Герман, Итали, Испани, Франц, Словени, Португали зэрэг улс орон “AstraZeneca” компанийн вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэлт үүсэж буй мэдээлэл гарч байгаатай холбогдуулан ард иргэддээ тус вакциныг хийхээ түр зогсоосноо өнгөрсөн даваа гарагт мэдэгдээд байна.
Үүнээс өмнө Европын холбооны хэд хэдэн орон ийм шийдвэр гаргасан билээ. Одоогоор тус вакциныг захиалсан нийт орны 25 хувь нь “AstraZeneca” вакцин хийхээс түр татгалзаад байна. Гэхдээ эдгээр оронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” механизмаар дамжуулан тус компанийн вакцин авч буй орнууд ороогүй.
Юу болов?
Энэ сарын эхний хагаст вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэлт үүссэний улмаас нас барсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ вакцин цусны бүлэгнэлт үүссэнтэй шууд холбоотой болохыг нотолсон баримт одоогоор байхгүй.
Дани, Норвегийн мэргэжилтнүүд эндсэн хүмүүсийн үхлийн шалтгаан “Маш өвөрмөц” буюу цусан дахь тромбоцитын түвшин бага, захын болон бүдүүн судсанд бүлэгнэлт үүссэн, цус харвалт өгсөн байсан тухай мэдэгдэв.
Энэ сарын 11-нд Дани улс “AstraZeneca” вакцин хэрэглэхээ түр зогсоосон анхны улс болсон билээ. Улмаар Болгар, Индонез, Ирланд, Ардчилсан Конго Улс, Нидерланд, Норвеги, Таиланд ийм шийдвэр гаргажээ. Итали, Румын тус вакцины тодорхой хэсгийг хэрэглэхээ зогсоосон.
Энэ сарын 7-нд нэгэн ариутгагч нас барсны дараа Австри, хожим нь Латви, Литв, Люксембург, Эстон мөн тус вакцины тодорхой хэсгийг хэрэглэхээ зогсоосон.
Холбогдох байгууллагуудын байр суурь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 12-нд “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалав. Мөн ийм зөвлөмжийг Европын эмийн агентлаг өгсөн. Тус агентлагийн мэдээлснээр энэ сарын 10-ны байдлаар тус вакциныг хийлгэсэн таван сая хүнээс 30-д нь цусны бүлэгнэлт үүссэн тохиолдол гарсан нь хүлээн зөвшөөрөгдөх түвшинээс бага гэж үзэж байгаа аж.
“AstraZeneca” компани энэ сарын 14-нд вакцин нь аюулгүй хэмээн мэдэгдсэн. Тус компанийн мэдээлснээр вакцин хийлгэсэн 17 сая хүний эрүүл мэндийн байдлыг судлахад цусны бүлэгнэлт үүсэх эрсдэл нэмэгдсэн гэх байдал ажиглагдаагүй байна.
Цаашид хэрхэх вэ?
Вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан шинэ тохиолдол гарсны дараа Европын холбооны томоохон улс орнууд байр сууриа эргэн харав.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 16-ны өдрийн хоёрдугаар хагаст Европын эмийн агентлаг тус вакцины аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргана гэж мэдэгдэв. Үүнээс өмнө тус агентлаг “AstraZeneca” вакцины шинэ мэдээллийг энэ сарын 18-нд авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлж байсан билээ.
ДЭМБ-ын Зөвлөлдөх хороо өнөөдөр (2021.03.16) вакцинтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болов.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ард иргэддээ хандан тус вакцин аюулгүй хэмээн мэдэгдсэн бол АНУ тус вакцины эмнэлзүйн туршилт амжилттай болсон тохиолдолд сарын дараа бүртгэж авна гэж мэдээлжээ.
Вакцины талаар юу мэдэх вэ?
Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран гаргаж авсан вакцин дэлхийд хамгийн өргөнөөр хэрэглэгдэж буй вакцинуудын нэг. Бусад вакциныг бодвол “AstraZeneca” вакцины нэг тунг хийх боломжтой. Энэ тохиолдолд үр дүн нь 60 гаруй хувьтай байх юм.
Европын холбоо энэ оны нэгдүгээр улиралд 80 сая тун вакцин авах захиалга өгсөн хэдий ч тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамааран захиалгын хагасыг нийлүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Ройтерс агентлагийн мэдээллээр, ЕХ энэ сард зөвхөн 30 сая тун вакцин авах боломжтой гэнэ.