Ш.Рашид: Миний эцэг Толбо нуурын бүслэлтийг сэтэлж, хэл хүргэсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Баруун хязгаарыг тохинуулах Ардын журамт цэрэг Баян-Өлгий аймгийн Толбо нуурын дэргэд баатарлагаар тэмцсэн нь түүхнээ “Толбо нуурын бүслэлт” хэмээн үлджээ. Энэ тулааны тухай товч танилцуулахад, Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж, Байкалов нарын удирдсан Монгол, Оросын журамт цэрэг 1921 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 30 хүртэл 42 хоног Саруул гүний хүрээнд хүчээр хол давуу цагаантны цэрэгт бүслэгдэж, нэмэлт хүч ирэх хүртэл байрлалаа хамгаалан тулалдсан байдаг. Бүслэлтэд олон хоносон журамт цэргүүдийн сум хэрэгсэл, хоол хүнс дуусаж, туйлын хүнд нөхцөлд оржээ. Яг ийм эгзэгтэй үед нөхдөө аварсан казах цэрэг К.Шангишбайн хүү, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн, ахмад багш Ш.Рашидыг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Танай эцэг Толбо нуурын бүслэлтийг сэтэлж, хэл хүргэсэн хүн гэж дууллаа. Та эцгийнхээ тухай дурсахгүй юу?

-Миний аав К.Шангишбай 1921 оны Ардын хувьсгалын партизан. Ц.Хасбаатар жанжны цэрэгт элсэж, баруун хязгаарт бүгсэн цагаантны дээрэмчдээс чөлөөлөх дайнд оролцсон. Угсаа гарвал гэвэл Жагаалбай омгийнх. Тэднийх ядуу айл. Эцэг минь адуучин, баяны адууг хариулдаг. Тэр баян айлын том хүү Даутбай гэж ноён Богд хаанд хүсэлт гаргаад, 1912 онд албат иргэдээ дагуулан Монголд орж иржээ. Тэр дунд миний аав ирсэн байна.

Аав минь адуунд эрэмгий, дээр нь ядуу, амьдрал мэддэг болохоор ноёд нь дагуулаад явдаг байжээ. Миний аав бас цөөн хэдэн орос, урианхай үгтэй, мал хөсгөө туугаад ирсэн айлуудыг уулын жимээр газарчилдаг, оросоор бол морин жолооч байсан юм уу даа. Гурван улсын хил дээр, одоо Даянгийн застав байгаа Зайсан гэдэг газраар наашаа цаашаа нүүгээд амьдардаг байсан гэдэг.

Ингээд амьдарч байтал Ардын хувьсгал гараад баруун хязгаарт Ардын түр Засгийн газрын төлөөлөгч Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж нар журамт цэрэг элсүүлэхээр очсон байна. Тэгээд ноёдтой нь ярьсан биз, журамт цэрэгт элсүүлэхэд гурван казах хүн, тэр дотор миний аав оржээ.

Энэ үед Монголын баруун хязгаарт цагаан армийн генерал Бакич, Есаул Кайгородов, Казанцев нарын удирдсан цагаантны дээрэмчид хүн зоныг түйвээж байлаа. Ц.Хасбаатар жанжны удирдсан Ардын журамт цэргийг Толбо нуурын хөвөөнд Саруул гүний хийдэд байхад нь цагааны дээрэмчид бүсэлж авчээ. Энэ тухай хэл дуулгахаар хоёр хүнийг шөнөөр явуулсан гэдэг. Гэвч сураг байхгүй, сар болчихож.

Бүслэлтийн 40 дэх хоногт миний аав Ц.Хасбаатар жанжны тушаалаар нууцаар нэвтэрч, улаан цэрэгт хэл хүргээд, одоогийн Улаан байшинтын заставаас урагшаа 40- 50 км Хөх хөтөл гэдэг газраар дагуулж ирж, цагаантны хүчийг бут цохисон юм. Бүр Увс хүртэл явсан гэж ярьдаг.

Энэ гавьяаг нь үнэлэн 1922 онд аавыг минь Монгол Ардын намд гишүүнээр элсүүлж, Намын төв хорооны Ц.Дамбадорж дарга 10 мянган лан мөнгөөр шагнасан байдаг.

-Бүслэлтийг хэрхэн сэтэлсэн талаараа аав чинь ярьдаг байсан уу?

