Д.Трампын хойноос гулсаж буй Х.Баттулга

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Цагийн цагт их гүрний удирдагчид жижиг буурай орны удирдагчдад шууд утгаараа нөлөөлж ирсэн байдаг. Тэдний имиж, явуулж буй бодлого гээд хуулбарлаж болох бүх зүйлийг буурай орныхон ямар нэгэн хэлбэрээр авдаг аж. Гэхдээ их гүрний удирдагч аль салбараас төрийн өндөрлөгт гарсан байхаас шалтгаалан салбарласан хуулбарлагчид төрдөг байна.

Спортоос бол спортынхон, эрүүл мэндээс бол эрүүл мэндийнхэн гэх мэтээр хуулбарлана. Манай удирдагчдын хувьд ч энэ хэлбэрийг дагаж ирснийг нуух юун. Энэ нь шууд утгаараа муу нөлөөлөл үзүүлдэггүй ч Европын холбоо, “Их-20”-ын зарим орнуудад дандаа шалгарсан удирдагчид байдаггүй. Нөгөө талаар дуурайх дуурайхгүй зүйл ч бий, хүн ч байгааг санах хэрэгтэй.

Ямартай ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп бизнесийн салбараас гарсан удирдагч байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн бизнесийн салбараас гарснаараа адил төстэй байх жишээтэй. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампыг даган дуурайгчдын нэг гэж хэлж болохоор бодлого явуулсан гэх нь бий. Энэ хоёр нөхөрт адил төстэй зүйл олон бий. Юуны өмнө Д.Трампын хувьд АНУ төдийгүй дэлхийн баячуудын нэг бол Х.Баттулга ч Монголоор тогтохгүй баян хүн болжээ.

Нэгэн цагт түүнийг өмч хувьчлал нэрээр олон үйлдвэр объект худалдан авсан Монголын тэргүүн баян хэмээн үндэсний хэмжээнд өргөмжилдөг байв. Харин өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд шахам нөөцөлж нуусан хөрөнгө нь ил болж, Монгол Улс байтугай дэлхий даамгүй баян гэдгийг нэгэнт мэдэх болжээ. Үүнийг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч нэгдэл”-ийнхэн дэлгэрэнгүй дэлгэсэн учраас энд дурдах нь илүүц биз ээ. Жижиг буурай орны Ерөнхийлөгч дэлхийн тэрбумтан Д.Трампын удирдаж байсан АНУ-д хүртэл үл хөдлөх хөрөнгө нэг бусыг худалдан авсан, эргүүлэн худалдсан гэхээр хэнээс ч дутах юм алга. Хөрөнгөтэй хүн төрийн тэргүүн болдог бол юунаас хоцрох билээ.

Ойрхон нэг жишээ татъя. Х.Баттулга 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйд буюу тус оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байв. Тэрээр энэ тухай тайлбар өгөхдөө “Би НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчийн зүгээс НҮБ-тай хамтран ажилладаг арга барилаа өөрчлөх асуудлаар санал нэгдсэн. Бид ажилгүйдэл, ядуурал, байгалийн бохирдол, цөлжилтийн асуудал дээр хамтарч ажиллах байр сууриа нэгтгэлээ. Ер нь НҮБ-тай Монгол Улс байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй” хэмээн мэдэгдэж байв.

Үүний өмнөхөн АНУ НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос гарахаар шийдвэрлэснийг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт мэдээлж байлаа. Харин АНУ-ын энэхүү шийдвэртэй холбогдуулан ЮНЕСКО-гийн тэргүүн И.Бокова “АНУ ЮНЕСКО-гоос гарна гэдгээ албан ёсоор бичгээр бидэнд мэдэгдсэн. “НҮБ-ын гэр бүл” болон олон талт хамтын ажиллагааны салбарт томоохон гарз хохирол учирч байна” хэмээсэн юм. Энэ нь цаг үеийн болон үйл явдлын давхцал байж болох ч яах аргагүй хөрөнгөтөн удирдагчид нэг нэгнийхээ байр суурийг дагасан байх гэх хардлага байж болохоор. Нөгөө талаар НҮБ бол АНУ-аас олон жил санхүүжилт авсан байгууллага гэдгийг бид мэднэ.

Мөнхүү тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжилтээ татаж, харилцаагаа тасалсан бол Дэлхийн цаг уурын байгууллагаас ч гарсан. Үүний зэрэгцээ Дэлхийн худалдааны байгууллага АНУ-д хандах хандлагаа өөрчлөхгүй бол тус байгууллагаас гарна гэж сүрдүүлж байв. Энэ мэтээр бүхий л олон улсын байгууллагатай таагүй харилцаатай явж ирсэн учраас шинээр сонгогдсон Ж.Байден түүний шороодож орхисон замыг цэвэрлэх ажлаар бодлогоо эхлүүлсэн. Эдгээр байгууллагын ихэнх нь НҮБ-аас салбарласан олон жилийн түүхтэй нэр хүндтэй байгууллага юм. Ямартай ч ойрын хугацаанд түүний тарьсан “хог”-ийг цэвэрлэх нь Ж.Байдены нэн тэргүүний ажил байх бололтой. Үүн лугаа адил айсуй тодрох Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тарьсан “хог”-ийг цэвэрлэх ажлыг нэн тэргүүнд хийхээр харагдаж байна. Тодотгож хэлбэл дэлхийн зарим олон улсын байгууллага, зарим улс орнуудад харилцаагаа сэргээх, шинэ шатанд гаргах ажил юм. Үүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг олон улсын байгууллага, зарим улс оронтой харилцаагаа тасалж, муутгасан гэж байгаа хэрэг биш. Гагцхүү Төрийн тэргүүний хувиар чухал цаг үед гадаад харилцааг шинэ шатанд гаргаж ажиллах ёстой байсан болов гэх байр суурийг түшиглэсэн хэрэг болов уу.

