Дэлхийн хамгийн хурдан супер компьютер бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 09

Дэлхийн хамгийн хурдан “Fugaku” супер компьютерыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах ёслолын ажиллагаа Японы Кобэ хот дахь “Рикэн” байгалийн шинжлэх ухааны хүрээлэнд өнөөдөр /2021.03.09/ болжээ.

Анх супер компьютерыг бүрэн ажлын горимд ирэх дөрөвдүгээр сард шилжүүлэхээр төлөвлөж байсан ч коронавирусний цар тахлын дэгдэлттэй холбоотой яаралтай судалгаа явуулах шаардлага гарсан тул төлөвлөгдсөн хугацаанаас өмнө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шийдвэр гаргажээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, “Fugaku” компьютерыг 2020 оны дөрөвдүгээр сард хэсэгчлэн ашиглалтад оруулжээ. Мөн оны долоодугаар сард манай гараг дээрх хамгийн хүчтэй супер компьютеруудыг тодорхойлдог олон улсын “TOP-500” төслийн мэргэжилтнүүд “Fugaku”-г хамгийн хурдан супер компьютероор тодруулсан. Арваннэгдүгээр сард мөн л хамгийн хурдан компьютер болохыг нь баталж байв. Түүнчлэн, тус супер компьютер аж үйлдвэр, хиймэл оюун ухаан болон их тоог задлан шинжлэх салбарт ашиглахад хамгийн шилдэг болохоо харуулж, тэргүүлсэн байдаг.

“Fugaku” супер компьютерыг “Fujitsu” корпорац “Рикэн” хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээжээ. Эл компьютер нэг секундэд 415 квадриллион тооцоолол хийх хүчин чадалтай. Энэ нь “ТОР-500” жагсаалтад нэгдүгээрт бичигдэж байсан, өдгөө хоёрт бичигдэж буй АНУ-ын Үндэсний лабораторийн “Summit” супер компьютерын хурднаас 2.8 дахин их юм. “ТОР-500” жагсаалтын гуравт АНУ, дөрөв болон тавдугаарт Хятадын супер машинууд ордог байна.

“Fugaku” супер компьютерыг 100 гаруй судалгаанд ашиглах гэнэ. Цар тахлаас гадна супер машиныг хиймэл оюун ухаан, цар агаарыг урьдчилан мэдээлэх зэрэг салбартай холбоотой судалгаанд ашиглахаар болжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top