Одоогоос яг 10 жилийн өмнө Японы зүүн эрэгт 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, эргийн дагуух хот суурингууд хүчтэй цүнамид хоромхон зуур өртөх үеэр "Фүкүшима-1" атомын цахилгаан станц /АЦС/-д цөмийн дэлбэрэлт явагдсан нь тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт осолд зүй ёсоор тооцогддог.
АЦС-ын системүүд газар хөдлөлтийн тухай дохиоллыг хүлээн авангуут цөмийн реакторуудаа автоматаар унтраан, яаралтай тусламжийн хөргөх системээ ажиллуулж эхлэв. Гэвч 15 метрийн өндөртэй асар том давлагаа АЦС-ын хаалт даланг даван орж байгууламжийг тэр чигт нь усанд автуулах үед хөргөлтийн систем гэмтэн ажиллахаа больсны улмаас радио идэвхт материалууд алдагдах аюул тулгарчээ. Цацрагт өртсөн талбайн хил хязгаарыг эрх баригчид тэр даруй тогтоосон хэдий ч цацрагийн алдагдал хүчтэй явагдахын хэрээр хязгаарлалтын газар нутаг ч хүрээгээ тэлж, үүний улмаас 150 гаруй мянган хүнийг 2-3 хоногийн дотор яаралтай нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.Энэхүү гамшгаас хойш эдүгээ 10 жил өнгөрөөд байгаа ч тухайн бүс нутаг одоо ч хоосон хэвээр, хүмүүс тийшээ буцаж очихоос эмээн, гамшгийн хор уршгийг зайлуулах ажилд хэдийн гурван их наяд йен зарлагадаад байгаа боловч дуусах яагаа ч үгүй байгаа аж. “Фүкүшима-1” дээр тохиолдсон уг осол цөмийн эрчим хүчний түүхэн дэх хамгийн ноцтой ослуудын нэг болсон юм.
Цаг хугацааны товчоон
“Фукушима-1” АЦС Японы зүүн эргийн Фукушима муж дахь Окума хотод байрлаж, нийслэл Токио хотоос 220 км зайд оршдог. 2011 оны гуравдугаар сарын 11-нд орон нутгийн цагаар 14 цаг 46 минутад асар хүчтэй газар хөдлөлт АЦС-аас 95 км зайд байрлах Сендай хотод тохиолдов. Эрэг орчмын районуудын оршин суугчид ойртон ирж буй цунамийн анхааруулгыг авч, амиа аврахаар оролдоход ердөө 10 минут л оногджээ. “Фүкүшима”-гийн хуваарилах төхөөрөмжүүд, нөөц хөдөлгүүрүүд болон цэнэглэгч тэжээлүүд байрлах хонгилын өрөөнүүд усанд тэр дороо автсаны улмаас станц дээр эрчим хүч тасалдан, ослын хөргөлтийн систем ажиллаж чадахгүйд хүрсэн байна. Гамшгийг зайлуулах, аврах багийнхан АЦС-ын реакторууд дээр дэлбэрэлт гарахаас урьдчилан сэргийлж өдөр шөнөгүй ажилласан хэдий ч гуравдугаар сарын 15-ны шөнийн 03.00 цагт нөхцөл байдал ноцтой хүндэрсэн тухай станцын удирдлагуудад мэдээлэн, тухайн байгууламжийн газар нутгаас бүхий л аврагчдыг яаралтай шилжүүлэх шаардлагатайг анхааруулсан бөгөөд өглөөний 06 цаг 10 минутад гуравдугаар блок дээр хүчтэй дэлбэрэлт болсон аж. Газар хөдлөлт, цунами тохиолдсон эхний өдөр болох гуравдугаар сарын 11-нд хүн амыг гурван км доторх гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлэх тушаал өгч байсан бол гуравдугаар сарын 15-нд 20 км болон өргөжжээ.
