Вакцинжуулалт эрчимжсэн ч МЭДЭЭЛЭЛ ӨГӨХДӨӨ ХОЙРГО байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Коронавирусний халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд ихсэх хандлагатай байна. Үүнтэй зэрэгцээд иргэдийг вакцинжуулах ажил идэвхжиж байна. 

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын байнгын 39, түр таван цэг байгуулагдаж, өдөрт дунджаар 17.8 мянга гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Манай сонины сурвалжлах баг вакцинжуулалтын явц ямар байгааг мэдээлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон түр байгуулагдсан цэгүүдээр орж бодит байдалтай танилцлаа.

Х.Саранчимэг: Өдөрт дунджаар 800 хүнд вакцин хийнэ

Нийслэлийн хэмжээнд байгуулагдсан вакцинжуулалтын таван түр цэгийн нэг нь Монголын Хүүхдийн ордонд байрлажээ. Тус цэгийн хаалгаар оруут УОК, цагдаа болон эрүүл мэндийн төвүүдээс томилогдсон зохион байгуулагч нар иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байв. Энэ цэг дээр Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн “Эрүүл мэндийг дэмжих хэлтэс”-ийн дарга Х.Саранчимэгээс дараах асуултад тодруулга авлаа.

-Дархлаажуулалтын цэг энд хэзээ байгуулагдав. Өдөрт хэчнээн хүнд үйлчилж байна вэ?

-Энэ салбар гуравдугаар сарын 10-ны өдөр нээгдсэн. Өдөрт дунджаар 800 гаруй хүнд вакцин хийх төлөвлөгөөтэй байна.

-Хүмүүсийн идэвхи хэр байна вэ?

-Маш сайн байна. Манай энэ цэг дээр худалдаа үйлчилгээний салбарынхан ирж вакцин хийлгэсэн. Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Номин, Миний сүлжээ, CU зэрэг сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвийн нийт 617 хүн манай цэг дээр бүртгүүлсний 90 хувь нь вакцинаа хийлгүүлсэн байна. Эндээс харахад иргэдийн ирц өндөр, идэвхи сайтай байна.

-Өнөөдөр ямар салбарынхан вакциндаа хамрагдаж байна вэ?

-Өнөөдөр манай цэг дээр Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн багш ажилчид, УИХ-ын Тамгын газрын алба хаагчид  зэрэг хүмүүс дархлаажуулалтдаа хамрагдаж байна.

-Иргэдийг вакцин хийлгэхээс нь өмнө эмчийн үзлэгт оруулж байгаа харагдлаа?

-Иргэд вакцин хийлгэх цэг дээр ирээд эхлээд бүртгүүлнэ. Дараа нь даралтаа үзүүлнэ. Улмаар эмчийн үзлэгт орж, вакцинжуулалтын цахим бүртгэл хийлгэх ёстой. Үүний дараа вакцинаа хийлгүүлнэ. Хийлгэсний дараа 30 минут эмчийн хяналтын өрөөнд байна. Энэ хугацаанд ямар нэгэн хариу урвал мэдрэгдээгүй бол тухайн иргэний вакцинжуулалтын нэгдүгээр тун хийгдэж дууслаа гэсэн үг.

-Вакцин хийлгэсний дараа биед нь шууд сөрөг нөлөө мэдрэгдсэн тохиолдол гарав уу?

-Одоогийн байдлаар манай цэг дээр тийм зүйл гараагүй. Мэдээж ямар ч вакцин хийлгэсний дараах эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг манай эмч нар хүн бүрд хэлж байгаа. Жишээ нь халуурч бүлээрвэл ямар арга хэмжээ авах, тариулсан хэсэгтээ гурав хоногийн хугацаанд ус, бохир зүйл хүргэхгүй байх зэрэг зөвлөмжийг өгч  байгаа.

Н.Насанбат: Эхний тун хийлгэснээс 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгээрэй гэсэн


Вакцин хийлгэсэн иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Та аль салбарт ажилладаг хүн бэ?

-Би 31 дүгээр дунд сургуулийн ажилтан. Манай сургуулийн захиргаанаас бүх ажилчдыг вакцинд хамруулахыг үүрэг болгосон. Тиймээс бид өнөөдөр товлосон хугацаандаа ирж, хуваарилалтын дагуу вакцинаа хийлгэж байна.

-Вакцин хийлгэхээр зэхэж байгаа бусад хүмүүстээ хандаж юу зөвлөх вэ?

-Бусад вакцин шиг л булчинд хийчихдэг юм байна. Эмч нарын хяналтанд хэсэг суулгаж байна. Захиж хэлэх ч юу байхав дээ, хоёр дахь тунгаа марталгүй хийлгээрэй.

