Ханшийн савлагаа-Бодлогогүй Монгол: Цаашид хэрхэх вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Коронавируст халдвар дэлхий нийтэд тархаж эхэлснээс хойш голлох түүхий эдүүдийн ханш байнга савлах болсон. Халдварын голомт болоод байсан БНХАУ-ын эдийн засаг сэргэж, үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь түүхий эдийн ханшид голлон нөлөөлж байна. Дэлхийн эдийн засаг үндсэндээ БНХАУ-ын эрэлтээс шалтгаалж байна. Европын холбоо болон АНУ-ын улс төрийн нөхцөл байдал ч түүхийн эдийн ханшид нөлөөлөх хүчин зүйлсийн нэг.

Ханшийн савлагаа

Уул уурхай гэх ганцхан салбар дээр дэнжигнэдэг Монгол Улсад түүхийн эдийн ханшийн савлагаа хүчтэй мэдрэгддэг. Ялангуяа 2017 оны түүхий эдийн ханшийн нөлөөлөл Монгол Улсад хүчтэй мэдрэгдсэн гэж үздэг. Тухайн үед дэлхийн зах зээлд хүү багатай хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг дагаад уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимтэй өссөн. Энэ хандлага манайд ч тусгалаа олж 2017 онд саараад байсан Монголын эдийн засаг өсөлттэй гарсан билээ. Зэсийн ханш он гарснаас хойш өсөж арван жилийн дээд хэмжээндээ хүрсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм. Зэсийн ханшийн өсөлт эсвэл бууралтаас эдийн засгийн төрөлжилт багатай, бүтээлч үйлдвэрлэлгүй манайх шиг улсуудад богино хугацаанд нөлөөлөх ч урт хугацаандаа түүхий эдийн ханшийн савлагаанаас шалтгаалсан эдийн засгийн мөчлөгийн хямрал нүүрлэнэ гэж шинжээчид дүгнэж байна.

Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын импорт нэмэгдсэн гэх мэдээллийн дараа зэсийн ханш тонн тутамдаа 9.01 мянган ам.долларт хүрсэн нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.02 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Монгол Улсын түүхий эдийн голлох салбар болох зэсийн ханш оны эхний хагас жилд үүн шиг савлагаатай байна гэж шинжээчид дүгнэж буй. Коронавирусээс шалтгаалж хагас жил гаруйн хугацаанд эдийн засаг нь саарсан БНХАУ-д аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт эрэлт нэмэгдсэний ачаар төмрийн хүдэр болон гангийн хэрэглээ өссөн. Чухамдаа энэ өсөлт зэс, ган, төмрийн хүдрийн ханшид нөлөөлж байна. Харин алтны ханш дэлхийн зах зээл дээр унасан үзүүлэлттэй гарчээ. Арван сар дараалж өссөн алтны ханш даваа гарагийн арилжаагаар унц тутамдаа 1.6 мянган ам.доллар болсон нь сүүлийн арван сарын хамгийн доод үзүүлэлт байлаа. Ойрын нэг долоо хоногийн хугацаанд энэ уналт үргэлжилнэ. Алтны ханш унахад европын холбооны орнуудын бодлого, АНУ-ын Ерөнхийлөгчийн баталсан “ковид-19” халдварын нөхөн олговрын шийдвэр нөлөөлсөн байна. Нүүрсний ханш бусад түүхий эдийг бодвол харьцангуй тогтвортой байгаа. Үүний цаад шалтгаан нь эдийн засгаар тэргүүлэгч улсуудад зарим төсөл хөтөлбөр түр хугацаанд тасалдсан нь нөлөөлж буй гэх.

Монгол улс хэрхэх вэ

Монгол бол бүтээлч үйлдвэрлэл барагтай атлаа уул уурхай гэх ганцхан салбараас дэндүү хараат улс. Нэг ёсондоо түүхий эдийн ханш хаашаа хэлбийхээс Монгол Улсын эдийн засаг хамаарч байдаг улс. Манай нийт экспортод түүхий эдийн салбарын эзлэх хувь 1995-2005 онд 84 хувь байсан бол 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд энэ тоо 94.5 хувь болтлоо өсжээ. Нэг талаас уул уурхайн салбар сайжирч, үүнийгээ дагаад салбарын хууль, эрх зүй, татварын орчин сайжирсан гэж дүгнэж болох ч нөгөө талаас мөчлөгийн шинж чанартай, цаашлаад олон жил үргэлжилсэн ужиг хямралд өртөх эрсдэлтэйг нотолж байгаа хэрэг. Хөгжиж буй гэх тодорхойлолттой бусад улсуудыг бодвол хөгжлийн загвар гэхээр юм манай улсад бараг байхгүй гэж хэлж болно. Эдийн засгаа төрөлжүүлэх, салбарын хараат биш болох, экспортын нэр төрлөө нэмэгдүүлэх нь хямралыг гэтэлгэх, цаашлаад хөгжлийн замдаа шуудрах нэг жор ажээ. Гэвч манай улсын хувьд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах нь бүү хэл боломжгүй гээд ангайж сууж байх хооронд түүхийн эдийн экспорт нь анхдагч бүтээгдэхүүн хэвээр байна. Боловсруулах салбарын үйлдвэрлэлгүй учраас түүхий эдийн ханшаас дэндүү хараат гэж гаднынхан шүүмжилсээр ирсэн. Гэвч манай улс бодлогодоо энэ талаар нэгээхэн ч тусгасан нь үгүй. Эдийн засгийн төрөлжилт сул байгаа гэх ганцхан шалтгаанаас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, суурь баазаа сайжруулах, ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бэрхшээл болж байна. Ази тивд боловсруулах салбарын үйлдвэрлэл түүхий эдийн ханшийн мөчлөгөөс үл хамааран алгуур нэмэгдэж байгаа гэх дүн гарчээ. Харин Монгол Улсад энэ боломж тун тааруу байна. Түүхийн эдийн ханшийн өсөлтийг урьдчилан таамаглахад бэрх. Гаднын туршлагыг хараад байхад түүхий эдийн ханшийн хэлбэлзэлтэй үед Засгийн газрууд эдийн засгийн өсөлтийг хангах макро эдийн засгийн бодлого боловсруулахад бэрх байдаг. Иймд аль болох богино хугацаанд эдийн засгаа төрөлжүүлэх бодлого баримталдаг аж. Харин богино хугацаандаа түүхий эдийн үнэ бага байхад эдийн засгаа хэрхэн удирдахаа тооцоолж, мөчлөг дагасан хямралаас гэтэлгэх бодлого баримталдаг ажээ.