Хэчнээн хүн хохиров
“Фүкүшима” дээр болсон дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрсдээгүй, 16 ажилтан бэртэж гэмтсэн бол харин цацрагийн нөлөөлөлд хэдэн арваараа өртсөн аж. Ослын өдөр АЦС-ын гурван ажилтан эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэвч нүүлгэн шилжүүлэлтийн, ялангуяа эмнэлгийн өвчтөнүүдийг нүүлгэх үеэр хүнд өвчтэй 50 орчим өвчтөн амь насаа алджээ. Эмч нарын үзэж буйгаар, ослоос хойшхи хэдэн жилийн хугацаанд биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар 2300 гаруй хүн цаг бусаар нас барсны дийлэнх нь хижээл насныхан байсан бөгөөд тэдний үхлийн шалтгаан “Фүкүшима” дээрх осолтой холбоотой эсэх талаар албан ёсны баримт байдаггүй аж. Гамшгийн хор уршгийг зайлуулах багт ажиллаж байсан нэгэн иргэн нас барсны дараа 2018 онд Япон улс анх удаа цацрагийн хордлогоор хүний амь эрсэдсэнийг хүлээн зөвшөөрөв. Талийгаач 50 гаруй насны хүн байсан бөгөөд нас барахаас хоёр жилийн өмнө уушгины хорт хавдартай хэмээн оношлогдож байжээ. Тухайн иргэний нэрийг одоог хүртэл зарлаагүй боловч ар гэрт нь улсаас нөхөн олговор өгсөн аж. АЦС дээрх осол нь тухайн бүс нутагт хорт хавдраар өвчлөгсдийн тоо огцом нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээн 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын илтгэлд дурдагдсан байна. “Фүкүшима” дээрх осол нь цөмийн ослын олон улсын шатлалаар хамгийн өндөрт буюу Чернобылийн осолтой эн дүйцэхүйц хэмжээнд тооцогддог бөгөөд уг хоёр ослыг түүхэн дэх иргэний хэв шинжтэй, цөмийн хамгийн ноцтой дэлбэрэлт хэмээн хүлээн зөвшөөрчээ. Япон улсыг сүйрэлд хүргэсэн газар хөдлөлт, цүнамигийн уршгаар 18,5 мянга гаруй хүн амь үрэгдэн, сураггүй алга болж, бараг хагас сая япончууд орон гэргүй болсон билээ.
Буруутан нь хэн бэ?
“Фүкүшима” дээр тохиолдсон ослын нөхцөл байдлыг судалсан олон мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг АЦС-ын хамгаалалтын систем нь тухайн хэмжээний гамшгийг давж гарах бэлтгэлгүй байсан гэжээ. Түүнээс гадна, станцын удирдлага болон Засгийн газрын зүгээс шийдэмгий арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлж чадаагүй гэж шүүмжлэгчид үзэж байна. Японы парламентын санаачилгаар байгуулагдсан хараат бус мөрдлөгийн баг уг гамшиг нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэх дүгнэлтэд хүрсэн аж. АЦС-ыг хариуцан ажиллуулж байсан эрчим хүчний Tokyo Electric Power Company (TEPCO) компанийг техникийн аюулгүйн ажиллагааны зөрчил гаргасан, онцгой нөхцөл байдалд ажиллах төлөвлөгөө байгаагүй хэмээн тэд буруутгажээ. Ослын дараа дөнгөж ганц эрүүгийн хэрэг үүсгэн, TEPCO-ын өндөр албан тушаалын гурван менежерийг ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн буруутгаж байсан хэдий ч 2019 онд шүүх дээр тэднийг цагаатгаснаар хэрэг явдал өндөрлөсөн аж. 2012 онд Японы тухайн үеийн Ерөнхий сайд асан Ёшихико Нода болж өнгөрсөн гамшигт явдлын гэм бурууг улс хүлээж байна хэмээн мэдэгдэж байсан бол 2019 онд шүүхээс эрх мэдэлтнүүдийн хэсэгчилсэн хариуцлагыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хохирогчдод төрөөс нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэжээ.
Гамшгийн хор уршгийг зайлуулах ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ!
Яг 10 жил өнгөрөөд байгаа ч Японы зүүн хойд хэсэгт орших хэд хэдэн хот өнөөг хүртэл хаалттай хэвээр байна. Тухайн бүс нутагт учирсан гамшгийн хор хохирлыг зайлуулж дуусахад дундажаар 30-40 жил шаардагдан, ослын газар дээр оршсоор буй сая гаруй тонн радио идэвхт ус болон цөмийн хаягдлуудыг зайлуулахад хэдэн зуун мянган ажиллах хүч шаардлагатай гэх тооцоо гарсан аж. Цацрагаас цэвэршүүлсэн усыг 2022 оны эхээр Номхон далайд нийлүүлж эхлэх боломжтой талаар японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2020 онд мэдээлж байв. Энэ нь хүн төрөлхтөн болон амьтны ертөнцөд ямар ч аюулгүй хэмээн зарим эрдэмтэд баталж байгаа бол усыг цэвэршүүлсний дараа ч хүний ДНК-г хөнөөх чадвартай бичил хэсгүүд үлдэх боломжтой хэмээн “Гринпис”-ийн экологичид үзэж байна. Цацрагийн хог хаягдлыг цаашид яах талаар Японы эрх баригчид одоогоор тодорхой шийдвэр гаргаагүй байгаа хэдий ч гамшгийн бүс нутагт хэвийн амьдралыг буцаан сэргээх бараг боломжгүй гэдэг нь тодорхой байгаа аж. Тус бүс нутгийн ихэнх оршин суугчид аль хэдийн өөр хотуудад төвхнөн суурьшиж, хор уршгийг зайлуулж дууссаны дараа ч гэсэн цацрагийн нөлөөллөөс эмээн буцаж очих бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )