Гадаад хэргийн сайд асан, дипломатч Л.Эрдэнэчулуунтай ярилцлаа.
-Улстөрчид, судлаачид төдийгүй олон нийтийн дунд ШХАБ-д элсэх, эс элсэх тухай маргаан байдаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Манай оронд талцал үүсгэж байгаа нэг зүйл бол ШХАБ. Төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа зарим хүмүүс хоёр талд гараад маргаж байна. ШХАБ-ыг хаалттай байгууллага, цэргийн эвсэл, бараг л ломбард мэтээр ярьж, зөвхөн ажиглагч орон байхад хангалттай гэх мэт зүйл номлож, ард түмнээ дунд нь талцууллаа. Миний бодол бол үүнтэй нийлэхгүй. Том гүрэн жижиг буурай орныг атгандаа оруулж авъя гэвэл олон улсын хэмжээнд гэхээсээ илүүтэй нүүр тулж харьцахыг урьтал болгодог. Хэрвээ аль нэг том улс манайхыг атгандаа оруулъя гэвэл хоёулаа уулзаж “Танайх ингэхгүй бол бид ингэнэ” гэх мэтээр тулгадаг. Намайг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхад ийм шахалт зөндөө ирж байсан, өнөөдөртөө энэ тухай ярихгүй. Хамгийн энгийн жишээ гэвэл Монгол Улсыг НҮБ-ын индэр дээрээс шахах уу. Тэнд 193 улс суугаад харж байгаа учраас боломжгүй. ШХАБ хэрвээ хаалттай байгууллага, цэргийн эвсэл байсан бол Энэтхэг, Пакистан хоёр элсэж орохгүй байсан. Пакистан, Иран, Энэтхэг улс нь аливаа цэргийн эвслээс хол явдаг орнууд шүү дээ.
-Албаны хүмүүсийн ярьж байгаагаас харахад ШХАБ-д нэг орвол гарч болдоггүй. Аажимдаа нөлөөнд автана гэх юм?
-Утга учиргүй зүйл. Бид ШХАБ-д орлоо гэхэд, хүссэн цагтаа бас гарах боломжтой. НҮБ-аас ч гарч болно шүү дээ, нээлттэй. Жишээ нь, АНУ нь НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагаас хэд хэдэн удаа гарсныг хараа биз дээ. Мөн Израиль, Сингапур гарч байсан. Түүнээс гадна олон улсын байгууллагаас гаргах аливаа шийдвэрийг олуулаа сууж ярилцаж байгаад гаргадаг учир аль нэг улсын дарамтанд орно гэж байдаггүй юм. Тийм ч учраас, жишээ нь НҮБ-аас гаргаж байгаа шийдвэртэй санал нийлэхгүй бол эсрэг санал өгөөд сууж байгаа улс орон бишгүйдээ л байдаг. Олон улсын байгууллагууд зүгээр нэг байгуулагддаггүй. Дэлхий дахины өөрчлөлт, жамаараа бий болж байгаа зүйл. Дэлхий дээр 1960, 1970, 1980-аад онд капиталист, социалист гэсэн хоёр систем өөд өөдөөсөө сөргөлдөөд зогсож байв. НАТО, Варшавын гэрээний орнууд, аль аль нь улс төр, цэргийн эвсэл байлаа. НАТО 1949 онд байгуулагдсан. Варшавын гэрээний орнуудын байгууллага 1955 онд НАТО-гийн эсрэг байгуулагдсан. Тэгэхэд хоёр хэт их гүрэн байсан. Гэхдээ тэд бид хэт их гүрэн болно гээд гарч ирээгүй, аяндаа жамаараа гарч ирсэн. Монгол Улс XIII зуунд дэлхийн талыг эзэлж байсан бол өнөөдөр ямар улс болчихоод байна. Жамаараа л явж байгаа хэрэг. Дэлхийн түүх гэдэг өөрөө аяндаа хувьсаж өөрчлөгддөг. Бүгд л жам ёсны хөдөлгөөн. ШХАБ гээд гараад ирж байгаа нь ч жам ёсны зүйл. Тухайн үед дэлхийг хоёр туйлт ертөнц гэж нэрлэдэг байсан. ЗХУ задарснаар нэг туйлт ертөнц болсон. АНУ цор ганцаараа хэт их гүрэн байсан учраас үүгээрээ л үлдэхийг хүснэ. Бусад улс орон хараад зүгээр сууна гэж байхгүй, өөрийнхөөрөө оршин тогтнохыг л хүснэ. БНХАУ 1978 оноос ямар их үсрэнгүй хөгжив, өнөөдөр АНУ-ыг эдийн засгаараа гүйцлээ, яваандаа Хятад цэргийн хүчээрээ АНУ, ОХУ-ыг гүйцэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө хоёр нь зүгээр суухгүй шүү дээ. Энэ бол жам ёсны зүйл. ОХУ нийгэм эдийн засгийн том том асуудалтай тулгарч байгаа ч В.Путин улс орноо босгоод ирлээ. В.Путиныг дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй удирдагч гэж барууны хэвлэлүүд нэрлэлээ. ОХУ энэ нөхцөл байдал дээрээ үлдэхгүй, илүү хүчтэй болно. Энэ хөдөлгөөнийг хэн ч зогсоож чадахгүй. Олон туйлт ертөнц бий болчихлоо, үүнийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.
