУ-ын Засгийн газар Аскаровт Хүний эрхийг хамгаалагчийн шагнал гардуулсны дараа 1993 онд гарын үсэг зурагдсан АНУ, Киргизийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тухай гэрээг Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев цуцалж, Вашингтоны зүгээс Киргизэд үзүүлэх санхүүгийн тусламжаа зогсоосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын зарлигаар киргизчүүдийг АНУ-д нэвтрэхийг хязгаарласан учраас тэд Америк руу цагаачлах, Ногоон картны сугалаанд ч оролцох эрхгүй байв. Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден сонгогдсоныхоо дараахан эдгээр хязгаарлалтыг тэр даруйд нь цуцалсан юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Монгол юм бүхэн увуугаа ш дээ.Авилга гэгч аль хэдийн хоолойгоор татчихсан Тэр дундаа Хүүкийн толгойлсан МАН тэр аяраа авилгад живсэн. Түрүүчээ АТГ- очиж хэрэг нь баримтаар нотлогдоод байхад зориудаар гацааж байна гэж учир мэдэх хүмүүс нь ийм байхад бид яаж шудрага ажиллах юм вэ гэж байх. ЭМЯ-ны сүүлийн жил гарангий хөрөнгийн зарцуулалт хэлээд нотлоод өгнө .Их мөнгө хувь хүнээс авилгад авчихсан хүн хэцүү нэнтэгт ордог бололтой.Нэг сайд аа огцруулах асуудал ярихаар хандивласан мөнгөө бүрэн буцааж авна гэхээр Хүүк яаж ч чадахгүй э бууж байхав дээ зориуд гацаагаад байна ш дээ.
Монголын авилга, хүний эрхийн асуудал хэрээс хэтэрлээ. Монголд байгаа ОУ ын байгууллагууд, гадаадын ЭСЯамд юу хийгээд суугаад байнаа. Асуудлыг босгож ирэх болоогүй юм байхдаа?