-Шөнө явганаар гараад, уулын жимээр явсан. Маргааш нь улаан цэргийг дагуулж ирсэн гэдэг. Тэр нь 1940-1950-аад онд ОХУ руу мал гаргадаг хөсгийн зам болсон. Аавын яриагаар Ц.Хасбаатар жанжин түүнтэй зэрэгцэн, морьтойгоо ганцаараа бүслэлтийг сэтлэх гэж оролдсон. Тэгээд буудуулаад үлдсэн юм шиг байгаа юм.

-Журамт цэргүүд бүслэгдээд идэх юмгүй болсон, бүр эмээлийн гөлөм, нэхий дээлээ хүртэл идэж байсан гэсэн яриа бий. Тийм үед Ц.Хасбаатар жанжны морь байсан гэж үү?

-Өөрсдийнх нь морь, үлдсэн хэдэн агтаа идээд Ц.Хасбаатар жанжны цагаан морийг үлдээсэн гэдэг. Яагаад гэвэл жанжны морь онцгой сайн морь байсан гэдэг. Цагаан морьтой байсан учраас шөнө бүслэлт сэтлээд гарахад нь Ц.Хасбаатар жанжныг буудчихсан байх. Саруул гүний хийд нэг талдаа Толбо нуур, нөгөө талд нь уултай. Цагаантнууд бүрэн бүсэлсэн байсан. Саруул гүний хүрээнийхэн дүрвэн зугтахдаа бүх мал, хоол хүнсээ аваад явсан болохоор журамт цэргүүд бүслэгдсэн хойноо идэж үзээгүй зүйл байхгүй гэдэг. Хамгийн муухай амттай юм муурын мах гэж аав ярьдаг байсан.

Аавыг минь Ардын хувьсгалын партизан болгосон гол гавьяа энэ юм даа.

Сонирхуулахад, Ц.Хасбаатар жанжны буу Ховд голын бургасанд 1970-аад он болтол өлгөөтэй байсан гэж хүмүүс ярьдаг. Саяхан, манай хамаатны залуу загас барьж явахдаа тэр бууг олоод музейд өгөхөд 1916 онд Тула хотын үйлдвэрт хийсэн буу байсан гэсэн.

-Ардын хувьсгалын дараа аав чинь юу хийж, яаж амьдарч байв?

-Аав минь 10 мянган лан мөнгөөр шагнуулаад ноёдын мал хариулахаа больж, 50- 60 хонь, 20-оод адуу, хоёр тэмээ авч, өөрийн ах дүүс Жагаалбай омгийнхныг нэгтгэж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нэгдүгээр багийн нутагт өвөлжөө, хаваржаа, зуслангийн хороо, хашаа, хадлангийн товлосон газартай, дунд зэргийн хот айл болж, амьдарч эхэлсэн. Аав шашны сургуульд сурч байсан болохоор араб бичигтэй, Монгол бичгээр сайн бичнэ.

Хоёр том хүүгээ Улаанхус суманд нээгдсэн танхимын сургуульд оруулж, өөрөө сургуулийн галч, түлээ бэлтгэх, сумын захиргааны улаачийн ажил хийж амьдралаа төвхнүүлж байтал 1937 онд нутгийн удирдлагад гарч ирсэн нутгийн баячуудын хамаатан, эрхтэн дархтанууд аавыг минь “энэ ядуу хүн байсан. Яагаад ийм малтай болчихов. Бидний малыг цагаантанд өгсөн” гэж гүжирдэж, эсэргүүн болгож, хамаг хөрөнгийг нь хурааж шийтгүүлсэн байдаг. Түүний гай бидэнд их туссан. Эсэргүүний хүүхэд гээд гурван том ахыг минь шууд хугацаагүй цэрэгт татсан. Сургууль дээр хүүхдүүд гоочилно. Онц сурсан ч гадаадад сургуульд явуулахгүй. Их сургуульд сурахад ч түүхийн юм уу хамаагүй ангид оруулахгүй. Тэр үед

Толгойтой бол тоо физикт ор

Мах, сүүнд дуртай бол мал зоод ор

Хэрэгт төвөгт дуртай бол хуулийн ангид ор

Хүүхнүүдэд сээтэгнэх дуртай бол сэтгүүлчийн ангид ор гэсэн яриа байлаа л даа. Физик-математикийн ангид хүүхэд ордоггүй байсан. Би тэнд орсон. Их сургууль төгсөн төгстөлөө “эсэргүүний хүүхэд” нэртэй явлаа. Том ах минь цэрэгт явсаар байгаад аавыг ирсний дараа 1947 онд төвд орж ирж, гэрлэж байлаа.

