Саяхан болтол Тува улс хүн амын тоонд харьцуулсан халдварын тохиолдлын тоогоор ОХУ-д тэргүүлж байлаа.
Одоо байдал намжиж, халдварын тоо хамгийн бага 10 муж, БНУ-ын тоонд орсон байна. “Гэхдээ энэ нь анхаарлаа сулруулж болно гэсэн үг биш” гэж Тувагийн тэргүүн Шолбан Кара-Оол ард иргэддээ анхааруулж байна.
Шолбан Кара-Оол хэмээх энэ эрхэм бол амьдрал сайн мэддэг, гүйлгээ ухаантай хүн. Өөрөө хоёр удаа ковид тусаад эдгэрсэн. Өвчилж байхад ямар байдаг, эдгэрсний дараа ямар байдгийг өөрийн биеэр хоёр ч удаа үзээд туулсан хүн. Ингээд тэр нэгэн шинэ санаа гаргасан нь Ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн нөхөн сэргээлтийн төв байлаа.
Дэлхийд халдварын тохиолдлыг бууруулах, өвчтөнүүдийг эдгээх л гэж ярьж, зүтгэж байгаа болохоос коронавирус тусаад эдгэрсэн хүмүүсийн эрүүл мэндийн талаар ярьж байгаа нь үгүй. Монголд ч мөн адил. Эдгэрсэн хүмүүс нь ил гарахаас айн сураггүй алга болж, эмч нар нь ч араас нь анхаарал тавих манатай, ажилдаа дарагдаж суугаа. Тэгвэл коронавирус гэдэг хэчнээн хурдан эдгэрсэн ч хүний биед ямар нэг согог заавал үлдээдэг, уушгийг сэвтэй болгодог айхтар өвчин юм. Ид насандаа яваа олон залуу тамирчин эдгэрсэн ч хуучин шигээ амжилт олохгүй байгаа жишээ олныг дурдаж болно.
Саяхан ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Владимирович Мишустин Тувад айлчлахад Шолбан Кара-Оол энэ төслөө танилцуулаад, төвийг тоноглоход шаардлагатай 73 сая рублийг гаргуулахаар тохиролцоонд хүрч чадсан юм.
Монголд ч ийм төв хэрэгтэй, шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )