Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавируст халдварыг цар тахал хэмээн зарлав. Тухайн үед дэлхийн 114 улс оронд нийт 118 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, хоногт халдварын тоо тав орчим мянгаар нэмэгдэж байв.
Нэг жилийн дараа цар тахал дэлхийн бүх улс, Өмнөд туйл зэрэг бүх тивийг хамраад байна. Нэг жилийн хугацаанд халдвар авагсдын тоо нэг мянга дахин өсөж, 118 саяд хүрээд байна. Дэлхийн 21 улсад халдварын тохиолдол нэг саяыг давжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд халдварын шинэ тохиолдол хоногт хамгийн ихээр буюу 843.2 мянга гаруйгаар нэмэгдэж байжээ.
Нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас 2.6 сая гаруй хүн энджээ. Энэ оны нэгдүгээр сарын 22-нд нэг хоногт хамгийн өндөр буюу 16635 нас баралт бүртгэгдсэн нь 2020 оны гуравдугаар сарын 11-ний үзүүлэлттэй харьцуулахад 57 дахин өсжээ.
Тоон технологийн ачаар эрдэмтэд туйлын бага хугацаанд шинэ төрлийн титэм вирусний генийн дарааллыг тайлж, халдварын эсрэг вакцин гаргаж авлаа. Гэвч эрдэмтэд коронавирусний цар тахлын гарал үүслийг өнөө хэр тогтоож чадаагүйгээс гадна уур амьсгал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ижил улс орнуудад халдвар тэс өөрөөр тархаж байгааг тайлбарлаж чадахгүй л байна.
Анхны давлагаа
Хятад улсад үл мэдэгдэх халдварт өвчин дэгдсэн тухай анхны мэдээлэл 2019 оны арванхоёрдугаар сард гарч эхэлсэн. 2020 оны нэгдүгээр сарын эцэс гэхэд халдвар авсан хүний тоо 10 мянга болсон байлаа. 2020 оны нэгдүгээр сарын 30-нд КОВИД-19-ийг эрүүл мэндийн салбар дахь олон улсын хэмжээний онцгой байдал хэмээн хүлээн зөвшөөрөв.
ДЭМБ эл халдварыг цар тахал хэмээн хүлээн зөвшөөрөх үед Хятад улс халдварын тархалтыг зогсоож чадсан байлаа.
Улмаар Европ халдварын голомт болж, Итали, Испани хамгийн ихээр нэрвэгдэв. Харин тэр үед Зүүн болон Хойд Европт халдварын нөхцөл байдал харьцангуй тайван байв.
Европын араас АНУ-д халдвар эрчимтэй дэгдэж 2020 оны гуравдугаар сарын хоёрдугаар хагасаас эхлэн халдварын тохиолдол хоногт олон ярван мянгаар нэмэгдэж байв. Цар тахлын эхэн үед Энэтхэгт халдварын 56 тохиолдол гарсан байжээ.
Америк дахь голомт
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д нийт 26.92 сая хүн халдвар аваад байна. Нийт гурван давлагаа бүртгэгдсэнээс оргил үе нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тохиожээ. Тухайн үед тус улсад хоногт 33.5 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол хоёр дахь давлагааны оргил үе долоодугаар сард таарч, хоногт 74.4 мянган хүн халдвар авч байжээ. Гурав дахь давлагаа өнгөрсөн нэгдүгээр сард оргил үед хүрч, хоногт 313.5 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байжээ.
Харин хөрш зэргэлдээх Канад улс хоёр давлагаанд өртсөн. Эхний давлагаа өнгөрсөн оны тавдугаар сард оргил үедээ хүрч, хоногт 2-3 мянган хүн халдвар авч байсан бол хоёр дахь давлагааны оргил үед хоногт 10 мянган халдварын шинэ тохиолдол батлагдаж байв.
Халдварын тоогоор дэлхийд гуравт жагсаж буй Бразил улс өдгөө хоёр дахь давлагааг даван туулж байна. Тус улсад нийт 11 сая хүн халдвар авсан. Гэтэл 2.3 сая халдварын тохиолдолтой Колумб улсад гурав дахь давлагаа шувтарч байна.
Европ дахь давлагаанууд
Европын бүс нутагт мөн л нөхцөл байдал өөр өөр байна. 2020 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд халдварын дэгдэлт бүхий л улс оронд ижил эрчимтэй байв. Үүний дараа зуны улиралтай зэрэгцэн халдварын тархалт аажмаар буурч, есдүгээр сараас дахин эрчимжиж эхлэв. Өдгөө Зүүн Европын улс орнууд цар тахлын хүнд цохилтод орж байна. Тухайлбал, Чех, Польш улсад халдварын тохиолдол 30 дахин нэмэгдсэн бол Баруун Европт 5-6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Их Британи, Испани, Нидерландад хаврын давлагаанаас гадна намар, өвлийн давлагаа бүртгэгдсэн.
Өдгөө Европт халдварын тохиолдол нь нэг саяыг давсан есөн орон байна. Эдгээр нь Их Британи (4.2 сая), Франц (3.9 сая), Испани (3.2 сая), Итали (3.1 сая), Герман (2.5 сая), Польш (1.8 сая), Украин (1.5 сая), Чех (1.4 сая) болон Нидерланд (1.1 сая).