1943 онд Алтанцөгц суманд ахтайгаа амьдарч байхад минь багийн дарга орж ирээд “Эднийхээс хоёр морь мах бэлтгэлд ав” гээд аавын унадаг буурал морийг заахад нь “өгөхгүй, өөр морь авна уу” гэсэн чинь ахыг зодох шахаж, эгчийг түлхэн байж авч байсныг би санадаг юм. Адуучин хүн сайн л морь унадаг байж таарна. Лав хоёр азарга адуугаа хураалгасан гэдэг. Аавыг эргээд ирэхэд манайх гэдэг айл ганцхан гүүтэй л үлдсэн дээ. Сүүлд хураасан хөрөнгийнх нь баримтыг хайхад “Ховдод байсан архив шатчихсан” гээд олдоогүй.

-Аав чинь шийтгүүлсэн ч гэсэн амьд мэнд эргэж ирсэн нь зол болжээ?

-Тийм ээ, уг нь “энэ хүнийг барьж болохгүй” гэсэн бичиг Намын Төв хорооноос хоёр удаа очсон. Эхнийхийг нь 1940 онд явуулсан байдаг. Гэтэл тэр бичгийг Тусгай хэлтсийнхэн нуучихаад хувийн өс хонзонгоор шийтгэсэн байдаг. Тэгээд эсэргүүний хэрэгт холбогдуулан аймгийн шоронд жил гаруй хорьж, Ховдын шоронд шилжүүлж, 1940 онд “ардын дайсны хамсаатан” гэж арван жилийн ял тулгаж, Улаанбаатарт шилжүүлсэн. Шоронд байхдаа Засгийн газрын ордон барих, Туул голын эхээр мод бэлтгэх, сал урсгах ажилд идэвхтэй оролцсон, зөрчилгүй хөдөлмөрлөсөн тул 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор өршөөлийн хуульд хамаарагдаж, 1946 оны арваннэгдүгээр сарын 21-нд аймгийн төвд машинаар хүргэгдэж ирсэн.

Миний санахад Октябрийн баярын дараахан туранхай шар хүн орж ирээд “Арван дөрөв, тав хоног явлаа” гээд ахыг минь сурагласан. Тэгж л би аавыгаа анх харсан хүн. Би 1938 онд төрсөн. Аавыг явахад би ээжийнхээ гэдсэнд үлдсэн юм. Манайхан аавын тухай ярьдаггүй байсан. Бодвол ахиж хохирно, шийтгүүлчихнэ гэдэг байсан юм болов уу даа.

-Шоронд байсан, юу хийж байсан тухайгаа та нарт ярьдаг байсан уу?

-Үгүй. Арван жил ял эдэлсэн тухайгаа бараг ярьж байгаагүй. Бид ч залуу байж. Сонирхож байсангүй. Харин Намын түүхийн институтийн орлогч дарга Мэнэс доктор очиж, аавтай хоёр гурван өдөр ярьдаг байсан. Миний их гайхдаг зүйл аав монголоор нэг ч үг ярьдаггүй байсан. Цаанаа учир бий л байх. Ямар ч байсан Засгийн газрын ордон барихад олзны япончуудтай байсан, Туул голоор сал урсгаж байсан гэж ярьж байсан.

Ер нь миний аав их хатуу, ёс журмаа чанд барьдаг хүн. Адуучин байсан болохоор бие ч сайтай, 102 хүрээд 1983 онд нас барсан. 91 настайдаа хотод ирээд, шатаар явахад нь түших гэтэл “хн, чи намайг авч явна гэж хаа байсан юм” гэдэг байлаа. Хүүхдүүдээ үнсэхгүй. Ганц хоёр удаа л духан дээр үнссэн. Гэхдээ манай эхнэр К.Шарменд их сайн, төрсөн охин шигээ л байсан.

Бид эцэг эхээс ах дүү долуул. Зургаан хүү, нэг охинтой. “Босго, тотго” кинонд гардаг Чангисбай бол миний том ах Ануарын дүр юм. Миний том ах Ануар цэрэгт татагдаад, суман дарга байсан, Хэнтийгээс Ховд руу дөрөвдүгээр хороонд морин маршаар явсан хүн л дээ. Хоёр дахь ах Шинуар миний хамт амьдарч байсан бага ангийн багш юм. Ах минь сүүлд хими, биологийн багш болсон. Гурав дахь ах Ш.Чанар малчин. Нэгдэл анх байгуулагдахад хамгийн анх гишүүнээр элссэн, адуучин, малчин хүн байлаа.