-ШХАБ яг ямар учиртай байгууллага юм?
-ШХАБ анх гишүүн орнуудын хилийн аюулгүй байдал, террозимтой хамтран тэмцэх зорилгоор бий болсон, одоо улс төр, эдийн засаг, соёл, боловсрол гээд олон асуудал хэлэлцдэг байгууллага болон хувирчээ. ШХАБ-д манайхыг тойрсон орнууд болон 10 гаруй улс элсэн орсон. Үүн лугаа адил НҮБ-тай болон бусад олон улсын байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаад ажиллаад явж байна. Бид аливаа нэг байгууллагад элсэх гэхээрээ “манайд юу өгөх бол” гээд бадар бариад гүйдэг. Бүх зүйлийг зоосны нүхээр хардаг дутагдалтай. Гадаад бодлого гэдэг чинь зөвхөн зоосны нүхээр хардаг зүйл биш. Гадаад бодлого бол улс хоорондын харилцааны суурийг тавьж өгдөг чухал хэрэгсэл. Дипломат харилцаагүй бол ямар ч улстай харилцаа тогтоож хамтран ажиллах боломжгүй. Юуны өмнө өөрийн улс орныхоо эрх ашгийг бодох нь зөв ч буруу тийш улстөржүүлж болохгүй. ШХАБ бол, олон улсын бусад байгууллагын нэгэн адил, яриа хэлэлцээрийн байгууллага, аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээ хийдэг биз дээ. Ярьж хэлэлцэж байж нэгнээ ойлгох явдал юм. Санал нэгдэх зүйл дээрээ нэгдээд, санал нийлэхгүй бол өөрийнхөөрөө үлдэж болох тийм л байгууллага.
-Тэгэхээр бид гуравдагч хөршийг хэт тахин шүтэх, хоёр хөршөө умартах хандлага бий болж, хэсэг хүмүүс үүнийг шүүмжилж байв. Гуравдагчдын тухай юу ярих вэ?
-Гуравдагч хөршийн үзэл баримтлалыг анх боловсруулж дээд байгууллагадаа өргөн барьж байсан хүн нь өөдөөс чинь хараад сууж байна. Гуравдагч хөрш Монголын эдийн засаг, нийгэм, улс төрийн нэр нөлөөг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Гуравдагч хөрш гэдэг чинь газар зүйн ойлголт биш улс төрийн ойлголт. Өнөөдөр бид зөвхөн хоёр хөрштэйгөө харилцаад бусад орнуудыг хаяж болохгүй. Тийм ч боломж байхгүй. Мэдээллийн технологийн үрээр дэлхий жижигхэн болчихлоо. Ийм үед бид энэхэн орон зайдаа суугаад байж болохгүй, зэрэгцэж хөгжих ёстой. Хөгжлийн гарцыг хоёр хөршөөр хязгаарлаж болохгүй. Манай улсад XX зууны эхэн үед Америк, Данийн пүүсүүд байсан байна лээ. Тэгэхээр гадаад ертөнц, гуравдагчид биднийг эртнээс сонирхож байсан нь харагдана. Гэтэл бид XXI зуунд орчихоод ийм юм яриад сууж болох уу. Гуравдагч хөрш гэхээр дан ганцаараа Америк юм уу Япон ч биш. Энэ нь Монгол орныг 1990-ээд онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих туйлын хүнд үед дэмжиж тусалж байсан бүлэг орнууд юм. Өргөн утгаар нь яривал гуравдагч хөрш бол НҮБ болон бусад олон улсын байгууллагууд юм. Энэтхэг улстай эдийн засгийн сүрхий харилцаа байхгүй ч өнөөдөр энэ улсын оролцоотой Газрын тос нэрэх үйлдвэр барьж байна. Анх Монгол Улсыг НҮБ-д элсэх тухай асуудал хэлэлцэж байхад Энэтхэг улсын Ерөнхий сайд Жавахарлал Неру Монгол Улсыг НҮБ-ын индэр дээрээс тууштай дэмжиж байсан хүний нэг. Энэ бүх зүйлээ түшиглээд Энэтхэг улсын эдийн засгийн ашиг сонирхлыг Монгол Улсад бий болгох шаадлагатай.
