ХЭВРЭГ сэргэлт эргээд ЧӨДӨР болдог сургамж бий...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлд  гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих” тодотголтой зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Эдийн засгийн идэвхжилд дотооддоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс гадна гадаад эдийн засгийн орчин, төлөв чухал. Тэгвэл эдийн засагч, судлаач Д.Ган-Очир “Эдийн засгийн гадаад орчин, түүний төлөв”-т дараах дүгнэлтийг хийв. 


“Дэлхийн улс орнуудад Ковид-19 вакцинжуулалт эхэлж, Израил улс тэргүүлж, нийт хүн амын 80 гаруй нь вакцинжуулалтад хамрагдаж, бизнесийн үйл ажиллагааг хэвийн түвшинд шилжүүлж байгаагаа нийтэд зарлалаа. Харин Британи, АНУ, Европын холбоо, Хятад болон Энэтхэгт вакцинжуулалт хоёрдугаар  сарын эхээр эхэлсэн хэдий ч, хамрагдалтын түвшин хангалттай түвшинд хүрэхэд хугацаа шаардахаар байна.

Өндөр хөгжилтэй, том гүрнүүдээс гадна эрчимтэй хөгжиж буй орнуудад (Чили, Бахрайн, Малта, Серби гэх мэт) ч вакцинжуулалт эхлээд байна. Бусад олон улс оронд  ч вакцинжуулалт эхэлсэн. Ийнхүү вакцинжуулалт эхэлснээр эдийн засгийн цаашдын төлөвийн талаарх тодорхой бус байдал буурч, том гүрнүүдийн 2021 оны өсөлтийн төсөөлөлд эерэг дохио өгч эхэллээ.

Тухайлбал, 2021 онд ДНБ-ий өсөлт Хятадад 6-10%, АНУ-д 3.8-6.5%, Евро бүсэд 3-5.8%, Японд 1-3% хүрч цар тахлын өмнөх түвшнээс ч өндөр хувиар өсөх төсөөллүүд гарч эхэллээ. Эрчимтэй хөгжиж буй орнуудын хувьд ч нэрлэсэн ДНБ-ий өсөлт нь улсын өр, зээлэндээ төлж буй нэрлэсэн хүүнээс ирэх жилүүдэд давах (үүнийг Төсвийн арифметик гэдэг)-аар байгаа тул төсвийн тэлэлтээр дамжуулан эдийн засгийн сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс ч ‘айхгүй’ байж, эдийн засрийн өсөлтийн төлөвийг эерэг болгож байна.

Улс орнуудын эдийн засгийн төлөв эерэг болж, өсөлтийн өөдрөг төсөөлөл нэмэгдэхийн хэрээр газрын тосны үнэ өсч 2019 оны төгсгөлийн өндөр түвшин рүү дөхөж буй бол, цахилгааны машин үйлдвэрлэл ашиглагддаг металлууд (Зэс, никкель гэх мэт)-ын үнэ хурдацтай өсч 2019 оны түвшнээс даруй 25-80%-иар давж өсөөд байна.

Эдийн засгийн эерэг төлөв нь эрчимтэй хөгжиж буй орнуудын эрсдэлийн үнэ буурахад ч нөлөөлж (Засгийн газрын үндэсний валютаар гаргах үнэт цаасны хүү энэ хэрээр бага байх болов), сүүлийн 15 жилийн хугацаанд дахь хамгийн бага түвшинд хүрлээ.

Глобал эдийн засгийн идэвхижил, түүний цаашдын төлөвт зах зээлд оролцогчид хэр итгэлтэй байгааг хэмжих нэг үзүүлэлт бол инфляц, түүний цаашдын төлөвийн талаарх хүлээлт юм. ДНБ-ий өсөлт нь потенциаль түвшнээс давж өссөнөөр л инфляц дээр эрэлтийн шалтгаантай дарамт орж ирдэг тул эдийн засгийн сэргэлт бүрэн гарснаар л инфляцын дарамт тодорхой хугацаанд оршино. Өндөр хөгжилтэй орнуудын хэрэгжүүлж буй уламжлалт бус мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр инфляц өсч эхэлсэн бөгөөд цаашдаа ч инфляцын дарамт үргэлжлэх хүлээлт зах зээлд оролцогчдын зүгээс давамгайлж байна.

Эдгээрээс харахад Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин ойрын хугацаанд таатай буюу экспортын эрэлт, үнэд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Үүнийг дагаад эдийн засгийн сэргэлт гарна. Гэхдээ 2007-2008 оны Глобал санхүүгийн хямралаас бусад орнууд гарснаас 1 жилийн дараа бид 'хямрал'-тай нүүр тулсныг мартаж бас болохгүй.

Гагцхүү дотоод бодлого нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт, орчныг бүрдүүлж чадах уу гэдэг асуулт гарч байна. Эдийн засгийн хэт хурдан, нэрлэсэн үзүүлэлтүүдийн өсөлт дээр суурилсан сэргэлт нь импортын өндөр өсөлтийг дагуулж, эдийн засгийн эмзэг байдлыг дагуулж, эргээд өсөлтийг "чөдөрлөдөг" сургамж бас бий...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top