Ганц эгч Ш.Каламаш минь дөрөвдүгээр анги төгсөөд, бага ангийн багшаар ажиллах байсан. Миний дээд талын ах Ш.Жүкей МУИС-ийн физик-математикийн ангийг 1959 онд төгсөөд, Баян-Өлгий аймагт очсон. Сүүлд инженер, эдийн засагчаар сурч, аймгийн намын хороонд хоёрдугаар даргаар 20-иод жил ажилласаг. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, одоо 86 настай хүн байна. Миний дүү Ш.Көк Орост радио, холбооны инженерээр сурч төгссөн.

-Аавын чинь Ю.Цэдэнбал даргатай авахуулсан зураг ямар учиртай вэ?

-Аав минь 1962 онд цагаатгагдаж, партизаныхаа үнэмлэхийг авсан юм. 1971 онд Улаанбаатар хотод ирээд Ю.Цэдэнбал даргатай уулзах гэтэл дарга амраад, гадаадад явчихсан байсан. 1979 онд Ю.Цэдэнбал дарга Баян-Өлгий аймагт очихдоо манай аавтай уулзаж, “Энэ хүн аавын хүүгээр төрөөд, ардын хүү болсон” гэж хуруугаараа зааж байгаад хэлсэн байдаг юм. Энэ тухай “Үнэн” сонинд гарсныг бид хадгалсан. Тэгэхэд аав маань 99 настай байлаа. Ю.Цэдэнбал дарга аавд минь бэлэг өгч явуулсан байсан.

Ийм сайхан аавдаа зориулж, намынх нь 100 жилийн ойгоор үр хүүхэд бид хөшөө бариулж байгаа. Түүнийгээ Хэлмэгдэгсдийн холбооноос өгсөн 60 сая төгрөгөөр хийлгэж байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тува(202.126.88.178) 2024 оны 07 сарын 17

Шал худлаа!! Миний өвөөгийн аав энэ дайнд оролцож явсан. Цөөхөн хэдэн буу Монгол, Тува цэргүүдэд байлаа, ялагдаад ирэхийн алдад Казакууд урваж цагаатны талд орж Хасбаатар болон Монголчуудруугаа дайрсан. Энийг нуун дарагдуулах гэж үлгэр зохиох юм. Хэрвээ Хасбаатар амьд үлдсэн бол наад хасагуудыг бүгдийн хөөж гаргах байсан юм.\nТэр өгсөн мөнгө нь цагаатангуудаас өгсөн мөнгө шүү. Үнэхээр төр үнэлж өгсөн бол ингэж шоронд орж сүүлд нь юу гэж зовох вэдээ. Үнэн болоол Монголчууд нь хавчсан байгаа. Энэ худал хасаг-аас мэдээлэл авч явахаар 80 давсан миний өвөөгөөс очиж ярилцлага аваасай!

0  |  0
Монгол(202.126.88.50) 2021 оны 03 сарын 23

УЛСЫН БААТАР нэхэн олгомоор цэрэг байна

1  |  0
зочин(49.0.142.33) 2021 оны 03 сарын 23

Ёстой кино хийхээр түүхтэй гэр бүл байна. Сайн сайхныг хүсье ээ.

1  |  0
үндэсний баатар(112.72.15.198) 2021 оны 03 сарын 18

монголын төлөө үнэнчээр зүтгээд хэлмэгдсэнд харамсаж бн уг нь бол үндэсний баатаруудын нэг байна

0  |  0
мт(66.181.169.6) 2021 оны 03 сарын 18

Эрхэм сайхан ааваар нь бахархах сэтгэл төрлөө. Танай гэр бүл үр удамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
Иргжн(66.181.187.236) 2021 оны 03 сарын 18

Ямар сайхан буянтай хун бэ, Бидний овог эцэг ч бас тэнд байлдаж явсан,

0  |  0
Зочин (66.181.188.218) 2021 оны 03 сарын 18

Буян нь дэлгэрч яваа буурай минь урт сайхан наслаарай..

0  |  0
жагар (66.181.166.134) 2021 оны 03 сарын 18

ёстой гайхалтай түүх бна, бараг кино хиймээр. Нулимс гарч бна

0  |  0
Top