-Вакцин хийлгэсний дараа утсанд чинь мессеж ирж байна уу?

-Ирж байна лээ. Та тэдэн оны тэдэн сарын тэдэн цагт вакцин хийлгэлээ гэсэн утгатай мессеж утсанд ирсэн. Энэ хугацаанаас 28 хоногийн дараа вакцины хоёр дахь тунгаа хийлгэх юм байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг вакцины мэдээлэл өгөхөөс татгалзав

Дархлаажуулалтын байнгын цэгүүдийн нэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн хоёр давхарт вакцинжуулалтын хэсэг байрладаг юм байна. Хана дагаж зогссон иргэдийн цуваа нэлээдгүй урт харагдана. Тэднийг хоорондын зайгаа барихыг байн, байн сануулж, зохицуулагч асуумжийн хуудас тарааж байв. Вакцины талаар хариуцсан хүнээс нь тодруулга авах гэсэн боловч “УОК, дүүргийн удирдлага болон эмнэлгийн даргын зүгээс мэдээллийг нэг урсгалаар л гаргана. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хамаагүй, нээлттэйгээр мэдээлэл өгч болохгүй” гэсэн тайлбарыг тавьсан юм.

Ямартай ч тус дүүргийн эмнэлэг дээр өнөөдөр нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш ажилчид шижилгээ өгч байгаа юм байна.
 

“Вакцин хийлгээгүй гээд ажлаас халж ч магадгүй”

Монгол гуравдугаар сургуулийн хашаан дотор мөн л иргэдийн дараалал үүсчээ. Тус сургууль дээр Нийслэлийн Гурав болон 58 дугаар сургуулийн багш ажилчид вакцин хийлгэхээр ирсэн нь энэ аж. Тэдний хувьд сургуулийнхаа захиргаанаас чиглэл өгсний дагуу вакцинд хамрагдахаар ирээд байгаагаа учирлаж байлаа. Тэдний дунд вакцины сөрөг заалттай шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй иргэн байсан. Тэрбээр нэрээ нууцлахыг хүсэж, дараах тодруулгыг өглөө.

-Та ямар шалтгааны улмаас вакцинд хамрагдаж чадсангүй вэ?

-Вакцин хийлгэхээр ороход асуумж бөглүүлж байна. Харшлах заалтууд нь надад байгаа болохоор хийлгэсэнгүй. Угаасаа би хийлгэх сонирхолгүй байгаа. Ингэлээ гээд намайг ажлаас халж ч магадгүй. Айдастай л байна.

-Яагаад ажлаас хална гэж?

-Манай байгууллага дээр вакцин хийлгүүлээгүй хүнийг ажиллуулахгүй гэсэн яриа гарсан. Ядарсан надад үнэхээр хэцүү байна. Би өөрөө бие муутай. Ийм шалтгаанаар ажлаас халагдчихвал үнэхээр хэцүү л санагдаж байна гэв.

О.Энхзаяа: Хоёр тунгаа бүрэн хийж байж дархлаа тогтоно

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явц ямар байгаа болон вакцинтай холбоотой зарим нэг асуултад тодруулга авахаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяатай холбогдлоо.

-Одоогийн байдлаар хэчнээн иргэн вакцинд хамрагдаад байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 48 мянга гаруй хүнд вакцин хийгээд байна. Зургаан дүүргийн онцгой комисс, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, спорт заалд нийт 14 цэг нэмэлтээр байгуулж, бэлэн байдлыг хангаснаар дархлаажуулалтын 46 цэгт 86 багийн 555 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.

-Вакциныг сонголтоор хийлгэх боломж байгаа юу?

-Одоогоор “Астразенека” л хийгдэж байгаа.

-Вакцины эхний тун хийгдэж байгаа. Сүүлийн тун хийгдэхээс өмнө корона вирусээр өвчилбөл яах вэ?

-Хоёр тунгаа бүрэн авч байж дархлаа тогтоно. Дараагийн тун хийлгэхээс өмнө халдвар авбал вирусний эсрэг эмчилгээгээ хийлгээд л явна гэлээ.


Ийнхүү нийслэлийн хэмжээнд коронавирусний халдварын эсрэг вакцин хийгдэх ажил эрс эрчимжсэн байна. Олон нийтийн дунд Оросын "Спутник V", Хятадын "Синофарм", Энэтхэгийн “Астразенека”зэрэг олон төрлийн вакцины талаарх мэдээлэл тархаад буй. Харин одоогийн байдлаар манай улсад зөвхөн “Астразенека” вакцин хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top