Манай улсын хувьд инфляц өндөр, төгрөгийн өрсөлдөх чадвар сул байгаа нь түүхий эдийн ханшаас хэтэрхий хараат байгааг харуулах нэг том илэрхийлэл юм. Валютын ханш өндөр, хэлбэлзэл ихтэй байгаа нь экспортыг бууруулах, хэрэглээний үнийн индексийг нэмэгдүүлэх нэг том шалтгаан болдог тул манайх шиг улс орнууд эдийн засгийн хямралд гүнзгий өртчих гээд байдаг гэмтэй. БНХАУ дотоод эрэлтээ нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө хангаж байгаа тул тус улсаас шалтгаалсан экспортын эрэлт буурах гол шалтгаан болсоор байна. Улс орнуудын хөгжлийн загварыг харахад түүхий эдийн үнийн хэлбэлзлээс гарах үндсийн үндэс нь төсвийн зохистой бодлого аж. Түүхий эдийн үйлдвэрлэл, экспортоос орж ирэх төвийн орлого буурах нь төсвийн зарлагыг бууруулж байдаг аж. Уул уурхайн салбараас хараат манайх шиг улс орнууд түүхий эдийн ханш өсөхөд төсвийн зардлаа нэмж, ханш буурахад төсвийн зардлаа танадаг. Түүнчлэн үр ашиг багатай төслүүдээ зогсоож эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн төслүүдэд илүүтэй хөрөнгө оруулалт хийдэг ажээ. Чили, Индонез зэрэг уул уурхайн салбар нь түлхүү хөгжсөн улс орнууд төсвийн дүрмээ хатуу баримталж алдагдлын дээд хязгаарыг хатуу заасан байдаг. Ингэснээр төсвийн алдагдал буурч, төсвийн сахилга баттай болсноос гадна эдийн засгаа төрөлжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн шинэ боломжуудыг эрж хайж, баримталдаг бодлогодоо реформ хийсээр байна. Энэ ч үр дүнгээ өгч буй. Харин манай улсын тухайд хэт үрэлгэн, сахилга батгүй төсөв батлахаас гадна үүнтэй холбоотой холбогдох хууль тогтоомжуудыг дураараа солих гэм ажиглагдсаар байна. Ялангуяа сонгуулийн жилийн төсөв нь эрх баригч нам эрх мэдэлтэйгээ үлдэх арга хэрэгсэл болсоор удлаа. Төсвийн сахилга батгүй байгаа нь дунд хугацаандаа нүүрлэж болох том хямралын үүтгэл байхыг ч үгүйсгэхгүй. Манай улсын хувьд түүхий эдийн уналтыг даган төсвийн орлого үлэмж хэмжээгээр буурсаар ирсэн. Ялангуяа 2013 оноос энэ байдал ажиглагдах болжээ. Экспортлогч, түрийвч зузаантай улс орнууд энэ үед төсвийн зардлаа хумьдаг бол манай улс эсрэгээрээ нэмсээр өдийг хүрчээ. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь үндэсний валютын ханшийг сулруулдаг нэг том шалтгаан болдог тул Индонези, Катар зэрэг улсууд төсвөөрөө дамжуулж энэ байдлаар сэргийлдэг ажээ.

Түүхий эдийн үнийн уналт нь голдуу бодит сектороор дамждаг тул эдийн засгаа дэмжих, гадаад өрийн хэмжээ болон төсвийн тогтвортой байдлыг хангахад улс орнууд анхаарч байна. Харин манай улс мөчлөг дагасан эдийн засагтай, уул уурхай тойрсон улс төртэй тул холын эрсдлийг бүү хэл ойрын саадаа ч тооцож чадахгүй өнөөтэй золголоо. Макро бодлого нь төсвийн бодлоготой уялдаж, төсвийн сахилга батыг мөрдүүлэхэд хяналт шалгалтын тусдаа институц байгуулах жишиг Индонез улсад бий. Хэрэв үнэхээр төсвийн сахилга батаа хангаж чадахгүй бол энэ жишгийг ч нэвтрүүлэхэд гэмгүй. Сонгууль бүрээр амладаг түмнээ ядуурлаас гаргах хөтөлбөр хэрэгждэггүйн цаад шалтгаан нь түүхийн эдийн ханшийн хэлбэлзэл юм. Хэрэв бид энэ хамаарлаас гарч чадахгүй л бол сонгуулийн хоосон амлалтууд улс төрчдийнхөө цээжинд үлдэж ч мэдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
medee(192.82.68.39) 2021 оны 03 сарын 11

GOBI uildbert ajild abnaa.

0  |  0
ajil(192.82.68.39) 2021 оны 03 сарын 12

gobi uildbert ajilchin abna ondor tsalin unaa holi mongo ugnuu. GOBI ajilchin nehmeliin suljigch abnaa.

1  |  0
Top