Үүнээс гадна бизнесмэнүүдэд нэг асуудал бий. Хараат бус бие даасан байдалтай, амин хувийн үзэл бодлыг өөртөө төлөвшүүлсэн байдаг. Тиймдээ ч Д.Трампын энэхүү бие даасан байр сууринаас хандах гэсэн бодлого нь олон улсын байгуулагууд, зарим улс орны дургүйцлыг хүргэсэн. Групп, компани удирдах улс орон удирдах хоёрт тэнгэр газар шиг ялгаа бий л дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд ч Засгийн газрын өмнүүр орж ямар нэг ажил хийх гэсэн оролдлого, аливаа нэг халамжийн чиглэлд бодлого явуулах гэсэн шунал зэрэг зүйл ажиглагдана. Учир нь тэр Засгийн газраас эхлүүлсэн, цаашид өрнүүлэх учиртай төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шууд хутгалдан оролцдог, байн байн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зорьж байсан нь үүнийг илтгэнэ. Төрийн тэргүүний хувиар үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцаж, ташуур өгөх зүйл байж болох ч өөрийнх нь үндсэн ажил мэт хандах ямар ч хэрэггүй. Түүнд Засгийн газрын ажилд шууд утгаараа хутгалдан орох эрх зүйн орчин ч байхгүй. Энэ мэт зүйлээс харахад яах аргагүй Д.Трампын араас гулсаж яваа нэг бизнесмэн харагдана.

Яахав, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бидний “Мөнхийн хөрш” гэх ОХУ, БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхийн төлөө чармайсан гэх дүгнэлтийг өгдөг. Чухам ямар үр дүн гарсныг мэдэх юм алга. Одоогоор дүгнэх боломжгүй юм. Магадгүй Засгийн газраас ОХУ-тай хийн хоолойг Монголоор дамжуулан тавихаас эхлээд олон талт ажиллагаа өрнүүлэхээр гэрээ хэлцэл байгуулсан ажлыг Ерөнхийлөгчид наасан байж болох. Эсвэл БНХАУ-руу нисэж, 30 мянган хонь бэлэглэснийг ч хэлсэн байж болох юм. Энэ мэт жижиг зүйлээр хязгаарлагдахгүй гадаад харилцааг чухам ямар түвшинд авч ирснийг цаг хугацаа харуулж таарна. Өмнөд хөршид цар тахалд ид дэгдэж байхад Монголын Төрийн тэргүүн очиж, сэтгэлийн бэлэг өгч байгаа нь яах аргагүй хоёр орны харилцаанд эерэг уур амьсгал бий болгож таарна.

Ерөөсөө л сэтгэл зүтгэл байгаад ч бизнесмэн хүн бол бизнесмэн л хүн байдаг гэдгийг Д.Трамп харуулсан шиг Х.Баттулга ч харуулсан. Тэгэхээр яах аргагүй хөрөнгөтөн удирдагч Д.Трампын хойноос гулсаж яваа харагдана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (192.82.76.238) 2021 оны 03 сарын 19

Сонгууль ойртохоор бие биенээ аймшигтай муухайгаар дайрч доромжлох юм. Ингэж хэмлэхээ болих хэрэгтэй, жаахан хүн чанар, ёс зүй, ухамсар, өөрийн харах өнцөгтэй байвал ирээдүй хойчдоо үлгэр дуурайл болно. Энэ чинь залуу үед маш муу ойлголтыг үлдээж бна.

0  |  0
Test(202.9.47.29) 2021 оны 03 сарын 19

hudal yum ch bicheegui l ba l daa

0  |  0
Уншигч(192.82.78.129) 2021 оны 03 сарын 19

Энэ хүн дотроо байлдаж намаа нухчин дарсаар бүрэн эрхээ дуусгалаа шүү, оросын алс дорнодод 1, бээжин 1, вашингтонд 1 очих шив, ядаж москвад ч очиж чадсангүй их л завгүй хор хутгаж хуулийг завхруулах ажил хийлээ, одоо царцаа намжил баригдсан биз ээ.

1  |  0
Иргэн(202.179.8.4) 2021 оны 03 сарын 19

Энэ нийтлэл бичих гэж оролдсон хүн хүрэлСүгээ яагаад огт дурсахгүй бичихээсээ ичсэн юм болов уу? Нэг хүн рүү чиглэж буй хар Пи-Ар чинь арай л хэтэрлээ.

2  |  1
Marcus(66.181.161.108) 2021 оны 03 сарын 19

МАН нам сүүлийн үед нэр хүнд унаад бн шүү. Өөрсдийн сервэрээр дамжуулан 1 хүний эсрэг хэт их нотолгоогүй хар мэдээ цацаж бн. Өөр өөрийн ажлаа сайн хийе. ОюунЭрдэнэ гэх мэт попроод байнуудаа. Уг нь дэмжиж явдгийм шүү. Амжилт

2  |  0
Marcus(66.181.161.108) 2021 оны 03 сарын 19

Та нар болио МАН-нынхаан. Харьяа сервэрээр дамжуулж 1 хүний эсрэг пиар хийх нь арай хэтэрлээ.

3  |  1
Top