-Гуравдагч гэж туйлшраад хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд сэв суулгасан гэж ярих нь бий?
-Адил тэгш харилцааг цагийн цагт л орхигдуулах хандлагатай явж ирсэн. Бидний эцсийн зорилго юу вэ гэхээр гадаад харилцаандаа адил тэгш гурван талт бий болгох хэрэгтэй. Энгийнээр хэлбэл тулгын гурван чулуу шиг, хоёр биш гурван хөлтэй бат бэх болгох хэрэгтэй. Эдийн засгийн хувьд аваад үзэхэд ОХУ 33, БНХАУ 33, гуравдагчидтай 33 хувь гэх мэтээр адил тэгш харилцвал бид хэнээс ч хамааралгүй оршин тогтнож болно. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Аливаа нэг улстай эдийн засгийн харилцаа 40 хувьд хүрэхэд тэр орны хараат болдог” гэж ярьж байсан санагдана. Тэгвэл манай улс эдийн засгийн хувьд БНХАУ-тай 70 гаруй хувийн харилцаатай болсон. ОХУ-ын Владивосток хотод 2017 онд болсон Эдийн засгийн чуулга уулзалтаар В.Путин “Монгол Улсад боомт гаргаж өгье” гэсэн. Гэтэл манай эдийн засагчид “Тэр боомт чинь Монголоос маш хол, ашиггүй” гэсэн. Хэрвээ БНХАУ ямар нэг асуудлаас үүдэн, хилээ хаавал бид яах вэ. Өнөөх ашиггүй, хол гэсэн боомт руугаа явж л таарна. Энэ мэт асуудлаа бодож төлөвлөж байх ёстой. Үүнд эдийн засагч байх шаардлагагүй, энгийн ухаан зарцуулж, ямар нэгэн байдлаар хараат бус байхыг зорих нь чухал. Тиймээс Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаад ШХАБ-д цаг алдалгүй элсэх хэрэгтэй. Гэхдээ үүнийгээ мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх ёстой. Нэг жишээ дурдахад төвийг сахих эсэх тухай асуудал үүсч байсныг санаж байгаа байх. Үүнийг зөвхөн би биш нэлээд хэдэн судлаач, мэргэжлийн хүн шүүмжилж байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захирамж, Засгийн газрын тогтоолыг тус тус цуцалсан байна лээ. Үүнд бидний хувь нэмэр байсан байх. Энэ асуудлыг юуны түрүүнд Гадаад хэргийн яамтай, мэргэжлийн хүмүүсээс санал бодлыг нь авах байтал Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж дураараа хийсэн юм.
-Ганц энэ асуудал ч биш, мэргэжлийн байгууллагаас асууж зөвлөх гэдэг зүйл алга болсон. Үүнийг яах юм?
-Төрийн аль ч шатанд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвлөгөө, түүнийг сонсох явдал хамгийн чухал. Ялангуяа гадаад бодлого дээр үүнийг зайлшгүй анхаарч байх шаардлагатай. Үүний сацуу төр засгийн байгууллагуудад ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулахгүй бол ажил ном ёсоороо явахгүй. Хүмүүсийг тодорхой сайн шалгуураар төрийн албаны босгыг алхуулдаг байх хэрэгтэй. Мөнгөөр, эрх мэдэлтний нөлөөгөөр төрийн алба руу шургалдаг байдлаа зогсоож байж сайн тогтолцоо бий болно.
-Таны хувьд гадаад харилцааны салбарт мэргэжилтнээс эхлээд сайд болтол дэвшин ажилласан туршлага бүхий хүн. Тиймээс үе үеийн сайд нарт зааж зөвлөмөөр юм байдаг байх. Тэд хандаж байх юм уу. Ер нь таны амьдралаа зориулсан энэ салбар үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
-Өөрсдөө хүсвэл дуртайяа очиж зөвлөдөг. Хүсэхгүй бол би очдоггүй. Миний 30 гаруй жил ажилласан энэ салбар санаанд хүрч ажиллаж чадахгүй байна. Бүр дор ажиллаж байна гэж хэлж болно. Ерөөсөө манай Засгийн газар олон жил гадаад бодлогодоо анхаарч сайн ажиллаагүй.
-Одоо тэгээд яг яах ёстой юм?