Ази, Африкийн голомт
Азид хамгийн том голомт болоод буй Энэтхэгт 11.3 сая хүн халдвар аваад байна. Гэхдээ энэ улсад Хятадын нэгэн адил нэг давлагаа бүртгэгдсэн ч удаан үргэлжилж байна. 2020 оны гуравдугаар сард цөөн хэдэн тохиолдлоор эхэлсэн халдварын тархалт аажмаар хүрээгээ тэлж, есдүгээр сарын дунд үе гэхэд хоногт 100 шинэ тохиолдол бүртгэгдэж байв. Тухайн үед энэ нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Сүүлд халдвар аажмаар буурч эхэлсэн. Өдгөө тус улсад хоногт 15-17 мянган шинэ тохиолдол батлагдаж байна.
Нийт 1.7 сая тохиолдол бүртгэгдсэн Иран гурван давлагаанд өртжээ. Хөрш зэргэлдээх Туркт хоёр давлагаа болсон халдварын нөхцөл байдал бодит байдал дээр арай өөр байв. Тус улс удаан хугацаанд халдварын тоог дарж байсан нь ил болсон. ДЭМБ-ын зөвлөмжөөр Турк өнгөрсөн арваннэгдүгээр сард статистик мэдээллээ өөрчилсөн нь халдварын тохиолдол хоногт 10-30 мянгаар огцом өссөн байна.
Индонез улс /1.4 сая тохиолдол/ Энэтхэгийн нэгэн адил халдварын дэгдэлт аажмаар өссөн ч оргил оргил нь энэ оны нэгдүгээр сард тохиосон. Гэтэл Филиппин, Малайз зэрэг хөгжлийн түвшин, уур амьсгалын нөхцөлөөрөө ижил улсад халдварын нийт тохиолдол тус тус 600 мянга, 317 мянга бүртгэгдсэн байхад Таиландад 26.5 мянга, Вьетнамд дөнгөж 2.5 мянган хүн халдвар авсан.
Африк тив халдварын голомт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад гараад байна. Тус улсад нийт 1.5 сая тохиолдол бүртгэгджээ.
Нас баралт
АНУ болон Итали, Испани, Франц, Их Британид КОВИД-19-өөс үүдэлтэй нас баралт Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хохиролтой зүйрлэхүйц байна.
Хамгийн өндөр нас баралт АНУ-д бүртгэгджээ. Тус улсад нийт 530 мянга гаруй хүн халдварын улмаас эндээд байна. Өнгөрсөн хавар тус улсад хоногт хоёр мянга орчим хүн нас барж байсан бол нэгдүгээр сард дөрвөн мянга гаруй нас баралтын тохиолдол бүртгэгдэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-д халдварын тохиолдол арав дахин, нас баралт хоёр дахин нэмэгдсэн байна.
Итали, Францад эхний хоёрдугаар давлагааны үеэр бүртгэгдсэн нас баралтын түвшин бараг ижил байна. Гэхдээ Испанид оргил үе нь өнгөрсөн оны хавар тохиож, хоногт 900 хүн эндэж байсан нь энэ оны хоёрдугаар сард эхэлсэн гурав дахь давлагааны үеийнхээс хоёр дахин их байна.
Их Британид өнгөрсөн оны хавартай харьцуулбал нас баралт 1.5-2 дахин багассан бол Германы нас баралт дөрөв дахин буурчээ. Харин Зүүн Европт нас баралт эсрэгээр өсөх хандлагатай байна. Тус бүс нутагт өнгөрсөн хавар хоногт 20-30 хүн эндэж байсан бол энэ оны гуравдугаар сард Польш улсад нас баралт 10 дахин, Украинд 13 дахин, Чехд 20 дахин өсжээ.
Чехд 100 мянган хүнд 208, Бельгид 193, Их Британид 184 нас баралт тус тус ногдож байна. Энэтхэг улсад 158 мянган хүн коронавирусний халдварын улмаас эндсэн ч хүн амын нягтшилаас хамааран 100 мянган хүн 11 нас баралт ногдож байгаа нь доогуур үзүүлэлт юм. Нас баралт хамгийн өндөр улсын тоонд халдвар авагсдын 25.2 хувь нь эндсэн Йемен орж байна. Мексикт энэ үзүүлэлт есөн хувь, Сирид 6.7 хувьтай байна.
Вирусний гарал үүслийн талаарх таамаг
Хятадын Ухань хотноо ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын шинжээчдийн баг коронавирусний гарал үүслийн талаарх дөрвөн таамаг дэвшүүлжээ. Тухайлбал, амьтнаас хүнд шууд дамжих, төрөл зүйл нь тогтоогдоогүй, завсрын амьтнаас халдварласан, Ухань оруулж ирсэн хүнс эсвэл хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин коронавирус орж ирсэн эсвэл лабораториос алдагдсан гэх таамгийг дэвшүүлжээ. Гэхдээ лабораториос алдагдсан гэх таамаг магадлал туйлын бага гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж байна. SARS-CoV-2 вирус зэрлэг амьтнаас завсрын дамжуулагчаар дамжин хүнд халдварласан гэх таамаг хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байна. Вирус эхлээд байгалийн тээгч болсон нэгэн төрлийн амьтан дунд тархаж, мутацад орсноор төрөл зүйл хоорондын саадыг давж, хүнд халдварлах чадвартай болсон гэж шинжээчид онцолжээ.