-Юуны өмнө Гадаад хэргийн яамны нэр хүндийг өсгөх хэрэгтэй. Уул нь засгийн газар дотроо хамгийн чухал яам бол Гадаад хэргийн яам байх ёстой юм шүү дээ. Дэлхийн улс орнуудад ч Гадаад хэргийн яам чухал үүрэгтэй, тэргүүн эгнээнд явж байдаг. Монгол Улс өнөөдөр амьдрал ахуйгаа өөрсдөө тэтгэж чадаж байна уу гэвэл үгүй. Цахилгаан, эрчим хүч шатахуун түлш, гурил будаа гэх мэт бараг бүх зүйлээ гаднаас авдаг. Монгол орныг гадаад харилцаа л авч явж байна. Дэлхийн бүх улс оронд Гадаад хэргийн яамаа тэргүүн эгнээнд тавьдаг. АНУ-д гэхэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд гэж эрэмбэлдэг. Монгол Улсын гадаад бодлого ямар хэмжээнд байгааг дүгнэх хэрэгтэй. Өөрсдийнхөө бурууг засаж залруулж явахгүй бол болохоо больсон. Монгол Улстай эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтарч ажиллах сонирхолтой олон улс байдаг ч манай төр засаг их хойрго ханддаг.
-Одоо тэгэхээр дотоод улс төр рүү оръё. Сүүлийн үед МАН, МАХН нэгдэх тухай ярих боллоо. Та юу гэж бодож байна?
-Энэ хоёр нам хоёулаа нийгмийн чиглэлийн зүүний үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд. Тэгэхээр энэ хоёр нэг нам байх нь цаг хугацааны л асуудал болов уу. Харин өнөөдөр нэгдэх үү, маргааш нийлэх үү, тохироо бүрдэж байна уу, үгүй юу гээд асуудал байгаа байх. Үнэхээр хамтраад улс эх орныхоо төлөө ухаан бодлоо уралдуулан ажиллана гэвэл өөр хэрэг. Хэрвээ нийлж нэгдэхийн цаана ямар нэгэн өөр явцуу ашиг хонжооны асуудал байвал ихээхэн төвөгтэй асуудал үүсэх байх. Том зургаар нь яривал энэ хоёр хүчин нэг л нам. Хуучин МАХН уугуул нэр болох МАН нэрээ сэргээн авснаар улс төрийн тэмцлийн хүрээнд МАХН хэмээх бүлэглэл тусдаа гарч ирсэн зүйл. Миний хувьд бол МАН, МАХН хоёрыг нэг л нам байх ёстой гэж боддог. Тиймээс улс орноо өөд татахын төлөө нэгдмэл бодлогоор явбал мэдээж дэмжээд явна. Сүүлийн 30 жил улс төрийн нөхцөл ямар байв. Улс төрийн намууд жинхэнэ ёсоор ажилласан уу гэвэл үгүй. Төрийн эрх мэдлийг мөнгөөр хүчээр авах гэсэн хандлага байсаар байна.
-Ардчилсан орон болоод 30 гаруй жил боллоо. Үүнийг өмчлөх замаар явж ирсэн АН үүргээ гүйцэтгэж чадахаа болилоо. Үүнийг яах ёстой юм. Ер нь манайд ардчилал байна уу?
-АН өнөөдөр сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. АН өөрчлөлтөө хийгээд зөв хүнээ сонгоод ажиллах ахул улс төрийн тавцнаа эргээд ирэх байлгүй дээ. Мөнгө, эрх мэдэл хөөсөн хүмүүсээр дүүрсэн юм болов уу гэж харагддаг. Жинхэнэ ёсоор сөрөг хүчин болж чадвал сайн л байна. Гадаадын судалгааны нэгэн байгууллага саяхан манай орныг “алдаатай ардчилалтай” улс гэсэн ангилалд багтаасан байна лээ. Нийт 167 улсаас Монгол орон 61 дүгээр байрт жагсаж байна. Нэг тогтолцооноос өөр тогтолцоо руу шилжихэд амаргүй. Алдаа оноо гаралгүй яахав. Гэхдээ манайд өрнөж байгаа үйл явцаас харахад зөв гольдрол руугаа орох гэж нэлээн удах юм шиг байна. Эхнээсээ зөв хүмүүс гарч ирсэн бол зөв замаар хөгжөөд ирэх байлаа. Сингапур 30 жилд үсрэнгүй хөгжсөнөөс харахад бидэнд ч боломж байсан. Даанч буруу хүмүүс гарч ирж, буруу замаар авч явсан учраас өнөөдөр утга учиргүй болчихлоо. Сингапур шиг 30 жил хөгжихөд хатуу диктатур байсан. Бид 30 жилийн турш ардчилсан нийгэмд явж ирсэн гэх ч зохих ёсныхоо түвшинд хүрч чадаагүй. Яагаад гэхээр авлига хээл хахууль, далд эдийн засаг гээд олон асуудал байгаа учраас болохгүй байна.
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгэхээр өнөөгийн Ерөнхийлөгчийн гадаад харилцааны чиглэлд ямар бодлого барьж ажиллав. Алдаа оноо юу байв?
-Би аливаа Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг үр дүнгээр л тооцно. Олон хүнтэй санал зөрж болох ч Х.Баттулга Ерөнхийлөгчийг гадаад бодлогын чиглэлээр тун сайн ажилласан гэж хэлнэ. Бидний хувьд Гадаад бодлогын үзэл баримтлалд “Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцана” гээд бичсэн байгаа. Тэр тэнцвэр нь өнөөдөр байна уу гэвэл байхгүй. Зөвхөн эдийн засгийн харилцаагаар аваад үзэхэд БНХАУ-тай гадаад худалдааны 70 гаруй хувь байхад ОХУ-тай 17 хувь байна. Манай экспортын 90 хувь нь БНХАУ-тай байхад ОХУ-тай бараг алга, тэгэхээр гадаад бодлогын тал дээр анхаарах улсын нэг бол ОХУ байна. Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад бодлогод эргэлт хийсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай бүр найз нөхрийн харилцаатай болсон. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хувийн харилцаа сайн байна гэдэг шууд утгаараа хоёр орны харилцаанд эерэг нөлөөлдөг учиртай. Мөн өмнөд хөршид цар тахал ид дэгдэж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга очиж, 30 мянган хонь бэлэглэлээ. Хятадуудад 30 мянган хонь гэдэг бол дэндүү жижиг зүйл ч тэд жижиг гэж харахгүй байна. Манай стратегийн түнш Хятад оронд Ерөнхийлөгч маань цар тахлын үед эв санааны нэгдэл өвөрлөж очиж байгаа нь эдийн засаг гэхээсээ илүү улс төрийн маш том алхам болсон. Хятадын удирдагчид ч өөр нүдээр харж байгаа болов уу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
ГХЯ-нд тань шиг буурьтай дипломатчидын зөвлөгөө мөн их байна даа
hoid solongosoos mungu avdag shigee sanaa yu, buu gorid, hujaagiin turshuul min
komunist hoshnogo
iddeg ,tegeed ideed bai ter Chytadiin chool chunsiig !!!, goe ,goe
Ахмадуудаа хүндэлдэггүй нийгэм өөдөлдөггүй юм даа
Гурилаа гадаадаас нөхөдөг. Социализмын үед нэг л удаа илүүдэл гурилаа экспортолж байсан шүү дээ
Нээрээ хог хужаагийн хаягдал бараагаар Монгол дүүрсэн нь даанч харамсалтай гунигтай дүн мэдээ юм.
HAAYA IIM NSUGIIN AMITAD UHAANTAI TSZARAILAAD YABJ BAIHIIM DAA
Ene hogshin nohoi tsagtaa yamaar banzaldaz bgaad tetgevert garaa biz odoo ju huseed bn
Мэргэжлийн ахмад хүний ярьж хэлж байгааг сайн тунгаах хэрэгтэй.
Гадаад харилцааны саад нь бангладешийн ну а батцэцэг авгай гэхээр Монгол өөдлөхгүй
Оросод коммунизмын сургууль төгсөөд тархи гөлчийтэл угаалгасан хүн ШХАБ-ыг магтаж улсаа Орос, Хятадын хоол болгох гэж чичрээд яахнав дээ. Оросыг дагасан орнууд авилгал, хээл хахууль, дарангуйлал ... зүгээр л Хойд Солонгосыг харчих. Америк, Английг дагасан Өмнөд Солонгос, Япон. Монгол ардчилалаар яваад элгээр хэвтсэн гэсэн коммунист үлгэрээ ярихаасаа ичээсэй. Монголчилдог зангаараа Ардчилалын суурь зарчим болох Хариуцлага, хуулийн дор эрх тэгш байх зарчимыг орхигдуулсан, Дарга, сайд, гишүүн, намын бүлэг дээрэмчидэд хууль үйлчлэхгүй гэдэг Оросын дампуу тогтолцоотой болохоор хөгжихгүй бна.
”гурил будаа гэх мэт бараг бүх зүйлээ гаднаас авдаг.” гэжээ. 30 жилийн өмнө бол тийм бсн. Одоо үгүй дээ.